| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2024/0021/З |
| Дугаар | 115/ШШ2024/0024 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 115/ШШ2024/0024
2024 10 25 115/ШШ2024/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн ...,
Хариуцагч: Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын хооронд үүссэн, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч Э, хариуцагч Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга ..., түүний өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711,770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын хөлс 12,000 төгрөгийг тус тус хариуцагч ...гаас гаргуулах
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дугаар тушаалаар тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ...д албан тушаалын цалинг 2 сар 19 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 11 дэх тал/
2.2. Нэхэмжлэгч ... нь, дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор … шүүхэд гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, … шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл
3.1. Нэхэмжлэгч, ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оноос эхлэн тус байгууллагад хүүхэд хамгааллын болон ахлах мэргэжилтнээр, хүүхдийн эрхийн улсын байцаагчаар тус тус ажиллаж байна.
Би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн байгууллагын харьяа Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан ...т хэлж тус байрны зөөврийн агаар шүүгчийг түр хэрэглэж байгаад буцааж өгсөн юм. Үүнийг байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ашигласан сахилгын зөрчил гаргасан гэж үзээд Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар надад албан тушаалын цалинг 19 хувиар 2 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Сахилгын зөрчил 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан, зөрчил гарснаас хойш 13 сар 2 хоног өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэ тушаал нь Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Дээрх сахилгын шийтгэлийг ногдуулахаас өмнө зөөврийн агаар шүүгч зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд манай байгууллагын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулж, миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгосон. Өмнөх тушаал нь хүчингүй болсон байхад нэг сахилгын зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулсан нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр юм.
Би кондейшныг тухайн үедээ ажилтан хоорондын л итгэлцлийн хүрээнд авчихсан юм. Яг үнэндээ аваад хэрэглэсэн юм. Энэ дээр би маргаагүй, 2023 оны сахилгын шийтгэл авахдаа сонсох ажиллагаан дээр ч хэлсэн. Би энийг авсан, энийгээ хүлээн зөвшөөрөөд үнэхээр шалгаад нотлоод буруутай гэж үзээд байгаа бол маргахгүй гэдгээ хэлж байсан. Кондейшныг авахдаа түр хамгаалах байр луу цоожтой байхад нь нэвтэрч ороод хүнгүй байхад нь өөрийнхөө эрх мэдлийг, давуу байдлыг ашиглаад авсан зүйл байхгүй.
Сахилгын арга хэмжээ авахдаа 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа хийнэ гэж дуудсан. Үдээс өмнө 10 цагт Захиргааны зөвлөл гээд 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байсан. Тэр хурал дээрээ энэ зөрчил мөн үү биш үү гэдгийг тухайн хүмүүсээс ерөнхийдөө тулган шаардсан маягаар асуусан байгаа юм. Энэ талаар надад огт хэлээгүй зөвлөл хуралдсан. Тэрний дараа 15 цагаас сонсох ажиллагаа хийнэ гэхээр нь миний бие ороод гайхсан, ямар учиртай сонсох ажиллагаа юм бэ гэсэн чинь өмнөх үйлдэлтэй чинь холбоотой дахин чам дээр арга хэмжээ авна гэсэн, үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
Миний бие, захиргааны хэргийн шүүхэд гаргасан Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас учирсан хохирол 711,770 төгрөг, мөн нэхэмжлэлтэй холбоотой гаргасан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, баримт бичиг нотариатаар батлуулсан төлбөр 12,000 төгрөгийг хариуцагч ...гаас гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа. Хууль журмын дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухайд:
Нэгдүгээрт, хүчингүй болгуулах тушаалаас өмнө 2023 оны 12 сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар ...д байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргаж хувьдаа ашигласан зөрчилд албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 19%-аар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч ... нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор тухайн Б/54 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 24.1, 24.2, 24.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгосон байгаа.
Хоёрдугаарт, анхнаасаа хууль журмаар тогтоосон хугацаанд зөрчлийг шалгах ямар ч ажиллагаа хийгээгүй, баримтжуулаагүй. Зөрчлийг нь шалгах 14 хоногийн хугацаа байгаа. Цааш нь дахиад 14 хоногоор сунгаад нийт 28 хоног шалгах хугацаа нь байгаа. Энэ хугацаанд ямар ч ажиллагаа хийгдээгүй. Тухайлбал ...гаас болон холбогдох бусад ажилтнуудаас тайлбар аваагүй, сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт гаргаагүй, ...д зөрчлийн материалыг танилцуулсан тэмдэглэл үйлдээгүй, шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж материал бүрдүүлээгүй, шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан байгаа юм. Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан ..., ...нарын тайлбараар Түр хамгаалах байрны агаар шүүгчийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгууллагаас гадагш гаргасан бол тогтоогддог. Мөн ажилтан ...ийн миний бие өвчний улмаас 2023 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан. Тэр үед түр хамгаалах байрны сэтгэл зүйч ... дарга ... нарт хэлсэн болно гэсэн. Ийм тайлбараар зөрчлийг илрүүлсэн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тооцохоор байна гэж үзэж байгаа юм. Яагаад энэ өдрийг хэлж байна вэ гэхээр ... гэдэг ажилтныг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгоод үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Би ажлаас чөлөөлөгдсөн хамгийн сүүлчийн өдрөө бараг хэлсэн юм байлгүй гэж бодож ингэж тооцож хэлсэн.
Гуравдугаарт, нэхэмжлэгч ... нь Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.11-д заасан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө ашигласан, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл гаргаснаа үгүйсгэж маргаагүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. Мөн Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар гэхдээ энэ дотор өвчтэй, ээлжийн амралт чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил шалгасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй гэж, зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж заасан байхад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь зөрчил гарснаас хойш 13 сар 2 хоногийн дараа, илрүүлснээс хойш 11 сар 29 хоногийн дараа хууль, журамд заасан хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан.
Дөрөвдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж хуульчилсан. Энийг тушаалд огт заагаагүй байгаа. Мөн Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т захирамжлалын баримт бичгийн бичвэр нь үндэслэл ба захирамжлах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. 3.2.3-д хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үндэслэл хэсэгт уг баримт бичгийг зохион бүрдүүлэх хууль зүйн үндэслэл, шалтгаан, зориулалт, зорилгыг тодорхой бичнэ гэж журамласан байна. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт баримталсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.11 албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө ашиглах, завших заалтууд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.3.4, 3.4.1, 3.4.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах нөхцөл байдлууд мөн 3.7 дахь заалт нь сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байгаа юм. Ингэж хамаарахгүй байгаа тул тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт болно.
Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлаас баталсан бусад хууль, хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг. Тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үздэг. Зүй нь тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль 1-ийг ногдуулна, 48.4-д төрийн жинхэнэ албан хаагчид, түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр шийтгэл ногдуулна гэсэн зүйл хэсэг, журмын 3.2-т эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ноогдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-ээс 1.5.4-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 3.6-д эрх бүхий албан тушаалтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тушаал гаргана гэсэн заалтуудыг баримтлах байсан юм байна гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно. Мөн дээр дурдсан журмын 3.10-д сахилгын 1 зөрчилд 1 төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн заалтуудыг зөрчиж ...д Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар 1 зөрчилд 1 төрлийн сахилгын шийтгэлийг 2 удаа ногдуулсан байгааг шүүх шийдвэртээ харгалзан үзээч гэж хүсэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаал буюу захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байгаа юм.
Нэмж хэлэхэд хэрэгт Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн нотлох баримт бүрдүүлэх тухай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 332 тоот албан бичгийн бичвэр нь зөрчлийн нотлох шаардлагатай мэдээллийг нөхөн цуглуулсан нөхцөл байдлыг тоочиж дурдсан агуулга бүхий мөн газрын Захиргааны зөвлөлийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Дараагийн шаардлага хууль бус захиргааны актаар сахилгын шийтгэл ногдуулж суутгасан хохирлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас гаргуулах шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон бол нөхөн төлүүлэх гэж тус тус хуульчилсан. Захиргааны акт буюу тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслээд нэхэмжлэлийн хохирол гаргуулах анхны болон 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангаж, хариуцагчаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн үндэслэлтэй гэсэн тайлбар хийж байна. Мөн нэхэмжлэлтэй холбоотой гаргасан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 12,000 төгрөг, нийт 82,200 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар шийдвэрлэх хуулийн үндэслэл, зохицуулалттай гэсэн тайлбар хийж байна.
Төрийн албаны 58 дугаар тогтоол гарсан үед буюу 2024 оны 03 сарын 06-ны өдөр энэ шийтгэл ногдуулах хугацаа дуусаагүй байсан нь тодорхой, ойлгомжтой. Тэрнээс хойш хоног хугацаа үргэлжилсээр яваад 07 сарын 25-ны хамгийн сүүлчийн шийтгэл ногдуулсан тушаал гарахад энэ хугацаанууд бүгд хэтэрчхээд дуусчхаад байна гэдгийг хэлэх гэсэн юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, барьсан гээд онолын тайлбар хийж байх шиг байна. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. 32/36 дугаар хамтарсан тогтоолоор батлагдсан журам дээр 3.9-т тодорхой заагаад өгчихсөн. Тасалдах нөхцөлийг нь ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй зөрчлийг тогтоох, шалгасан ажиллагаа хийгдсэн хугацааг оруулж тооцохгүй гэсэн байгаа. Бид нар зөрчил гарсан өдрийг 2023 оны 06 сарын 23 гэдэг дээр маргахгүй байгаа. Харин зөрчлийг илрүүлсэн өдөр хугацаа хэзээ вэ гэдгийг хариуцагч буюу хариуцагчийн өмгөөлөгч хоёр хоёулаа огт хөндөж ярьсангүй.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь хууль бус захиргааны акт юм. Иймээс үүнийг хүчингүй болгох, үүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэсэн өмнөх тайлбаруудаа дэмжиж байна гэв.
3.3. Хариуцагч, Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж хуульчилжээ.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч ... нь төрийн байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр гадагш гарган 153 хоног гэртээ ашигласан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 /албаны эрх мэдлээ хэтрүүлэх/, 39.1.11 /албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг завших/ гэсэн заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.3 /байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албан бус зориулалтаар ашиглах, байгууллагаас зөвшөөрөлгүй өмч хөрөнгө гаргах, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал зэрэг зүйлийг оруулах, хэрэглэх, хадгалах/ гэсэн заалтыг зөрчиж байгаа тул өмнө нь 2023 оны 12 сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэхүү тушаалыг ... нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоол болон 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/734 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан үйл ажиллагааг бүрэн хийгээгүй гэдэг үндэслэлээр дээрх тушаалыг хүчингүй болгосон. Энэхүү тогтоолын 4 дэх заалтад ...гийн байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг дурдсугай гэж заасан. Иймд дээрх Төрийн албаны тогтоолыг үндэслээд, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ...д ногдуулсан сахилгын шийтгэл, мөн шийтгэлтэй холбогдуулан суутгасан цалингийн хувь, урамшууллыг бүрэн олгосон бөгөөд тушаалын 3 дугаар заалтаар түүний байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг дурдаж, тушаалын 1 хувийг өөрт нь өгсөн.
Дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, харин процессын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн байсан, үүнийгээ залруулан Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож[BS1] , дахин Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр болох Б/21 дүгээр тушаалыг хуулийн шаардлага ханган гаргасан.
Тушаалын үндэслэлээ тодруулбал, ... нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/58 дугаар тушаалаар байгууллагын эд хөрөнгийн хагас жилийн тооллогын комиссын даргаар томилогдсон бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад “Тооллогыг эд хариуцагч нэг бүрчлэн тулгалт хийж, эд хөрөнгийн ашиглалтын явц эвдрэл гэмтэл, хадгалалт хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг шалгаж, заасан хугацаанд чанартай, үнэн зөв хийж тоолохыг Тооллогын комиссын дарга ...д үүрэг болгосон байхад Түр хамгаалах байрны агаар шүүгчийг давуу байдлаа ашиглан мэдэж, нийгмийн ажилтан ...т хөрөнгийг түр хэрэглэх талаар хэлсэн болон харуул хамгаалалтын ажилтан ...гээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны орой авч, 11 сарын 17-ны орой хүргэж өгсөн тайлбар, гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 58 дугаар тогтоол, хууль хэрэгжүүлэн ажиллах албан бичиг зэргийг үндэслэл болгосон.
Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 3.3.3 болон 3.3.4-д заасан албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарлыг гаргасан, болон бусад албан хаагчдад муу нөлөөлөл бүхий, мөн 3.4.1, 3.4.2-т заасан зориуд санаатайгаар зөрчил гаргасан, өөртөө давуу байдал үүсгэн ажлын цагаар бус оройн цагаар хамгаалалтын ажилтнуудыг байхад Түр хамгаалах байранд очиж авсан нь давуу талаа ашигласан гэж үзэх боломжтой юм.
...гийн төрийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр давуу байдлаа ашиглан 153 хоног гэртээ ашигласан нь бусад албан хаагчдад муу нөлөөлөл бүхий бөгөөд 2024 оны Б/17 дугаар тушаалаар өмнөх санхүүгийн тооцоог бүрэн барагдуулж олгосон байгаа тул сахилгын шийтгэлийг 2 дахин ногдуулсан зүйл биш гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хууль бус захиргааны актаар сахилгын шийтгэл ногдуулж суутгасан хохирлыг гаргуулах асуудал нь маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр эсэх шийдвэрийн үр дүнд үүсэх асуудал бөгөөд миний гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дугаар тушаал нь хууль ёсны дагуу гарсан шийдвэр тул нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдугаарт, нэхэмжлэлтэй холбоотой гаргасан улсын тэмдэгтийн хураамж 70,200, баримт бичиг нотариатаар батлуулсан төлбөр 12,000, нийт 82,200 төгрөгийг ...гаас гаргуулах асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулагдах асуудал тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
...гийн хувьд Монгол Улсын төрийн албанд 23 дахь жилдээ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагчид бид нарын хамгийн 1 дүгээрт барьж мөрдөх хууль бол Төрийн албаны тухай хууль байдаг. Энэ Төрийн албаны тухай хууль дээр заагаад өгчихсөн, төрийн албан хаагчид бид нарт хориглох зүйлийн хэм хэмжээ, заалтыг зөрчсөн учраас энэ хүнд сахилгын шийтгэл ноогдуулсан.
Өнгөрсөн оны 12 сарын 04-ний захиргааны актыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд тэндээс ирсэн бичиг дээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгосон болохоос биш ямар нэгэн Төрийн албаны тухай хууль болоод журмуудыг зөрчиж энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж гаргаж ирээгүй. Би энийг сөрөг муу нөлөөлөлтэй гэж үзнэ. Бүхэл бүтэн төрийн албанд 17 жил ажиллачихсан хүн хэдийгээр жижигхэн боловчиг тэр кондейшныг гэртээ аваачаад 153 хоног буюу 5 сар гаран хэрэглэчхээд байгаа нь бусад албан хаагчид нөүтбүүкээ ч юм уу, принтерээ ч юм уу дараагийн юмнуудыг аваачиж тавиад байвал бид нар ямар хариуцлага ногдуулах юм. Дахиад дээш доошоо өргөдөл өгөх нь мэдээж хэнд нь ч эрх байгаа. Тэгэхдээ хүний эрх гэдэг бол эрх, үүрэг, хариуцлага 3-ын нэгдэл байдаг болохоос биш би эрхээ эдэлж байна гээд өргөдөл, гомдол гаргаад явахдаа биш. Тэгэхээр энэ дээр шүүхийн шийдвэр үнэн бодитой, хуулийн хүрээнд гарна гэдэгт итгэж байгаа гэдгээ хэлье. Захиргааны шийдвэр өнөөдөр үнэхээр буруутай үйлдэл гаргасан уу, үгүй юу гэдэг дээр хамгийн 1 дүгээрт байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа ч гэсэн хуулийн хүрээнд байгаа гэсэн зүйлийг хэлье гэв.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн тухайн хуралдаанд орж байгаа байр суурийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч оролцож байгаа. Захиргааны актын хувьд хариуцагч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн зөрчилд хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх, ил тод байх, хууль зүйн үндэслэлтэй байх гэх зарчмуудыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлээс сонгон ногдуулсан байдаг. Энд ямар нэгэн байдлаар материаллаг эрх зүйн хувьд хууль зөрчсөн асуудал бол байдаггүй. Хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч ...д сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлийг тогтоож, энэ тухай өөрт нь бичгээр мэдэгдсэн байдаг. Энэ нь нийгмийн ажилтан болон харуул хамгаалалтын ажилтнуудаас авсан мэдүүлэг, Төрийн албаны тухай хууль, байгууллагын Дотоод журмын холбогдох заалт, байгууллагын захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой нотлогддог.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд гэвэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн авч гарсан зөрчил үйлдсэн гэдэг дээр ерөөсөө маргахгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Харин хэргийн оролцогч нар зөвхөн сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар л энэ шүүх хуралдаан явагдаж байгаа гэдгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласнаас нь ойлгож байгаа.
Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийг харахаар яг хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын асуудлыг зохицуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг нь заагаад өгчихсөн байгаа. Хуулийн үйлчлэх хүрээ гэдэг бол тэр хуулийг ямар тохиолдолд хэрэглэх юм бэ гэдгийг зааж байгаа юм. Энэний 3.4-ийг нь үг үсэггүй уншаад үзэх юм бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэчихсэн байгаа юм. Энэ дээр төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан хаагчийн гэдэг үг үсэг байхгүй. Төрийн албан хаагч гэж хэн юм бэ? Төрийн албаны тухай хуулийн 6 дээр төрийн албаны ангилал нь байгаа улс төрийн захиргааны, тусгай, үйлчилгээний энэ дотроосоо 2 нь жинхэнэдээ хамаарна гээд энэ бүхий л өргөн утгаараа төрийн албан хаагчид холбогдох хөдөлмөрийн харилцаан дээр энийг бол тусгайлан зохицуулаагүй үед ашиглах боломж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх зохицуулалт байх боловч төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн хувьд дээр дурдаад байгаа нарийвчилсан журмын 3.9 дэх хэсэгт хуулийн хугацаанд нь өөрчлөлт оруулсан буюу уртасгасан хугацааг тусгайлан заасан байдаг. Тухайн заалт нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш шийтгэл оногдуулах хугацааг ингэж уртасгасан байгаа дээр хэн нэгэн маргаагүй. Эдгээр хууль журам болон нэр томьёонд хоёр л асуудал маш ихээр хөндөгдөөд байгаа. Яг энэ асуудлын маргааны гол үндэслэлийг өмгөөлөгчийн зүгээс зөрчил гаргасан болон зөрчлийг илрүүлсэн гэдэг ийм хууль зүйн хоёр нэр томьёо байгаа юм. Тэгэхээр зөрчлийг гаргасан гэдэг чинь өөрөө ямар утгатай юм бэ гэхээр тухайн үйл явдал болсон хугацаагаар түүнийг ойлгодог, харин зөрчлийг илрүүлсэн гэдэгт юуг хэлээд байгаа юм бэ, ямар үйл явдлыг илрүүлсэн гэж тооцох юм бэ гэхээр зөрчилд хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд тухайн зөрчлийг илэрхий тогтоосон цаг хугацаагаар эдгээр хоёр нэр томьёо тодорхойлогдож байгааг дурдах нь зүйтэй байна. Эдгээр хугацааны ойлголт нь өөрөө хуанлийн тооллоор тоологддог. Гэхдээ энэ дээр нэг асуудал гардаг нь өөрөө хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалт гэдэг ийм асуудал байдаг. Энэ нь тусгайлсан тогтоосон заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт учраас энэ тасалдлын хугацааг заавал хуульд заасан байхыг шаарддаг. Тэгээд Хөдөлмөрийн тухай хууль руу ороод харах юм бол 123 дугаар зүйлийн 123.6 дээр заачихсан байгаа юм. Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаанд сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэх хуулийн зохицуулалтын дагуу энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өөрөө тасалдчихсан байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар бид нар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоос хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэж юу юм бэ гэдгийг хайгаад үзвэл Иргэний хууль руу орж харахаас өөр аргагүй болоод байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэх агуулгыг шүүхээс шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байх гэж бодож байна.
Зөрчил гаргасан огноо гэдгийг яг юуг ойлгох вэ гэдгийг хуульд заагаад өгчихсөн. Сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш энийг тоолно. Тэгэхээр 153 хоног маань хэзээ дууссан юм бэ гэхээр 2023 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлээд 2023 оны 11 сарын 17-нд ингээд дуусгавар болоод 11 сарын 17 бол өөрөө сахилгын зөрчил гаргасан өдөр юм байна гэдэг нь тогтоогдчихож байгаа юм. Энэ 11 сарын 17-ны тухайн зөрчлийн асуудал нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд орчихсоны араас буюу Төрийн албаны зөвлөлөөс хууль журамд заасны дагуу илрүүлээгүй байна гэсний дагуу 4 сарын 12-ноор хөөн хэлэлцэх хугацаа дахин тоологдох ийм асуудалд орсон. Энэнтэй холбоотой хариуцагч нь өөрөө материаллаг болон процессын эрх зүйн асуудлыг судалж үзээд энийгээ хангуулаад хүчин төгөлдөр захиргааны акт гаргачихсан байгаа нь ямар нэгэн байдлаар хүчингүй болгох илт хууль болох ямар нэгэн нөхцөл байдал байхгүй.
Энэ дээр зөрчил шалган шийдвэрлэсэн хугацааны л асуудлаар тасалдалд орох боломжтой юм гэдэг нэхэмжлэгч талын тайлбар яваад байдаг. Гэтэл энд хууль тогтоогчийн буюу журмыг баталсан цаад зарчмыг нь бид нар авч үзэх ёстой. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад байгаа хугацааг тасалдал гэж үзэхгүй, шүүхэд гомдол гаргаад байгаа хугацааг тасалдал гэж үзэхгүй байх юм бол хэн ч хэзээ ч сахилгын шийтгэл авахгүй. Гомдол гаргаад л хугацааг нь сунгаад л энэ байдал чинь угаасаа тасалдалд хамаарахгүй гэдэг нөхцөл байдлаараа хэзээ ч сахилгын шийтгэл хэн ч авахгүй байх хууль эрх зүйн үндэслэл болчхож байна. Гэтэл энэхүү төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах тэр сахилгын шийтгэлтэй холбоотой журмын зарчим нь өөрөө юу юм бэ гэдгийг бид нар хамгийн сайн анхаарах ёстой гэж бодож байна. Хариуцлага гарцаагүй байх ёстой сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх ёстой, ил тод байх ёстой, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой гэдэг зүйлд энэхүү зарчмын 3.9-ийн тасалдалтай холбоотой зохицуулалт чинь уялдаж явах ёстой. Тэгэхээр нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааны тасалдал биш мөн гэдэг хариу тайлбартай холбоотойгоор эсэргүүцсэн байр суурьтай байна.
Нэхэмжлэгчийн зүгээс сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулаад байна гэдэг дээр хариуцагч тайлбар өгсөн хэдий ч мөн давтан тайлбар гаргах шаардлагатай байна. Аливаа захиргааны акт өөрөө процессын болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангаж гаргах ёстой. Материаллаг эрх зүйн шаардлага гэдэг бол тухайн акт гаргах хууль эрх зүйн үндэслэл байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр л ярьдаг асуудал. Харин процессын эрх зүйн шаардлага гэдэг бол тухайн захиргааны актыг гаргах ажиллагааны хууль, дүрэм журмыг хэлж байгаа юм. 2024 оны 4 сарын 12-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн хууль, хэрэгжүүлэн ажиллах тогтоол хүргүүлэх тухай албан бичиг дээр хангалттай тодорхой дурдаад өгчихсөн байгаа, процесс дээрээ алдчихсан байна гэж. Тэрнээс биш материаллаг эрх зүйн байдал дээр нь алдаад дурдсан зүйл байдаггүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 51, 52 дугаар талд байгаа баримт бичгээс хангалттай тодорхой нотлогдож байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Энэ шүүх хуралдаанаар, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга (цаашид “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга” гэх)-ын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.3, 3.3.4, 3.4.1, 3.4.2, 3.7 дахь заалт, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгч (эйр кондейшн)-ийг зөвшөөрөлгүйгээр гаргаж 153 хоног ашигласан” гэх үндэслэлээр, тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ...д албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар, 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 11 дэх тал/,
6.Нэхэмжлэгч ... нь, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “... сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн, нэг сахилгын зөрчилд хоёр удаа шийтгэл ногдуулсан” гэж,
7.Хариуцагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргаас, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...зөрчлийг илрүүлснээс хойш хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн учир сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ...зөрчил үйлдсэн бол хариуцлага гарцаагүй байх зарчимтай, ... тухайн зөрчил нь бусад албан хаагчдад сөрөг нөлөөтэй” гэх зэрэг агуулгаар тус тус маргаж байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ...тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах”-аар, 48.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заажээ. Мөн тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээлэл ашиглах, завших” гэж тус тус заасан байна.
9. Нэхэмжлэгч ... нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “Би кондейшныг тухайн үедээ ажилтан хоорондын л итгэлцлийн хүрээнд авчихсан юм. Яг үнэндээ аваад хэрэглэсэн юм. Энэ дээр би маргаагүй, 2023 оны сахилгын шийтгэл авахдаа сонсох ажиллагаан дээр ч хэлсэн” гэх тайлбарыг, түүний өмгөөлөгчөөс “...ажилтан ..., ...нарын тайлбараар Түр хамгаалах байрны агаар шүүгчийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгууллагаас гадагш гаргасан нь тогтоогддог, ...нэхэмжлэгч ... нь Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө ашигласан, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл гаргаснаа үгүйсгэж маргаагүй” гэх тайлбарыг тус тус гаргаж байх ба эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгч (эйр кондейшн)-ийг зөвшөөрөлгүйгээр гаргаж хувьдаа ашигласан” гэх үйл баримтын хувьд нэгэнт маргахгүй байх тул шүүхээс түүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
10.Харин, хэргийн оролцогчдын маргаж буй “нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэлд сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан эсэх” асуудлын хувьд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
11.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” хэмээн тус тус зохицуулсан байна.
12.Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” (цаашид “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” гэх)-ын 1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ...(-д ) энэ журмыг мөрдөнө”, 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” хэмээн журамлажээ.
13.Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (тухайн үеийн нэрээр)-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар, тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ...гийн ...д “байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гарган хувьдаа ашигласан, албан үүргээ гүйцэтгэхдээ ажлын байрны дарамт үзүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, /Хавтаст хэргийн 15 дахь тал/
14.Нэхэмжлэгч ...гаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар, тус зөвлөлийн “Тушаал хүчингүй болгох тухай” 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор дээр дурдсан Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны Б/54 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоон, хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож шийдвэрлэсэн, /Хавтаст хэргийн 14 дэх тал/
15.Мөн тус зөвлөлөөс “Хууль хэрэгжүүлэн ажиллах, тогтоол хүргүүлэх тухай” 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/734 тоот албан бичгээр “... Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон тул тогтоол хэрэгжүүлсэн шийдвэрээ дурдсан хугацаанд ирүүлэх”-ийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад мэдэгдсэн, /Хавтаст хэргийн 69-70 дахь тал/
16.Хариуцагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгийн дагуу тус зөвлөлийн “Тушаал хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б/17 дугаартай тушаал гаргаж, ...д сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаа хүчингүй болгож, түүнд сахилгын шийтгэл ногдуулж суутгасан 2 сарын үндсэн цалингийн 38 хувийг буцаан олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 16 дахь тал/
17.Улмаар хариуцагч нь дээрх үйл баримтаас хоёр сарын дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус газрын “Захиргааны зөвлөл”-ийн хурал дээр ...гийн “Түр хамгаалах байрны агаар шүүгчийг зөвшөөрөлгүйгээр гадагш гаргаж хэрэглэсэн” гэх асуудлыг танилцуулж, зөвлөлийн гишүүдийн саналыг сонссоны дараа нэхэмжлэгчтэй уулзаж түүний энэхүү үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдуулан сонсох ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэж энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд тэрээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. /Хавтаст хэргийн 108-114, 17-30 дахь тал/
18.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээ “… Түр хамгаалах байрны агаар шүүгчийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгууллагаас гадагш гаргасан нь тогтоогддог. Бид нар зөрчил гарсан өдрийг 2023 оны 06 сарын 23 гэдэг дээр маргахгүй. Мөн ажилтан ... нь 2023 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан тэр үед Түр хамгаалах байрны сэтгэл зүйч ... болон дарга ... нарт хэлсэн гэсэн тайлбараар зөрчлийг илрүүлсэн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тооцохоор байх тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь зөрчил гарснаас хойш 13 сар 2 хоногийн дараа, зөрчлийг илрүүлснээс хойш 11 сар 29 хоногийн дараа гарч, хууль, журамд заасан хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан” хэмээн тайлбарлаж зөрчил гарсан болон зөрчлийг илрүүлсэн хугацааны тухайд аль алинаар маргаж байгаа ч түүний энэхүү тайлбарууд үндэслэлгүй байна.
19.Нэхэмжлэгч ... нь Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгчийг хэдийгээр 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан байх боловч тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцааж өгснөөс үзвэл түүний “байгууллагын эд хөрөнгийг албаны бус зорилгод ашигласан” гэх энэхүү зөрчил нь удааширсан үйлдэлтэй, тодруулбал, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байх тул зөрчил гарсан хугацааг тухайн зөрчил таслан зогсоогдсон сүүлийн өдрөөс буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс тоолох ба үүнээс үзвэл зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
20.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь, зөрчил илрүүлсэн гэх өдрийг дээр дурдсанаар “... ...ийн ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр” хэмээн маргах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, түүнчлэн хариуцагчаас ирүүлсэн баримт болох ...ээс байгууллагын даргад бичгээр гаргасан, тухайн зөрчлийн талаарх мэдээлэл нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон байгаагаас үзэхэд ...ээс зөрчлийн талаар эрх бүхий этгээдэд мэдэгдсэн гэх нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд зөрчилтэй байх тул хариуцагч албан тушаалтнаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хувьд эрх бүхий албан тушаалтнаас тухайн зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж үзэхээр байна.
21.Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс, зөрчил гарсан болон зөрчлийг илрүүлсэн гэх дээр дурдсан хугацааны тухайд тухайлан маргаагүй боловч зөрчил илрүүлснээс хойш 6 сар өнгөрөөгүй тухайлбал, “Төрийн албаны тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын асуудлыг зохицуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэх ёстой. Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаанд сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэх хуулийн зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, ... Иргэний хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасан, ... 2023 оны Б/54 дугаар тушаал гарснаас хойш гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлөөс хянаад 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 04/734 тоот албан бичгийг хариуцагчид ирүүлсэн, энэ хугацаанд буюу анхны шийдвэр гарснаас хойш 04 сарын 12-ныг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд орсон, мөн сүүлийн захиргааны актыг гаргахдаа 2024 оны 06 дугаар сарын 25-наас 27-ны хооронд дахин хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гарсан” гэх тайлбарыг гарган маргасан.
22.Төрийн албаны тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар тухайлсан зохицуулалт байхгүй байх боловч энэхүү маргаан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор үүссэн улмаар уг асуудлыг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар нарийвчлан зохицуулахаар тус хуульд тусгайлан заасан, уг журмын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар, ингэхдээ энэ хугацаанд өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй хэмээн журамласан байна.
23.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ...гийн Цалингийн карт (Хавтаст хэргийн 125-126 дах тал) дах түүний ажилласан өдөр, цагийн талаарх мэдээлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “2024 оны цалингийн хүснэгтээс үзэхэд ажлын өдрүүд нь бүрэн орсон байгаа учраас өвчтэй, чөлөөтэй өдрүүд байгаагүй гэж үзэхээр юм байна. 8 сард ээлжийн амралтаа авсан” гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн зөрчлийг илрүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх 7 сар 21 хоногийн хугацаанд өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
24.Улмаар хариуцагчийн өмгөөлөгч нь зөрчил илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрөөгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлээ “... гомдол гаргаж, уг гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс шалгасан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” хэмээн тайлбарлаж байна. Гэтэл дээрх журмын 3.9-д “гомдол шалгасан” хугацааг бус “зөрчил гаргасан байдлыг шалгасан” хугацааг зөрчлийг илрүүлснээс хойшхи 6 сарын хугацаанд оруулахгүй байхаар заасан байна.
25.Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах”-аар заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай буюу тэдгээрт хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцаанд хамааралгүй, харин тухайн албан хаагчдын зөвхөн Төрийн албаны хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг л зохицуулах агуулгатай байх тул “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын хувьд Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэв.
26.Дээрхээс үзэхэд тухайн зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрөөгүй (8 сар 8 хоног) байх боловч уг зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн тухайлбал, 7 сар 21 хоногийн дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
27.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэснийг болон холбогдох журмын 3.10-д заасан сахилгын нэг зөрчилд 1 төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн заалтуудыг зөрчиж, сахилгын шийтгэлийг хоёр удаа ногдуулсан” хэмээн маргадаг.
28.Хариуцагч албан тушаалтны гаргасан, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай тушаалууд нь нэхэмжлэгч ...гийн “Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгчийг зөвшөөрөлгүйгээр гадагш гаргаж хувьдаа ашигласан” гэх үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүд мөн байх боловч түүнд анх сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр болох 2023 оны Б/54 дүгээр тушаалыг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 58 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, улмаар хариуцагч нь уг тушаалаа мөн хүчингүй болгож, нэхэмжлэгчээс суутгасан 2 сарын үндсэн цалингийн 38 хувийг нь буцаан олгохоор шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тухайн шийдвэрийн үр дагавар нэгэнт арилсан байх тул нэхэмжлэгч ...д 2 удаа буюу сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
29. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, “маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл” болон 40.2.5-д заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаа”-ны талаар огт заагаагүй” гэх, түүнчлэн “уг тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.4-д төрийн жинхэнэ албан хаагчид, түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр шийтгэл ногдуулна гэсэн зүйл хэсэг, мөн холбогдох журмын 3.2-т эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-ээс 1.5.4-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 3.6-д эрх бүхий албан тушаалтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тушаал гаргана гэсэн заалтуудыг баримтлах байсан юм байна гэж үзэж байна” гэх тайлбарыг нь үгүйсгэх үндэслэлгүй байх ба улмаар хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “зөрчил гарсан үед мөрдөгдөж байсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг бус, тухайн захиргааны актыг гаргах үед мөрдөгдөж байсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталсан зөрчилтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
30.Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нь, нэхэмжлэгч ...д сахилгын шийтгэл ногдуулахдаа “...зөрчил илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн нь хууль бус байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээхгүй байх” хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
31. Улмаар нэхэмжлэгч ...д сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг шүүхээс ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь, түүний “төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн” тухайн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүйг мөн дурдах нь зүйтэй байна.
32.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” хэмээн тус тус заажээ.
33.Маргаан бүхий захиргааны акт болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны Б/21 дугаар тушаалаар, нэхэмжлэгч ...гийн албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар, 19 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн, улмаар уг захиргааны актыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийт 711,770 төгрөгийг суутгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд (хавтаст хэргийн 127-127 дах тал)-аар тогтоогдож байх ба шүүхээс тухайн маргаан бүхий захиргааны актыг нэгэнт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэж байх тул энэхүү хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
34. Харин нэхэмжлэгчийн, нотариатын хөлс 12,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг зардал нь хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн үйлчилгээний хөлс байх хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актын улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл уг зардал нь тухайн захиргааны акттай шууд холбоотойгоор нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал бус, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн санаачилгаар хавсаргасан баримт бичигтэй холбоотой зардал байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.10 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ...гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, уг захиргааны актын улмаас учирсан хохирол болох 711,770 (долоон зуун арван нэгэн мянга долоон зуун дал) төгрөгийг хариуцагчаас буюу Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч ...д буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нотариатын хөлс 12,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас буюу Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төсвөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА