Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

                                            

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

            Шүүгдэгч: Д.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох 1728000260125 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усны техникч мэргэжилтэй, “Унаган говь” дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 11-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.Н, регистрийн дугаар ......,

Шүүгдэгч Д.Н  нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар Оюутын 11-05 тоотод эмийн түүхий эд болох каффейн /мими/-г зохих зөвшөөрөлгүй хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би том хүүгээ өнгөрснөөс хойш хот руу очоод 4 жил амьдарсан. 2017 оны 04 дүгээр сард эмээ маань нас барсан. 5 ширхэг мимиг зарсан. Би зөвшөөрөл авч зардаг хориотой гэдгийг мэдээгүй. Г.Ц  800.000 төгрөг зээлээд өгөхгүй удаад байсан. Дараа нь Г.Ц  надад өгсөн. Гэм буруугаа мэдэж байна. Зөвшөөрөл өгдөг гэдгийг мэдээгүй. Цагдаа ирлээ гэхээр нь 2 ширхэгийг нь 00-д хаясан. Г.Ц  гэдэг хүн хоёрыг аваад буцааж авчирч өгсөн. Г.Ц  буцаад ирэхдээ цагдаа дагуулж ирсэн. Түүний мөнгийг нь буцааж өгсөн. Өдий насандаа ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тэр мимиг зарахгүй л бол миний амьдрал зогсох гээд байгаа зүйл байхгүй гэв.

Гэрч Ц.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 40 минутад гэрээсээ гараад ажилдаа явсан. Би ажил дээрээ байж байгаад өдөр 12 цагийн үед гэр рүүгээ цайгаа уухаар ирсэн. Гэрээсээ гарч Оюут багт байдаг айлд очоод “мими” авъя гэхэд гаргаж өгөөгүй. Би нааш цааш нь юм хэлэхгүй гэхэд нөгөө “мими” зардаг хүн 4 боодол “мими” гаргаад ирсэн. Тэр айлаас гарах гэж байхад гаднаас нэг танихгүй хүн ороод ирсэн. Би айгаад авсан 2 “мими”-гээ тухайн айлд орхиод гэр рүүгээ явсан. Тэгсэн замд цагдаа зогсоогоод Цагдаагийн газарт ирсэн. Би “мими”-г хэрэглээд 2 сар болж байна. 1 боодлыг нь 10.000 төгрөгөөр худалдаж авдаг. 1 боодол “мими”-г ганцаараа хэрэглэхэд 7 хоног болдог. Би өөр газраас худалдаж авч байгаагүй, уг айлаас авдаг байсан. “Мими” авдаг айлаа зааж өгч чадна. Оюутын 11-05 тоотод хойшоогоо харсан хаалгатай айл байгаа. “Өнөр бүл” дэлгүүрийн араар тойроод доошоо явж байхад “Комисс” гэсэн бичигтэй дэлгүүр байгаа. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. “Мими”-г хэрэглэхэд нойр сэргээгээд байх шиг болдог. Өөр зүйл мэдрэгдээгүй...” гэжээ. /хх-27-28/,

Шүүгдэгч Д.Н ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 11-5 тоотод “Унаган говь” нэртэй хувцас барааны дэлгүүр ажиллуулдаг. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 цгийн үед дэлгүүртээ байж байтал цагдаа нар ирсэн. Манайхыг “мими” зарсан байна гэж хэлж байсан. Би саяхнаас эхлээд зарж байна. сар гаруй хугацаа өнгөрч байна. Дэлгүүрийн бараагаа зарахдаа хажуугаар нь зардаг. Би их хэмжээгээр зарж үзээгүй. Би 500 грамм хэмжээтэй “мими”-г Гурвансайханы дэлгүүрийн Г.Ц  гэх хүнээс 350.000 төгрөгийн өрөндөө авсан юм. 500 грамм “мими” нь 50 боодол болдог юм. Нэг боодолдоо 10 грамм болдог. Би амны халбагаар нэг удаа хутгахад 10 грамм болдог. Би Г.Ц гаас 1 сарын өмөн өрөндөө авсан. Нэг удаадаа 10 граммын хэмжээтэй зардаг. 10 грамм бодисыг сонингийн цаасанд боогоод гадуур нь гялгар цаасаар боож зардаг. 10 граммын хэмжээтэй нэг боодлыг 7000-8000 төгрөгөөр зардаг. Би нэг сарын хугацаанд нийтдээ 20 гаруй боодлыг зарсан. Өдөртөө 5 боодол орчмыг зардаг. Таньдаг хүмүүсдээ болон зүс үзсэн хүмүүсдээ зардаг юм. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “мими” гэх бодисыг 2 удаа зарсан. Надад зараад үлдсэн нь 2 боодол байсан. Үлдэгдэл 3 боодол дэлгүүрт байсныг цагдаа нар ирээд хурааж авсан. Би саяхнаас зарсан болохоор мэдэж байгаа хүн байхгүй. Г.Ц  над руу өнөөдөр өглөө утсаар яриад цагдаа нар гадуур шалгалттай байна, наад “мими”-гээ хая устга гэж хэлэхээр нь би 10 боодлыг авч үлдээд, 3 боодол, мөн үлдэгдэл задгайгаа хашаандаа байх жорлондоо хийчихсэн. Задгай нь муу усанд шингэсэн байх. Ойролцоогоор 200 грамм орчим байсан байх. “Мими” зарснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би уг нь үлдсэн “мими”-гээ зарж дуусгаад дахин зарахгүй гэж бодож байсан юм. Би өөрөө 4 настай хүүхэдтэй болохоор нааш цаашаа явах ямарч боломжгүй. Энд тэндээс худалдаж авсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-29/,

Гэрч Г.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Мөнгөний хэрэг гараад найз Д.Н оос хэдэн төгрөг 2017 оны 05 дугаар сард зээлсэн байсан юм. Бага багаар өгсөөр байгаад бараг дуусаж байсан юм. Би зарж байсан “мими”-нээсээ 5 боодлыг Д.Н т өгсөн. Д.Н  тухайн “мими”-г зарах гэж байгаад цагдаад баригдаж хураалгасан гэж надад хэлж байсан.  Би Д.Н оос өөр хүнд “мими” заруулахаар өгч байгаагүй...” /хх-30/,

Шүүгдэгч Д.Н ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би ер нь”мими” бодисыг анх зараагүй. Г.Ц  гэдэг таньдаг эмэгтэй надаас 800.000 төгрөг зээлсэн юм. Г.Ц  надад 400.000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн мөнгийг нь өгч чадахгүй явж байгаад надад мөнгөнийхөө оронд 5 ширхэг “мими” гэх зүйлийг өгөөд энийг зараад олсон мөнгийг нь надаас авах мөнгөнөөс хасаж бай гэсэн утгатай юм ярьсан. Тэр зүйлийг би 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр билүү 26-ны өдөр билүү Г.Ц гаас аваад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Г.Ц  гэдэг залууд зарсан. Г.Ц  гэдэг залуу удаагүй буцаж ирээд энэ “мими” чинь гашуун байна гэж хэлээд гараад явах үед цагдаагийн хүмүүс манай дэлгүүрт ороод ирсэн. Тэр үед би цагдаа нарт бие засаад ороод ирье гэж хэлсэн чинь “тэг” гэж хэлсэн. Би биедээ авч явсан 2 боодол “мими”-г нойлд хийсэн үлдсэн 3 ширхэгийг цагдаа нар буйдан дээр байхад нь хураан авсан. Би цагдаа нарт үнэнийг хэлсэн. Би өмнө нь “мими” зарж байгаагүй. Тэр үед л тийм зүйл болсон. Сонингийн цаасанд бага хэмжээтэйгээр боосон 5 ширхэг “мими” гэх зүйлийг Г.Ц гаас авсан. 1 ширхэгийг 8000 төгрөгөөр зарна гээд бодсон байсан. Тогтоо гэдэг залуу надаас 8000 төгрөгөөр 1 боодлыг худалдаж аваад буцаж ирээд энэ “мими” чинь гашуун байна, мөнгөө буцааж авъя гээд байж байхад цагдаа нар орж ирээд барьсан юм. Бусдаар бол би аймар ихээр зараад хүмүүсийг хордуулсан зүйл байхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тогтоо гэдэг хүнд л зарсан. Би “мими” гэх зүйлийг ерөөсөө мэддэггүй юм. Намайг 2000 оны үед хилээр явдаг байхад Хятадууд татаад байж байгаа харагддаг байсан. Юу гэдгийг сайн мэдэхгүй юм. Би өдий наслахдаа ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, хууль бус зүйл хэзээч хийж үзээгүй. Ямар нэгэн байгууллагад хандаж зөвшөөрөл аваагүй. Надад “мими”-ны талаар ямар нэгэн мэдлэг байхгүй. Би өдийг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг хэл үгэнд орсонгүй өнөөдрийг хүртэл шударга хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн. Би цагдаад баригдсан өдрөөсөө хойш “мими” сурсан болон таньж мэддэг хүмүүст “мими”-ны талаарх хор холбогдолын талаар ухуулан сурталчилж ярьж хэлж байгаа. Би 6 настай хүүгийнхээ хамт амьдардаг болохоор энэ асуудал надад маш хүнд тусаж би хүүдээ санаа зовж байна. Дахин би ийм зүйлд холбогдохгүй, хүүгээ сайн хүн болгож өсгөнө. Би хүүгээ 1 нас 8 сартай байхад нь хүүгээ аваад Улаанбаатар хот руу яваад 2016 оны 04 дүгээр сард буцаж аймагт ирсэн. Би 100 настай эмээгээ 1 жил асарсан. Эмээ маань 2017 оны 04 дүгээр сард 12-ны өдөр нас барсан. Тэр өдөр болтол би хэвтрийн хүнтэй ямарч завгүй байсан...” гэжээ. /хх-54-55/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-4/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх-5,7/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-6,8/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/,

Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-12,23/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14,24/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-15,19/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-16/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-21/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-22/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-25,26/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-31-32,37-38,43,48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №7573 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 11-05 тоотод оршин суух Д.Н оос хураан авсан Ми Ми” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодист каффейн /caffeine/-ны агууламж илэрсэн. Каффейн /caffeine/ нь НҮБ-ийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаггүй сэргээшийн төрлийн бодис юм. Шинжээчид тавигдсан асуултын 3,4-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна...” гэжээ. /хх-33-34/,

Өмнөговь аймаг мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №16/03/004/11 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт-а. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүнгээр тус цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлаганд каффейны /Caffeine/ агуулга илэрсэн байна.

Хариулт-в. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /Caffeine/ нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот тушаалуудад заагдсан Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаггүй болно.

Хариулт-г. Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, какао, кола болон энергийн ундаануудад /energy drink, вакус/ ихээр агуулагддаг. Каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэдэг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. Тус бодис нь анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ. Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах, чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй байна.

Хариулт-д. Уг бодисын химийн найрлаганд ямар ямар төрлийн бодис орсныг хариулах боломжгүй.

Хариулт-ж. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /Caffeine/ нь эмийн найрлаганд түүхий эд болж ордог боловч тухайн худалдан борлуулж байсан бодисын хувьд гарал үүсэл нь тодорхой бус байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Tianjin Zhongan Pharmgceutical Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай, CSPC Innovation Pharmaceuntral Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F140719V-00190 улсын бүртгэлийн дугаартай Каффейны түүхий эдүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байна.

Хариулт-з. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эдийг Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 тоот “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолд Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр заагдсан болно...” гэжээ. /хх-39-40/,

Гаалийн төв лабораторийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0020562 тоот итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн: “...Дээж-1, 10,3540 г, Цагаан өнгийн нунтаг /бор шаргал болон хар өнгийн үрэл бүхий/ ...Caffeine in KBr 736.91, CAFFEINE, ХТМБ илрээгүй /Бор шаргал үрэл/, ХТМБ илрээгүй /Хар өнгийн үрэл/. Дээж-2, 6,9400 г, Цагаан өнгийн нунтаг /бор шаргал өнгийн үрэл бүхий/ ... Caffeine in KBr 772.01, CAFFEINE. Дээж-3, 11,2221 г, Цагаан өнгийн нунтаг /бор шаргал болон хар өнгийн үрэл бүхий/                 Caffeine in KBr 752.62, CAFFEINE...” гэжээ. /хх-45-46/,

Эм судлалын салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай хурлын дүгнэлтэд: “...Уг бүтээгдэхүүн нь эмийн түүхий эд мөн. Монгол Улсын ЭМС-ын 2016 оны А/184, А/184, А/26 дугаар тушаалаар батлагдсан мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад ороогүй. Харин олон улсын хэмжээнд мөрдөгддөг сэтгэцэд нөлөөлөх бодсын түүхий эдэд хамаарна. Энэ нь сэтгэц сэргээх сэргээшийн төрлийн бодист хамаарна. Уг бодис нь БНХАУ-ын Jilin Province Shulan Synthetic Pharmaceutical Co.,Ltd, CSPC Innovation Pharmaceutical Co.,Ltd гэсэн 2 үйлдвэрлэгчээс эмийн түүхий эдээр бүртгэгдсэн байна. Уг бодисыг дангаар хэрэглэхгүй. Нийлмэл эмийн найрлаганд орно. Хоногт 300-400 мг хүртэл тунгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. /Дангаар бус бусад эмийн бодистой хамт хэрэглэдэг/. Коффейн нь төв мэдрэлийн систем, түүний дотор сэтгэц сэргээх үйлдэл үзүүлнэ. Тун хэтрүүлж хэрэглэхэд сэтгэцэд нөлөөлнө. Тун хэтэрсэн үед амьсгал давхцах, дүйнгэтэх, таталт үүсэх, суулгах, хий үзэгдэл илрэх, булчин чичигнэх үзэгдэл илэрнэ...” /хх-49-50/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-36,42,60,62,64/,

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн албан бичиг /хх- 44/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-35,41,47,51/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-52/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-53/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын албан бичгийн хуулбар /хх-57/,

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын албан бичгийн хуулбар /хх-58/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/,

Гаалийн Ерөнхий газрын албан бичиг /хх-61,

Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичиг /хх-63/,

Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-65/,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-67-74/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-75/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-76-80/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-81/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-82/,

Шүүгдэгч Д.Н ын хүсэлт /хх-83,56/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-84/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-85-87/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-88/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н  нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар, Оюутын 11-05 тоотод эмийн түүхий эд болох каффейн /мими/-г зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Н т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Н ын гэмт үйлдэл, түүний улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд учрах үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н ыг эмийн түүхий эд болох каффейн /мими/-г зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Д.Н  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эмэгтэй зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир: Шүүгдэгч Д.Н  нь эмийн түүхий эд болох каффейн /мими/-г гэрч Г.Ц гаас авч зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүгдэгчийн өрх толгойлсон ар гэрээ авч явдаг гэх нөхцөл байдлыг онцгой нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч Д.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлж дэлгүүр ажиллуулдаг байдал болон Голомт банкинд 2.041.666 төгрөгийн зээлтэй зэрэг хөрөнгө, орлого олох боломжийг нь харгалзан үзэж 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор сар бүр 225.000 төгрөгөөр төлж барагдуулахыг тогтоож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Д.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг цаасанд боосон 3 боодол, цагаан өнгийн хуванцар савтай каффейн /мими/ гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н эмийн түүхий эд болох каффейн /мими/-г зохих зөвшөөрөлгүйгээр худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н  нь 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг цаасанд боосон 3 боодол, цагаан өнгийн хуванцар савтай каффейн /мими/ гэх 40 грамм бодисыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ