Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

Ө.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Э

Яллагдагчийн өмгөөлөгч И.Х /цахим/

Яллагдагч  Ө.М

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний 2023/ШЗ/.. шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Ө.Мд холбогдох 2322000... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Ж овогт Өийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн Д сумын . дүгээр баг Н гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:/.

Яллагдагч Ө.М нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд Дундговь аймгийн Э сумын . дүгээр багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газраас алдсан иргэн Ц.А, М.Б нарын эзэмшил, өмчлөлийн 30 тооны хонь, 2 тооны ямаа зэргийг алдуул мал болохыг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсаны улмаас 5.300.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар шүүгдэгч Ө.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23220000.. дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ө.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц Ө.Мд холбогдох эрүүгийн  2322000..  дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Яд даалгаж, шийдвэрлэсэн байна.  

           Прокурор О.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Захирамжийн 1 дүгээр заалтын хувьд: : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх"-ийг дараах нотлох баримтуудаар тогтоосон болно. Үүнд: 1. Хохирогч Ц.Аийн “...Манайх Дундговь аймгийн Э сумаас баруун урагш 45 км-т “Ц” гэх газар отроор явж байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр аймгийн төв дээр би эхнэрийн хамтаар хүүхдийн цэцэрлэгийн тэмцээнд оролцоод аймаг дээр 4-5 хоночхоод буцсан юм. Буцаж хөдөө гэртээ оччихоод идэшний мал хийх гэтэл мал дутаад байхаар нь тоолсон чинь 30 хонь 2 ямаа дутсан юм. Тэгээд ойр хавийн айлуудаас асуугаад эрэл сурал болоод байсан чинь ер сураг гарахгүй байж байгаад Зүрх гэдэг айл руу утсаар залгаж асуутал манай гэрийн хажуугаар уруудаж явсан даа гээд манай малыг зүсээр нь яг зөв хэлэхээр нь би З гэдэг айлд очоод асууж сураглатал М гэх айлын зүгт л уруудаж байсан даа гэхээр нь Мх рүү очиход Мийн аав ээж нь гээд хүмүүс байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Гэрч М.Бын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр гадаа цаг агаар их хүйтрэх үеэр Дундговь аймгийн Э сумын төвөөс баруун зүгт 40 км зайтай Ц гэдэг газарт эхнэр Бийн хамтаар малаа хараад байж байсан. Манай хүргэн А, охин М нар 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хөдөө гэртээ ирсэн. Тэгээд Аийг ирснээс хойш хэд хонгийн дараа идшээ хийх гэсэн чинь хониноос 30 орчим хонь дутсан. Тэгээд бид нар бүгдээрээ эрэл сурал болоод малаа хайсан чинь олдоогүй. Хүргэн А надад Х, Я гэдэг газар хонины сураг гарлаа гэж яваад алдсан хонио хайгаад олоогүй ирсэн. ” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас)

Гэрч Б.Мгийн “...Би нөхрийн хамтаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны үед аймгийн төвд байж байгаад 29-ний өдөр Дундговь аймгийн Э сумын төвөөс баруун урд зүгт 40 км Ц нэртэй газарт хөдөө гэртээ ирсэн. Ирээд хэд хоногийн дараа идшээ хийх гэтэл иднэ гэж бодож байсан хэдэн сувай эм хонь алга байсан. Тэгээд малаа тоолтол 30 хонь 2 ямаа дутсан. Тэгээд эрэл сурал болоод манай нөхөр А малаа хөдөөгүүр хайсан боловч олоогүй. Манай гэрээс урд зүгт 50 орчим км зайтай байдаг Ө гэдэг айлын ойролцоо сураг гарсан боловч олдоогүй гээд ирсэн.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)

Гэрч Г.Тын “...2022 оны 23 дугаар сарын 04, 05-ны үед намайг Д сумын төвд байж байхад Д сумын төвөөс зүүн хойд зүгт 21 орчим км зайд Н гэдэг газарт оршин суудаг Өийн М “М” мал зарна ирээд аваач гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би хонио ойртуулж байгаарай одоо очлоо гэж хэлээд хонио хэдээр худалдаж авахаар ярьж тохиролцоод 130.000 төгрөгөөр нэг хонийг нь авна гэж ярьсан. Би хэлсэн ёсоороо өөрийн эзэмшлийн ...ДУА улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинаа ганцаараа унаж очиход М гэртээ ганцаараа хороондоо бүх хонио хашсан байсан. Ингээд бид миний ачааны авто машины тэвш дээр 10 тооны хонь Мтэй хамт ачаад бэлнээр 300.000 төгрөг Мд өгөөд явсан. Өмнө нь зээлсэн байсан нэг сая төгрөгөө энэ удаагийн наймаанд суутгасан.

Хар нүдэн, хар толгойтой эр эм холимог хонинууд байсан. Ямар чихлээстэй байсныг нь анзаараагүй. Эдгээр хонинууд хондлой дээрээ улаан өнгийн, зөв талын ташаан дээрээ цэнхэр өнгийн будагтай хонинууд байсан. ” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас)

Гэрч Ч.Аын “...2022 оны 11 дүгээр сарын сүүл үеэр гадаа хүйтний эрч чангараад хүйтэн өдрүүдийн хоёр дахь өдрийн өглөө 09 цагийн үед манай хорооноос баруун хойд зүгт 20 гаран тооны, 2 улаан толгойтой цагаан зүсмийн ямаатай хонь тогтуун байж байсан. Хонийг нь ажиглаж харахад хондлой дээрээ улаан , зөв талын бөөрөн дээрээ босоодуу нялсан цэнхэр өнгийн будагтай хонь байсан. Би баруун хойд Ү гэдэг айлын хонь байх гэж бодоод цаашлуулаад орхисон. Тэрнээс хойш Ү гэдэг хүн манай гэрээс зүүн урд зүгт 8 орчим км зайтай Өгэдэг айлын хорооны чигт явж байхыг нь адуундаа явж байгаад харснаа надад хэлж байсан. Миний харснаар хөгтэй халзан зүсмийн төлгөн хуц байсныг нь санаж байна.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)

Гэрч Т.Үийн “...2022 оны 11 дүгээр сарын сүүл үеэр гадаа 2,3 хоног огцом хүйтрэх үеэр манай зүүн урд талын Ч гэдэг айлын зүүн урд зүгт явж байсан. Би тэр хонийг үзээд саахалт аймгийн Ад хэлсэн. ” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)

Гэрч Ч.Оын “...Би байнга махны бизнес хийдэг. Ийм гүйлгээ хийгдсэн байгаа бол би мах худалдаж авсан байна гэсэн үг. Тэр үед хонины мах 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр авч байсан. Мах байнга худалдаж авдаг болохоор М гэдэг хүнийг санахгүй байна. Би тэр хүн рүү 2 сая төгрөг шилжүүлсэн бол 1 хонины гулууз 19-21 кг хооронд жинтэй байдаг гэж үзэхээр би тэр хүнээс 20 орчим тооны хонины мах авсан гэсэн үг... ” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас)

Дундговь аймгийн Э сумын үнэлгээний комиссын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)

Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5450/23 дугаартай албан бичиг, хавсралт, (хавтаст хэргийн 50-51 дугаар хуудас)

Яллагдагч Ө.Мийн “...Би хүлээн зөвшөөрч байна. Манайх Дундговь аймгийн Д сумын .. дүгээр баг “Н” гэх газар нутагладаг. 2022 оны 12 дугаар сарын эхээр их хүйтэрсэн юм тэр үеэр нэг өглөө босоход манай хонинд 11 хонь нийлчихсэн байсан. Тэгээд энэ хэний хонь манай хонинд тасарч ирээд нийлчхэв гэж бодоод ойр хавийн айлуудаас асууж сураглаад 4-5 хоносон сураг нь гарахгүй эзэн нь гарч ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь 12 сарын 10-ны үеэр байхаа /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ би Д сумын махны ченж Т руу залгаад мал зарах гэсэн юм ирж авах уу гэсэн чинь оройдоо Т өөрийнхөө Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн юм. Тэгээд бид хоёр үнэ хөлсөө ярьж тохироод нэг хонийг 130.000 төгрөгт нийт 10 хонь 1.300.000 төгрөгт зарахаар болоод Тд өмнө нь би 1 сая төгрөгийн өртэй байсан болохоор тэрийгээ суутгуулаад 300.000 төгрөг бэлнээр авсан. Би тэр 10 хонийг машин дээр нь ачиж өгөөд явуулсан. Би Ад хохирол болох 6.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ц.А, гэрч М.Б нарын эзэмшлийн мал сураггүй алга болсон буюу “өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон мал” алдуул мал болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Мөн Дундговь аймгийн Э сумын үнэлгээний комиссын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан хохирлыг тогтоож өгсөн. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжид дурдсанаар хохирогчоор тогтоогдвол зохих этгээд буюу гэрчээр мэдүүлэг өгсөн М.Быг хохирогчоор тогтоох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.А, М.Б нар нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүмүүс бөгөөд дээрх иргэдийн мал ижил им тэмдэг бүхий нэг хотонд хотолж, ижил сүрэг болон ах дүүсээрээ хамтаар малладаг мал юм. Энэ нь Ц.А, М.Б, хохирогчийн эхнэр Б.М түүний бусад гэр бүлийн гишүүд нь ашиг сонирхол нэг хүмүүс буюу хамтаар маллаж , хамтаар ашиг шимийн хүртэж амьдардаг хот айлын зохион байгуулалт бүхий хүмүүс. Иймээс Ц.А нь хохирогчоор тогтоогдож, тухайн хэрэгт шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь бусад хот айлын хүмүүсийн эзэмшилд өмчлөлд байгаагаас үл хамааран хохирол, хор уршгийг төлж буй ойлголт бөгөөд хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоосон гэж үзэж байна...

Мөн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр учирсан 5.300.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба 6.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож буйгаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд илэрхийлсэн. Энэхүү хэрэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн болно

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр хэрэг нотлогдсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх хэсэгт заасан бүхий л нөхцөл байдал хангагдсан,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй, байхгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулга, мөн чанар нь Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх зорилгыг агуулсан зохицуулалт байдаг.

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ /УДШ-ийн 2020.10.09-ний №551 тогтоол/ гэж заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан байна.

Мөн шүүгчийн захирамжид дурдсанаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь улсын яллагчийн шүүхийн шатанд гаргасан дүгнэлттэй зөрүүтэй байна гэж дүгнэсэн. Энэхүү хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 232200... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай яллах дүгнэлтэд зөрүү байхгүй бөгөөд улсын яллагчаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд хохирогчийн нэрийг дангаар нь дурдаж дүгнэлтээ гаргасан нь утга агуулгын хувьд илт зөрүүтэй дүгнэлт гаргасан гэх үндэслэл болохгүй юм.

Дээрх захирамжид 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ            хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг шүүгчид танилцуулаагүй мөн шинжээч уг тогтоолыг танилцаагүй атлаа эд зүйлийн үнэлгээг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчжээ гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэж заасан бөгөөд тухайн мөрдөгч шинжээч томилсон тогтоолыг үйлдэх үед шүүгдэгчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан. Мөн заалтад зааснаар шинжээч нь тухайн тогтоолтой танилцаж заавал гарын үсэг зурах шаардлагагүй.

Гэвч шинжээч дээрх тогтоолтой танилцаж хүлээн авсны үндсэн дээр шинжээчийн дүгнэлтийг   гаргаж буй ойлголт гэж үзэж байна. Харин шүүгдэгч нь дээрх шинжээчийн тогтоолтой эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсаны дараа яллагдагчийн хувиар танилцсан. Мөн тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хохирол төлбөрийг барагдуулж байгаа нь шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх үүргийн дагуу оролцсон байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж хуульчлагдсан бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Ө.Мд холбогдох 232200... тоот хэргийг хянаад мөрдөх ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний 2023/ШЗ/.... дугаартай шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ө.М нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд Дундговь аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газраас алдсан иргэн Ц.А, М.Б нарын эзэмшил, өмчлөлийн 30 тооны хонь, 2 тооны ямаа зэргийг алдуул мал болохыг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсаны улмаас 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх үндэслэлээр хэргийг буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна

Шүүх ийнхүү дүгнэхдээ прокуророос бусдын алдуул малыг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” санал нь яллагдагчаар татах тогтоол яллах дүгнэлтээс зөрүүтэй, түүнчлэн хохирогч Ц.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “ ...Миний алдсан мал дунд манай хадам аав, ээж, миний мал холиотой байсан. ...Хадам аавын алдсан хонь зөв талын ташаан дээрээ цэнхэр будагтай 7 хонь байсан.” гэж мэдүүлсэн, гэрч М.Б: “...Хүргэнтэй нийлээд 30 хонь 2 ямаа, түүнээс 7 тооны хонь нь миний эзэмшлийн мал байсан. Им нь буруу талын чих цуулбар, зөв талын чих араас эрхээ, зөв талын ташаанд босоо цэнхэр өнгийн будагтай байсан гэж тус тус мэдүүлсэн байхад М.Быг тухайн хэргийн хохирогчоор тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг шүүгдэгчид танилцуулаагүй мөн шинжээч уг тогтоолыг танилцаагүй атлаа эд зүйлийн үнэлгээг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.2 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.

Шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг  Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотлох талаар хуульчилсан. Гэтэл шүүгдэгчийн гэмт үйлдлийн объект болох 37 тооны бог малын хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох нь  энэхүү хуулийн  36.7 дугаар зүйлд заасан.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай  шийдвэрийг гаргах, эх сурвалж болох,түүнчлэн уг шийдвэр нь иргэний эрхийг баталгаатай хангах эрх зүйн баримт бичиг болохын хувьд эрх бүхий байгууллагын хууль ёсны  ажиллагаанд суурилсан байх явдал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах; шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах; мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах; шинжээчийн дүгнэлттэй танилцах.зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хуульчилсан нь энэ хуульд  заасан хууль болон Монгол улсын Үндсэн хуульд заасан  шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын суурь зарчим гэж ойлговол зохино. Иймд хэргийг мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                                            

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

                                                                         ШҮҮГЧИД                            Р.М

                                           Ш.Т