Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2015/04369/И |
Дугаар | 001/ХТ2016/01170 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2016/01170
“Алс групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03446 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1243 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Алс групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Их говь энержи” ХХК-д холбогдох,
627 568 739 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийлгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржхандын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алс групп” ХХК 2003.06.23-ны өдөр “Алекс Стюарт Ассейрс Монголия” ХХК гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2009.07.16-ны өдөр “Стюарт Монголиа” ХХК, 2013.01.05-ны өдөр “Алс групп” ХХК болж тус тус оноосон нэрээ өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.Манай компани геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуйн лаборатори ажиллуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Геохими, нүүрсний судалгааны лабораторийг 2015.10.25-ны өдөр хүртэл хугацаагаар Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжилж, TL10(С115) дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг олгосон.Нэхэмжлэгч нь хариуцагч “Их говь энержи” ХХК-тай 2012.10.11-ний өдөр 196/12 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 2012.10.11-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч “Их говь энержи” ХХК-иас ирүүлсэн нүүрсний бэлтгэсэн дээжүүдэд хатуу түлшний шинжилгээ хийх, хариуцагч гэрээнд заасан журмын дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Их говь энержи” ХХК-иас бэлтгэн ирүүлсэн дээжүүдэд шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнг хариуцагчид зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн. Энэ ажлын төлбөр 236 131 628 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 100 000 000 төгрөг төлсөн бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 136 131 628 төгрөг байна.Мөн 2013.07.29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 2013.07.29-ний өдрөөс 2014.07.29-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас бэлтгэн ирүүлсэн дээжүүдэд хатуу түлшний шинжилгээ хийх, хариуцагч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон ба гэрээний дагуу хариуцагчаас бэлтгэн ирүүлсэн дээжид түүний захиалгын дагуу элементийн, баяжуулалтын болон фторын шинжилгээг хийсэн, ажлын хөлс нь 422 473 862 төгрөг болсон.Хариуцагч нэхэмжлэгчид мөн брикет бэлтгэх ажлын хөлсөнд 897 435 төгрөгийн өртэй. Энэ тохиролцооны дагуу хариуцагч 2014 оны 5 сард төлөх ёстой байсан 10 000 000 төгрөгийг 2014.03.11-ний өдөр төлсөн.Хариуцагч 2014.05.23-ны өдөр 09/14 дугаартай “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-г зөрчиж төлбөрийг бүрэн төлөөгүй тул энэхүү харилцан тохиролцооны хэлцлээс татгалзаж байгаагаа 2015.03.03-ны өдрийн 15С035 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2012.10.11-ний өдөр 196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 136 131 628 төгрөг, 2012.10.11-ний өдөр 196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-ний 8.2-т заасны дагуу алданги 68 065 814 төгрөг, 2013.07.29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 422 473 862 төгрөг, Брикет бэлтгэх ажлын хөлс 897 435 төгрөг, нийт 627 568 739 төгрөгийг хариуцагч “Их говь энержи” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Их говь энержи” ХХК нь “Стюарт Монголия” ХХК-тай 2012.10.11-ний өдөр 196/12 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ, “Алс групп” ХХК-тай 2013.07.29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээнүүдийг тус тус байгуулсан.Дээрх гэрээнүүдийн дагуу “Их говь энержи” ХХК нь “Алс групп” ХХК-иар хатуу түлшний бэлтгэсэн дээжүүдэд шинжилгээ хийлгүүлэхээр харилцан тохирсон бөгөөд 196/12 дугаар гэрээний төлбөрөөс 2013.02.01-ний өдөр 100 000 000 төгрөгийн төлбөрийг “Алс групп” ХХК-д төлсөн байгаа.“Их говь энержи” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын Мандах нуурын уурхайд үйл ажиллагаа явуулж байсан боловч 2012 онд бий болсон дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан худалдан авагч улс болох БНХАУ-ын эдийн засаг зогсонги байдалд орж олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ унаж, эрэлт багассан тул компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Үүнээс шалтгаалан Мандах нуурын уурхайн үйл ажиллагааг 2013.05 дугаар сараас тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас харилцагч байгууллагуудад төлөх төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн.Энэхүү нөхцөл байдлыг талууд харгалзан үзэж, 2014.05.19-ний өдөр 09/14 дугаар гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоог байгуулсан бөгөөд уг тохиролцооны дагуу төлбөрийн үлдэгдлийг нийт 503 552 633 төгрөг байгааг баталгаажуулан тогтсон хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 2014.06.11-ний өдөр 10 000 000 төгрөгийн төлбөрийг “Алс групп” ХХК-д төлсөн байгаа. Компанийн санхүүгийн байдал болон үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа хэдий ч бид бага хэмжээгээр экспорт хийх талаар харилцагч байгууллагуудтай тохиролцоо хийж байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан “Алс групп” ХХК-тай дахин хуваарь тохирч эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Их говь энержи” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд компанийн дүрмийн 3 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Говь Майнинг Лимитед” компани юм.“Их говь энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэг нь “Стюарт Монголиа” ХХК-тай 2012.10.11-ний өдөр, 2013.07.29-ний өдөр хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ байгуулсан нь компанийн дүрмийг зөрчиж, гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэтрүүлсэн байна. Компанийн тухай хуулийн 88.1-д зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргахаар заасан. “Их говь энержи” ХХК-ийн дүрмийн сан нь 132 400 000 төгрөг байтал дээрх гэрээнүүд нь 283 505 793 болон 413 871 436 төгрөгийн үнийн дүнтэй болсон байна. Гэрээг байгуулахдаа хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй болохыг хувьцаа эзэмшигч баталгаажуулсан юм. Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу 2012.10.11-ний өдрийн гэрээ байгуулсан явдлыг хувьцаа эзэмшигч хүлээн зөвшөөрч, дэмжих боломжтой гэж үзсэн тул гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болно.Харин алдангийн хувьд бид хүлээн зөвшөөрөхгүй. 2013.07.29-ний өдрийн гэрээ нь компанийг их хэмжээний өрөнд оруулж хохирол учруулсан, ач холбогдолгүй, шаардлагагүй ажилд гэрээ байгуулсан байна. Төлбөрийн хувьд хөнгөлөлт тооцсон үнэ гэж байгаа ч асар өндөр үнээр тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр байдлаар гэрээ байгуулсан нь компанийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Уг гэрээний дагуу үр дүнг компанийн эрх бүхий этгээд хүлээж аваагүй, тухайн үр дүн нь компанид огт ашиггүй юм. Мөн шинжлүүлэх дээж нь өмнөх гэрээний шинжилгээний дээжийг давхар ашигласан, өмнөх шинжилгээгээр хийгдчихсэн ажлыг давхар хийсэн зэрэг зөрчлүүд харагдаж байна. Хэдийгээр SRK компанийн зөвлөгөөний дагуу Алс группийг ажиллуулсан мэт харагддаг ч үнэндээ SRK-ийн тайланд уг гэрээний үр дүн огт ороогүй хэрэглэгдээгүй байдаг. Иймд 2013.07.29-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хэргийн нөхцөл байдлыг хариуцагч байгууллагаас судалсны дараа асуудлаа тавих хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага хангаагүй байна. Сөрөг нэхэмжлэлд огноо, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга гэж бичсэн байгаа боловч хэнээс ямар шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэдийгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэдэг гэдгийг ойлгож байгаа боловч хуулийн тодорхой шаардлага тавьсан, хэрвээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүх хүлээн авахаас татгалзах тухай хуульд мөн зохицуулсан. Харин сөрөг нэхэмжлэлийн агуулгын хувьд их хэмжээний хэлцлийг дүрмийн сангаар тодорхойлдоггүй бөгөөд актив хөрөнгийн 25 хувь түүнээс дээш хэмжээтэй хэлцэл нь их хэмжээний хэлцэл байх талаар Компанийн тухай хуульд зохицуулсан. Энэ талаар буюу тус компанийн өөрийн хөрөнгөтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Тэгээд ч Компанийн тухай хуульд дүрмийн сан гэдэг ойлголт байхгүй. Хэрэв сөрөг нэхэмжлэлээр их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр хийх ёстой байсан гэж үзэж байгаа бол компаниас өөрийн хөрөнгөтэй холбоотой баримтыг өгөх ёстой. Бүхэл бүтэн уурхай эзэмшдэг, ашигт малтмалын олборлолт эрхэлдэг компанийн хувьд актив хөрөнгийн 25 хувь нь тус хэлцлийн үнийн дүнд хүрэхгүй гэдэгт би эргэлзэж байна.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар 2011.05.11-ний өдрөөс хувьцаа эзэмшигч нь “Говь майнинг лимитэд” ХХК болсон. Гэхдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хэн талаар баримт тодорхой бус, “Говь майнинг лимитэд” ХХК-иас гаргасан мэдээлэл ирүүлснээс биш, тухайн компанийг бүртгэсэн байгууллагаас 2013 онд захирал нь тэр байсан талаар баримт байдаггүй.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2014 оны турш төлбөрөө хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг удаа дараа хийж байсан. Шүүх хуралдааны явцад болон давж заалдах гомдолдоо ч тийм байр суурьтай байсан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар хариуцагч 2013 оны гэрээний үлдэгдэл төлбөрийг зөвшөөрсөн мэдэгдлийг удаа дараа өгч байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ бас бий.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03446 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар 232.4-т зааснаар хариуцагч “Их говь энержи” ХХК-иас 604 415 032 төгрөг гаргуулж, “Алс групп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 23 153 707 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “Их говь энержи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Алс групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 295 793 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Их говь энержи” ХХК-иас 3 180 025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алс групп” ХХК-д олгож, “Их говь энержи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 227 308 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1243 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “Их говь энержи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 249 383 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх шийдвэртээ энэхүү маргаан бүхий гэрээний харилцаа нь Ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.Гэтэл Иргэний хуулийн 343, 352.2 дахь заалтыг хэрэглэхдээ нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, гэрээнд заасан тоо хэмжээний дагуу хүлээлгэн өгсөн эсэх, гэрээнд заасан төсөв нь гүйцэтгэлээрээ зөрүүтэй гарсныг анхаарч үзсэнгүй. Тухайлбал энэхүү маргаанд 2 гэрээ яригддаг бөгөөд 2012 оны 7 сард байгуулсан гэрээний дагуу шинжилгээ тус бүр 844 ширхэг дээж, 2012 оны 10 сард байгуулсан гэрээний дагуу шинжилгээ тус бүрд 1202 ширхэг дээж шинжлүүлэхээр тохирч, хөлсийг бус төсвийг тохирсон байдаг.Гэтэл нотлох баримтаар авагдсан Захиалгын хуудсуудаас харахад дээжний тоо хэмжээ хэдэн зуугаараа хасагдсан, цуцлагдсан, зөвхөн эхний гэрээний кодууд бүхий захиалга байдаг. 2 дахь гэрээний захиалгын хуудас болон түүний дагуу шинжилгээний үр дүнг хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Гэтэл шүүгч үүнийг огтхон ч анхаарч үзэлгүй талууд мөнгийг өгнө гэсэн тохиролцоо хийжээ л гэж үзсэн. Гэтэл гүйцэтгэл үр дүн байхгүй гэрээний харилцааг үнэлж, тогтоохын оронд талуудын хооронд хүчин төгөлдөр бус болсон төлбөрийн тохиролцоог үндэслэж байгаад үнэхээр гомдолтой байна.Гэрээний дагуу үр дүнг 352.2-т зааснаар хүлээлгэн өгсөн байхад төлбөрийг төлсөнгүй гэж шүүгч дүгнэжээ. Хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй байхад Иргэний хуулийн уг заалтыг үндэслэж байна. Нэхэмжлэгчээс өгсөн гэдгээ батлах 1 хуудас баримтыг шүүх хурлын өдөр нотлох баримтаар гарган өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл уг баримт нь нэхэмжлэгч компанийн өөрийнх нь бүртгэлийн дэвтрийн нэг хуудас байдаг. Энд ямар гэрээний дагуу, ямар компанийн, ямар албан тушаалтан юуг хүлээн авч байгаа талаархи мэдээлэл огт байхгүй. Үүнийг үндэслэн 1202, 844 ширхэг дээжүүдээс хэдийг нь аваад төсөв хэрхэн өөрчлөгдсөн болохыг тогтоох нотлох баримт гэж үзэх ямар ч боломжгүй юм.Хэргийн баримтад талуудын хооронд байгуулсан гэрээнүүд, төлбөрийн тохиролцоо, баримт хүлээлцсэн нэг хуудас гэх материалууд байна. ...Эргэлзээгүй баримт бол гэрээ юм. Маргаан бүхий гэрээнүүдэд ажлын үр дүнг тайлан хэлбэрээр хүлээлгэн өгөхөөр байгаа ч гэрээний энэ заалтыг харгалзан үзсэнгүй. Гэрээнд заасан энэ журам нь баримт хүлээлцсэн нэг хуудас баримтаас зөрүүтэй байна. Гэрээ нь төлбөрийн тохиролцоо, захиалгын хуудас зэрэгтэй харьцуулахад мөн зөрүүтэй, эргэлзээтэй байхад анхан, давж заалдах шатны шүүх гэрээг үнэлэлгүй, гэрээний харилцааг шалгалгүй талууд төлбөрөө тохирсон тул хэд байх ёстой, яагаад ийм дүн гарсан, гэрээний дагуу үр дүнгээ авсан эсэх, шударга зөв эсэхэд огтхон ч анхаарсангүй. Талууд ямар ч гэрээ хийсэн бай дараа нь үр дүнгээ аваагүй мөртлөө төлбөр тохирчихоод компанийг, хувьцаа эзэмшигчийг хохироож болох мэт жишиг тогтоож байна.Төлбөрийн тохиролцооноос нэхэмжлэгч тал өөрөө татгалзаж, хүчингүй болгосныг хариуцагч зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх үүнийг хүчин төгөлдөр тохиролцоо мөн, компани нь 2 жилийн өмнө зөвшөөрч байсан дүнгээсээ одоо татгалзах эрхгүй мэтээр дүгнэж байна. Компани өмнөх тохиролцоогоо үгүйсгэж байгаа шалтгаан нь ажлын үр дүнг хүлээн аваагүй байгаатай холбоотой гэдгийг анхаарч үзнэ үү.Талуудын хооронд байгуулсан төлбөр төлөх тухай тохиролцоог хүчинтэй гэж үзэхийн бол алданги хасагдах ёстой. Үгүй гэвэл байхгүй гэрээн дээр үндэслэж манайхыг зөвшөөрсөн гэж дүгнэх ёсгүй юм. Тооцоог гэрээний ажлын үр дүн бүрээр нь тулгаж тооцон, алдангийг мөн хэзээнээс эхлэн хэзээ хүртэл хэрхэн тооцсоныг ч шалгасангүй, хуулийн 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагаар хянасан нь илт нэг талыг барьсан гэрээний дагуу ажлыг тооцоололгүй шийдвэр гаргалаа. Ажлын үр дүнг шалгалгүй талууд л зөвшөөрсөн бол гэж дуртай тоогоор нь шийдвэр гаргах хандлага байгаа нь компани цаашид аудит болоод олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахад хүндрэл учруулна. Учир нь 600 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгөөд үүний үр дүнд юу ч аваагүй байгаа нь илт шударга бус харилцаа байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.Хариуцагчийн зүгээс гэрээний ажлын үр дүн, шинжилгээний ажил гэрээнд заасны дагуу хийгдсэн эсэх асуудлаар Шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй, нэхэмжлэгчийн хувьд нотлох баримт гаргаж, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжгүй болгосон.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус болгохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний засвар оруулсан нь зөв болсон байна. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийн алданги гаргуулах тухай шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг анхааралгүй хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар уг алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Алс групп” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хатуу түлшний шинжилгээ хийх” 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196\12 дугаартай, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ALS-IKHGOBI\13 дугаартай гэрээ, “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо” нэртэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09\14 дугаартай гэрээг үндэслэн хариуцагч “Их говь энержи” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд 559 502 925 төгрөг, алдангид 68 065 814 төгрөг, нийт 627 568 739 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Хэрэгт дээрх гэрээний хувиуд авагдсан байх ба ажлын гүйцэтгэл, төлөгдсөн төлбөр зэрэг маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.
Харин талууд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, гэрээний төлбөр барагдуулах тохиролцоог 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийжээ. Уг тохиролцооны дагуу хариуцагч “Их говь энержи” ХХК нь “Алс групп” ХХК-д ажил гүйцэтгэх хоёр гэрээний дагуу 559 502 926 төгрөгийн хөлс төлөх, уг төлбөрийг 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарын хугацаанд 7 хэсэгчлэн төлөх үүрэг хүлээснээс гадна талууд 196\12 дугаартай гэрээнд заасан алдангийг тооцохгүй байхаар тохиролцсон ба уг тохиролцоо хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч “Алс групп” ХХК шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба талуудын дээрх тохиролцоо хүчингүй болсон гэх баримт хэрэгт авагдаагүй байхад алданги гаргуулах тухай шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл ойлгомжгүй болжээ.
Хариуцагч “Их говь энержи” ХХК нэхэмжлэгч “Алс групп” ХХК-тай хийсэн дээрх тохиролцоонд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын чанар, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримт, гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй, төлбөрийн агуулга, хэмжээг хүлээн зөвшөөрч баталгаажуулсанаас гадна уг тохиролцооны дагуу 10 000 000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын санхүүгийн ажилтнууд төлбөрийн үлдэгдлийн баталгааг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харилцан гаргасан байна. Уг баталгаанд зааснаар хариуцагч “Их говь энержи” ХХК-ийн төлбөр 549 502 926 төгрөг байх бөгөөд уг төлбөр нэмэгдсэн, өөрчлөгдсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх хоёр гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-т заасны дагуу байгуулсан байх ба эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. “Их говь энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэг нь нэхэмжлэгч компанитай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ байгуулахдаа өөрийн компанийн дүрмийг зөрчиж, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэтрүүлсэн гэх хариуцагчийн сөрөг шаардлагын үндэслэл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй юм.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг байна.
Хариуцагч “Их говь энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэгийн байгуулсан гэрээг уг компанийн гүйцэтгэх захирал Б.Төгсжаргал хүлээн зөвшөөрч 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээний төлбөр барагдуулах тохиролцоо хийснээс гадна гүйцэтгэх захирал С.Эрдэнэжаргал гэрээг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх тайлбарыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргаж байсан байна. Хариуцагч “Их говь энержи” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн үйлдэл, ажиллагааг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1243 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “604 415 032 төгрөг” гэснийг “549 502 926 төгрөг” гэж, 3 дахь заалтын “3 180 025 төгрөгийг” гэснийг “2 905 464 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 3 180 028 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН