Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0229

 

2017 оны 03 сарын 23 өдөр

     Дугаар 221/МА2017/0229

Улаанбаатар хот

Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нар нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоор Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Н.Тайван нар давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болгож, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэнд гомдолтой байна.

Гэр бүлийн гишүүд болох эхнэр, охин нарын 22 жил амьдарсан хашааны газраа өмчилж авах эрхийг зөрчиж 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөр агсан Г.Ш хуурамч тодорхойлолт хийлгэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн 523 дугаар захирамжаар өмчлөн авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад энэ хашаанд хожим ирж амьдарсан нөхөр агсан Г.Ш-ийн дүү нарыг газар эзэмших ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй байхад хамтран өмчлөн авах эрхтэй мэтээр анхан шатны шүүх шийдвэртээ зааж захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсэг нь Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д заасныг зөрчсөн тул хууль бус захиргааны акт байсан, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 843 дугаар захирамжаар 7 жилийн өмнө хүчингүй болсон бөгөөд энэ захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр байхад хүчингүй болсон захиргааны актыг дахин шинэ акт гартал биелэлтийг нь түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамжийн дагуу Г.Ш, З.Х нарт өмчилсөн шийдвэр хүчингүй болсноос хойш Р.Б, Ш.О нар хашааны газрыг өмчилж авах хүсэлтээ зохих ёсоор удаа дараа гарган явсаар, Нийслэлийн Газрын харилцааны алба /хуучин нэрээр/ болон Баянгол дүүргийн газрын алба шийдвэрлүүлж байна. Г.Ш агсан нь гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул түүний гэр бүлийн баталгаатай эхнэр, үрчлэн авсан охин нараас өөр этгээд газар өмчлөн авах ямар нэг өргөдөл хүсэлт гаргаагүй, гаргах эрх ч байхгүй, гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хүсэлт гарган захиргааны байгууллагад төлөөлж Р.Б, Ш.О нарын өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар зогсоосон.

Гуравдагч этгээд Г.Ш нас барсныг далимдуулан түүний гэр бүлээс нь хашааны газрыг нь булаан авах шунахай зорилгоор биелэгдсэн шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасныг зөрчиж шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн мэтээр хянуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ хашааг анх худалдаж авсан мэтээр хуурамч тайлбар гарган өөрсдийгөө өмчлөх эрхтэй мэтээр маргаж байгаа гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх ашигт нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн, Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг илүү их хохирч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, орон гэр хашаа газраа түр орхин явсан, одоо ч хохирсон хэвээр энэ хаягтаа албан ёсны бүртгэлтэй боловч нас барсан нөхрийн дүү нарын дарамт хавчлагаас хашаандаа ирж амьдарч чадахгүй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

Шүүх энэ хаягт огт байгаагүй, бүртгэгдээгүй, Монголд ч амьдардаггүй гуравдагч этгээд З.Х-ийн ээж, эгч, ах гэх хүмүүст хашаа газрыг хамтран өмчлөх эрхтэй мэтээр шууд зааж, тэдгээрт газар өмчлөн авах өргөдөл хүсэлт гаргахыг зааварчлан хоног хугацаа олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нотлох баримтыг буруу үнэлэн, хууль буруу хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасан эрхийнхээ дагуу бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С давж заалдах гомдолдоо: “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах газрыг бид гэр бүлийн болон нагац ахын хамтаар 1984 оноос хойш эзэмшиж, энэхүү хаягтаа амьдарч байгаад 2008 оны 04 сарын 03-ны өдрөөс хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нагац ах Г.Ш, дүү З.Х нар өмчилж авсан юм.

Энэ талаар Р.Б, Ш.О нар Баянгол дүүргийн газрын албанд өргөдөл гаргаад 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуг нь аваад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Г.Ш, З.Х нар өмчилж авсан гэдгийг лавтай сайн мэдсэн байдаг. Үүнийг хэргийн 12 дахь талд байгаа Баянгол дүүргийн Газрын албаны “хариу өгөх мэдэгдэл” гэх баримтаар нотлогдож байгаа.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ... нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзана гэж заасан.

Нэхэмжлэгч нар өөрсдийн эрхээ зөрчигдсөн байна гэдгийг 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн юм бол мөн оны 06 дугаар сарын 11-ний дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд эсхүл шүүхэд хандах эрхтэй байсан. Гэтэл ... мэдсэнээс хойш 7 сарын дараа Нийслэлийн газрын албанд хандаж хөөн хэлэлцэх хугацаагаа хууль бусаар олж авах заль хэрэглэж дахин хариу мэдэгдэх хуудас /хэргийн 11 дүгээр тал/ олж авсны дараа буюу 8 сарын дараа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагаа хангаагүй гэж үзэж байна. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нараас “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Р.Б, Ш.О нарыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг хашаанд 1984 оноос хойш амьдарч ирсэн, 1992 онд Г.Штай гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлт хүчинтэй байтал Г.Ш өөрийн дүү Г.Чанцалдуламын охин З.Хтэй хамтран амьдардаг гэх хуурамч тодорхойлолт хийлгэн хашааны газрыг өмчилж авах өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамж гарсан” гэж тодорхойлж маргажээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл маргаан бүхий актаар газрыг гуравдагч этгээдээр татагдсан Г.Ш агсанд өмчлүүлсэнтэй маргаагүй, гагцхүү  хамтран өмчлөгчөөр З.Х-д өмчлүүлсэнтэй маргасан мэт байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа актын “З.Х-д” холбогдох хэсгийг бус “Г.Ш, З.Х-д” холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан, түүнийг нь шүүх хянан шийдвэрлэсэн байна.

Зүй нь дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх нэхэмжлэгч нараас маргаан бүхий актын Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулах, түүнийг үндэслэн гуравдагч этгээд Г.Ш агсны эрх залгамжлагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах  зайлшгүй шаардлагатай байжээ.

Тодруулбал, гуравдагч этгээд Г.Ш 2015 онд нас барсан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д /”Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан .../ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. ...”/ заасны дагуу эрх залгамжлагчийг сольж тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрх үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах болон хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олгох ажиллагааг явуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, улмаар энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн  гэх үндэслэл болно.

Үүнээс гадна шүүх “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан” гэх гуравдагч этгээдийн тайлбар болон маргаан бүхий захиргааны актыг гаргасантай холбоотой баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

Тухайн ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилгах, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70.200 төгрөгийг тэдэнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР