Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 694

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх, тухайн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий иргэн Б.Б*******н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Б******* овогтой Б******* миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “тухайн ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн шаардлагаас татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* би нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч Б.Б*******н гаргасан “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “...тухайн ажилд эгүүлэн тогтоолгох” гэсэн хэсгээс татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг баталж шийдвэрлэв. 

Хоёр. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө шүүх хуралдаан дээр  бичгээр гаргасан байх тул хариуцагчийн “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02-01/2141 албан бичгээр Эрх зүйн мэргэжилтэн А.А*******од олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгосон болно. 

Иймд нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагчийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан Б.Б*******н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх, тухайн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.Б*******н “тухайн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг буцаан  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ТӨМӨРБАТ