Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02480

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02480

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.300.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

НэхэмжлэгчР.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.М, хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.300.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.НэхэмжлэгчР.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Нэхэмжлэлийн шаардлага ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан. Миний бие анх Уул уурхайн үндэсний олборлогч ХК-д ажиллаж байсан. Тэгэхдээ Т ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр энэ хоёр компани уул уурхайн салбарт хоёр талаасаа техник, санхүүгийн хамтралаар оролцоод Э ХХК дээр уулын ажил гүйцэтгэхээр хамтарч ажиллаж эхэлсэн. Хамтарч ажиллаж эхлэх хугацаанд Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б гэдэг хүн өөрөө надад санал тавихад зөвшөөрч ажлаасаа чөлөөлөгдөөд Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэнээр авъя гэхэд зөвшөөрсөн. Ахлах мэргэжилтэн хүний нөөцөө мөн давхар хуулиа хариуцна гэдэг санал тавьсан. Ингээд хүний нөөц, хуулийн ажлыг хариуцаж ажилласан.Хариуцагчаас өгсөн нотлох баримт дээрээс харагдана. Мөн энэ бүтцээр захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэнээр яваад бүтцийн хавсралтаар батлагдсан. Хүний нөөцийн менежер гэдэг албан тушаалын цалин 3.500.000 төгрөг. Дээр нь төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үндсэн цалин 2.000.000 төгрөгийн 40 хувь буюу 800.000 төгрөгийг нэмж авдаг байсан. Т ХХК анх 3.300.000 төгрөгийн цалинтай үндсэн ажилтан болооч, бид хамтарч ажиллаж байгаагийн хүрээнд хоорондын тооцоог үүсгэх боломжгүй гэх саналыг анх тавьсныг хүлээн аваад Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ажлыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл авах хугацаа хүртэл ажилласан. Хариуцагч тайлбартаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөн гэж байгаа боловч мэдэгдлийг бичгээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгч хүлээж аваад би өөрөө хугацаагаа тавьж гарын үсэг зурсан. Тушаал гараагүй байхад ажил хүлээлцэх комисс байгуулагдаад 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарсан байдаг. Ингээд 2024 оны 02 сарын 29-ний өдөр ажлаас халах тушаалын хамт ажлаа хүлээлгэж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш намайг ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулаагүй ажлаас чөлөөлсөн. Бүтцийн хувьд хариуцагч орон тоо хассан гэдэг тайлбар өгдөг. Хуульчийн орон тоо хасагдсан гэсэн боловч хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэж байсан. Ажил хүлээлцэх актаас харагдана. Бүтэц дээр хуульчгүй гэдэг боловч хуульч н.У гэдэг залуу хуулийн ажлыг хүлээж авсан. Хүний нөөцийн орон тоо багассан гэсэн боловч шинээр ажилтан томилоод намайг ажлаас чөлөөлсөн. Миний хийж байсан төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэх ажлаас намайг чөлөөлсөн тогтоол байхгүй. Нотлох баримтаас харахад хувьцаа эзэмшигчийн шийдвэр буюу төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдтэй танилцахад Г.Б хувьцаа эзэмшигч Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэл хийлгэсэн. ТУЗ-ийг татан буулгасан шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарсан байх жишээтэй. 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа энэ талаар хэлсэн. Засаглалыг анхааралдаа авч ажиллах ёстой. Хуулийнхаа дагуу ажиллахыг хэлсэн. Н.А гээд ТУЗ-ийн гишүүн чи ажлаа өг, чамтай ажиллаж чадахгүй, чиний оронд өөр хүн олсон гэдэг байдлаар харилцсан. н.А хүний нөөцийн ажлыг бид өөрсдөө бүрдүүлнэ гэдэг чатууд бий. Би Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д захиргаа, хүний нөөцийн газарт ажиллаж байх хугацаандаа Г.Б захиралтай харилцан ярилцан тохиролцоод ажилд орсон байхад санхүү эрхэлсэн ТУЗ-ийн гишүүн н.А-д хуулийн хүрээнд уул уурхайн салбарт ажиллаж байгаа ээлжийн ажилчдын цалинг ингэж бодох ёстой байдаг юм байна гээд ерөнхий нягтлан бодогчид хандаж ярилцаад компаниа яах бэ? гэж хэлсний төлөө чи бид нарыг ажлаа хийсэнгүй гэж худлаа ярилаа гэх хувийн асуудлаас шалтаглан бүтэц орон тоог 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан тогтоол авчирсан. Энэ тогтоолтой танилцаагүй. Хариуцагчийн тайлбараар хэрвээ бөөнөөр халах заалтыг үндэслээд ажлаас шууд халсан бол 80 дугаар заалт биш 81 дүгээр заалт байсан юм бишүү. Хүний нөөцөд хуульчийн орон тоо байхгүй гэж байгаа бол яагаад н.Ууганбаяр гэдэг залууд хүлээлгэж өгсөн бэ? Ээлжийн амралтын мөнгө өгнө, гэнэт халагдсаны тэтгэмжийг өгнө гэж хэлсэн атлаа одоо болохоор шүүхээр олоод аваа гэх хувийн өш хонзонтой юм шиг асуудалд хандаад 2 сараас өнөөдрийг хүртэл цалин өгөхгүй байгаад хохиролтой байна. Иймээс хүний нөөц, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын цалинд 4.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг нэмэлтээр давхар хийж гүйцэтгэж байхдаа орон тоо, бүтцийг батлуулж орж танилцуулсан. Г.Б болон хөрөнгө оруулалтаар хамтарч ажиллах гэж орж ирсэн Т ХХК-ийн ажилчид өөрсдөө засаглал гэдэг зүйлд анхаарал хандуулдаггүй. 07 дугаар сард батлуулсан бүтцийн дагуу цалин хөлсний хэмжээ, цалингийн алдагдлаа даана гэдгээр бүтцийг хэлэлцэж баталсан. 2 дугаарт төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд бүтэц дээр өөрөө сууж бүтцийг өөрөө батлуулсны хувьд захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах гэдэг үг байгаа. Ахлах гэдгийг тухайн үед ТУЗ-ийн гишүүдэд бүгдэд танилцуулсан. Хэлтэс гэдэг цаашид үйл ажиллагаа хийгдээд ажил яваад ирэхээр бид ойр ойрхон бүтэц батлахгүйн тулд тэгж хэлсэн юм байна. Батлагдсан бүтцийн дагуу ахлах гэдэг нэр доор ажилд авсан боловч өдөр тутмын ажлыг мөн хуулийн ажлаа хийдэг байсан. Өдөр тутамдаа хүний нөөцийн мэргэжилтний ажлыг хийдэг байсан. Ахлахын хийж гүйцэтгэх ажил, ажлын байрны тодорхойлолт нэг өөр, хүний нөөцийн ажлын тодорхойлолт нэг өөр. Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл н.Ууганцэцэг гэдэг координатортой хүний нөөцийн бүх ажлыг хийж гүйцэтгээд явж байсан. Түүнээс биш зөвхөн ахлах гээд хүний нөөцийн менежерийн аудит буюу мэргэжилтний ажлыг хийгээгүй. Ажил хүлээлцэх актаас харагдана. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл хүлээж авахаас татгалзсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлохыг хүсэж байна. Яагаад гэхээр би ийм зүйл хэлээгүй. н.А-н надад бичиж байсан бичмэл байна. Амаар би хэллээ шүү, мэдэгдлээ шүү гэж байсан. 02 дугаар сарын 02-ны өдөр гээд байгаа боловч надад гардуулж өгсөн мэдэгдэх хуудас 02 дугаар сарын 29-ний өдрөөр байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар ахлахын орон тоог хассан гэж үзэж байгаа юм байна. Хууль талаас ярих болов уу? гэсэн боловч ахлахын орон тоо гэж яриад байна. Үүн дээр дахиад хэлэхэд ахлах гэдэг нэртэй боловч өдөр тутмын хүний нөөцийн мэргэжилтний ажлыг би дангаараа ганцаараа хийж байсан бөгөөд өөр хүний нөөц байгаагүй. Нэг сар гараад н.Х гэж яригдаад байгаа охиныг томилоод намайг хамт хийгээрэй гэж ярьж байсан боловч үйлдэл хийгдээгүй. Үнэхээр орон тоог 01 дүгээр сарын 08-ны өдөр баталсан юм бол яагаад 01 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигч Г.Б гэдэг хүн, хүний нөөцийн ажлыг хийнэ шүү гэдэг захидлыг бичсэн бэ? Тэгэхээр нэг хүний үзэл бодол эсвэл хувийн өс хонзонгоос шалтгаалсан зүйл гарч ирээд байна. Мэдэгдэл надад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Надад нэгээс хоёр хоногийн хугацаатай шууд халах тушаал өгсөн. Компани алдагдалтай ажилласан эсэхэд дотор нь ажиллаад жаргал зовлонг үүрэлцэж байсны хувьд би мэдэхгүй гэж хэлэхгүй мэдэж байсан. Арга хэмжээ авахыг хэлсэн. Дээрээс нь хууль зөрчсөн үйлдэл гаргаж уул уурхай дээр шөнийн ээлжээр ажиллаж байгаа ажилчдын цалинг дутуу өгөөд байгаа үйлдлийг засаж залруулах талаар хэлсний төлөө ажлаас халагдсан гэдэг нь шууд харагдаж байна. Компани алдагдалтай ажиллах нь намайг ажлаас халагдах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин 4.300.000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн удирдлагын төвөөс ажиллагсдын орон тоог хасах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Орон тоо хасах үндэслэл байхгүй. Харин тухайн орон тоон дээр шинээр ажилтан томилж авсан гэх үндэслэлээр маргадаг. Яагаад ийм тушаал шийдвэр гаргах болсон бэ? гэвэл манай компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 5-6 саруудаас эхлээд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай уурхай дээр уул уурхайн үндэсний олборлогч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ уурхай нэлээн том уурхай. Үйл ажиллагаа явуулахад хүн хүч, техник тоног төхөөрөмжид их зардал гарахаар байсан тул компанийн зүгээс ямар шийдвэр гаргасан гэхээр Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлтэй ажиллуулахаар шийдвэрлэж бүтэц орон тоог өөрчлөөд ажилтнууд шинээр авсан. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай бүтэц орон тоог шинэчлэн батлах тушаал бий. Тушаалын хавсралтаас харахад уурхайд ажиллах ажилчид болон оффист ажиллах ажилчдын нийт бүтэц орон тоог тогтоож, цалинг хавсралтаар шинэчлэн баталж өгсөн. Энэ хавсралтаар зөвхөн уурхайд ажиллах талбайн ажилтан 169, оффист ажиллах ажилтнууд 30-40 байхаар баталж өгсөн. Бүтэц орон тоог баталсан тушаалын дагуу оффист ажиллах ажилтнуудын бүтэц ямар байдлаар батлагдсан байдаг бэ? гэхээр компанийн хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралтай компани дотроо санхүү бүртгэлийн хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн хэлтэстэй ажиллахаар хэлтсүүд тус бүрдээ ахлахтай байхаар баталсан. Захиргаа хүний нөөцийн хэлтэс дотроо хуульчтай, хүний нөөцийн мэргэжилтэнтэй ажиллахаар орон тооны хувьд 4 байхаар баталсан. Энэ цаг хугацаанаас хойш бид Өмнөговь аймагт байрлах уурхай дээр бүтээн байгуулалтын ажил, хөрс хуулалтын ажлуудыг хийсэн. Компани сард 10.000 метр квадрат талбайн хөрс хуулалтын ажлыг хийхээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад ажилласан. Ингэж явсаар 2024 оны 01 дүгээр сар болоход өөрөөр хэлбэл бүтэц орон тоо батлагдаад хагас жил өнгөрөхөд нөхцөл байдал яаж эргэсэн гэхээр уул уурхайн үндсэн үйл ажиллагаа бидний анх тавьж байсан зорилго төлөвлөгөөнд хүрч ажиллаж чадаагүй. Яагаад бэ? гэхээр уурхай дээр маш олон ажилтнууд ажиллуулсан. Гэвч хүний нөөцийн зардал, цалингийн зардал, тодорхой зардлууд гардгаараа гарч байгаа хэр нь үндсэн хөрс хуулалтын ажил, уурхайн ажил төлөвлөсөн шиг яваагүй. Тэгэхээр компанийн удирдлагууд нөхцөл байдлыг хэлэлцэж дүгнээд компани төлөөлөн удирдах зөвлөлтэй ажиллаад хэрэггүй юм байна. Бид өнгөрсөн хагас жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээг орон тоогоор нэмсэн боловч хүссэн үр дүн гарсангүй. Ийм учраас орон тоог цөөлөөд буцаад компанийн бүтцийг шинээр батлах шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэрийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан. Татан буулгасантай холбогдуулаад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан бүтэц орон тоогоор санхүү бүртгэлийн хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэж тусад нь хэлтэс байлгахгүйгээр бүх ажилтнууд гүйцэтгэх захирал буюу шууд удирдлагатай харьцах байдлаар зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Захиргаа хүний нөөцийн хэлтэс болоод санхүү бүртгэлийн хэлтсийн ахлахын орон тоог хассан. Өөрөөр хэлбэл бүтэц орон тоог баталсан тогтоолын хавсралтаар энэ нөхцөл байдал бүрэн биелэгдэнэ. Нэхэмжлэгчийн зүгээс ахлахын орон тоог хассан боловч өөр хүмүүс ажиллуулж хүний ажлыг авсан гэдэг асуудал ярьдаг. Нэхэмжлэгч захиргаа хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал дээр ажилласан. Энэ орон тоо хасагдсан болохоос биш тухайн хэлтэс дотор байсан хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг орон тоог хасаагүй н.У, н.Х нар ажиллаж байсан. Тэгэхээр ахлахын орон тоог байхгүй болгож ажлын байрыг хасах шийдвэр гарсныг үндэслээдР.Мг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг өгч гарын үсэг зуруулсан. Мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзаж мөн мэдэгдэл дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Нэхэмжлэгч огт мэдэгдээгүй бөгөөд 02 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэх тайлбарыг хэлж байна. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулсан. Иймээс компани алдагдалтай ажиллаж бүтцийн хувьд орон тоог багасгах нөхцөл байдлыг мэдэж байсан хүн бол нэхэмжлэгч буюу захиргаа, хүний нөөцийн ахлахР.М сайн мэдэж байсан. Гэтэл нөхцөл байдлыг мэдсээр байж өнөөдөр шүүх хуралдаан дээр мэдээгүй мэтээр нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.4 дэх заалтыг үндэслээд ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид мэдэгдсэн тайлбарласан. Дээрх үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөрР.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажил олгогчийн тушаал гарсан. Эдгээр процессоос үзэхэд хариуцагч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журамд заасан нөхцөл байдлыг үндэслэж шийдвэрээ гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ахлахын орон тоон дээр ажиллаж байгаагүй, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан гэж тайлбар гаргаад байна. Гэтэл захиргаа, хүний нөөцийн ахлахын орон тоо ганцаараа хасагдаагүй. Шинэчилсэн бүтэц дээр захиргаа, хүний нөөцийн хэлтсээс захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болоод хуульчийн орон тоог хассан. Үндсэндээ хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоонууд хэлтсээс гарсан. Тэгэхээр өмнөх бүтэц болоод сүүлд 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан процесс тодорхой харагдана. Мөн компани нийтдээ 180-190 орчим хүнтэй ажиллахаар бүтэц батлуулж байсан. Сүүлийн 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаас харахад нийт орон тоо 72 байхаар баталсан. Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой ажлаа өгсөн хүмүүсээс шүүх дээр маргаан үүсгээд явж байгаа нь ахлахын орон тоон дээр ажиллаж байсанР.М нэхэмжлэгч байна. Хариуцагчийн хувьд энэ тушаалыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан гэдэг тайлбараа дэмжиж байна. Мэдэгдлийг өгсөн үгүйтэй холбоотой нэлээн маргаж байх шиг байна. Хариуцагчийн хувьд мэдэгдлийг тухайн өдөр гардуулж өгсөн боловч өөрөө хүлээж аваагүй гарын үсэг зураагүй. Шүүхэд өгсөн мэдэгдэл дээр тушаал гарсан өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрөө гарын үсэг зурсан ийм нөхцөл байдал бий. Бодит байдал дээр ахлахын орон тоон дээр ажиллуулж байгаагүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчид 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил олгогч, компанийн удирдлагад гомдол гаргаад намайг яагаад мэргэжилтнээр ажиллуулаад байгаа бэ? тавьсан саналын дагуу би захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал байх ёстой гэж гомдол гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд компанийн удирдлагад гомдол, санал, нэхэмжлэлийг гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөөгүй гэдэг үндэслэлийг хэллээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа орон тоо баталсан тушаал шийдвэрийг хариуцаж гаргаж байсан гэж дурдаж байна. Энэ хүрээнд 01 дүгээр сарын 08-ны өдөр баталсан төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасантай холбоотой баримтыг сайн мэдэж байсан. Төлөөлөн удирдах зөвлөл татан буугдаж байгаа тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг гэдэг орон тоо ажлын байранд цаашид үргэлжлүүлж хавсран ажиллуулах боломж шаардлага байхгүйг мэдэж байсан.Төлөөлөн удирдах зөвлөл татан буугдсан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

5. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

7.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, нууц хадгалах гэрээ, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлах тушаал, ажил хүлээлцэх комисс томилох тушаал, мэдэгдэл, Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол,

 

8.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Б.Эд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Т ХХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бүтэц орон тоог шинэчлэн батлах тогтоол хавсралтын хамт, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, шинэчилсэн бүтцийн хавсралт,Р.Мгийн ажил хүлээлцсэн бичиг баримтуудын жагсаалтыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.НэхэмжлэгчР.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Бүтэц орон тоо хасагдсан гэж байгаа боловч миний хийж байсан ажил хэвээрээ. Бүтэц батлагдсныг мэдээгүй. Миний төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан бүтцээс өөр байна. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй. Шийдвэр гаргаагүй. Мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээж аваагүй ба 29-ний өдөр авсан талаар баримтанд дээр гарын үсгээ зурсан. Ажлаа хуулийн дагуу хийж байсан тул тушаалыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн татгалзлаа Компани алдагдалтай ажиллаж төлөвлөсөн үр дүнд хүрээгүй учраас бүтэц орон тоог шинэчлэн баталж ажилчдын орон тоог цөөрүүлж хассан. Ингэхдээ захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоог хасаж хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн менежер гэсэн орон тоотой ажиллах болсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж илэрхийлж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.НэхэмжлэгчР.Мг Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний албан тушаалд GM-1 зэрэглэлээр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэж ажиллахаар харилцан тохиролцсон томилсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

6.Ажил олгогч, ажилтны хооронд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тодорхой нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

7.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий болдог.

 

8.Ажил олгогч гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

9.Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.1, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

 

10.Ажлаас халсан тушаалд дурдагдсан Хөдлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аж ажуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж, татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн нь нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

11.Хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч миний ажиллаж байсан ажлын байр орон тоо хасагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компани бүтэц зохион байгуулалт хийж орон тоог цөөрүүлж хасахад захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан гэж маргаж байна.

 

12.Түүнчлэн нэхэмжлэгчР.Мг хариуцагч Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ажлах мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайд маргаагүй.

 

13.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай Тогтоолоор бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа захиргаа, хүний нөөцийн хэлтэс хуульч, хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн координатор, үйлчлэгч гэсэн орон тоотой ажиллахаар харин 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр орон тоонд өөрчлөлт оруулж шинэчилсэн бүтцээр захиргаа, хүний нөөцийн хэлтэс хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоотой ажиллахаар батлагджээ.

 

14.Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болох бөгөөд мөн орон тоо цөөрүүлэх гэдэгт зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно.

 

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

 

16.Иймээс Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хэлтсийн ахлах хариуцан ажиллахаар заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан захиргаа, хүний нөөцийн хэлтэс татан буугдаагүй ажил байр хэвээр хадгалагдаж байхын зэрэгцээ түүний ажлын байрны тодорхойлолт заасан ажиллах чиг үүрэг өөрчлөгдөөгүй мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар бүтцийн өөрчлөлтийг төлөөлөн удирдах зөвлөлөөр батлах эрхтэй нь баримтаар нотлогдож тухайн хөдөлмөрийн дотоод журам хүчин төгөлдөр үйлчилж журамд өөрчлөлт ороогүй байна.

 

17.Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтанд гэрээг цуцлах мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд энэ ажиллагааг хийсэн гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

18.Харин нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

19.Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 1.2 дугаар сарын цалингаас тооцоод сүүлийн гурван сарын цалинг нэмж гуравт хуваахад 3.500.000 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 3.500.000:21.5= 162.790 төгрөг / нэг өдрийн цалин буюу ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 50 /хоног/ х 162.790 /нэг өдрийн цалин/= 8.139.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

20.Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б-23/24 дугаартай тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний тушаалыг хүлээн аваад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзлээ.

 

21.Нэхэмжлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг давхар хийж сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилласан цалинг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартайР.Мг төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон тогтоол хэвээр байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

23.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Мг хариуцагч Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 8.139.500 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчР.Мд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Мгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА