| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0046/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Бт холбогдох 1812000420032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б. Б
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16-21 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,дугаар гудамжинд болон Б сумын Ц гэх газарт хамтран амьдрагч О.Жтай хувийн таарамжгүй харилцаа буюу эр эмийн хардалтын улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812000420032 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч О.Жгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16:00 цагийн үед би хүүхдийн мөнгө хөөцөлдөх гээд гадуур явж байсан чинь манай нөхөр Б намайг юм уух уу гэхээр нь би юм уухгүй гэсэн чинь чи юу уудаг юм бэ гэхээр нь би архи уумаар байна гэж хэлсэн чинь уурлаад байсан. Тэгээд явж байгаад би өөрийн найз А руу залгаад орой нэг газар жаахан суух уу гэсэн чинь манай нөхөр Б миний хажуу талаас нүүрэн хэсэгт гараараа цохисон, тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдээд байсан чинь манай нөхөр намайг өөр хүмүүстэй хардаад машин дотроо намайг цохиж зодоод байсан. Тэгээд Б намайг машинтайгаа авч яваад Булган сумын цагаан хаалгаар гараад Тамирын голын тэр хавьд очоод дахиад цохиж, зодоод байсан. Тэгээд намайг машинаасаа хөөж буулгаад яваад өгөхөөр нь би тэр газартаа суугаад байсан чинь буцаж ирээд намайг машиндаа татаж суулгаад аймгийн төв рүү орж ирээд Арслан цохионы хамгийн арын гудамжинд очиж зогсоод намайг дахиж цохиж, зодсон. Тэгээд тэр хавьд явж байгаад машин нь цасанд суусан чинь Б намайг зайл гээд хөөхөөр нь би гүйсээр байгаад гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтлийг Б гараараа толгойн хэсэгт олон удаа цохиж учруулсан. ...Б өмнө нь намайг ганц, хоёр удаа алгадаж байсан. Намайг цохиж, зодож байхыг харсан хүн байхгүй бөгөөд тухайн үед харанхуй болчихсон байсан. Бын машинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Б намайг өөр хүнтэй хардаад зодох болсон. Бид хоёр одоо хамт амьдардаггүй юм. Намайг цохиж зодсон талаар манай ээж Э мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Гэрч М.Гы мэдүүлсэн: ...Манай найз Б бид хоёр 2007 оноос хойш Капитал банкинд хамт ажиллаж эхэлсэн юм. Надтай найзалж эхэлсэн өдрөөс хойш даруу төлөв зантай, хамт олны дунд нийтэч, ажилсаг хүн байгаа юм. Манай найз хүнтэй маргалдаж, хэрэлдээд байдаггүй, хамт олны дунд нэр хүнд сайтай. Ж гэх хүнтэй хамт амьдарч байгаа гэж дуулдаж байсан бөгөөд одоо нэг хүүхэдтэй гэж байсан. Гэр бүлийн хувьд ээжтэйгээ хоёул амьдардаг. Баяр ёслолын үеэр хааяа нэг архи дарс хэрэглэчихсэн байдаг. Одоо Капитал банкинд эдийн засагч ажилтай...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Гэрч О.Эын мэдүүлсэн: ...Манай охин Ж өдөр 11:00 цагийн үед хүүхдийн мөнгө хөөцөлдөх гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд өдөр утас руу нь залгаад ирэх болж байна уу гээд асуух гэсэн чинь утас нь дуудаад авахгүй байхаар нь яасан юм бол гэж бодоод байсан чинь орой 21:00 цагийн үед гэртээ орж ирэхээр нь яасан бэ гэсэн чинь манай охин Ж надад хэлэхдээ Б намайг зодчихлоо гэсэн. Би сандраад эмнэлэг дуудаж үзүүлчихээд, цагдаа дуудаж хэл гэж охиндоо хэлсэн. Миний охин Жгийн нүүр хэсэг нь хөхөрчихсөн, зүүн талын гуян дээр нь хөхөрчихсөн, толгой өвдөөд байна, намайг өдөржин зодлоо гэж байсан. Жг гэртээ орж ирээд удаагүй байхад Б араас нь орж ирээд чамайг ална гээд Ж руу дайраад, чамайг алж байж санаа амарна гээд байсан. Ж надад хэлэхдээ өмнө нь ганц нэг удаа алгадаж байсан гэж хэлсэн. Б ер нь манай гэр бүлийг их дээрэлхэж байгаа. Заримдаа гэрт ирээд агсан тавиад гэрийн эд зүйл эвдэлчихээд явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/
Яллагдагч Б.Б-ын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр найз охин Ж-тай уулзаад Булган сумын хаягтай цагаан хаалганы баруун талд гарч ярилцсан. Тухайн үед өмнө нь учирч байсан асуудлуудаа ярьж байгаад бидний хооронд хэрүүл маргаан үүссэн. Тус маргааны улмаас Жг нэг удаа зүүн гараараа хойно сууж байхад нь зүүн мөр орчимд нь цохиж авсан бөгөөд тэндээ маргалдаад байж байтал орой болсон. Гэтэл 19 цагийн үед Жгийн утсанд мессеж ирсэн. Тус мессежийг уншиж хардалтын асуудал үүсч, аймгийн төв рүү орж ирээд Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохионы 13 дугаар гудамжинд дахин маргалдаж би Жгийн нүүрэн хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд хэрүүл, маргаан хийж байгаад Ж явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй, намайг араас нь гэрт нь яваад ороход ээжтэйгээ хамт цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр үед нь цагдаа ирээд намайг аваад явсан. Танилцах үед жаахан маргаантай байсан бөгөөд түүнийг ярьж хэрүүл болсон. Тэрнээс хойш утсанд нь хардахаар мессеж ирж хардалтын улмаас цохих болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Жгийн биед нүд нь улайсан, бага зэрэг хавдсан байсан бөгөөд өөр гэмтэл мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 51 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ж-гийн биед тархи доргилт, дух, 2 хацрын гадна тал, зүүн шанаа, доод эрүүний зүүн буланд, зүүн хөлний гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын угийн баруун талд, доод эрүүний булангийн орчим жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Тархи доргилт, дух, 2 хацрын гадна тал, зүүн шанаа, доод эрүүний зүүн буланд, зүүн хөлний гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын угийн баруун талын, доод эрүүний зүүн булангийн орчимд байх жижиг зулгаралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30-31 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16-21 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,, дугаар гудамжинд болон Б сумын Ц гэх газарт хамтран амьдрагч О.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16-21 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар баг ,, гудамжинд болон Б сумын Ц гэх газарт хамтран амьдрагч О.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгээд явж байгаад би өөрийн найз А руу залгаад орой нэг газар жаахан суух уу гэсэн чинь манай нөхөр Б миний хажуу талаас нүүрэн хэсэгт гараараа цохиод авсан, тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдээд байсан чинь манай нөхөр намайг өөр хүмүүстэй хардаад машин дотроо намайг цохиж зодоод байсан. Тэгээд Б намайг машинтайгаа авч яваад Булган сумын цагаан хаалгаар гараад Тамирын голын тэр хавьд очоод дахиад цохиж, зодоод байсан. Тэгээд намайг машинаасаа хөөж буулгаад яваад өгөхөөр нь би тэр газартаа суугаад байсан чинь буцаж ирээд намайг машиндаа татаж суулгаад аймгийн төв рүү орж ирээд Арслан цохионы хамгийн арын гудамжинд очиж зогсоод намайг дахиж цохиж, зодсон. Миний биед учирсан гэмтлийг Б гараараа толгойн хэсэгт олон удаа цохиж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/, гэрч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай охин Ж надад хэлэхдээ Б намайг зодчихлоо гэсэн. Миний охин Жгийн нүүр хэсэг нь хөхөрчихсөн, зүүн талын гуян дээр нь хөхөрчихсөн, толгой өвдөөд байна, намайг өдөржин зодлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тус маргааны улмаас Жг нэг удаа зүүн гараараа хойно сууж байхад нь зүүн мөр орчимд нь цохиж авсан бөгөөд тэндээ маргалдаад байж байтал орой болсон. Би Жгийн нүүрэн хэсэгт 1-2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/, О.Жгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 51 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ