Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 115/ШШ2024/0025

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, “...” ХХК-ийн гомдолтой Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“...” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: Дээрх шийтгэлийн хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр анх мэдсэн бөгөөд түүнээс өмнө ямар нэг байдлаар манай компанид холбогдуулан Зөрчлийн хэрэг нээсэн, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан түүнчлэн шийтгэл оногдуулсан талаар мэдэгдээгүй болно. Тодруулбал Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ... Агуулах Худалдаа Сайншанд салбар дэлгүүрийн менежер ...д торгуулиа төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан албадан гүйцэтгүүлж танай дансыг хаалгуулна, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул торгууль 50%-иар нэмэгдэж 7,500,000 төгрөг төлнө гэсэн зүйл хэллээ гэж хуулийн зөвлөхөд анх мэдээлэл ирж бид мэдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу "..." ХХК нь 0074301 дугаартай шийтгэлийн хуудсыг анх мэдээд түүнийг эс зөвшөөрч 2024 оны 07 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргад гомдол гаргасан. Улмаар Эрүүл мэндийн газрын "Хариу хүргүүлэх тухай" 914 дугаартай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа шүүхэд хүргүүлж байгаа гэх хариуг өгсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

 

Хуульд заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчлийн хэрэг нээсэн, шийтгэл оногдуулсан тухай мэдэгдээгүй. Тордуулбал:

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч ...нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр "..." ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-д заасны дагуу зөрчил үйлдсэн гэж үзэн 0074301 дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Дээрх шийтгэл оногдуулсан үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчиж байна. Үүнд:

Хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж заажээ. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг үйлдсэн гэж буруутгасан этгээд нь "..." ХХК бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу Гүйцэтгэх захирал ...нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төрийн эрх бүхий байгууллагад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж оролцох эрхтэй цор ганц албан тушаалтан юм.

Гэтэл улсын байцаагч ...нь Зөрчлийн хэрэг нээсэн, торгууль оногдуулах шийдвэр гаргасан талаараа хуульд заасны дагуу огт мэдэгдээгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.5-д "Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй" гэж, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Холбогдогч дараах эрхтэй"; 2.1-д "ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;", 2.2-т "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах" эрхтэй зэрэг холбогдогчийн эдлэх бүхий л эрхийг эдлүүлээгүй хуульд заасныг зөрчсөн.

Улмаар мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэж, 4.16 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно" гэж заасантай нийцээгүй.

 

Хоёр. Гомдол гаргах эрхийг хязгаарласан

Эрүүл мэндийн улсын байцаагч ...ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0074301 дугаартай шийтгэлийн хуудасны 11 дэх хэсэгт "Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор ЗХАШ-ны шүүхэд гомдол гаргаж болно" гэж заажээ.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд "Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх" гэх агуулгатай заалт байх бөгөөд улсын байцаагчийн тэмдэг дарагдаагүй тул албан ёсоор баталгаажсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд ...гийн 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0074301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ...шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ...би “...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч ...д холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн эрх залгамжлагчаар оролцож байна.

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч ...гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс гомдол гаргагчийн тодорхойлсноор хариуцагч эрүүл ахуй хяналтын улсын байцаагч ...д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулах явцад хариуцагч ...нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь тогтоогдсон, улмаар эрх залгамжлан авбал зохих этгээдийг хариуцагчаар солих хүсэлт гаргасан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн …, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, … бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж заасныг баримтлан хариуцагч ...гийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ...ийг сольсон болохыг дурдах нь зүйтэй.

 

“...” ХХК-ийн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0074301 дүгээр “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан ...бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Хариуцагч ...ийн гомдол гаргагч “...” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, “...” ХХК-ийн гомдолтой, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ...д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” гэж заасныг буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг тайлбарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ...д холбогдуулан гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0074301 дүгээр “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах “...” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ...ийн зөвшөөрлийг баталж, холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 35,100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч “...” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ОТГОНТУЯА