Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

            Шүүгдэгч: Б.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С т холбогдох 1828000020017 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, дугуй засварт гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3 дугаар /Тост/ баг, Цохион усны 12-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.С , регистрийн дугаар ......,

Шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, Цохион усны 12-1 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.А ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эхнэртэйгээ муудалцаад байшиндаа орж 1 шил архи уусан. Тэндээс гарч ирээд эхнэр Б.А ыг зодсон байсан. Өглөө босоод ирэхэд эхнэр чи намайг зодсон гэсэн. Харахад шарх сорви үүссэн байсан. Одоо эвлэрсэн. Нэг гэрт амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр гэртээ архи уучихсан согтуу байсан. Намайг тухайн үед гэртээ ирэхэд согтуу машины түлхүүр авч гарч явах гээд байсан. Би түлхүүр өгөхгүй булаацалдаж байхад миний баруун хөл рүү өшиглөөд зүүн гар луу цохиж өшиглөн миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Машины түлхүүр авсан. Дэлгүүрээс нэмж архи аваад тэр архиа ууж байгаад над руу цацсан. Намайг хэл үгээр доромжилсон. Би цагдаад мэдэгдсэн. Яг тухайн үед дунд хүү Балжинням хичээлээсээ тарж ирсэн. Намайг уйлж байхыг хараад уйлчихсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Миний биед учирсан гэмтлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байхад согтуу хүнд машин өгөхгүй гэж хэлснээс болж манай нөхөр миний зүүн хөл, баруун хөлний ар хэсэгт хөлөөрөө өшиглөсөн мөн зүүн гар, далны орчимд гутлаараа барьж байгаад 2-3 удаа цохьсон. Дараа нь толгойруу бас цохиж зодсон. Түүнээс болж надад гэмтэл учирсан. Тухайн үед миний толгойруу цохиж байсан болохоор толгой жаахан өвдөж байгаа. 2013 онд байх тодорхой санахгүй байна. Манай нөхөр согтуу байхдаа машинаар намайг ажил руу хүргэж өгөх гэж байсан юм. Гэртээ бид хоёр муудалцаад машинтайгаа сайжруулсан шороон замаар явж байгаад замын хажуу талын шороон дээгүүр гарч онхолдож байсан. Тухайн үед би ухаангүй эмнэлэгт очиж эмчлүүлж байсан. Тэрнээс өмнө нь намайг нэг удаа алгадаж цохиж байсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр согтуу байхдаа машин унах гэхээр нь би машины түлхүүр өгөхгүй булаацалдаж байгаад тэрнээс болж намайг зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед согтуу байхдаа намайг зодсон. Ер нь эрүүлдээ зүгээр байдаг. Дахин ийм зүйл гаргахгүй байх гэж итгэж байна, би нөхөртэйгээ эвлэрсэн...” гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №22 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.А ын биед тархины доргилт, зүүн мөр, гуя, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-17/,

Насанд хүрээгүй гэрч С.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би хичээлээсээ гэртээ ирэхэд манай ээж гэртээ уйлаад байж байсан. Аав гаднаас архи, ундаа аваад ирсэн. Намайг ундаа задлаад өг гэхээр нь би ундааг задлаж өгсөн. Аав архиа задлаж ууж байгаад ээжийн хажууд очоод архиа аяганд хийж уучихаад дахиж аяганд хийгээд ээж рүү цацсан. Ээж рүү хараалын үг хэлээд байсан. Ээж утсаа барьчихаад эмч рүү залгаж цагдаа дуудаарай гэж ярьсан. Дараа нь аав ээжийн утсыг булааж авсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг гэрт ирсний дараа аав ээжийг зодоогүй. Өмнө нь манай аав архи ууж ирчихээд ээжтэй хэрүүл хийж байсан. Дүү бид хоёрыг айлгаж байсан...” гэжээ. /хх-10/,

Шүүгдэгч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөө алтанд явж байгаад Гурвантэс сумын төвд байрлах Цохион ус 12-1 тоотод гэртээ очиход манай эхнэр Б.А  байсан. Би эхнэр Б.А тай мөнгөний асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад миний уур хүрээд хажуу талын байшиндаа ороод ганцаараа нэг шил 0.75 граммын Тайга нэртэй архийг ганцаараа уусан. 2017 оны 12 дугаар сарын 19-нд мөн эхнэртэйгээ маргалдаад байшиндаа орж нэг шил 0.75 граммын архийг ганцаараа уучихаад буцаж гэртээ орчихоод эхнэр Б.А ыг зодсон.      Харин яаж цохиж зодсоноо мэдэхгүй байна. 
Маргааш өглөө нь манай эхнэр Б.А  “Өчигдөр орой чи намайг цохиж зодсон” гэж хэлэхэд Б.А ын хоёр хөл хоёулаа хөхөрч хавдсан хавдартай байсан. Мөн толгой их өвдөж байна гэж хэлж байсан. Би 2008-2009 оны үед байх шинэ жилээр эхнэр Б.А тай хэрэлдэж маргалдаж байгаад хоёр удаа алгадаж авч байсан. Өөр зодсон зүйл байхгүй. Би Б.А тай 2008 онд албан ёсоор гэр бүл болж байсан. Түүнээс хойш 9 жил амьдарч байна. 3 хүүхэдтэй, хамгийн том нь 17 настай, одоо Хятад улсад сурдаг. Дунд хүү С.Балжинням 10 настай, Гурвантэс сумын сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Бага охин 4 настай сумын цэцэрлэгт явдаг. Би Б.А ыг цохиж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед бид хоёрын хажууд дунд хүү С.Балжинням байсан. заримдаа бид хоёр гэртээ хоёулаа хэрэлдэж маргалддаг юм. Би 2012 оны өвөл сумын хажууд байдаг шороон зам дээр өөрийн эзэмшлийн пит маркийн саарал өнгийн 40-29 ӨМӨ улсын дугаартай автомашинаараа явж байгаад эхнэр Б.А тай маргалдаад замын хажуу руу орж нэг хөрвөөгөөд онхолдсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Эхнэр сумын эмнэлэгт 2 хоног хэвтээд гарч байсан. Манай эхнэрийн гар эвгүй болчихсон байсан...” гэжээ. /хх-21-22/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-16,17/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-19/,

Шүүгдэгч Б.С ын хүсэлт /хх-20/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-23,31,33/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-24-26/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-27/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/,

Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын тодорхойлолт /хх-29/,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-30/,

Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-32/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-34/,

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-35/,

Хүчирхийлэлд өрсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-36-39/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-36-43/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-44-53/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-55/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-56-57/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-58/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-59-61/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-62/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, Цохион усны 12-1 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.А ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А ыг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Хохирогч Б.А ын бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №22 тоот шинжээч эмчийн: “Б.А ын биед тархины доргилт, зүүн мөр, гуя, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч, өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Харин ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.С  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас хэргээ үнэн зөвөөр тууштай хүлээн мэдүүлж ирсэн. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж шалгагдаж байхдаа ихийг ойлгосон гэдгээ хэлдэг. Хохирогчтой эвлэрсэн. Хохирол төлбөр байхгүй тул торгох ял шийтгэлийг оногдуулж 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлт, хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

            Тэрээр дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.С ын ар гэрийн амьдрал, цалин хөлс, орлого олох боломж зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С  нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ