Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Д.Алимаа /цахимаар/

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

                                           Шүүгдэгч П.О/цахимаар/

Нарийн бичгийн дарга П.Пүрэвжав нарыг оролцуулан

******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч П.О-ийн гомдлыг үндэслэн П.О-д холбогдох эрүүгийн  2327000000049  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.О нь Ц.С-гийн адуунд 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд бусдын 2 тооны адуу ирж нийлээд эзэн нь олдоогүй алдуул мал болохыг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сард өөртөө авч завшсаны улмаас хохирогч Д.Л-нд 1,800,000 төгрөгийн хохирол буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

П.О-ийн үйлдлийг ******* аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ******* аймгийн сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч овогт П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт П.Оэд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 5,945,219 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анх Мөнх-Эрдэнэ мөрдөгчид хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Хууль зүйн зөвлөгөө аваагүй. Үнэндээ би мориор ачиж авч ирсэн. Энэ тухайгаа хэлж чадаагүй учир шалгуулаагүй. Үүнээс болж машины үнэ 5.945.219 төгрөг улсад төлөх болоод байна. Мориор тууж ирснийг минь үнэн зөв байдлаар шалгаж өгнө үү. Би өмнө нь хэрэг төвөгт орж үзээгүй, хууль зүйн мэдлэггүй учраас ийм зүйл боллоо гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсаныг харуулж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж ярьж байна. Өмгөөлөгч болон яллагдагчийн зүгээс хүсэлт гаргаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч өмгөөлөгч авч байгаа нь хууль зүйн туслалцаа авч байгаа гэж бүрэн ойлгох ёстой. Өмгөөлөгч тайлбарлахдаа цаг хугацаа хожих гэж тайлбарлаж байна. Энэ бол боломжгүй зүйл. Өмгөөлөгч тайлбараа яагаад ингэж хэлж байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн ёс зүйд нийцэхгүй зүйл ярьж байна. Яагаад гэвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарсны дараа гарах үр дагавар, хариуцлагыг бүрэн дүүрэн мэдэж ойлгосон байх ёстой. Ийм ч үүднээсээ өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхээ хангасан гэж ойлгож байна. Тэгэхээр цаг хугацаанд баригдаад гэдэг асуудал учир дутагдалтай гэж бодож байна. Давж заалдах гомдлын тухайд шийдвэрлүүлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл тогтоогдохгүй байгаа нь гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэж байна. Зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл дээр маргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл буюу албадлагын арга хэмжээг хэрэглэж болзошгүй урьдчилсан нөхцөлийг хангах зорилгоор гэж байгаа. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа тээврийн хэрэгслийг үнэлгээ гаргуулсан талаар тайлбарлаж танилцуулсан. Тэгэхээр шүүгдэгч П.О-ийн зүгээс би энэ дүгнэлтийг дахиж гаргуулмаар байна. Яагаад гэвэл өндөр үнэлсэн байна. ******* аймаг дахь үнэлгээний байгууллага миний машиныг бодитой үзээгүй гэж, өмгөөлөгчийн зүгээс бас хүсэлт гаргасан. Үүнийг хүлээж аваад хэрэг дээр хяналт тавьж байсан прокурорын зүгээс үнэхээр тийм байгаа бол тухайн авто машиныг бодитоор нь үзүүлээд мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулъя гээд хүсэлтийг хүлээн авч хангаад дахин дүгнэлт гаргуулаад шүүх хурал дээр дахин дүгнэлтийг үзэж байж шийдвэрлэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг нүдээр үзэж дүгнэлт гаргасан учраас үнэлэхэд эргэлзээ төрөхөөргүй байна гэж дүгнэж хүсэлт гаргасан. Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгч П.О мориор очиж авсан талаар өөрөө гомдол гаргасан байдаг. Хавтаст хэрэг дээр урд Санжаагийн адуунд очиж үзсэнээр миний адуу байна. Тийм учраас энэ адууг маргааш очиж авна гэж хэлээд маргааш нь тээврийн хэрэгслээр очиж ачиж аваачсан нь тогтоогдсон. Үүний дараа хохирогч сураг ажиг тавьсаар яваад гэрч Санжаагийнд очиж уулзахад шүүгдэгч П.О манай адуу гээд ачаад явсан гэж хэлсний дагуу хохирогч Д.Лхагвасүрэн шүүгдэгч П.О дээр очиж уулзаад миний адуу байна та аваад явчихсан байна гэсэн чинь оронд нь хохирлыг нь барагдуулсан ийм нөхцөл байгаа юм. Хэрэг дээр шалгавал зохих ажиллагаа бүрэн дүүрэн шалгагдсан, нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн буюу хялбаршуулсан хэрэг хянан шийдвэрлэх хэрэг дээр гомдол гаргах хууль зүйн үндэс байхгүй учраас гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд П.О-д холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсны дараа өмгөөлөгч авъя гэсний дагуу өмгөөлөгчөөр оролцсон. Тэгээд яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. П.О-ийн хувьд би хувийн ажилтай байгаа тул хурдан шийдвэрлүүлмээр байна. Энэ адууг би туугаад ирсэн нь миний буруу боллоо гэсэн.

Тийм учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хугацааны хувьд танд амар хялбар байдаг юм гээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгсөн. Үүнийхээ дагуу ялын санал тохироод орж ирсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал гарсан учир миний хувьд өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг дэмжиж оролцох ёстой. Тийм учраас П.О-ийн гомдлыг дэмжиж байгаа гэв.

Шүүгдэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ адууг өөртөө завших гэж олж ирээгүй. Манайхаас 10 км зайтай 2 адуу алга болчих гээд байна гээд хүн сураг хэлсэн. Тэгээд тэр 2 адууг эзнийг нь олж өгөх гээд аваад ирсэн юм. Эзнийг нь олж өгөх гэж авчраад эзнийг нь олсон. Эзэн нь буруу мэдээлэл аваад намайг цагдаад өгсөн.

Би тэр хавынхаа нутгийг хариуцсан малын хулгайтай тэмцэх малчдын бүлгийн ахлагч. Адууг зүсээр нь эзэнд нь олж өгсөн. Эзэн нь тухайн адуу байсан газраас буруу мэдээлэл авсан байсан. Уг нь таньдаг хүмүүс одоо надаас уучлалт гуйж байгаа.  Ах минь би таныг буруу ойлгосон байна. Би адууныхаа зүсийг мөн бишийг нь мэдэхгүй адуу байсан газраас буруу мэдээлэл аваад цагдаад өгсөн. Би таныг ард түмний төлөө явж ийм ажил хийдэг гэдгийг чинь сайн мэдэхгүй байсан гээд надаас уучлалт гуйсан. Би 10 км морьтой очоод авчраад өгсөн. Ийм маягаар би олон хүнд тус хүргэж, олон хүний адууг олж өгсөн. Надад цалин хөлс байхгүй ч малын хулгайтай тэмцэх бүлгийн ахлагч гээд Цагдаагаас томилсон болохоор нь нутгийнхаа ганц хоёр хүнтэй нийлээд олон хүнд тус болж явдаг хүн. Би хууль дүрэм мэдэхгүй. Арай ч эрүүгийн хэрэг биш болов уу гэж бодож явсан чинь хийгээгүй үйлдэлд ял оногдуулсан. Надад харамсалтай байна. Эгч минь хүнд өвчтэй сэтгэл санааны хямралд орчихсон байсан учир анхан шатны шүүхэд үүнийгээ сайн ярьж чадаагүй. Иймд хэргийг цагаатгаж өгөхийг хүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.О-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 3-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрсөн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд оролцогч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг танилцуулж тэмдэглэлд тусгаагүй. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхтэй болохыг тусгасан байгаа учир давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

П.О нь иргэн Ц.С-гийн адуунд 2022 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бусдын 2 тооны адуу ирж нийлээд эзэн нь олдоогүй алдуул мал болохыг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сард өөртөө авч завшсаны улмаас хохирогч ******* 1,800,000 төгрөгийн хохирол буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр өөрийн адуунаасаа буруу болон зөв талын гуя хэсэгтээ түвд Ма үсгэн тамгатай, цавьдар зүстэй хязаалан насны үрээ. Им тамга байхгүй, зөв талын гуя хэсэгт хүрэн өнгийн мэнгэтэй, хондон зээрд зүстэй, хязаалан насны үрээ зэрэг 2 тооны адуу алдаж байсан. ...Манай адуу Б гэх хүний адуунд зун ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

гэрч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 05дугаар сард манай адуунд Түвд Ма үсгэн тамгатай цавьдар зүстэй хязаалан насны үрээ, зөв талын гуя хэсэгтээ хүрэн өнгийн мэнгэтэй хондон зээрд зүсний хязаалан үрээ нийт 2 тооны адуу нийлсэн. 5 дугаар сараас 10-н сар хүртэл манай адуунд байсан. 10 дугаар сард П.О гэх хүн манайд ирээд тухайн 2 тооны үрээг хараад манайхаас алга болсон адуу мөн байна гэж хэлээд цэнхэр өнгийн портер загварын машинтай ирээд ачаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн дугаартай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай “...хязаалан насны үрээ 2 ширхэг нийт 1.800.000 төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-ийг  алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.О нь “...Тухайн адууг завших санаа зорилго байгаагүй, эзнийг нь олж өгөх зорилготой авсан. Адууг тууж гэртээ авч ирэхдээ мориор явж авчирсан, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь  үндэслэлгүй байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний бусдын 2 тооны адууг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь нотлогдсон, мөн гэрч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 10 дугаар сард П.О гэх хүн манайд ирээд тухайн 2 тооны үрээг хараад манайхаас алга болсон адуу мөн байна гэж хэлээд цэнхэр өнгийн портер загварын машинтай ирээд ачаад явсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон  давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.