Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0793

 

 

 

 

  

     2024           10           08                                       128/ШШ2024/0793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******

Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* нарыг оролцуулан, ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.******* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ч.*******д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

          2.Уг захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдлыг нийслэлийн Засаг дарга хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу өгч, нэхэмжлэл гаргагчаас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2024/4205 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          3.Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ч.*******д ******* дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрлэлийн баруун бүс-4 /*******/ хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

          Гэтэл ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтуудыг үндэслэн Ч.*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалттай байхад ******* дүүргийн Засаг даргын захирамж нь тухайн харилцааг зохицуулсан хуулийг баримтлаагүй хууль бус байх тул дээрх захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

          Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ч.*******д ******* дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжаар нэр шилжүүлж олгоод 2018 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгалт хийсэн. ******* дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрлэлийн баруун бүс 4, 16, 103 хаягт байрлах нэгж талбарын *** дугаартай м2 газрыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон. Гэтэл ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Ч.*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалттай байдаг. Гэтэл ******* дүүргийн Засаг даргын захирамжид тухайн харилцааг зохицуулсан хуулийг баримтлаагүй, хууль бус байхад тул Ч.*******д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Газрын тухай хуулийн 61, Усны тухай хуулийн 22.2-т заасан үндэслэлээр захиргааны акт гарсан. Эдгээр заалтуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлж ажилласан гэдэг тайлбар хэлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яамны 2015 оны хамтарсан тушаалыг баримталсан гэж байгаа боловч анх Ч.*******д 2013 онд нэр шилжсэнээс хойш гарсан эрх зүйн актууд байна. Сүүлд гарсан эрх зүйн акт нь өмнө олгогдсон эрх зүйн актыг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Үүнийг нарийвчилж харах ёстой. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны байгууллагын гаргах эрх зүйн акт гаргах хуулийн заалтыг тодорхой заасан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, сайдын хамтарсан тушаал зэргээр тодорхойлсон зүйл байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйл заалтыг зөв томьёолж чадаагүй учраас хууль зөрчсөн захиргааны акт гаргасан байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.” гэв.

             6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ч.*******д ******* дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд, үйлдвэрлэлийн баруун бүс-4 (*******) тоот хаягт байрлах, м.кв хэмжээтэй газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаагаар иргэн Ш.гаас нэр шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн.

          ******* дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар иргэн Ч.*******ийн ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд, Үйлдвэрлэлийн баруун бүс-4 (*******) тоот хаягт байрлах, м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн Засаг дарга нь Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй,” 21 дүгээр зүйлийн 21.2.7-т “Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх эрхтэй”, 21.5.4-т “Дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах эрхтэй”, 33 дугаар зүйлийн 33.6-т ‘Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно", 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасан.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26, 47 дугаар зүйл, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно,” 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ

хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод

олборлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны дугаар хамтарсан тушаалын 2 дугаар

зүйлийн 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:”, 2.3.2-т “Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж;” 2.3.6-т “Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” байрлахаар заасан.

          Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын

26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолоор баталсан “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын бүсэд маргаан

бүхий газар нь багтсан.

          Ч.*******ийн маргаан бүхий газар нь дээр дурдсан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан байх тул дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар иргэн Ч.*******ийн ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд, Үйлдвэрлэлийн баруун бүс-4 (*******) тоот хаягт байрлах, м.кв хэмжээтэй, аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Дээрх нөхцөл, шаардлагын үүднээс гарсан дүүргийн Засаг даргын захирамж үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч гаргагчаас дараах үндэслэлээр маргасан.

          2.1. ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  ******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтуудыг үндэслэн Ч.*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус.

          2.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалттай байхад тухайн харилцааг зохицуулсан хуулийг баримтлаагүй.

          3. ******* дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар захирамжаар Э.д ******* дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах, ногоо тарих зориулалттай 975 м.кв талбай бүхий газрыг ногоо тарих зориулалтаар эзэмшүүлсэн байна. 

          Уг газрыг мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаар захирамжаар Э.аас Д.т шилжүүлж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 дүгээр захирамжаар 975 м.кв талбайн хэмжээг м.кв болгон багасгаж, зориулалтыг өөрчилж, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар Д.ээс Ш.д /Г./ шилжүүлж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус газрыг Ш.гаас Ч.*******д шилжүүлж, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Ч.*******д газар эзэмшүүлсэн ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          4.******* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Ч.*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий газар нь “... хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан” гэж тайлбарласан.

            5.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байгаа тохиолдолд тухайлбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолоор баталсан “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын бүсэд маргаан бүхий газар багтсан гэх үйл баримтыг уг тогтоол гарахаас өмнө газар эзэмших эрхтэй байсан Ч.*******ийн хувьд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.”Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж зааснаар газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зохицуулалтай.

6.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно,” 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод олборлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”,

          Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,

          Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:”, 2.3.2-т “Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж;” 2.3.6-т “Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” байрлах зэрэг асуудлыг Ч.*******д газар эзмших эрхийг олгохдоо судалж тогтоогоогүй нь нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй.

           7.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэсэн зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.”Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.” 4.2.8.”хууль ёсны итгэлийг хамгаалах”, 48 дугаар зүйлийн 48.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэсэн зохицуулалтаар хязгаарлагдахаар байна.

             8.Иймд дээрх хуульд заасан үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжийн Ч.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******өөс ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжийн Ч.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН