Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01893

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01893

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д

Хариуцагч М.С

Хариуцагчийн өмгөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч М.С холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 393.813.109 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Манай байгууллагатай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.С 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 350.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж төлбөр төлөхгүй тохиодолд С.Б-н өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Тасганы овоо /15150/, Их тойруугийн гудамжны 0 дүгээр байрны 0дүгээр давхарт байрлах 292.53 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учраас удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 350.000.000 төгрөг, хүүд 8.813.109 төгрөг 73 мөнгө, өмгөөллийн хөлсөнд 35.000.000 төгрөг нийт 393.813.109 төгрөг 73 мөнгийг нэхэмжилж байна. Өмгөөллийн хөлсийг нэхэмжлэл гаргасан өдрийн үнийн дүн буюу 393.813.109 төгрөг 73 мөнгийг 10 хувиар тооцсон. Иймд хариуцагч М.Сээс 393.813.109 төгрөг 73 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Бид өмгөөллийн гарсан урьдчилгаа зардлыг эхлээд зээлдэгчид орлого үүсгэдэг. Ингээд хэрэг шүүхэд шийдвэрлэгдээд нөхөн төлбөр авсны дараа зээлдэгчийн үүссэн авлагыг хаах байдлаар санхүүгийн бүртгэл явдаг. Иймд зээлийн гэрээнд заасан заалтын дагуу буюу давхар санхүүгийн бүртгэл М.С дээр авлагаар үүсээд явж байгаа. Манай нэхэмжилсэн төлөлт орж ирсний дараа авлага, зээл хаагдана. Гаргасан зээлийн дүнгээр эрсдэлийн сангаа үүсгээд тэр дүнгээр санхүүгийн хороонд тайлагнасан. Энэ дүнг төлсний дараа эрсдэлийн сангаа хааж бусад орлогоо хүлээн зөвшөөрдөг, гэжээ.

 

4.Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Зээл авсан үнэн төлнө. Өмгөөлөгчтэйгөө нэг байр суурьтай байна. Энэ зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Нэмээд өмгөөллийн хөлс төлөх боломжгүй. Би одоо 4 хүүхэдтэй үлдэж байна. Барьцаа хөрөнгөөр зээлийг төлнө. Өмгөөлөлийн хөлсийг төлөхгүй. Тухайн хүн өмгөөлөгч авах нь өөрийнхөн эрхийн асуудал гэж бодож байна гэжээ.

 

5.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, С.Б-н үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, М.Ст олгосон С.Б-н итгэмжлэл, 0 дугаартай барьцаалбар, зээл төлөлтийн дансны хуулга, хууль зүйн туслалцааны гэрээ, М.Сийн оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, Б ХХК-ийн харилцах дансны хуулга, 2023 оны 08 дугаар сарын 29-ний 04 дугаартай мэдэгдэл, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөр төлөх мэдэгдэл, зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл

 

7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/0 дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ХШТ/0 дугаартай Тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шаардах эрхийн үндэслэлээ Өмгөөллийн хөлсийг зээлийн барьцаа хөрөнгө, зээлийн тухайд хууль зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн дүнгээс 10 хувиар тооцсон. Дээрх зэрдлын урьдчилгааг эхлээд зээлдэгчид орлого үүсгэж, зээлдэгчийн үүссэн авлагыг хаах байдлаар санхүүгийн бүртгэл хийгдэж, нэхэмжилсэн төлөлт орж ирсний дараа авлага зээл, эрсдэлийн сангаа хааж орлогоо хүлээн зөвшөөрдөг тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт зааснаар өмгөөллийн хөлсийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч М.С Зээлийг төлнө. Төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Харин өмгөөлөгчийн хөлс нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.Тухайн хүн өмгөөлөгч авах нь өөрийнхөн эрхийн асуудал гэж бодож байна гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 393.813.109 төгрөг 73 мөнгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1.Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч М.Стэй 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/0 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 350.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг С.Б-н өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Тасганы овоо /15150/, Их тойруугийн гудамжны 0дүгээр байрны 0 дүгээр давхарт байрлах 292.53 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 0дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь гэрээ, зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

5.1.2.Хавтас хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн 0 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээгээр Б ХХК зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

5.1.3.Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

5.1.4.Мөн хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч М.С зээлийг авсан, эргэн төлж байсан мөн гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй талаар маргаагүй, зээлийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, зээлээ төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас зээлийн төлбөрт 358.813.109 төгрөг 73 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

6.1.Талуудын байгуулсан Барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ нь нотлогдож байна.

 

6.1.2.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/0 дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ХШТ/0 дугаартай Тогтоолоор зээлийн үүргийг хангуулахаар барьцаалсан С.Батдөлийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Тасганы овоо /15150/, Их тойруугийн гудамжны 0 дүгээр байрны 0 дүгээр давхарт байрлах 292.53 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, үйлчилгээний зориулалттай 1.031.064.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж Б ХХК-д төлөх төлбөрөөс бусад төлбөрийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

 

6.1.3.Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан хэдий ч шүүх талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй мөн банк бус санхүүгийн байгууллагад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хамааралгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх 35.000.000 төгрөгийн шаардлагын тухайд:

 

7.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Талуудын байгуулсан гэрээнд өмгөөллийн хөлс төлнө гэж заасан. Барьцаа хөрөнгө болон зээлтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч авсан тул төлөх ёстой гэж мэтгэлцэж байна.

 

7.2.Хариуцагч С.С Өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Миний зээл авсантай холбоогүй. Зээлийн талаар эрүүгийн шүүх шийдээгүй учраас төлөхгүй гэж маргаж байна.

 

7.3.Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хуульчаас хууль зүйн үйлчилгээ авсны хөлсөнд төлсөн 35.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хохиролд хамаарахгүй бөгөөд түүнчлэн иргэний хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа хүсэх, хүсэхээс татгалзах нөхцөл байдлаа өөрөө тодорхойлж шийдвэрлэх эрхтэй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн хугацааг хэтрүүлж, төлбөрөө төлөөгүй үйлдэлтэй шууд холбож учирсан хохиролд тооцох боломжгүй мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Б ХХК иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй, барьцааны зүйлтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад гаргаж оролцоогүй тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хууль зүйн туслалцаа авсны төлбөрт нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийн үндэслэл, хариуцагчийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлож үгүйсгэж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Хавтас хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болгно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.197.216 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 393.813.109 төгрөг 73 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.022.216 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Сээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 358.813.109 төгрөг 73 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдсэн 35.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийг мөнгөн төлбөрөөр төлөөгүй тохиолдолд С.Б-н өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Тасганы овоо /15150/, Их тойруугийн гудамжны 0 дүгээр байрны 0 дүгээр давхарт байрлах 292.53 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.197.216 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2.022.216 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА