| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0047/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: П.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Мт холбогдох 1712000250037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: П.М
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.М нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг,, тоотод гэртээ эхнэр Ч.Б-ыг толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1712000250037 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Бын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамаатныхаа айлын хүмүүсийг цай уулгачихаад 1 шил архи задлаад тэрийг бид хэд хувааж уусан. Тэгээд ирсэн хүмүүсээ явуулчихаад он солигдох гэж байхад би бялуугаа задлаад таваглаад өгсөн чинь идэхгүй байсан юм. Би нөхрийгөө Н гээд найз хүүхэнтэйгээ холбоотой гэж боддог юм. Тэгээд тэр өдөр миний таваглаж өгсөн бялууг идэхгүй болохоор нь чиний тэр Н чинь чамд үүнээс илүүг бэлдчихээд сууж байгаа байлгүй гээд хэлчихсэн чинь уурлаад ширээн дээр байсан цайны шаазан аяга аваад миний нүүр рүү шидчихсэн чинь миний зүүн нүд рүү оноод цохисон. Тэгээд би уурлаад урдаас нь пивор сагс аваад шидтэл намайг зөрүүлээд нүд рүү цохисон. Тэгээд би цагдаа дуудсан юм. Манай нөхөр П.М нь миний зүүн талын нүд рүү аягаар нэг удаа, мөн гараараа нүүр рүү 2 удаа цохисон. Миний биед 2 нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Би нөхөр Мыг өөрийн найз Нтэй хардаад хэдэн үг хэлчихсэн чинь уурлаад намайг зодсон юм. Манай нөхөр өмнө нь намайг огт зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Гэрч Л.Мгийн мэдүүлсэн: ...Манай охинд нөхөр нь гар хүрсэн гэсэн. Тэр асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байх. Тэр хоёр уг нь хэрүүл, зодоон хийгээд байдаггүй, эвтэй л байдаг юм. Манай охиныг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөр П.М нь зодсон талаар би сүүлд дуулсан. ...Манай хүргэн өмнө нь манай охиныг зодлоо л гэж дуулдаж байгаагүй. Манай хүргэн М нь архи уугаад байдаггүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Насанд хүрээгүй гэрч М.О-ийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цаг болох гээд он солигдох гэж байхад манай ээж бялуугаа хуваагаад аавд өгсөн юм. Тэр өдөр манайх айлууд цай уулгаад хоол унд хийчихсэн байсан. Тэгсэн аав ээжийн өгсөн бялууг идэхгүй гээд байсан бөгөөд тэр асуудлаас болоод аав, ээж хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгээд аав уурлаад ээж рүү аяга аваад шидчихсэн юм. Тэгээд би дүүгээ аваад гарч яваад эмээгийнд очсон. Тэр өдөр эмээд гэрт болсон асуудлын талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Яллагдагч П.Мын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хамаатан садныхаа айлуудыг цай уулгасан юм. Тэр орой 22:00 цагийн үед эхнэр гаднаас дэлгүүрийнх нь хүмүүс цай уулгасан гээд жаахан халамцуу орж ирсэн. Бид хоёр гэрт ирсэн хүмүүсээ цай уулгаж гаргачихаад байж байгаад эхнэр намайг өөрийн найз хүүхэнтэйгээ хардаад уурлаад байсан. Энэ асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд он солигдох дөхөөд эхнэр бялуугаа хуваагаад надад таваглаад өгсөн. Би орой хүн цай уулгаад хоол унд идчихсэн байсан болохоор идэхгүй гэж хэлсэн чинь уурлаад урдаас юм авч шидээд байсан. Тэгсэн манай 3 настай охин айгаад уйлахаар нь чи хүүхэд айлгаад байна гэтэл чиний хүүхэд уйлахаар яадаг юм гэсэн. Тэгээд миний уур хүрээд ширээн дээр байсан цайны шаазан аягыг аваад шидчихсэн чинь нүүрэн дээр нь таараад цохичихсон. Би эхнэр Ч.Бын нүүр рүү цайны шаазан аягаар нэг удаа цохисон. Тэр өдөр манай эхнэр намайг өөрийн найз хүүхэнтэйгээ хардаад уурлаад хэрүүл өдөөд байсан. Би өмнө нь эхнэрийгээ цохиж зодож байгаагүй. ...Бид хоёр одоо эргээд эвлэрчихсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Би дахиж эхнэрээ зодож ийм асуудал үүсгэхгүй. Би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа, зундаа дулаан ороод ирэхээр Улаанбаатар хотод очиж барилгын ажил хийдэг юм. Өвөлдөө барилгын ажил олдохгүй болохоор гэртээ байдаг. Одоо бол эхнэр л ажил хийж байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Б-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39-40 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг,,,тоотод гэртээ эхнэр Ч.Быг толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч П.М нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг ,,тоотод гэртээ эхнэр Ч.Быг толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэр өдөр миний таваглаж өгсөн бялууг идэхгүй болохоор нь чиний тэр Н чинь чамд үүнээс илүүг бэлдчихээд сууж байгаа байлгүй гээд хэлчихсэн чинь уурлаад ширээн дээр байсан цайны шаазан аяга аваад миний нүүр рүү шидчихсэн чинь миний зүүн нүд рүү оноод цохисон. Тэгээд би уурлаад урдаас нь пивор сагс аваад шидтэл намайг зөрүүлээд нүд рүү цохисон. Манай нөхөр П.М нь миний зүүн талын нүд рүү аягаар нэг удаа, мөн гараараа нүүр рүү 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, гэрч Л.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай охиныг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөр П.М нь зодсон талаар би сүүлд нь дуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, насанд хүрээгүй гэрч М.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “аав уурлаад ээж рүү аяга аваад шидчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, П.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “миний уур хүрээд ширээн дээр байсан цайны шаазан аягыг аваад шидчихсэн чинь нүүрэн дээр нь таараад цохичихсон. Би эхнэр Ч.Бын нүүр рүү цайны шаазан аягаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/, Ч.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт П-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ