| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214001450037 |
| Дугаар | 2023/ДШМ/015 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/015
Б.Энхтүшигт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энхбат
Шүүгдэгч Б.Энхтүшиг, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Энхтүшигийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Энхтүшигт холбогдох эрүүгийн 2214001450037 тоот хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... Боль овогтой Буяннэмэхийн Энхтүшиг, / РД: ВВ90120414/
Шүүгдэгч Б.Энхтүшиг нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Чинбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хутгаар хатгах, зүсэх, гар хөлөөрөө цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж Д.Чинбатын эрүүл мэндэд нь баруун 4,5,6-р хавирганы зөрүүгүй, сэлтэрхийгүй, хугарал, баруун, шагайн үений шарх, шөрмөсний тасрал, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, гуя хөмсөг, зулайн хуйх, духны шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, цээжний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр учруулсан,
Мөн Б.Энхтүшиг нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Цогтбаярыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалгын шарх, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар, хөмсөгний зулгаралт гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Энхтүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч Боль овогт Буяннэмэхийн Энхтүшигийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боль овогт Буяннэмэхийн Энхтүшигийг долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт оногдуулсан найман / 08 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Б.Энхтүшиг нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Чинбатаас цаашид гарах эмчилгээний зардал 18.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Энхтүшиг тус шүүхэд гаргасан гомдолдоо:
... Миний бие анхан шатны шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогч Д.Чинбатад эмчилгээний зардал 3215000 төгрөг, гар утасны үнэ 140000 төгрөгийг тус тус төлж барагдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлж байна.
Мөн хохирогч Д.Чинбатад цаашид эмчилгээтэй холбоотой гарсан бүхий зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал шалтгаант холбоо болон шүүгдэгчийн хувийн байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Энхтүшиг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээж мэдүүлж байгаа байдал, хохирогч Д.Чинбатад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаар хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах боломжтой байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Д.Чинбат нь хэрэг учрал гарахаас өмнө Б.Энхтүшигийнд ирж, түүнийг архиар шахаж, согтууран, хоорондын таарамжгүй байдлыг үүсгэж, бие, биенээ хүндэтгэх, эрүүл ухаанаар асуудалд хандах нөхцөл байдлыг үгүй хийж гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон түүний ар гэрээс байнгын дарамт шахалт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн баримтгүйгээр их хэмжээний мөнгө нэхэх, шүүгдэгчийг хохирогчтой адилхан болгон гэх зэргээр дарамталж дураар авирласнаас болж хохирогч болон түүний ар гэрийнхэнтэй маргаан үүсэх байдал бий болсон. Мөн гэмт хэрэг гарах үед зөвхөн шүүгдэгч Б.Энхтүшигийн буруутай үйлдэл байгаагүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай “...Б.Энхтүшигийн биед баруун зүүн алганы яс доод суурь хэсгээр хөндлөн цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэ, дух хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1 хх-ийн 79-80 тал/ гэх дүгнэлтээр хохирогч нар нь Б.Энхтүшигийн биед халдсан нь тогтоогдож байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.03-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Ямар нэгэн алдаа зөрчилгүй байна. Иймд шүүгдэгчийн Б.Энхтүшигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Монгол улсын хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш байх эрхтэй. Хаана ч байсан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Гэтэл Б.Энхтүшигийн зөрчигдсөн эрх яагаад хамаарагдаж яригдахгүй байгаа юм. Хоёрдугаарт бусдын биед гэмтэл учруулж буй үйлдэл ямар хор уршигтай хэрхэн хамааралтай вэ. Үйлдэл хор уршиг хоёр харилцан хамаарал шалтгаант холбоотой байх ёстой. Тэгвэл Д.Чинбатын халдсан эсхүл хамгаалсан аль үйлдлээс Б.Энхтүшигт хохирол учир ч байна вэ. Энэ нь тогтоогдоогүй байна.
Б.Энхтүшиг бусдын биед хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Б.Энхтүшигийн биед учирсан хохирлыг хэн учруулсан юм бэ гэдгийг тогтоолгомоор байна. Мөн прокурор хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй талаар дүгнэлт хэлж байна. Хохирогч гомдолгүй гэж тайлбар хэлдэг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн цаашид учрах үр дагаврыг хариуцах гээд ял шийтгэлийг минь хөнгөлж өгөөч гэсэн саналыг хэлж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа учир хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Энхтүшигийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч Б.Энхтүшиг, хохирогч Д.Чинбат, Т.Цогтбаяр нар нь 2022 оны 5 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар баг, Б.Энхтүшигийн гэрт хамтран архидан согтуурч улмаар 2022 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Энхтүшиг нь хохирогч Д.Чинбатыг гар хөлөөрөө цохих, хутгаар хатгах, зүсэх, зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг санаатай, онц харгис хэрцгийгээр учруулсан, мөн хохирогч Т.Цогтбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Энхтүшигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Энхтүшиг нь хохирогч Д.Чинбатыг гар хөлөөрөө цохих, хутгаар хатгах, зүсэх, зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг санаатай, онц харгис хэрцгийгээр учруулсан, мөн хохирогч Т.Цогтбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Энхтүшигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийн үйл баримтыг шалгаж тогтоогүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болсон байна.
1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар талд авагдсан “... Б.Энхтүшигийн биед учирсан зүүн алганы яс доод суурь хэсгээр хөндлөн цууралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо хүчин зүйлийн буюу, цохих, дарах, мушгих, ямар нэг юманд цохиулах зэрэг хүчин зүйлээр үүссэн гэмтэл, харин баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэ, дух хацрын зулгаралт гэмтлүүд нь мохоо буюу үрэх хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байгаа юм. Харин хүнд цохиулсан эсвэл хүн цохисноос үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй юм...” гэх шинжээч С.Каделын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар талд авагдсан “... Б.Энхтүшигийн биед баруун зүүн алганы яс доод суурь хэсгээр хөндлөн цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэ, дух хацрын зулгаралт нь гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, амь насанд аюулгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Энхтүшигийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь гаднын нөлөөний явцад үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон байхад энэ гэмтэл нь хүнд цохиулсан эсвэл хүн цохисноос үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн шинжээч С.Каделын мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т ”мөрдөгч,прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, прокурор яллах дүгнэлтдээ “...ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр...хохирогч нарын биед халдаж хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан...” гэж бичсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн болохыг тодорхой бичээгүй буюу шүүгдэгч Б.Энхтүшиг нь хаана, ямар цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхойгүйгээс нэг хүн, нэг цаг хугацаанд хоёр хүнийг нэгэн зэрэг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулах боломжгүй гэж үзэх байдлыг бий болгожээ.
Иймд дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Энхтүшигийн “...хохирогч Д.Чинбат нь хэрэг учрал гарахаас өмнө Б.Энхтүшигийнд ирж, түүнийг архиар шахаж, согтууран..., хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан ...хохирогч нар нь Б.Энхтүшигийн биед халдсан ...” гэж бичсэн хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн, “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгнө үү...” гэж бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Энхтүшигт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Энхтүшигийг сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДАВАСҮРЭН
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ