Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0790

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар “К” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан Уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” дугаар А/******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг Богдхан Уулын дархан цаазат газар Арцатын аманд байрлах 15 га газрыг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.

4. Уг цуцалсан шийдвэртэй нэхэмжлэгч маргаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны 221/МА2019/******* дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн ******* дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.

5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрыг хариуцсан захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “К” ХХК нарын хооронд ******* тоот гурвалсан гэрээг байгуулж, 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай ашиглахаар болсон.

6.    Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны А/ дугаар тушаалаар “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй…” гэх үндэслэлээр цуцалжээ.

7.    Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

8.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай “К”  ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар анх ашиглах эрхтэй болсон.

Тус газарт аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг зохих ёсны бичиг баримтыг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч, ажлаа эхлэхэд бэлэн болгосон. Гэтэл тус газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаалаар цуцалж, улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2018/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 221/МА2019/******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоолоор тус тус сайдын тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн.

Үүний дараа дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч, Монгол Улсад хол хорио тогтоож, төрийн болон хувийн байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зогсонги байдалд орж үүний улмаас гурвалсан гэрээ албажихгүй хугацаа алдсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг баталж, 149,855 м.кв га талбайг “К” ХХК-д Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар олгосон. Үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрыг хариуцсан захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай ******* тоот гурвалсан гэрээг байгуулж, 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай ашиглахаар болсон.

Өнгөрсөн 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд газар ашиглах гэрээ, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмын дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, газрыг бүрэн хашаалж, зохих төлбөрийг хугацаандаа төлсөөр ирсэн бөгөөд газрын төлбөрт нийт *** (***) төгрөгийг төлж, мөн ажил гүйцэтгэх гэрээ, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой их хэмжээний зардлууд гаргасан. Мөн тус газарт аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг зохих ёсны бичиг баримтыг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч, ажлаа эхлэхэд бэлэн болгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/ дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй" гэх үндэслэлээр бидэнд мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангалгүй цуцалсан. Тус сайдын тушаалд дурдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийг байгуулсан байх бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1377 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Гэвч дээрх зөвлөл, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь аливаа шийдвэр гаргахдаа манай компанид мэдэгдэх, сонсох ажиллагааг огт явуулаагүй бөгөөд эдгээр шийдвэртэй өнөөдрийг хүртэл манай компани танилцаагүй байна.

Сайдын тушаалд дурдсанаар дээрх зөвлөл, захиргааны шийдвэр нь манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болж буй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны акт гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актуудын талаар манай компани Богдхан уулын Дархан цаазат газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн 01/156 дугаар албан бичгийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол шуудангаас хүлээж авснаар сая мэдсэн болно. Ийнхүү мэдсэнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" шийдвэр, "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1377 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “”К” ХХК-ийн тус маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий захиргааны актыг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/******* дугаар захиргааны актаар хүчингүй болгосон. Тус захиргааны актын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөр төлөөгүй, газрыг 2 жилийн хугацаанд зориулалтаар ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Тэрхүү захиргааны акттай холбогдуулаад захиргааны хэргийн маргаан үүссэн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0805 дугаартай шийдвэрээр тухайн захиргааны актыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна гэдэг нь тогтоогдсон. Түүнээс хойш 2018 онд тухайн газрыг “К” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь сэргээгдсэн. Дараагаар нийслэлээс явуулсан Барилга хот байгуулалтын яамны бодлоготой холбоотойгоор “К” ХХК нь тухайн газарт барих барилгын бүтэц, явуулах үйл ажиллагааны талаар дахин төлөвлөгөө гаргах, зураг төсөл боловсруулах шаардлагатай болсон. Ийнхүү төлөвлөгөө боловсруулаад, зураг төсөл батлуулах хугацаанд 2020 оноос эхлээд дэлхий нийтэд Ковид-19 цар тахал тархсан. Цар тахал тарсантай холбоотойгоор 2020 оны эхнээс 2022 оны 2 дугаар сар хүртэл улс даяар бэлэн байдалд орж “К” ХХК нь тус хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. “К” ХХК-ийн тухайн газрыг ашиглах хугацаа 2022 оны 7 дугаар сард дуусгавар болж байсан учраас “К” ХХК-ийн зүгээс Ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилсны дараагаар тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар дахин хүсэлт өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг баталж, тухайн газрын зориулалтыг өөрчилж буюу аялал жуулчлалын зориулалттай байсныг 2022 оны гэрээгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах гэрчилгээ авч гэрээг дахин байгуулсан. За ингээд гэрээг байгуулахдаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр авсан гэрчилгээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрыг хариуцсан захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай ******* тоот гуравласан гэрээг байгуулсан. Ийнхүү тус гэрээг байгуулснаас хойш 2 жилийн хугацааг нь тоолох юм бол 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тооцогдохоор байгаа. Гэтэл хариуцагч талаас гаргасан маргаан бүхий захиргааны акт дээр хэзээнээс эхэлж тус 2 жилийн хугацааг тоолж байгаа нь тодорхойгүй. Мөн тийнхүү хүчинтэй 2 жилийн хугацаа тоологдож дуусаагүй байхад 2 жилийн хугацаанд тус газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хэмээх үндэслэлээр “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан гэж байгаа.” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тухай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсныг дэмжиж байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Учир нь яамны зүгээс сонсох ажиллагаа хийсэн сонсох ажиллагааны мэдэгдлээ хүргүүлсэн тайлбар авсан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 27 дугаар, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх журмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тийм учраас шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг агуулгаараа хууль бус захиргааны актад хамаарч байгаа.” гэжээ.

11.       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар тушаалаар “К” ХХК-д олгогдсон 15 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 00 дугаар сарын 28-ны өдрийн 1183 дугаар саналыг үндэслэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр явуулсан ба нэхэмжлэгч “К” ХХК-иас хариу тайлбараа ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 18 дугаар хурлаас шийдвэрийн тойм гарч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байх тул цуцалж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10. “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр…” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно." гэж тайлбарласан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “К” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захирамж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А тоот тушаал гарсан. Энэ тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Энэ нь газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Гэхдээ мэдээж сунгасан тушаал 2022 онд гарсан. Тэгэхээр сунгахаас өмнө тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан юм байна. Тэгээд нийтдээ 2 жилийн хугацаа өнгөрсөн учраас газрыг нь хүчингүй болгосон байна. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдсанчлан “К” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар “К” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан Уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, улмаар 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2013/05 дугаар газар ашиглах гэрчилгээг олгожээ.

1.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” дугаар А/******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг Богдхан Уулын дархан цаазат газар Арцатын аманд байрлах 15 га газрыг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгож, 2 дахь хавсралтаар дээрх маргаан бүхий газрыг 2 хувааж, “*******” ХХК-д 10 га, “*******” ХХК-д 5 га талбайг тус тус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь “К” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай дугаар А/******* тоот тушаалын 1 дүгээр хавсралтын “К” ХХК, 2 дугаар хавсралтын “*******” ХХК, “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0805 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

1.3. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрыг хариуцсан захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “К” ХХК нарын хооронд ******* тоот гурвалсан гэрээг байгуулжээ.

2. Нэхэмжлэгчийн дээрх газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтаас үзвэл (нэгд) хүндэтгэн үзэх шалтгаангүй байх; (хоёрт) газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх; (гуравт) 2 жил ашиглаагүй байх нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн тохиолдолд тус хуулийн дагуу гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр …” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”, мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

3. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаал, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, ******* тоот гурвалсан гэрээг байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэгчийг газраа зориулалтын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэхгүй.

3.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын ... талаар маргах эрхгүй.” гэж заасан бөгөөд өмнөх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дүгнэсэн, уг шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн, уг хугацаанаас хуанлийн 2 жил өнгөрөөгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ