Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 223/МА2019/00033

 

Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00854 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Нэргүйд холбогдох,

2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар 28 197 000 төгрөг, алтны үнийн өсөлтийн албан татвар 31 814 200 төгрөг, хүү 16 047 600 төгрөг, торгууль 17 595 400 төгрөг, алданги 5 595 300 төгрөг нийт 99 249 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагч Г.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хууль нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж заасны дагуу иргэн Г.Нэргүй нь шүүхэд хандаагүй, Татварын ерөнхий хуулийн 11.2-д Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн иргэн Г.Нэргүйд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн DBNP181009003921 дугаар мэдэгдэх хуудсыг RD133187840 бар кодтой баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  DBNP181009001284 дугаар мэдэгдэх хуудсыг Хаан банкны Зуунмод тооцооны төв, Төв аймгийн салбарт, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад иргэн Г.Нэргүй нь Жаргалант сумын 3 дугаар багт байрлах 8х7 метр хэмжээтэй хувийн сууц бүртгэлтэй Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А05 дугаар тушаалаар иргэн Г.Нэргүйгийн хугацаандаа төлөөгүй татварын өрийг эд хөрөнгөөс гаргуулах ажлын хэсэг байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3-р багт 13х8 метр хэмжээтэй хувийн сууцыг иргэн Г.Нэргүй өөрөө зөвшөөрсний үндсэн дээр “Татвар төлөгчийн татварын өрийг эд  хөрөнгө, цалин хөлс болон бусад орлогоос гаргуулах үед байгуулах барьцааны гэрээ” байгуулж, мөн өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай акт үйлдэн барилгыг битүүмжилсэн. Татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өрийг бүрэн барагдуулахгүй байна. Тус хэлтэс нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Нэргүйгээс 101.592.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 151/ШЗ2019/01321 дугаар захирамжаар Төв аймгийн Татварын хэлтэс нь Үндэсний татварын ерөнхий газрыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс Татварын ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/1456 дугаар албан бичгээр Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.Амгалан, Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Б.Баттогтох нарт Г.Нэргүйд холбогдох хэрэгт Татварын ерөнхий газрыг төлөөлөх бүрэн эрх олгосон тул Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу иргэн Г.Нэргүйгээс нийт 99.249.500 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Татварын хэлтсээс Д.Нэргүйд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 дугаар актаар тогтоосон төлбөрийн биелэлтийн хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Татварын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн актыг эс зөвшөөрч иргэн Д.Нэргүй тухайн үед Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актын төлбөрөөс тодорхой хэсгийг нь хасаж, үлдсэн хэсгийг нь төлүүлэхээр тогтоосон байдаг. Тогтоосон 103.000.000 төгрөгөөс татварын алба нэхэмжлэлийг шүүхэд гаргахтай холбоотойгоор мэдэгдэх хуудас банканд хүргүүлсэн, банканд хүргүүлэх явцад харилцах банкнаас татварын хэлтэс рүү дансны хаалт хийгдэж, тодорхой хэмжээний мөнгө дүн орж ирсэн. Одоо татварын хэлтсээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн бол 99.249.500 төгрөг байгаа. Яагаад ийм мөнгөн дүнг нэхэмжилж байгаа вэ гэвэл нэгдүгээрт, Д.Нэргүй гуайн хувьд Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах комиссын тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж хянуулаагүй. Ийм учраас Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоосон дүнгээр, мөн сүүлд дансны хаалтаар орж ирсэн мөнгөн дүнгээр уг мөнгөн дүнг төлөх үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг гаргаж байгаа. Татварын ерөнхий хуулийн 63-70 дугаар зүйлд заасан зохих ажиллагааг хийсэн тул татварын өр төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг. Тухайн үед би нинжа нараас алт аваад өнөөдрийнх нь ханшаар зардаг байсан. Тэр үеийн ханшаар аваад тушааж байгаа болохоор надад 68 хувийн ашиг ороогүй болохоор энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хүн амын орлогын албан татварыг өөрөө төлье гээд Жаргал байцаагчид хэлсэн. Тухайн үед Жаргал байцаагч дээр анх байцаагдаж байхдаа төлье гэж хэлсэн. Хувиараа алт олборлогч нараас алт аваад Монгол банканд тушаагаад НӨАТ-ын татвар төлөөд явж байсан болохоор хувь хүний орлогын албан татварыг тухай үед төлөөгүй нь үнэн. Тийм болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө тодорхойлоод төлөхөд бэлэн байна гэсэн. Өршөөлийн хууль гарахад нь татварын албанаас ирж миний асуудал өршөөлд хамрагдах нь уу гэж асуусан чинь надад хүү, алданги нь хасагдана, акт тавьсан болохоор өршөөлд хамрагдахгүй гэсэн. Олон хүндрэл чирэгдэлтэй явж байгаа болохоор залхаад төлбөл төлөхөөр байгаа. Тэгэхдээ үнэхээр төлж дийлхээргүй их мөнгө байгаа. Олоогүй орлогоос татвар оногдуулж байгаа. Тухайн үед хувь хүнийхээ орлогын албан татварыг өөрөө тодорхойлж төлөхөд бэлэн байна гэсэн” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Татварын хэлтсээс Д.Нэргүйд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим бүтээгдэхүүний өсөлтийн албан татварын тухай хуульд заасны дагуу 68 хувийн орлого нэхэмжлээд байгаа. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах түүнийг тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Их хэмжээний татвар ногдох орлого нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үндэслэлээр татварын байцаагч хариуцагч Г.Нэргүйг цагдаад өгч эрүү үүсгүүлэн шалгуулсан. Ийнхүү шалгах явцад олон гэрчүүдийг асуусан байдаг бөгөөд эдгээр гэрчүүд нь Г.Нэргүйг гар аргаар алт олборлогч нараас алт худалдан авч Монгол банкинд тушаадаг байсан болохыг гэрчилдэг. Г.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргээс зарим гэрчүүдийн мэдүүлгийг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг мэдүүлэгт 2009 оны 6 сарын 22-ны өдөр гэрч Ц.Ням-Осорыг байцаасан тэмдэглэлд “Г.Нэргүй, Баасандорж /Г.Нэргүйгийн эхнэр/ нарт алт зарж байсан уу” гэхэд, гэрч Ц.Ням-Осор “эдгээр хүмүүст алт зарж байсан. Тухайн үеийн алтны ханшаар зарж байсан. Өөрсдөө алт олборлодоггүй. Манай багийн иргэдийн олборлосон алтыг худалдаж авдаг. Гэнэтийн ашгийн хувийг хасаж алт авдаг байсан юм биш үү гэхэд "үгүй" гэж хариулсан байдаг”. Мөн гэрч Х.Бат-Эрдэнэ гэх хүн мэдүүлэг өгсөн бөгөөд “алтыг авахдаа бохирыг хасч тооцдог байсан уу, эдгээр хүмүүс алт олборлодог уу” гэхэд, “Бид нар шороон ордоос гаргаж ирсэн алтаа граммлаж эдгээр хүмүүст зардаг байсан. Нэргүй өөрсдөө хайлуулж сорьцонд оруулдаг байсан. Бохир хорогдлыг хасч авдаггүй байсан. Өөрсдөө алт олборлодоггүй, хүмүүсээс алт худалдан авч зардаг байсан” гэж хариулсан байдаг. Эрүүгийн хэрэгт хууль сануулж байцаасан гэрчүүдийн мэдүүлэг иргэний хэрэгт нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Г.Нэргүй нь алт олборлодоггүй болох нь Ням-Осор, Бат-Эрдэнэ нараас гадна олон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Г.Нэргүй нь гэнэтийн ашиг олоогүй юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн ханшаар буюу үнийн өсөлт шингэсэн үнээр алт худалдаж авдаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог тул хуульд заасан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Хувь хүний орлогын албан татвар шаардсан талаар, Хувь хүний орлогын албан татварыг татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх эрхтэй. Хувь хүний орлогын албан татвараа төл гэдэг шаардлагыг хэзээ ч эсэргүүцэж маргаж байгаагүй. Шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ч хэлдэг. Харин татвар ногдох орлогыг үндэслэлгүй гээд тогтоогоод байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа тайлбарладаг. Нөөц ашигладаггүй атлаа Монгол банкинд нөөц ашигласны татвар гэх 40 гаруй сая төгрөгийн татварыг төлсөн тул дахин хувь хүний орлогод татвар төлнө гэж мэдэхгүй явсан хэрэг юм. Төр иргэнийхээ нэг төрлийн л орлогод хувь хүний, гэнэтийн ашгийн, нөөц ашигласны гэх зэрэг 5 төрлийн татвар ногдуулж түүнээсээ хүү, торгууль, алданги шаардаж авах нь хуульд нийцэхгүйгээс гадна шударга бус, энэрэнгүй биш байна. 2005 оноос 2008 оны хооронд 51 удаагийн үйлдлээр алт тушаасан бөгөөд дунджаар 20 сая төгрөг алт худалдаж аваад эргэлдүүлж байсан байдаг. Гэтэл 980044 тоот актад 2005 онд 634.619.500 төгрөг, 2006 онд 162.809.200 төгрөг, 2007 онд 36.671.100 төгрөгийн орлогыг олсон гэж үзэж хувь хүний орлогын албан татварт 28.197.000 гэнэтийн ашгийн татварт 28.197.000 хүү 16.047.600 төгрөг, торгууль 17.595.400 төгрөг, алданги 5.595.300 төгрөг нийт 99.249.500 төгрөг Татварын алба нэхэмжилж байгаа бол энэ хугацаанд тушаасан алтанд Монгол банк нөөц ашигласны татварт гэж 42.380.100 төгрөг суутган төлүүлсэн байдаг. Татварын газар бид хэзээ ч шаардаж болно татвар төлөхөд хөөн хэлэлцэх хугацаагүй гэж байгаа боловч 2012 оноос хойш гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргахаа санаж, энэ бүх хугацааны хүү алданги, торгууль шаардах нь үндэслэлгүйгээс гадна сэтгэл зүйн асар их дарамт хариуцагчид учруулж байна. Яасан дуусдаггүй маргаан, яасан өөрчилж болдоггүй үнэн зөвөөр тогтоож болдоггүй өр төлбөр вэ? Г.Нэргүйгийн эхнэр хүнд өвчний улмаас гадаад улсад байгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд гэр бүлийнхээ хүнд асуудлын зэрэгцээ олон жил татварт дуудагдаж, цагдаад шалгуулж, одоо иргэний хэрэг үүсгүүлэн цаг мөнгөө үрж явна. Татварын алба олон жилийн турш, зөвшөөрөхөд хэцүү тоо үндэслэлгүйгээр бичиж акт тавьчихаад Г.Нэргүйд ямар их зардал чирэгдэл үүсгэж сэтгэл санааны дарамт учруулж байгааг бодож үзнэ үү. Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох 980044 тоот Татварын байцаагчийн акт, Монгол банкны Эрдэнэсийн санд алт тушаасан судалгаа гэх татварын байцаагчийн хийсэн судалгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол баримт байгаа. Тухайн үед буюу 2005-2008 оны хооронд Монгол банк ямар үнээр алт худалдаж авч байсан. Нэргүй үнэхээр ийм кг, грамм энэ үнээр зарсан уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч талын тайлбар төдий баримт байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6.2-т алтанд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унц алтны үнээс 850 ам долларыг хасч тооцно гэж заасан. 2012 оны 1 сарын 25-ны өдрийн 980044 тоот актад энэ хуулийн дагуу 32.095.300 төгрөгийн нөхөн татвар. 16.047.600 төгрөгийн хүү ногдуулж байна гэж заасан. Тухайн алт борлуулах өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 унц алт ямар үнэтэй байсан, үүнээс 850 ам доллар хассан эсэх 850 ам доллар хассан бол хасаад хэд гарсан тодорхой биш. 68 хувийг хассан эсэх нь ч тодорхой бус байна. Эцэст нь хэлэхэд шүүх дараах хуульд анхаарлаа хандуулна уу гэж хүсэж байна. 2012 оны 980044 тоот актын хууль зүйн үндэслэл нь Татварын Ерөнхий хуулийн 35.3 байгаа. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 10.1-д зааснаар нөхөн татвар хүү торгууль, алдангаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ хуулийн үйлчлэл Г.Нэргүйд хамаарах ёстой. Энэ хуулийн 4.3-т "хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Энэ нь өршөөн хасах тухай ойлголт биш бөгөөд зөвхөн торгуул алданги хамаарах тухай зохицуулалт бас биш юм. нөхөн татвар ногдуулах үндэслэл болсон үйлдэл нь хуулийн зөрчил гаргасан гэдэг утгад хамаарах бөгөөд алданги торгууль нь шийтгэл хүлээсэн бол гэдэг үндэслэлд хамаарна. Иймээс нөхөн татвар, торгууль алдангийг өршөөн хэлтрүүлэх бүрэн үндэстэй. Гэвч Өршөөлийн хуульд хамрагдсан үйлдлийг 2019 онд сэргээн шаардаж эд хөрөнгө битүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж баигаа нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн 2008 оны 2 сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1-д 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчлэнэ гэж. 4.1.4-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлнө" гэж, 6.1.1-д 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь чөлөөлнө гэж зааснаар 2005, 2006, 2007 онд олсон орлогод татвар нөхөн ногдуулсан нь энэ хуулийн 4.1.4-1 зааснаар захиргааны хариуцлагаас чөлөөлсөн, хүү, торгууль нь 6.1.1-д зааснаар өршөөгдсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Гэтэл 2012 онд акт тавихдаа энэ хуулийг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байтал илт хууль бус акт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Г.Нэргүйгээс 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар 28.197.000 төгрөг, алтны үний өсөлтийн албан татвар 31.814.200 төгрөг, хүү 16.047.600 төгрөг, торгууль 17.595.400 төгрөг, алданги 5.595.300 төгрөг нийт 99.249.500 төгрөг гаргуулах тухай Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00854 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Төв аймгийн татварын хэлтсээс иргэн Г.Нэргүйд холбогдуулан Хувь хүний орлогын албан татвар, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингуй болсон, татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж акт тогтоосон гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Татварын улсын байцаагч, хариуцагч Г.Нэргүйгийн 2005, 2006, 2007, 2008 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, татвар нөхөн ногдуулах хугацааг хэтрүүлэн тодорхойлж акт тавьсан нь дээрх хуульд заасантай нийцзхгүй байна" гэж дүгнэсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж бүхэлд нь үзсэн хэрнээ хувь хүний орлогын албан татварыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон үндэслэлээ дурдаагүй байгаа нь учир дутагдалтай байна.

Мөн "татварын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 тоот акт, Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 25 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосныг нотлох баримт болгож байгаа ч тухайн үйл баримт нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна" гэж үзжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дээрх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан "өөр бусад бичгийн нотлох баримт" гэх тийм баримт байхгүй юм. Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгосон баримтыг бүрдүүлж өгсөн.

Харин хариуцагч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн үгүйсгэж мэтгэлцээгүй, холбогдох нотлох баримтаар нотлоогүй нь татварын улсын байцаагчийн акгаар тогтоосон төлбөрийг төлөх ёстойг илэрхийлж байна.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар "татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль" нь татварын өрөнд хамаарах бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00854 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж үзэв. 

            Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсээс хариуцагч Г.Нэргүйд холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр  сарын 25-ны өдрийн 980044  дугаар актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар 28 197 000 төгрөг, алтны үнийн өсөлтийн албан татвар  31 814 200 төгрөг, хүү 16 047 600 төгрөг, торгууль 17 595 400 төгрөг, алданги 5 595 300 төгрөг, нийт 99 249 500 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Г.Нэргүй нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2.,  43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй.

            Үндэсний Татварын Ерөнхий газрын татварын улсын байцаагч 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3-р багт оршин суух, алт, мөнгө худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Г.Нэргүйгийн 2005, 2006, 2007, 2008 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Монгол банкны Эрдэнэсийн санд алт, мөнгө хүлээн авсан акт, Монгол банкнаас ирүүлсэн мэдээлэл, анхан шатны баримт, тус иргэнээс гарган ирүүлсэн орлогын тайлан зэргийг үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийж,  Монгол банкны Эрдэнэсийн санд борлуулсан:

2005 оны 38,2 кг алт, 5,2 кг мөнгөний 634,619,5 мянган төгрөг,

2006 оны 7,2 кг алт, 0,8 кг мөнгөний 162,809,2 мянган төгрөг,

2007 оны 1,5 кг алт, 0,3 кг мөнгөний 36,671,1 мянган төгрөг,

2008 оны 7,8 кг алт, 1,2 кг мөнгөний 230 256.0 мянган төгрөг, нийт 1 064 355.8 мянган төгрөгийн орлогыг “Иргэний орлого, татвар тодорхойлох хуудас”, “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас”-аар,

2006 онд 7,2 кг алтны 26,837,1 мянган төгрөг,

2007 онд 1,5 кг алтны 8,514,7 мянган төгрөг,

2008 онд 7,8 кг алтны 86 252.0 мянган төгрөг, нийт 16,5 кг алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого 121 603.8 мянган төгрөгийг “Алтны үнийн өсөлтийн албан татвар ын тайлан”-гаар тайлагнан Татварын албанд тушаагаагүй, хүн ам, хувь хүн, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил илрүүлэн 980044 дугаар акт тогтоожээ.  

Татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр  сарын 25-ны өдрийн 980044 дугаар актаар татварын  хяналт шалгалтаар илэрсэн 1 185 959 600 төгрөгийн зөрчилд 90 746 600   төгрөгийн нөхөн татвар, 16 047 600 төгрөгийн хүү, 17 595 400  төгрөгийн торгууль,  5 595 300 төгрөгийн алданги нийт 129 984 900  төгрөгийн төлбөр ногдуулсан байна. /хх-ийн 46-47-р тал/

Хариуцагч Г.Нэргүй нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 121 603 800 төгрөгийн төлбөрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, харин 2006-2007 он хүртэлх хугацаанд ногдуулсан 26 837 100 төгрөгийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөөн хэлэлцэх хугацаа хуулиар дуусгавар болсон үндэслэлээр хасч, 1 159 122 500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 103 147 800 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 44-45-р тал/

            Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн  дээрх тогтоол болон татварын улсын байцаагчийн актын талаар хариуцагч Г.Нэргүй нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу татварын өр төлбөр барагдуулах үүргийг хариуцагч Г.Нэргүйд ногдуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

Татварын Ерөнхий хуулийн 33, 34, 35, 43, 70 дугаар зүйлийн заалтаас үзвэл нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт эсхүл татвар төлөгчийн  тайлан зэргийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай.

       Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тус тус үндэслэн хариуцагчаас татварын өрийг нэхэмжилжээ.

            Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх..”, 11.2-т “ Татвар ,алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй “ гэсэн татвар нөхөн ногдуулах болон татварын өрийг төлөх хөөн хэлэлцэх хугацааг тус тус өөр өөрөөр тооцохоор тусгайлсан зохицуулалтай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар татвар  төлөгч нь хуулиар тодорхойлогдсон хувь хэмжээгээр татвар төлөх үүрэгтэй тул зохих журмын дагуу төлөөгүйн улмаас тогтоогдсон татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульчилсан.

            Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааны заалт болон “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж,  татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 дугаар актын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр “...татварын байцаагчийн 980044 дугаар акт болон ТЕГ-ын дэргэдэх Татаварын маргаан таслах зөвлөлийн 25 дугаар тогтоолын талаарх үйл баримт нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, хэлбэрдсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсээс хариуцагч Г.Нэргүйгээс “татвараа өөрөө тодорхойлж, төлөх аргаар ногдуулж, хураадаг татварын өрийг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан татварын улсын байцаагчийн акт, татварын тооцооллын жагсаалт, татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор тус тус тогтоогдсон, төлөх үүрэг хүлээсэн татвар юм.

Хариуцагч Г.Нэргүй нь холбогдох татварын албанд татвараа өөрөө тодорхойлоогүй, тайлагнаагүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй тул “ Татварын өршөөл үзүүлэх тухай хууль” /2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хууль/ болон “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” /2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хууль/ хуулиудын үйлчлэлд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангаж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00854 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Нэргүйгээс 99 249 500 төгрөгийн татварын өрийг гаргуулж нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дугаар заалтын “...дурдсугай” гэснийг “...дурьдаж, хариуцагч Г.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжид 654 197 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заанаар давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР