Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 223/МА2019/00034

 

Д.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 151/ШШ2019/00972 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Ууганбаярт холбогдох,

667 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. Энэ суманд 2009 оноос эхлэн эмийн санчаар 9 жил ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын шугамаар ирсэн шалгалт, хяналтын албаны шалгалт, сумын Засаг даргын шалгалт зэрэгт үр дүнтэйгээр шалгуулж байсан. 2017 онд сумын бага эмч Т.Ууганбаяр малын тоонд явахдаа эмийн сангаас 667,660 төгрөгийн эм авч борлуулалт хийгээд эмийн мөнгийг эргүүлж эмийн санд тооцоо хийх байсан. Гэтэл одоо болтол тооцоо хийгээгүй. Иймд эрүүл мэндийн байгууллагаас 3 сарын дотор тооцоогоо дуусгах үүрэг өгсөн боловч одоо болтол өгөөгүй. Намайг эмийн тооцоогоо дуусгаач гэхэд хоолой боож, нүүр хүзүүнд шарх үүсгэж зодож танхайрч байсан. Ийм учраас би өөрөө хэлж яриад энэ төлбөрийг төлүүлж чадахгүй тул Ууганбаяр эмчээс борлуулалт хийсэн эмийн үнийг төлүүлж эм хариуцаж байгаа намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч Д.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Ариунцэцэг миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн эмч Т.Ууганбаяраас баримтын шалгалтаар шивэгдсэн эм борлуулсны орлого 667 660 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

   Учир нь Т.Ууганбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Сэргэлэн сумын 1 дүгээр багийн эмч Н.Одончимэг, 3 дугаар багийн эмч Ө.Баасан нартай хамт дээрх багийн айл өрхөөр яваа гэж тэдэнд өгөхөөр бэлтгээд байсан 364 740 төгрөгийн эмийг 7 хоногийн дотор тооцоогоо хийнэ гэж яваад тооцоогоо хийгээгүй байхаар нь би эм борлуулалтын тооцоогоо хийхийг шаардахад эгч нь мал тооллогоор багуудаар явж ирээд нэг мөсөн тооцоогоо хийнэ гэхээр нь би итгээд дахин тооцоогоо хийхийг шаардаагүй байсан.

   Т.Ууганбаяр эмч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малын тооллогоор явахдаа Сэргэлэн сумын 2 дугаар багийн эмч Цэцгээ, багийн дарга Энхтуул нарт өгөхөөр бэлтгээд байсан 24 нэр төрлийн 197 760 төгрөгийн эмийг дээрх хүмүүстэй хамт явна гээд мөн дараа тооцоо хийнэ гээд гарын үсэг зураад аваад явсан. Мөн өөрийн багийн иргэдэд худалдан борлуулсан гэж хэлээд 23 нэр төрлийн 188 960 төгрөгийн эмийг жагсаалтаар хүлээн авч явсан.

   Хариуцагч Т.Ууганбаяр нь 3 удаагийн баримтад гарын үсгээ зурж нийт 747 460 төгрөгийн эмийг борлуулаад тооцоогоо хийхгүй олон сар нэхүүлж, шаардуулснаас 80 000 төгрөг төлөөд үлдэх 667 460 төгрөгийг төлөөгүй байсан нь баримтын шалгалтаар эд хариуцагч над дээр төлбөр болон шивэгдсэн ба төлбөрийн акт нь авснаар бүртгэгдсэн.

   Нэхэмжлэгч Д.Ариунцэцэг миний бие байгууллагын эрх ашгийг хамгаалан Т.Ууганбаяраас төлбөл зохих 667 460 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрт учирсан хохирол гэж өөрчилж, Т.Ууганбаяраас 667 460 /зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран төгрөг/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлдээ тодруулга хийж байна.

Түрүүчийн нэхэмжлэлийн шаардлагад 200 төгрөг илүү тооцсоноо хасан шаардлагаа 200 төгрөгөөр багасгаснаа дурдах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ариунцэцэгийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэмэлт тайлбар, тодруулах маягаар эрх зүйн дүгнэлт хэлье гэж бодож байна. Ариунцэцэг бол 3 удаагийн баримтаар Сэргэлэн сумын 5 дугаар багийн эмч Ууганбаярт эм өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Одончимэг, Баасан нартай хамт хөдөө явна гэж хэлээд Ариунцэцэгээс 340.740 төгрөгийн эм авсан байгаа. ...Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 197.960 төгрөгийн эм авсан баримт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т.Ууганбаяр өөрийнхөө багаар явна гэж 188.960 төгрөгийн эм, 2 дугаар багийн хуваарьтай 197.960 төгрөгийн эм, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд Одончимэг, Баасан нартай хамт малын үзлэгээр явна гэж 360.740 төгрөгийн эм авч явсан.

Ингээд 3 удаагийн баримтаар 747.660 төгрөгийн эм, бэлдмэлийг дараа тооцоо хийнэ гэж авч яваад, гарын үсэг зурсан баримтууд нь хавтаст хэргийн 6, 9, 12 хуудаст байгаа. Эхнийх нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 360.740 төгрөгийн эм, дараа нь малын тооллогоор явахдаа өөрийнхөө багийн айл өрхөөр явна гэж 180.960 төгрөгийн эм авсан баримт нь хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 2 дугаар багийн хуваарьтай эм болох Цэцэгээ, Энхтуул нарт гэсэн жагсаалтаар 197.960 төгрөгийн эм авч явсан. Эдгээр 3 баримтаар нийт 740.660 төгрөг болсон.

Нарийн бодвол 200 төгрөг илүү байгаа. Үүнийг төлөхгүй явсаар байгаа 2018 оны 7 дугаар сарын 6-нд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллого хийхдээ Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар Аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2018 оны удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч санч Д.Ариунцэцэгийн хариуцаж байсан эргэлтийн эмийг тоолж үзэхэд 1.149.525 төгрөгийн эмийн дутагдал гарсан байна. ...1.149.525 төгрөгийн дутагдлыг эмийн санч Ариунцэцэгийн хариуцлагатай холбож авлагаар үйлдэж, гарын үсэг зуруулсан байгаа. Өөрийнхөө хариуцлагыг хүлээж Ариунцэцэг хяналт шалгалтын актыг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас байгууллагыг хохиролгүй болгосон.

Үүнээс 749.660 төгрөгийн төлбөр нь Т.Ууганбаяртай холбоотой төлбөр гэж Т.Ариунцэцэг маргадаг. 749.660 төгрөгийн төлбөрөөсөө 80.000 төгрөгийг хяналт шалгалтын актын дараа цувуулж өгсөн гэдэгт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Үлдэх 667.660 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. ...Бодит байдлаар Ариунцэцэг санхүүгийн баримтаар тавигдсан төлбөрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 481.860 төгрөгийг төлсөн гэсэн баримт нь Сэргэлэн сумын нягтлан бодогч Даваасүрэнгийн өгсөн тодорхойлолт нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд байгаа.

Дараа нь үлдэгдэл 667.660 төгрөгийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 100141720002 тоот дансанд бэлнээр төлж баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ингээд Ариунцэцэг бүх төлбөрөө төлөөд Сэргэлэн төвийн эрүүл мэндийн төвийг хохиролгүй болгосон учраас өөрт учирсан хохирол болох 667.460 төгрөгийг Т.Ууганбаяраас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Д.Ариунцэцэг, Т.Ууганбаяр нарын хооронд ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа.

...Миний үйлчлүүлэгч эмийн санч Д.Ариунцэцэг бол 5 дугаар багийн эмч Ууганбаярт, түүний хүссэнээр 3 удаагийн үндсэн жагсаалтаар 749.460 төгрөгийн эм, тариаг өгч байсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан эх хувиараа авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн гэрч Баасан, Цэцгээ, Одончимэг, Энхтуул нарын мэдүүлгээр Т.Ууганбаяр авсан нь нотлогдоод байгаа. ...Т.Ууганбаярын анх шүүхэд гаргасан тайлбарт энэ эмийг би аваагүй гэж үндэслэлгүйгээр тайлбарласан.

Анх гэрчүүдийн дэргэд өгсөн гэсэн анхны тайлбараа гаргаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар огт аваагүй гэж байна. ...2017 оны 11 дүгээр сарын 21-ны 3 багийн өрхийн айл өрхүүдэд ноорог цаасан дээр бичээд багийн эмч нарт цаасан хайрцагт хийж өгсөн. ...Миний хувьд зөвхөн өөрийнхөө эмийг авсан.

Д.Ариунцэцэг өөрөө мэдэж байгаа. Харин 360.740 төгрөгийн эм тариаг өгөх ямар ч боломжгүй. Харин би өөрийн багийн өрхүүдэд зарсан эмийн тооцоогоо Д.Ариунцэцэгтай дуусгасан. Д.Ариунцэцэг тооцоо дуусаагүй гэж байгаа бол нөгөө эмч нараасаа тооцоогоо нийлж авах ёстой гэж хэлээд байгаа. Гэтэл эмч нараас нь  асуухаар Д.Ууганбаярын мэдүүлэг няцаагдаж байгаа.

Сүүлийн эмийг өөрөө авсан байгаа. Гэрч Цэцэгээ би тэтгэвэртээ гарсан байсан ерөөсөө эмийг нь аваагүй, ямар ч эм авч яваагүй гэж мэдүүлж байгаа. ...Хавтаст хэргийн 211-212 хуудаст байгаа Одончимэгийн мэдүүлгээр урьдчилан сэргийлэх үзлэгт явахдаа эмийн сангаас эм аваад, ард нь үнийг нь тавьж, жагсаалтаар тоолж авсан.

...Эмийн сангаас бид 3, 3-уулаа эмээ аваад гарсан. Д.Ариунцэцэг бид нарын хажууд сууж байгаад эмүүдээ нэр төрлөөр нь тоолж, бичээд бид нараар гарын үсэг зуруулсан. Нэг цаасан дээр бичиж аваад тэр цаасан дээрээ гурвуулаа гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. ...Цуг явсан Баасан болохоор Одончимэг бид 4 багийн иргэдийг үзлэг шинжилгээ хийхээр хамт явсан. Ууганбаяр энэ эмээ аваад хүмүүст хөнгөлөлттэй эм бичиж өгөөд, хүмүүстэй үзлэг хийж, эмтэй холбоотой асуудлаа ганцаараа хариуцаж явсан гэдгийг гэрчилж байгаа.

...Баасан, Одончимэг нарын мэдүүлгээр Т.Ууганбаяр 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 360.740 төгрөгийн эм авч яваад, өөрөө айл өрхөөр зараад явсан нь батлагдаж байгаа. Үүнийгээ буцаад Д.Ариунцэцэгтэй тооцоо хийснээ өөрөө нотолж чадахгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Т.Ууганбаяр болон түүний өмгөөлөгч ..аваагүй, өгөөгүй гээд байгаа болохоос шүүхэд  татгалзлаа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна. ...Иймд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа учраас Т.Ууганбаяраас 667.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 оны малын тоонд явахдаа Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч Ариунцэцэгээс эм авч явсан. Гэхдээ эмийн мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн. Хөдөө айл өрхүүдээр орохдоо худалдсан эмийнхээ мөнгийг тусад нь хийж авч явсныг хамт явсан багийн засаг дарга болон бусад хүмүүс мэднэ. Одоо Ариунцэцэг бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй болно. Ариунцэцэг нь цус харвалтын улмаас мартаж санадаг болсон. Иймд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Т.Ууганбаяр 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Д.Ариунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ариунцэцэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санд ажиллаж байхдаа өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж дутагдуулсан эм тарианы төлбөрөө зөвхөн надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад би маш их гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гурван багийн өрхийн айлуудад эм тариа ноорог цаасан дээр жагсааж бичээд багийн эмч нарт нь цаасан хайрцагт хийж өгсөн тэгэхдээ эмийн нийт дүнг нь тавиагүй байсан юм. Миний хувьд зөвхөн өөрийнхөө багийн өрхүүдэд л эм тариаг нь зарсан түүнээс өөр багуудын эм тариаг би хариуцаж зарах эрх байхгүй. Энэ талаар эмч нар бүгд л хэлж мэдүүлж байгаа Д.Ариунцэцэг ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч эмийн сангаас зөвхөн нэг багт 360 740 төгрөгийн эм тариа өгөх ямар ч боломж байхгүй юм. Харин би өөрийн багийн өрхүүдэд зарсан эмийн тооцоогоо Д.Ариунцэцэгтэй нийлж хийж дуусгасан.

Харин Д.Ариунцэцэг тооцоо дуусаагүй гэж байгаа бол эмээ хүлээж аваад гарсан нөгөө хоёр багийн эмч нараас тооцоогоо нийлж нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Нөгөө хоёр багийн эмч нар зараагүй эм тариагаа Д.Ариунцэцэгт хүлээлгэж өгсөн гэж надад ярьж байсан юм. Надад 1 дүгээр багийн эмч Одончимэг болон 3 дугаар багийн эмч Баасан нар нь эмийн сангаас эмээ авч гараад надад багийнхаа эм тариаг тоолж хүлээлгэж өгөөгүй юм. Тийм учраас би өөр багийн эм тариаг хариуцах ёсгүй юм. Иймд надад Д.Ариунцэцэгт төлөх төлбөр байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Ууганбаяраас 558 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ариунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ууганбаяраас 17 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сумд дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 00972 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 Намайг шүүх хуралд оролцуулалгүй миний мэтгэлцэх эрхийг эдлүүлэлгүй шүүх хурлаа хийж Ариунцэцэгийн талд шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. 2019 оны 09 сарын 05-ны өдөр миний өмгөөлөгч Улаанбаатар хотод шүүх хурал давхцаж шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтээ надад бичиж үлдээгээд явсан юм. Энэ талаараа ч шүүгчийн туслахад хэлж мэдэгдсэн байдаг. Би тэр өдөр Төв аймгийн Сэргэлэн сумаас унаа хүлээгдээд шүүх хурлаас жаахан хоцроод ирэхэд шүүх хурал эхэлсэн намайг хуралд оруулаагүй, би өмгөөлөгчийнхөө хүсэлтийг ч өгч чадаагүй юм.

Гэтэл шүүх Ариунцэцэгийн гар нооргоор баллаж, дарж засвар оруулж, 360 740 төгрөг, 197 760 төгрөг гэж сүүлд нөхөж бичсэн баримт мөн Ариунцэцэг болон түүний өмгөөлөгчийн худал хэлж байгаа аман тайлбараар зөвхөн асуудалд өгөцхөн хандаж нэг талыг барьж шийдвэрлэлээ. Ганцхан надад хариуцуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тэгээд ч Сэргэлэн сумын эмийн сан ганцхан багт 360 740 төгрөгийн эм тариаг өгөх боломж нөөц байхгүй юм.

2017 оны 11 сарын 22-ны өдөр бүх багийн эмч нар баг өрхийн айлуудаар явахдаа Сэргэлэн сумын эмийн сангаас өөрсдийн багийнхаа эм тариаг хүлээн аваад гарсан юм. Энэ талаар 1 дүгээр багийн эмч Одончимэг шүүхэд мэдүүлэг өгөхдөө “...би багийнхаа эм тариаг авсан. Баасан, Ууганбаяр нарын хамт Ариунцэцэгээс хүлээн аваад гарсан. Ууганбаярт өөрийн эм тариаг хүлээлгэж өгөөгүй гэж мэдүүлсээр байхад мөн өөр багийн эм тариаг өөр багийн эмчид өгөх ёсгүй гэдгийг мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзээгүй ганцхан надаар төлүүлэхээр шийдвэр гаргасныг би үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж Ариунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлсэн,  хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн бодит нөхцөл байдал болон зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримттай нийцэхгүй байна.

Хариуцагч Т.Ууганбаяр  нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн сангаас авсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, харин мал тооллогын үеэр багийн иргэдийг эм, тариагаар хангаж үйлчлэх, хөнгөлөлттэй эмийг  худалдахад туслалцаа үзүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний шинжийг агуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх... хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгаврыг биечлэн гүйцэтгэх,... даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүргийг хүлээдэг байна.

Зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр жил бүр багийн эмч нар мал тооллогын багт орж явахдаа сумын Эрүүл мэндийн төвийн  эмийн сангаас эм авч явж, багийн иргэдэд худалдан борлуулдаг бөгөөд борлогдоогүй үлдэгдэл эм болон зарсан эмийн үнийг эмийн санчтай тооцоо нийлж, буцааж хүлээлгэн өгдөг болох нь нотлогджээ. 

Даалгаврын гэрээний үүргийн харилцаа Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдсэн эмнэлэгийг төлөөлөн эмийн санч Д.Ариунцэцэг болон багийн эмч Т.Ууганбаяр нарын хооронд үүссэн байх бөгөөд Д.Ариунцэцэг нь тухайн эмнэлгийн эмийн санчаар тухайн үед ажиллаж байсан, эд хариуцагч байна.

 Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасан даалгаврын  гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ариунцэцэг, хариуцагч Т.Ууганбаяр нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Ариунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Ууганбаяр нь 3 удаа баримтад гарын үсгээ зурж нийт 747 460 төгрөгийн эмийг борлуулаад эргэж тооцоо хийхгүй олон сар нэхүүлж, шаардуулан 80 000 төгрөг төлж, үлдэх 667 460 төгрөгийг төлөөгүй байсан нь баримтын шалгалтаар илэрч эд хариуцагч над дээр төлбөрийн акт тавигдсан тул миний бие Ууганбаярын төлбөл зохих 667 460 төгрөгийг байгууллагад төлж хохиролгүй болгосон учир өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байна.” гэж үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь эд хариуцагчийн хувьд актаар тавигдсан эмийн үнэ 667 660 төгрөгийг төлж байгууллагыг хохиролгүй болгосон болох нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10/50 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “...3 удаагийн баримтаар Сэргэлэн сумын 5-р багийн эмч Т.Ууганбаярт эм өгсөн.... 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Сэргэлэн сумын 1-р багийн эмч Н.Одончимэг, 3-р багийн эмч Ө.Баасан нартай хамт дээрх багийн айл өрхөөр явна гэж тэдэнд өгөхөөр бэлтгээд байсан 364 740 төгрөгийн эмийг 7 хоногийн дотор тооцоо хийхээр авч явсан... 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малын тооллогоор явахдаа Сэргэлэн сумын 2-р багийн эмч Цэцэгээ, багийн дарга Энхтуул нарт өгөхөөр бэлтгээд байсан 24 нэр төрлийн 197 760 төгрөгийн эмийг дээрх хүмүүстэй хамт  явна, дараа тооцоо хийнэ гээд гарын үсгээ зураад аваад явсан... Мөн өөрийн багийн иргэдэд худалдан борлуулна гээд 23 нэр төрлийн 188 960 төгрөгийн эмийг жагсаалтаар хүлээн авч явсан...” гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч нь эм хүлээн авснаа маргаагүй боловч үнийг тухайн үед нь буцаан төлж тооцоо дууссан гэж маргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч гарын үсгээ үгүйсгэж маргаагүй, хариуцагчийн гарын үсэг бүхий 2 баримтыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан 360 740 төгрөгийн эм, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 760 төгрөгний эм, нийт 558 500 төгрөгийн эмийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, дээрх эмээс борлогдоогүй эмийг буцааж өгсөн болон зарагдсан эмийн үнийг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 558 500 төгрөгийн шаардлагыг  хангасныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн энэ тухай гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3.-т “Даалгавар гүйцэтгэгч нь... даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч Т.Ууганбаяр нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.-д “ Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсний дагуу нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2019/00972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.4,...” гэснийг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1,...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 17900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР