Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч С.Батгэрэл, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

            иргэдийн төлөөлөгч Н.Ууганбаатар, 

            улсын яллагч Б.Батбаяр (томилолтоор),

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Дамба (ҮД:0365),

       шүүгдэгч Б.Батбилэгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг (ҮД:0261), Э.Ганбат (ҮД:0362), Б.Ганболд (ҮД:0362),

            шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан (ҮД:2260),

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа,

            шинжээч эмч Г.Энхбаатар,

   шүүгдэгч Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

          Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Өөлөг овогт Батсүхийн Батбилэгт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1,

            Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 738 дугаар магадлалтай эрүүгийн 201601080568 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 1-15 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

регистрийн УД92100956 дугаартай, Өөлөг овогт Батсүхийн Батбилэг нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 2-р хороо 41 дүгээр байрны 30 тоотод найз Т.Мөнхбаттай цагаан будаа авч ирсэнгүй гэж хэлснээс болж маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараараа цохиж зодсоны улмаас амь насыг хохироосон,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскотаворын операторчин мэргэжилтэй, Буян телевизэд зураглаач ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 6 дугаар гудамжны 422 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД92070516 дугаартай, Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - дээрх гэмт хэргийг харсан мөртлөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус гэрчээр мэдүүлэхдээ “...Талийгаач орон дээрээ сууж байснаа гэнэт татаад хойшоо саваад унасан. ... сонин дуугараад эхэлсэн бид хэд сандарсандаа хүйтэн усаар цээжийг нь арчсан, нүүр лүү нь алгадсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскотаворын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 20 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД91062871 дугаартай, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - дээрх гэмт хэргийг харсан мөртлөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус гэрчээр мэдүүлэхдээ “...Мөнхбат ч орон дээрээ суусан удалгүй Мөнхбат сонин дуугараад орон дээрээ татсан, ... Мөнхбат хаалгаа тайлсан тэгээд би юу байна гээд гар барьсан тэгээд тамхи байна уу гээд Цэрэннямаас нэг тамхи аваад асаагаад орон дээрээ суусан, тэгснээ гэнэт сонин дуугараад хойшоо унасан...” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруугийн асуудал, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр үе шаттай явуулж, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.Батбилэг нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 41 дүгээр байрны 30 тоотод оршин суух Т.Мөнхбатын гэрт Б.Цэрэнням, Б.Энхбаатар, Э.Зориг, талийгаач Т.Мөнхбат нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 18-19 цагийн үед хохирогчтой “хоолны цагаан будаа авч ирсэнгүй” гэхэд “одоо гараад аваад ирье, чи зүгээр үү, нэг сонин байх чинь” гэх зэргээр маргалдан толгой нүүрэн хэсэгт цохиж зодон талийгаач Т.Мөнхбатын биед гавал тархины битүү гэмтэл, дух, баруун зүүн чамархай, суурин хэсэг, бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, дагз ясны дотор ялтасны цууралт, хуйханд цус хуралт зэрэг учрах үед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас зүрх судас зогсч, амь насыг хохироосон (алсан) Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбилэгийн: “... 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед ажил дээрээ ээлжинд гарсан. Намайг дуудлагад явсан байхад талийгаач над руу залгасан байсан. Орой болсон учир би талийгаач руу буцаж залгаагүй. Маргааш нь ажлаасаа буугаад гэрт байхад Б.Цэрэнням над руу залгаж “уулзъя. Би хадмынхаа гэрээс гарч байна” гэж ярьсан. Тэгээд бид хоёр “Угалз” төвийн урд уулзаж талийгаачийн гэрт очиж хаалгыг нь тогшиход Зоригоо гэх найз нь хаалга тайлсан. Бид хоёрыг ирснийг мэдээд босч хувцсаа өмсөөд бид хэд ойр зуурын зүйл ярьсан. Тэгээд би “яагаад өчигдөр орой залгасан юм бэ” гэж асуухад “эхнэрээсээ салсан, ээжийн бие тааруу, би ажилгүй байгаа, амьдрал хүнд байна. 2 өдөр үргэлжлүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, надад пиво аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд талийгаач бид 2 дэлгүүр гарч 2.5 литрийн пиво 2 ширхэг, савласан мах авсан. Жижиг ширээ засч, Б.Цэрэнням, талийгаач, би, Зоригоо бид 4-үүлээ 1 пивоо хувааж уугаад Зориг хот явсан. Тэгээд Б.Цэрэннямын эхнэр залгаж “гэртээ очиж гал түл” гэж ярьсан. Пиво уусан байсан учир Б.Энхбаатарыг дуудсан. Б.Цэрэнням бид хоёр “гал түлэхээр явлаа” гэхэд талийгаач нэлээн согтсон байдалтай “та хоёрыг ирэхэд би унтсан байж магадгүй” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Тэгээд Б.Цэрэнням, би, Б.Энхбаатар бид гурав Нисэхийн байранд очиж Б.Цэрэнням “эхнэрээ явъя” гэхэд “гэртээ очиж галаа түлчихээд буцаж ирээд ав” гэж хэлэхээр нь Б.Цэрэннямын гэрт очиж гал түлээд эхнэр хүүхэд хоёрыг нь гэрт нь оруулж өгөөд талийгаачийн гэр лүү явсан. Хаалгыг түлхүүрдээд өрөөнд ороход ширээгээ хурааж, шалаа угааж, гэрээ цэвэрлэсэн байсан. Талийгаач орон дээр сууж байхдаа надаас “будаа авч ирсэн үү” гэхээр нь би “мартсан байна гараад аваад ирье” гэж хэлсэн. Дараа нь надаас тамхи асуусан. Би тамхи өгөхөд талийгаач орноос босч 1 алхаад хойшоо савж унасан. Толгойгоо гэдийлгэж, сонин дуугараад байхаар нь Б.Цэрэннням, бид хоёр орон дээр өргөж тавьсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэннямын: “... 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим над руу талийгаач залгаж “чамтай аминчлан ярих зүйл байна, утсаар ярьж болохгүй, одоо хүрээд ир” гэж ярихаар нь би талийгаачийнд “маргааш очъё” гэж хэлсэн. Маргааш нь Б.Батбилэг бид хоёр уулзаж талийгаачийн гэрт очиход Зориг хаалга тайлж өгсөн. Талийгаач бид хоёрын ирсэн чимээнээр сэрсэн. Бид хоёрт “ээжийн бие муу байгаа, эхнэр, хүүхэд салаад явсан” гэж яриад “пивоны мөнгө байна уу” гэж асуусан. Би “надад мөнгө байхгүй” гэхэд Б.Батбилэг “надад мөнгө байна, хоёулаа дэлгүүр гаръя” гэж хэлээд талийгаачийн хамт дэлгүүр явсан. Тэр хоёр орж ирэхдээ пиво, адууны савласан мах авсан байсан. 14 цагийн орчим Зориг хот явсан. Талийгаач, Б.Батбилэг, бид гурав пиво уугаад сууж байхад 15 цагийн орчим манай эхнэр залгаж “намайг гэртээ харьж галаа түл” гэж хэлсэн. Б.Батбилэг бид хоёрыг талийгаачийн гэрээс гарах үед талийгаач гэрээ цэвэрлээд үлдсэн.  Б.Батбилэг бид хоёр Б.Энхбаатарыг дуудсан. Тэгээд харих замаараа эхнэрээ авахаар Нисэхийн байр ороход “гэр хүйтэн байгаа, эхэлж очоод галаа түл” гэж манай эхнэр хэлсэн. Б.Батбилэг, Б.Энхбаатар бид гурав манай гэрт очиж гал түлээд буцаж талийгаачийн гэрт ороход талийгаач гэрээ цэвэрлэсэн бололтой “хөлөө арчаарай” гэж хэлсэн. Бид хэд ойр зуурын зүйл ярьж байхад талийгаач орноос босоод газарт савж унасан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаатарын: “... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг таксинд явж байхад Б.Батбилэг над руу залгаж талийгаачийн гэрт дуусан. Би Б.Батбилэг, Б.Цэрэнням нарыг очиж авч, бид гурав Нисэхийн хороо ороод буцаж Б.Цэрэннямын гэрт очиж гал түлсэн. Тэгээд талийгаачийн гэрт буцаж очоод Б.Цэрэнням түлхүүрээр хаалгыг онгойлгож, бид гурав ар араасаа ороход талийгаач орон дээрээ хэвтсэн “гэрээ цэвэрлэсэн, гутлаа сайн арчаарай” гэж хэлсэн. Би гутлаа арчаад орон дээр талийгаачийн хажууд суусан. Талийгаач Б.Батбилэгээс “будаа авч ирсэн үү” гэж асуухад “одоо гараад аваад ирье” гэж хариулсан. Талийгаач Б.Батбилэгээс тамхи авч 00 орохоор орноос босоод газарт дагзаараа савж унасан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөний: “... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Офицерийн ордонд ажил дээрээ дуу, бүжгийн тэмцээнд бэлдэж байхад “Налайх дүүргийн цагдаагийн байгууллагаас залгаж байна, дүү чинь нас барсан” гэж ярихаар нь би хэн нэгэн хүн тоглож байна гэж бодоод утсаа салгасан. Тухайн асуудлыг дахин дуудлага ирэхэд би ойлгосон. Налайх дүүрэг рүү хоёр эгч, хүргэн ах нарын хамт очсон. Намайг цагдаагийн байгууллагад ирэхэд Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар цагдаагийн албан хаагч нартай инээлдэж, гар барьсан байдалтай зогсож байсан. А.Оюунзаяа надад “энэ залуучууд байсан” гэдгийг хэлсэн. Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар “цагдаа нар зодож, дарамталсан” гэж мэдүүлж байгаа нь худлаа санагдаж байна. Анх Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар надад “талийгаач тамхи асуугаад орон дээр сууж байхдаа хойшоо унасан, амнаас нь цагаан хөөс сахарч, таталт өгөхөөр нь бид хэд эмч дуудсан” гэж хэлсэн. ... Гэтэл дуудлагын эмчийн үзлэгийн тэмдэглэлд талийгаач нас бараад 30-40 минут өнгөрсөн гэж бичсэн. Би энэ хэргийг ахнаасаа зохион байгуулалттай, бүлэг гэмт хэрэг гэж үзэж байна. ... Шүүгдэгч нар байнга зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байгаа нь хуулиар тоглож байгаа ч юм шиг, эсвэл хүн алсандаа бардаж байгаа юм шиг харагдаж байна. ... Би маш их гомдолтой байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунзаяагийн: “... Нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Энхбаатарын: “... Талийгаач гавал тархины битүү гэмтэл, дух, чамархай, тархины суурин хэсэг, бага тархины хэсгийг хамарсан зөөлөн эдийн цус хуралтаас болж нас барсан. Тархины суурин хэсгийг хамарсан тархмал их цус хуралттай учир хүн уг гэмтлийг авсан даруйдаа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. ... Талийгаачийн дагзны ясны цууралт нь дагзны ясны баруун хонхор буюу гаднаасаа дотогш цөмөрсөн байдалтай буюу хагас тойрог хэлбэрийн цууралт үүссэн. Хүн уналтын үед тэгш газарт унахад ихэвчлэн дагзны арын төвгөр хэсэг газартай харилцаж, шугаман хэсгийн цууралт үүснэ. Талийгаачийн хувьд дагзны баруун доод хонхор хэсэгт хагас дугуй цөмөрсөн нь тэгш гадаргуу дээр унахад үүсэхгүй, хүн эгц арагшаа унахад тухайн гэмтлийг авах боломжгүй. Практикаас үзэхэд тархмал цус хуралттай хүн богино хугацаанд нас бардаг, ... Их хэмжээний тархмал цус хуралт учир эмчийн тусламж авсан ч тодорхой хугацааны дараа нас барна. Тухайн гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талийгаачид хүнд зэргийн гэмтэл учирсан тул амь насанд аюултай гэмтэлд хамаарна. ... Толгойн аль ч хэсэгт хүч үйлчлэхэд тухайн гэмтэл үүсч болно. ... Гэмтэл эхэлж учирсан хэсэгт цус хуралт үүснэ. Дагзны баруун хуйханд цус хуралт үүссэн нь анх хүч үйлчилсэн цэг мөн. ... Талийгаач орон дээр унахад тухайн гэмтэл үүсэхгүй ...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан, 

шүүгдэгч Б.Батбилэгийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Г.Энхтүвшин (1532)-гийн хамт яллагдагчаар байцаагдсан тэмдэглэлийн (1-р хх-ийн 124) доороосоо 2 дахь мөрөнд: “... Т.Мөнхбатын гэрт буцаж очоод хаалгыг нь тогшиход өөрөө хаалга тайлж өгөхөд бид гурав дотогшоогоо орж би сандал дээр суугаад, Мөнхбат миний хажууд орон дээр, түүний хажууд Энхбаатар сууж, Цэрэнням цонхны дээр зогсож байсан. Би “чи зүгээр үү, нэг л сонин байх чинь, найзуудыгаа дуудаж авч ирчихээд пизда гээд байхдаа яадаг юм бэ” гээд нүүр лүү нь баруун гарынхаа долоовор хуруугаараа зөөлхөн цохдох маягаар хоёр удаа түлхсэн. Тэгсэн чинь орон дээрээ буцаж суугаад татаад унасан (1-р хх-ийн 125) 1, 2 дахь мөр, мөн хуудасны доороосоо 12, дээрээсээ 25 дахь мөрөнд: “... Би дух луу нь цохдох маягаар хоёр удаа түлхсэн. Цохиж зодсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Энхбаатарыг өмгөөлөгч О.Баярбаясгалангийн хамт 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: “... Б.Батбилэгийг талийгаач “будаа аваад ирэхгүй яасан юм, хоол хийж өгөх гэж байхад” гэж хоорондоо маргалдсан, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн дараа өгсөн мэдүүлгүүд үнэн. Б.Батбилэг талийгаач Мөнхбатыг хүчтэй цохиж зодсон зүйл байхгүй болохоор гайгүй юм болов уу гэж бодоод зөрүүтэй мэдүүлсэн. Б.Батбилэг талийгаач Мөнхбатын нүүрэнд нь гараараа хүрэхэд хойшоо унаад 20-иос 30 секунтын дараагаас эхлээд л муухай дуугараад эхэлсэн”, 

шүүгдэгч Б.Цэрэннямыг өмгөөлөгч О.Баярбаясгалангийн хамт 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: “... Б.Батбилэг талийгаач Мөнхбатыг баруун гараа дээш далайгаад талийгаачийн нүүр лүү цохих шиг, түлхэх шиг, мангастах шиг үйлдэл хийж талийгаач Мөнхбатыг орон дээр хоёр гараараа нүүрээ дараад хэвтэж байхад цохих гэхэд нь Энхбаатар салгасан. Мөнхбат “будаа авч ирсэнгүй” гэхэд Батбилэг “мартчихаж, гараад аваад ирье” гэж маргалдаж эхэлсэн юм. Өмгөөлөгчийн асуусан асуултанд Эрүүгийн төлөөлөгч Мөнх-Эрдэнэ эхлээд надтай уулзаад болсон асуудлыг яриулахаар нь би ярихад “битгий шаагаад бай” гэж хэлсэн. Өөрөөр ямар нэг асуудлаар дарамталсан асуудал байхгүй. Хувцас тайлуулж хана руу харуулсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42 дугаар тал доороосоо 1, 2 дахь хариулт/,

мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: “... би дээрх зүйл ангийг зөвшөөрч байна. Энхбаатар бид 2 тухайн үед шоконд орж Батбилэгийн амыг дагуулан ярьчихсан. Сүүлд нь Энхбаатар бид хоёр хамтдаа ирж хэргийн талаар үнэн зөвийг сайн дураар ярьж илчилсэн. Худал мэдүүлэг өгсөндөө маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөний 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “ ... Тэгээд шууд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд цагдаа нар байранд нь үзлэг шалгалт хийчихсэн байсан. ... Талийгаач ямар нэг архаг хууч өвчин гэх зүйл байхгүй. ... Надад болон гэрийнхэндээ өвдөж зовиурлалаа гэж огт ярьдаггүй байсан. Харин нүдний болор хийлгэж байсан ба нүдэндээ ямар нэг цохиулах дорьгих юм бол хараагүй болох учир тэрийгээ сайн мэддэг тул огт хүнтэй маргаж муудалцаад байдаггүй байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Оюунзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “ ... Талийгаач ерөөсөө өвчин хэлдэггүй. Харин 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр л толгой өвдөөд байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39 дүгээр тал/,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Тухайн өдөр Галзул орж ирээд зодож цохьсон, бие биедээ гар хүрсэн зүйл огт байхгүй. Харин намайг гарах гэхэд “гаргахгүй, өглөө яв” гээд хаалган дээр хаагаад зогсохоор нь би гарах гээд хоорондоо маргалдсан өөр ямар ч асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Зоригийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “ ... Би тэр өдөр бас талийгаачийн гэрт хоносон. Талийгаач ар гэрийнхээ талаар шинэ жил болох гэж байгаа юм чинь хүүхдүүддээ гоё бэлэг аваад өгчих юмсан, Эрдэнэтийн 10 жилийн ангийнхантайгаа уулзан, мөнгө хэрэгтэй байна, зурагтаа МНБС-гээ зарна, ээжийн бие муу байгаа талаар ярьж байсан. Би өнөө өглөө 14 цаг өнгөрч байхад гарахад найзууд нь болох Билгээ бас нэг жижигхэн бор залуу ирчихсэн байсан. Талийгаач хүнд зодуулсан унаж бэртсэн талаар юм яриагүй ээ. ... Талийгаач над руу 15 цаг өнгөрч байхад “Эрдэнэт явах зардлын мөнгө олж байна уу” гэхээр нь “би аавтай уулзаж байна” гэж хэлсэн. “Мөнгөтэй болчихвол 5000 төгрөгийн нэгж явуулчихаарай гэсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №08шэ/03 тоот:

1. Талийгаач Т.Мөнхбатын биед гавал-тархины битүү гэмтэл, их тархины дух, баруун зүүн чамархай, суурин хэсэг, бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, дагз ясны дотор ялтасны цууралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь их тархины дух, баруун зүүн чамархай, суурин хэсэг, бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас амьсгал зүрх судас зогсож нас баржээ.

4. Талийгаач нь нас бараад 18-20 цаг өнгөрсөн байна.

5. Талийгаачийн цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

6. Талийгаач цус нь В альфа /lll/ бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-87 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “ ... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих ба цохигдох үеийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүн ихэвчлэн унах тохиолдолд толгойн төвгөр хэсгүүд буюу дагз, дух, баруун, зүүн, чамархайн төвгөр хэсгүүдээр цохих мөргөх хүч үйлчилдэг. Талийгаач Мөнхбатын дагзны баруун хонхор хэсгийн цус хуралт, дагз ясны хонхор хэсгийн цууралт гэмтэл нь хонхор хэсгүүдэд нь үүссэн учраас унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтлийг талийгаач амьд байх үедээ авах ба авсан даруйдаа идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй шууд нас барна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ТШГ-ын химийн ахлах шинжээч До.Золзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №301 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Мөнхбат 24/эр Xll/18” гэсэн хаягтай цусанд 0.6 промилли, “Налайх Т.Мөнхбат 24 н эр Xll/18 Төгсбуян” гэсэн хаягтай ходоодны шингэнд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Ирүүлсэн ходоодны шингэний хэмжээ нь хорт болон эмийн бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна.

3. “Налайх Т.Мөнхбат 24 н эр Xll/18 Төгсбуян” гэсэн хаягтай элэгний эдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй. гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1254 тоот:

1. Б.Батбилэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. Б.Батбилэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Батбилэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Б.Батбилэг нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Батбилэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Г.Ганцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №165 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн өмдөнд уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас уранхайгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 99 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатар, Ш.Цэцэгмаа, Н.Энхцолмон нарын Хавтас хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №513 тоот:

1. Задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан 08шэ/03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй.

2. Талийгаачийн дагзны баруун хонхорын цууралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн ясны цууралт гэмтэл эмнэлзүйн дангаараа тохиолдох нь ховор ба ихэвчлэн тархины хөнгөн болон хүнд зэргийн гэмтэлтэй хавсарч илэрдэг учраас эмнэлзүйд тархины гэмтлийн хүнд хөнгөнөөс шалтгаалж илрэх шинж нь харилцан адилгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн унах, цохиулах үйлдлийн аль алинаас нь үүсэх боломжтой.

3. Талийгаачийн гавал тархинд учирсан дагзны ялтасны цуурал, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба 1 цагийн хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Ходоодонд агуулагдаж буй ургамлын гаралтай хоол хүнс нь 2-4 цаг, амьтны гаралтай хоол хүнс нь 4-6 цагийн хугацаанд нарийн гэдэс рүү шингэнэ. Шингэн зүйл хэрэглэсэн эсэх болон шээж гадагшлуулсан байдал зэргээс хамаарч давсаг шээстэй байх эсэх хамаарна.

5. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины суурийн судсанд архаг хууч өвчин, эмгэг өөрчлөлт тогтоогдоогүй байна.

6. Талийгаачийн цогцост гэмтлийн гаралтай тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт тогтоогдсон байна.

7. Талийгаач нь их тархины дух, баруун зүүн чамархай, суурин хэсэг, бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судас зогсож нас баржээ. Талийгаачийн гавал тархинд учирсан дагзны ялтасны цуурал гэмтэл нь дангаараа үхэлд нөлөөлөхгүй.

8. Дээрх гавал тархины гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ба хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй юм. гэх дүгнэлт /2-р хх-ийн 13-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “ ... Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтаас нас барсан дүгнэлтийг 7 дугаар асуултанд тодорхой хариулсан байгаа. Дээрх гэмтэл нь дагз ясны баруун хонхорхой цууралтын улмаас үүсэх боломжтой нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл,  шинэ гэмтэл байна. Дагз ясны баруун хонхорхойн цууралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүний хүчээр үүсгэгдэх боломжтой. Жишээ нь: гараар цохих, өшиглөх, мөргөх гэх мэт. ... Дагзны ар талын баруун хонхор ясны цууралт нь дагзны баруун талын хонхор хэсгээр байрлаж байгаа учир уг хэсгээрээ ямар нэг хатуу мохоо зүйлд цохигдох, мөргөж унах зэрэг тохиолдолд үүсэх боломжтой. Энэ хэргийн хувьд унах үед үүссэн гэж харагдахгүй байна. ... Дээрх гэмтлийг аваад идэвхтэй үйлдэл хийж чадахгүй. Тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь тархины суурь хэсгийг хамарсан, тархмал байгаа учраас ухаангүй идэвхтэй үйлдэл хийхгүй. Гэмтэл авсан үеэс ухаангүй болно. ... Тархины цус харвалт нь үхлийн шалтгаан болно. Тархины ялтас ясны цууралт нь үхлийн шалтгаан болохгүй. Ялтас ясны цууралтаас цус харвалт гэмтэл нь үүссэн ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “ ... дээрх гэмтэл нь тархи хүчтэй доргиход үүсэх ба дагзны ясны баруун хонхорхойн цууралттай нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хүний хүчний өшиглөх, цохих зэрэг үйлдлээс үүсгэгдэнэ. ... Баруун дагзны доод хэсэгт үүссэн цууралт тул яг тэр хэмээрээ унавал үүсэх боломжтой, гэхдээ энэ тохиолдолд цөөхөн. ... Дагз ясны цууралт гэмтлийг дангаараа аваад идэвхтэй хөдөлгөөн хийж чадна. ... Тархины бүрхүүл доорх цус харвалтыг хаанаас эхэлснийг тогтоох боломжгүй, нийтдээ тархсан байсан ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15-18, 20-21 дүгээр тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

Туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

ХОЁР. Шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо 41 дүгээр байрны 30 тоотод оршин суух Т.Мөнхбатын гэрт Б.Батбилэгтэй хамт очин талийгаач Т.Мөнхбат Б.Батбилэг хоёрын хооронд болсон маргаан, Б.Батбилэг талийгаачийг цохиж зодсоныг мэдсэн атлаа 2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Мөнхбат орон дээрээ сууж байснаа гэнэт татаад хойшоо савж унасан, гэнэт сонин дуугараад хойшоо унасан” гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэннямын: “... 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим над руу талийгаач залгаж “чамтай аминчлан ярих зүйл байна, утсаар ярьж болохгүй, одоо хүрээд ир” гэж ярихаар нь би талийгаачийнд “маргааш очъё” гэж хэлсэн. Маргааш нь Б.Батбилэг бид хоёр уулзаж талийгаачийн гэрт очиход Зориг хаалга тайлж өгсөн. Талийгаач бид хоёрын ирсэн чимээнээр сэрсэн. Бид хоёрт “ээжийн бие муу байгаа, эхнэр, хүүхэд салаад явсан” гэж яриад “пивоны мөнгө байна уу” гэж асуусан. Би “надад мөнгө байхгүй” гэхэд Б.Батбилэг “надад мөнгө байна, хоёулаа дэлгүүр гаръя” гэж хэлээд талийгаачийн хамт дэлгүүр явсан. Тэр хоёр орж ирэхдээ пиво, адууны савласан мах авсан байсан. 14 цагийн орчим Зориг хот явсан. Талийгаач, Б.Батбилэг, бид гурав пиво уугаад сууж байхад 15 цагийн орчим манай эхнэр залгаж “намайг гэртээ харьж галаа түл” гэж хэлсэн. Б.Батбилэг бид хоёрыг талийгаачийн гэрээс гарах үед талийгаач гэрээ цэвэрлээд үлдсэн.  Б.Батбилэг бид хоёр Б.Энхбаатарыг дуудсан. Тэгээд харих замаараа эхнэрээ авахаар Нисэхийн байр ороход “гэр хүйтэн байгаа, эхэлж очоод галаа түл” гэж манай эхнэр хэлсэн. Б.Батбилэг, Б.Энхбаатар бид гурав манай гэрт очиж гал түлээд буцаж талийгаачийн гэрт ороход талийгаач гэрээ цэвэрлэсэн бололтой “хөлөө арчаарай” гэж хэлсэн. Бид хэд ойр зуурын зүйл ярьж байхад талийгаач орноос босоод газарт савж унасан. Талийгаачийг яачих ваа гээд хацар луу нь алгдасан. Тэгээд талийгаачийн цээж, нүүр хэсгийг арчихад хөдлөхгүй хэвэндээ байсан. Б.Батбилэг бид хоёр эмнэлэг гүйж түргэн дуудсан. 3-4 минутын дотор эмч ирж, талийгаачийг үзээд нас барсан гэдгийг хэлсэн. Тэгээд Б.Энхбаатар цагдаа дуудах гэхэд дуудлагын эмч утсыг авч цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаатарын: “... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг таксинд явж байхад Б.Батбилэг над руу залгаж талийгаачийн гэрт дуусан. Би Б.Батбилэг, Б.Цэрэнням нарыг очиж авч, бид гурав Нисэхийн хороо ороод буцаж Б.Цэрэннямын гэрт очиж гал түлсэн. Тэгээд талийгаачийн гэрт буцаж очоод Б.Цэрэнням түлхүүрээр хаалгыг онгойлгож, бид гурав ар араасаа ороход талийгаач орон дээрээ хэвтсэн “гэрээ цэвэрлэсэн, гутлаа сайн арчаарай” гэж хэлсэн. Би гутлаа арчаад орон дээр талийгаачийн хажууд суусан. Талийгаач Б.Батбилэгээс “будаа авч ирсэн үү” гэж асуухад “одоо гараад аваад ирье” гэж хариулсан. Талийгаач Б.Батбилэгээс тамхи авч 00 орохоор орноос босоод газарт дагзаараа савж унасан. Б.Цэрэнням, Б.Батбилэг хоёр талийгаачийг орон дээр өргөж тавиад Б.Цэрэнням “наад чинь халуу шатаж байна” гэж хэлээд алчуур норгож талийгаачийн нүүр, цээжийг арчсан. Талийгаачийг сонин байдалтай байхаар нь Б.Цэрэнням, Б.Батбилэг хоёр эмнэлэг рүү очиж дуудлага өгсөн. Энэ хооронд би талийгаачийн нүүрийг алчуураар арчиж байсан. Эмч ирж талийгаачийг үзээд нас барсан гэдгийг хэлсэн. Намайг цагдаад дуудлага өгөхөөр утсаа гаргаж ирэхэд эмч миний гар утасыг авч цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэннямын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “ ... Талийгаачийн гадаа ирээд хаалга тогшиход талийгаач өөрөө хаалгаа онгойлгосон, талийгаач “тамхи байна уу, будаагаа авч ирсэн юм уу” гэж асуухаар нь “өө мартсан байна аа, найз нь дэлгүүр ороод аваад ирье” гэж хэлсэн. Талийгаач орон дээрээ сууж байснаа гэнэт татаад сонин дугараад эхэлсэн бид хэд сандарсандаа хүйтэн усаар цээжийг нь арчсан, нүүр лүү нь алгадсан, 103-д дуудлага өгсөн. Талийгаачтай уулзаж ярилцаж байхад бие өвдөж байгаа талаараа ямар нэгэн зүйл яриагүй, сэтгэл санаа хямраад байна л гэж байсан. Унаж бэртсэн гэж юм хэлээгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар тал/,

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... Мөнхбат өөрөө хаалгаа тайлж өгөөд орон дээрээ очиж суусан, тэгээд “будаагаа авч ирсэн юм уу, тамхи байна уу” гэсэн, тэгэхээр нь “будаагаа мартчихжээ, одоо гараад аваад ирье” гээд ярьж байтал орон дээр сууж байгаад татаад хойшоо саваад унасан, тэгэхээр нь эхлээд гайхаж байгаад сандарсандаа сэрээх гэж алгадаад алчуур норгож ирээд нүүр цээжийг нь арчаад сэргэхгүй сонин гиншиж хахаж байгаа ч юм шиг дуугараад байсан, тэгэхээр нь гараад түргэн рүү Батбилэгтэй гүйж очоод эмч дуудаад эмчийг дагуулаад гэр рүү нь ороод эмч үзээд Мөнхбатыг “өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Цуг PC тоглоод байж байхад хараа муу гэж байсан, толгой өвдөөд байна гэдэг байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “ ... Хаалга тогшиход Мөнхбат өөрөө хаалгаа онгойлгосон. Би Мөнхбаттай “юу байна” гэж гар барьсан. Мөнхбат ч орон дээрээ суусан, удалгүй Мөнхбат сонин дуугараад орон дээрээ татсан. Талийгаач юм огт дуугарахгүй, гиншиж дуугарсан. Талийгаач 5 орчим минут таталт өгсөн. Бид нар сандраад эмнэлэг дуудсан. Батбилэг цээжин дээр нь дарсан, алчуур норгон бид 3 ээлжлэн цээж, нүүрийг нь арчсан боловч талийгаач нас барсан. Намайг тухайн өдөр талийгаачтай уулзаж ярилцахад талийгаач биеийнхээ байдлын талаар огт яриагүй, унаж бэртсэн гэж хэлээгүй. Талийгаачтай уулзаж ярилцаж байхад биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би талийгаачтай өнөөдөр уулзахаас өмнө 20 гаруй хоногийн өмнө ордон дээр тааралдахад талийгаач хот руу явах гэж байна гээд ганцаараа явж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар тал/,

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “ ... Мөнхбат хаалга тайлсан тэгээд би “юу байна” гээд гар барьсан, тэгээд “тамхи байна уу” гээд Цэрэннямаас нэг тамхи аваад асаагаад орон дээрээ суусан тэгснээ гэнэт сонин дуугараад хойшоо саваад унасан, тэгээд бид хэд хэлээд тоглож байна гэж бодоод дөхөөд очтол нүүр нь сонин болсон байсан Цэрэнням сандраад “сэрээрэй зүгээр үү” гээд хэд алгадсан, тэгээд сэрэхгүй байхаар нь Цэрэнням алчуур норгож ирээд нүүр цээжийг нь арчсан, тэгээд Батбилэг цээжин дээр нь дарсан, тэгээд “түргэн дуудъя” гээд Батбилэг, Цэрэнням 2 гараад явсан, би чийгтэй алчуураар нүүрийг нь арчаад байж байсан, тэр хоёр 5-6 минутын дараа эмч дагуулж орж ирсэн, тэгээд эмч чагнуураараа үзээд “нас барсан байна, зүрх нь цохилохгүй байна” гэсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар тал/,

Б.Цэрэннямын эхнэр гэрч Б.Дуламжав Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан гэр бүлийн гишүүний эсрэг хүндрүүлсэн мэдүүлэг өгөхгүй байх эрхээ ойлгож мэдсэн. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгье гээд “... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай ажил ажиллаагүй учир би 2 хүүхдээ дагуулан хадам аавынд очсон. 14 цагийн үед Цэрэнням “найзуудтайгаа уулзаад ирье” гээд явсан. 23 цагийн үед Цэрэнням ганцаараа ирээд “Мөнхбатыг нас барчихлаа” гэж хэлсэн. Яаж байгаад нас барсан, яасан талаар огт яриагүй, шууд л унтаад өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр хүүхдээ дагуулаад харьсан ба Цэрэнням надад “Батбилэг талийгаач хоёр муудалцаад Батбилэг Мөнхбатыг цохихоор нь би голоор нь ороод салгахад талийгаачийн нүүр нь хувхай цайгаад уначихаар нь эмч дуудаад хамт иртэл нас барчихсан байсан” гэж надад ярьсан. Өөр тодорхой зүйл яриагүй. Тэгээд “би ерөөсөө бүх үнэнийг цагдаад очиж хэлнэ” гэсэн ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож,

энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон Иргэдийн төлөөлөгч Н.Ууганбаатар “Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг тухайн үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Өөлөг овогт Батсүхийн Батбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1,

Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба энэ хуулиар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ багасч, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт оногдуулах торгуулийн ялын доод хэмжээ мөн багасч хорих ялгүй болох зэргээр тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.Батбилэгийн хохирогч Т.Мөнхбатыг алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1,

шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчилж өөрчлөн, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэхдээ Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарыг гэм буруутайд тооцож, Б.Батбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарын үйлдсэн худал мэдүүлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон тул тэдгээрийг ялаас чөлөөлж, талийгаачийн оршуулгатай холбогдолтой зардлыг шүүгдэгч Б.Батбилэгээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ... эрхтэй” гэж заасан ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно”, мөн зүйлийн 3.1.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгоно”, мөн зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно” гэж тус тус хууль тогтоогч хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар нь төрсөн ах, эгч, дүү нарын үеэл хүүхдүүд боловч Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрөл садангийн хүн биш байх тул шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нараас Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байцаалтыг авсан гэж үзэх боломжгүй байна.

Б.Цэрэннямын эхнэр гэрч Б.Дуламжавд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан эсрэг гэдэг үгийг хүндрүүлэх гэж ташаа тайлбарласан ч Б.Дуламжав нь талбарласан хуулийг ойлгож мэдсэн, асууж тодруулах зүйл байхгүй, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэсэн нь түүнд тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.3 дахь хэсэгт заасан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон хууль бус арга хэрэгсэл хэрэглэсэн шинжгүй, энэ талаар хэн нэг хүнд Б.Дуламжав гомдол гаргасан, хэлсэн, ярьсан зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батсүхийн Батбилэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ Т.Мөнхбаттай маргалдан, улмаар толгойн тус газарт нь цохиж амь насыг хохироосон гэх туршилт, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Энхбаатарын мэдүүлгийг үндэслэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд болон камерын дүрс бичлэгт нэр бүхий цагдаа, прокурор нь гэрч, оролцогч нарыг дарамтлан айлгаж, сүрдүүлсэн, “чи битгий шаагаад байгаарай, чи энд зогсож байсан юм биш үү” гэж зааварласан, байцаагчийн хөтөлсөн, тулгасан асуулт тусгагдаагүй, хөндлөнгийн гэрч оролцогч нар нь хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн хууль бус арга хэрэгслээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаар гаргасан гомдол эрүүгийн 201601080568 тоот хэрэгт авагдаагүй ба үүнийг шүүгдэгч Б.Цэрэнням 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч О.Баярбаясгалан (2260)-гийн хамт яллагдагчаар дахин байцаагдахдаа өмгөөлөгч О.Баярбаясгалангийн хууль зөрчин шөнийн цагаар мэдүүлэг тухайн өдөр авахад “мөрдөн байцаагч болон Цагдаагийн байгууллагын зүгээс айлган сүрдүүлсэн, дарамталсан асуудал байна уу” гэж асуухад Б.Цэрэнням нь “Эрүүгийн төлөөлөгч Мөнх-Эрдэнэ эхлээд надтай уулзаад болсон асуудлыг яриулахаар нь би ярихад “битгий шаагаад бай” гэж хэлсэн, өөр ямар нэгэн дарамталсан зүйл байхгүй, хувцас тайлуулж хана руу харуулсан асуудал байхгүй” гэж мэдүүлсэн нь үгүйсгэж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131, 186 дугаар зүйлүүдийн 131.3, 186.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт, саналыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүгдэгч Б.Цэрэннямыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 56 минутаас 00 цаг 29 минутад, шүүгдэгч Б.Энхбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цаг 30 минутаас 01 цаг 55 минутад тус тус гэрчээр дахин байцаасан, шүүгдэгч Б.Батбилэгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 25 минутаас 02 цаг 43 минутад сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөгийн баримт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудын шаардлагад нийцээгүй бөгөөд харилцах дансанд мөнгө тушаасан баримт болон ногдох татвараа төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул түүнд олгох боломжгүй ба өмгөөлөгчийн зардал, бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Өөлөг овогт Батсүхийн Батбилэгт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1,

Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өөлөг овогт Батсүхийн Батбилэгийн үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1,

Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нарын үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчилж өөрчилсүгэй.

2. Өөлөг овогт Батсүхийн Батбилэгийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Боржигон овогт Баянмөнхийн Цэрэнням, Сартуул овогт Баатарчулууны Энхбаатар нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Баянмөнхийн Цэрэнням, Баатарчулууны Энхбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэднийг ялаас чөлөөлсүгэй.

4. Өөлөг овогт Батсүхийн Батбилэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Батбилэгт оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батбилэгийн урьд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 386 (гурван зуун наян зургаан) хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

7.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өмд, саарал ноосон цамц, шар өнгийн өмд, цэнхэр судалтай подволк, хар цагаан судалтай дотоож, саарал өнгийн оймс, шар өнгийн өвлийн хос гутал, цэнхэр өнгийн хуванцар сандал, 2 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа нарт олгож, хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

8. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлийн 497.1, 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбилэгээс 11.148.678 (арван нэгэн сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун далан найм) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунзаяад олгосугай.

9. Шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунзаяа бусад хохирлоо нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч Б.Батбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.БАВУУ

                                    ШҮҮГЧИД                                                С.БАТГЭРЭЛ

                                                                                                     Л.БААТАР