Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/016

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/177 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2214003160025 тоот хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... ВО77011019 тоот регистрийн дугаартай, Өлзийтүрүү овогт Саарайн Цогтбаатар,

Яллагдагч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 03- 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлан авч түүнд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2214003160025 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 04 цаг 11 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчтэй оролцох эрхийн хангаагүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагч *******т холбогдуулан явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь заавал өмгөөлөгчтэй явуулах ажиллагаанд хамаарахгүй болно.

хэргийн бодит байдалд ач холбогдолгүй байна. Учир нь түүний хувьд 3 дугаар анги төгссөн, боловсролгүй гэж мэдүүлдэг хэдий ч Монгол хэл, бичиг үсэг мэддэг болох нь яллагдагч *******аас өмгөөлөгч авах уу, эсхүл өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байна гэж үзвэл тэмдэглэлд тусгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхүүдийг нь танилцуулж, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж тэмдэглэлд бичсэнээр мэдүүлгийг үргэлжлүүлж, мэдүүлгийг танилцуулж гарын үсгээ зурсан.

******* нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж өөрийн гараар хүсэлт бичиж өгөхдөө үг үсгийн алдаатай бичсэн нь түүнийг монгол хэл, бичиг мэдэхгүй гэдгийг илэрхийлж байгаа зүйл биш харин түүний бичиг үсгийн ур чадварыг илэрхийлж буй явдал.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 7.6 дугаар зүйлийн 3-т... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор,...яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана... гэж заасны дагуу яллагдагч ******* нь өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлсэн нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахад тогтоолыг уншиж танилцан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэж бичиж өгсөн ба яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээр давхар бэхжүүлсэн байна.

Яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дугаар зүйлд “гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж зааснаар прокурор нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн.

Тухайн сиди нь хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хийсэн мөрдөн шалгах ажиллагааны бус гагцхүү мэдүүлэг авах ажиллагааг тусгасан баримт юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч ******* нь уншиж, бичиж чаддаг байсан гэдгийг илэрхийлсэн буюу хувийн байдлыг нь тогтоосон баримт болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна” 14 дэх хэсэгт “мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж заасан бөгөөд дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн сидиг хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлж авагдаагүй нотлох баримт гэж үзэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд “нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах” тухай заасан бөгөөд дээрх *******ын яллагдагчаар мэдүүлэг өгч байгаа дүрс бичлэгийг тусгасан сиди нь шинжлэн судлахаас татгалзах нотлох баримтад хамаарахгүй байна.

Түүнчлэн *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон ашиглаагүй, яллах дүгнэлтэд тусгаагүй болно.

Иймд 2022 оны 10 сарын 15-ны өдөр ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Жаргалант сумын хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Буянхишигийн байлцуулан мэдүүлэг өгнө гэдгээ илэрхийлсэн бөгөөд мэдүүлгийг ******* болон Б.Буянхишиг нар нь уншиж танилцан гарын үсэг зурсан байх тул тус үйл явдал болсон эсэхийг тодруулахаар Б.Буянхишигээс дахин мэдүүлэг авах нь хэргийн бодит байдалд  ач холбогдолгүй байна.

2. Баянхонгор аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчний учир тус сумын Засаг даргын захирамж гаргасан эсэх, хэзээ шүлхий өвчин гарсан, ямар хугацаанд Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож хаасан эсэх, хохирогч, шүүгдэгч нарын өвөлжиж байсан газарт шүлхий өвчин гаргасан эсэх талаар холбогдох ажиллагаа хийх, холбогдох хүмүүсийг гэрчээр асуух гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд:

Гэмт хэрэг 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд *******ын саахалт айлын хүмүүс нь хохирогчийн алдсан 2 тооны үхэр нь *******ын үхэрт байсныг мэдүүлэхээс бус 2 үхрийг ******* тууж ирж нийлүүлсэн, эсхүл өөрийн хөлөөр ирж нийлсэн, эсхүл тухайн хоёр үхэр бэлчээрлэж байсан талаар үйл баримтыг үзэж хараагүй тул тэдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдалд онцгой ач холбогдолгүй зардал, чирэгдэл гаргасан үр нөлөөгүй ажил болно.

Тодруулбал яллагдагчийн мэдүүлэгт дурдагдсан шүлхий өвчний улмаас эвэртэй хөх үхэр нь үхсэн гэж тусгагджээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байхыг шаарддаг.

Мал хулгайлах гэмт хэрэг нь зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үзэхэд яллагдагч ******* нь хохирогч н.Ууганбаярын 2 тооны сарлаг үхрийг тууж, өөрийн үхэр сүрэгт нийлүүлсэн тэр цаг хугацаанд захиран зарцуулах эрх үүсэж тухайн гэмт хэрэг төгссөн болно.

Гэмт хэрэг төгссөнөөс хойш гарч буй үр дагавар болох хохирогчийн өмчлөлийн 1 үхэр үхсэн нь Мал хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул яллагдагчийн мэдүүлэгт дурдагдаад буй хөх үхэр үхсэн эсэх, шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон эсэхийг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч ******* нь нөхөн төлсөн буюу хэргийн талаарх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий байдлыг авч үзэлгүй орхигдуулсан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

З. Яллагдагч *******ын хаваржаа аль сумын нутаг дэвсгэрт байдаг эсэх, өөрийн хаваржаа байгаа гэх газар нь Баянхонгор аймгийн Заг, Жаргалант сумын аль нутаг дэвсгэрт харьяалагдах эсэх, яллагдагчийн үхрүүд бэлчиж байсан гэх газар түүний хаваржаа байдаг эсэх талаар тогтоох, түүнчлэн яллагдагчийн хаваржаа байгаа гэх сумын нутаг дэвсгэрт хохирогч *******ын алдагдсан гэх 2 тооны үхэр бэлчиж байсан болон малаа уг газарт бэлчээдэг эсэх, тухайн газарт өөр айлын мал бэлчээрлэдэг эсэх талаар тодруулж, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, холбогдох ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэсэн заалтыг дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд:

Баянхонгор аймгийн Заг болон Жаргалант сум хил залган оршдог. Мал сүрэг нь хүний хараа хяналтгүйгээр өөрийн хөлөөр бэлчээрлэж явдаг тул хохирогчийн өмчлөлийн үхрийг хохирогчийн мэдүүлгээс өөрөөр хаана байсныг тогтоох боломжгүй юм. 

Хохирогч нь “Манай үхэр байнгын хариулгатай. 2022 оны 01 сарын 03-ны өдөр би адуундаа яваад үхрээ хурааж амжаагүй, тэгэхдээ манай үхэр сүрэг манай гэрээс 3-4 километрийн зайд байсан, тэр өдөр хурааж чадаагүй, бусад өдөр манайх үхрээ байнга гэрийнхээ гадаа хурааж хонодог. Хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 03-ны өглөө гэрийнхээ гаднаас үхрээ бэлчээгээд тэр өдрөө хурааж чадаагүй, тэгээд тэр шөнө нь алга болоод хоносон. Би алдагдсан гэх 2 үхрээ Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан дөрөлж, Хаг, Хөндлөн хар гэх газруудаар хайсан. Харин 2 дугаар багийн нутаг 2-ын ам, Ханхар, Хиргэстэй гэх газруудаар ганцаараа хайсан боловч олдоогүй” гэж мэдүүлжээ.

Яллагдагчаар ******* нь “2022 оны 01 дүгээр сарын эхээр, яг хэдний өдрийг санахгүй байна, Жаргалант сумын Хиргэстэйн ам буюу морьтой хясааны тэр хавиар адуугаа хайгаад явж байтал 2 тооны буюу эвэртэй хар үхэр, эвэртэй хөх үхэр байхаар нь манай хойд талын хүмүүсийн үхэр байх гэж бодсон. Тэр үед манай үхэр Хиргэстэйн амын баруун шанаанд байсан үхэртээ нийлүүлж орхисон юм гэж мэдүүлсэн байна.

2022 оны 10 сарын 15-ны өдөр ******* нь гэрчээр өгсөн мэдүүлгээ Жаргалант сумын хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Буянхишигийг байлцуулан өгсөн бөгөөд мэдүүлгийн дагуу мөрдөгчийн зүгээс хөндлөнгийн гэрчийг байлцуулан мэдүүлгийг нь газар дээр нь шалгах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, *******ын гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхой болгосон байна.

Хохирогч Н.Ууганбаяр нь үхэр сүргээ хаагуур бэлчээрлүүлдэг, яллагдагчийн өвөлжөө, хаваржааны нутаг дэвсгэрээр бэлчээрлүүлдэг эсэх талаар шүүх хуралдаанд оролцуулж тайлбар мэдүүлэг авч, талуудын санал дүгнэлтийг гаргуулж хэргийн бодит байдлыг тогтоох эрх хэмжээ шүүхэд нээлттэй байгаа болно.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна гэж дүгнэж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 2023/ШЗ/177 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Яллагдагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс н.Ууганбаярын эзэмшлийн 2 тооны буюу олон тооны малыг хулгайлан авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан тогтоогддог. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар  сарын 23-ны өдрийн 2023/ШЗЗ/177 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцэл хуульд заасан үндэслэл журмыг хангаагүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Харин Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 177 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий шийдвэр болсон. Харин тухайн шийдвэрийн захирамжлах хэсгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримталсан нь алдаатай тул түүнийг мөн хуулийн 1.2-т заасныг баримталж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ыг 2022 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагч *******т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж дүгнээд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ нь:

1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...яллагдагч ******* нь боловсролгүй болох нь...тогтоогдож байна..., ...*******ын боловсролын байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй...,...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ...,” гэх үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  5.3 дугаар зүйлийн 1.3-т “монгол хэл бичиг мэдэхгүй ... яллагдагч оролцох эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

Хүнийг боловсролгүй,  монгол хэл бичиг мэдэхгүй  байдлыг  адилтгах боломжгүй  бөгөөд Я.Цэвэлийн  монгол хэлний толь бичгээс харахад  тухайн хүний боловсролын байдлыг ямар нэгэн гэрчилгээ, диплом зэрэг баримт бичгээр  нь   бага, дунд, дээд боловсролтой гэж тогтоодог бол  үг үсгийг тэмдэглэж бичих, унших байдлаар нь  бичиг мэдэхгүй  эсвэл бичиг мэдэх  хүн гэж үзэх ба  яллагдагч ******* нь “би бичиг үсэг муухан мэднэ. Хууль эрх зүйн мэргэжилтэнг хамт байлцуулна, өмгөөлөгч авахгүй” гэж мэдүүлсэн болон “... үнэн зөв, гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэж бичсэн байдлаар  тодорхойлогдоно.

Мөн   яллагдагч *******аас мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7-д “гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж зааснаар прокурор нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжлэн судлуулах боломжтой байна.

2. Шүүгчийн захирамжид “...Баянхонгор аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчний учир тус сумын Засаг даргын захирамж гаргасан эсэх, хэзээ шүлхий өвчин гарсан, ямар хугацаанд Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож хаасан эсэх, хохирогч, шүүгдэгч нарын өвөлжиж байсан газарт шүлхий өвчин гаргасан эсэх талаар холбогдох ажиллагаа хийх, холбогдох хүмүүсийг гэрчээр асуух..” гэж  үзсэн нь хэргийн үйл баримтыг нотлоход ач холбогдолгүй болно.

З.  Шүүгчийн захирамжид  “...Яллагдагч *******ын хаваржаа аль сумын нутаг дэвсгэрт байдаг эсэх, өөрийн хаваржаа байгаа гэх газар нь Баянхонгор аймгийн Заг, Жаргалант сумын аль нутаг дэвсгэрт харьяалагдах эсэх, яллагдагчийн үхрүүд бэлчиж байсан гэх газар түүний хаваржаа байдаг эсэх талаар тогтоох, түүнчлэн яллагдагчийн хаваржаа байгаа гэх сумын нутаг дэвсгэрт хохирогч *******ын алдагдсан гэх 2 тооны үхэр бэлчиж байсан болон малаа уг газарт бэлчээдэг эсэх, тухайн газарт өөр айлын мал бэлчээрлэдэг эсэх талаар тодруулж, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, холбогдох ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай” гэж үзсэн  байх ба  алдагдсан гэх малыг  хаана бэлчээрлэж байсныг   нотлох боломжгүй, хэргийн  нотолгоонд ач холбогдолгүй  байна.

Мөн түүнчлэн хэргийг Прокурорт буцаасан үндэслэлүүдийг захирамждаа заасан байх боловч  захирамжийн  захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.3-т  заасныг  баримталсныг  хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан  гэж үзнэ.

Иймд  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-т    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг баримтлан  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/177 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ