Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

 

2023         5           11                                     

         2023/ДШМ/29

        

 

 

Б.Э-ад холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Шүүгдэгч Б.Э

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 27 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн 2134001020310 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Уовогт Б Энхбат, 1988 оны 7 дугаар сарын 21-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б.Э нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амгаланг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 75-20 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Энх-Амгаланд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Энх-Амгаланд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаартай Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Урайнхай овогт Б Энхбатыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох,

мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 8.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цэнгэлбаяр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

 

Гэвч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 8.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн зүйл заалтад байхгүй ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Нэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Тус аймгийн Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Гийн илтгэх хуудсыг устгасан, хуурамчаар үйлдсэн гэх асуудлыг уг зүйл хэсгээр зүйлчилсэн нь учир дутагдалтай байна.

 

1. Энэ зүйлд заасан хэргийг хянан шийдвэрлэхэд шийдвэрлэхэд хохирогч гэрчээс гаргаж өгч байгаа мэдээллийг урьдчилан үнэлж, нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байна гэж үздэг.

 

2. Ө.Гийн илтгэх хуудас нь тухайн зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт биш юм. Өөрөөр хэлбэл илтгэх хуудас нь өөр баримтаар давхар нотлогдож байж тухайн баримтуудын хувьд эх сурвалж болох ёстой.

 

3. Ө.Гийн илтгэх хуудсанд агуулагдсан мэдээлэл болох “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нотолсон баримт буюу согтуурлыг шалгах драйгер багаж үлээлгэсэн баримт, уг баримтаар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байх, тухайн этгээдийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг гэх мэт баримтаар давхар нотлогдсон байх ёстой.

 

4. Ингэж нотлогдсон тохиолдолд, эсхүл эдгээр нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд “ач холбогдол бүхий нотлох баримт”-ыг устгасан, хуурамчаар үйлдсэн асуудал яригдах боломжтой болно.

 

5. Хэргийн материалаас харахад зөрчилд холбогдогч Д.Энх-Амгаланг тухайн үедээ драйгер багаж үлээлгэж согтуурлыг шалгасан баримт байхгүй, мөн зөрчилд холбогдогч нь машиндаа сууж байсан, тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэсэн тайлбар өгсөн байдаг.

 

6. Дээрх илтгэх хуудас нь гэмт хэргийн талаарх мэдээлэл биш болно.

 

7. Уг зөрчлийг шүүхээр шийдвэрлээгүй, илтгэх хуудас нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

 

Эдгээрээс дүгнэхэд Б.Э нь тухай зөрчлийг бүрэн гүйцэд шалгаагүй, зөрчил гаргагчийн тайлбарт үндэслэн зөрчлийг өөр нотлох баримтаар нотлолгүйгээр шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдал байгаа нь хууль сахиулагч албан ажилдаа хайнга хандах гэмт хэргийн шинжтэй.

 

Хоёр: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Б.Эыг хуурамч нотлох баримтаа үндэслэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авахаас татгалзсан гэх үйлдэлд энэ зүйл хэсгээр яллагдагчаар татсан байдаг.

 

Авлигын гэмт хэрэг нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах хэрэгт хамаарч байна.

 

Б.Э-д холбогдох хэргийн материалтай танилцахад авлигатай холбоотой асуудал огт тогтоогдоогүй бөгөөд ажлын хариуцлага алдсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Тэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон албаны эрх мэдлээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл түүний үйлдлийн цаана ямар нэгэн эдийн болон эдийн бус ашиг сонирхлын зөрчил агуулагдсан, үүнийхээ төлөө тухайн мэдээллийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдоогүй байна. Тийм ч учраас тус аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн Ерөнхий газарт мэдэгдэн улмаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж цол бууруулж, офицерийн бүрэлдэхүүнээс хасаж, албан тушаал бууруулан эргүүлийн цагдаа болгон шийтгэсэн байдаг.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг авч үзвэл эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. Өмнө нь түүнийг анхан шатны шүүхээс цагаатгаж байсныг анхаарч үзнэ үү гэв.    

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хуульд байхгүй ял оногдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ковид гарч маш их ачаалалтай аймаг руу хүртэл орж гарахад маш хүндрэлтэй байсан. Зохицуулагч Ө.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Д.Энх-Амгаланг драйгер багаж үлээлгээгүй ямар ч гэрчгүй, цар тахал гээд хөл хориотой, нэмэлт ажиллагаа хийх боломжгүй байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийн мөрдөн байцаах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2022 оны 27 дугаар эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Э-ыг Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амгаланг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 75-20 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Энх-Амгаланд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “Илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Энх-Амгаланд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаартай Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох,

мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь нийт 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  

 

Учир нь: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид шүүх, шүүгчид эрх олгосон хэм хэмжээнүүдийг судлан үзвэл гэм буруутай этгээдэд мөн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулах, хуульд заавал оногдуулахаар заасан нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад эрхийг хасах ялаас чөлөөлөх эрх олгогдоогүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулж болох торгох ялын доод хэмжээ 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас доогуур 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал оногдуулах “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах...” нэмэгдэл ялыг оногдуулалгүйгээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй ба өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх эрх тус шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авч ханган, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Э-ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаан шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

      ШҮҮГЧИД                                   Н.ЭНХМАА

 

                                                                        М.МӨНХДАВАА