Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01553

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01553

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Х

Хариуцагч Д.О

Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ж

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч СХХК, Д.О, Ц.Б нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний 3 байр бүгд миний нэр дээр байдаг. Миний нөхөр гарын үсэг зурж, баталгаа болгож өгсөн. Би өөрийн хүүхдүүддээ 3 байрны ордероо хууль ёсны дагуу өгсөн. Гэтэл 0 тоот байрыг яагаад хариуцагч С.Б надтай булаацалдаад байгаа талаар ойлгохгүй байна. Би С.Бтэй гэрээ байгуулж зээл аваагүй. Ямар шалтгаанаар над руу олон жилийн хугацаанд миний байрыг авах гээд дайраад байгаа юм бэ? Би гомдолтой байна. Миний өмчлөлийн 0 тоот байрыг С.Б 140.000.000 төгрөгөөр 2-3 удаа цааш дамжуулан зарсан бөгөөд дулааны инженер н.Норов гэх хоёр хүүхэдтэй хүнд 2019 онд 190.000.000 төгрөгөөр зарсан. Би 19 тоот байрыг очиж үзэхэд н.Н Эгчээ би энэ байрыг 2019 онд худалдаж авсан гэж хэлсэн. Гэтэл саяхан буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байрны ордерыг н.Ж гэх хүний нэр шилжүүлсэн байсан. Ингээд би Т ХХК-ийн захирлаас бусад бүх ажилчидтай нь уулзаж залилан хийгээд байгаа хүнтэйгээ та нар тооцоо хийж өгөөч гэх асуудлыг тавьсан. Захиралтай нь уулзсан бол 2-3 хүн ажлаасаа халагдах байсан. Миний охин Д.О 5-6 нялх хүүхэдтэй, сард 1.500.000 төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд 5 жил амьдарч байна. Миний нөхөр байхад С.Б Эгчээ би Д.Оыг өргүй болгоод өгье гэж хэлээд миний байрыг 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийг гаргуулсан. Д.Оын ах Д.Г дүүгээ шоронд явуулж яах бэ өгье гээд гарын үсэг зурсан. Д.Г намайг та 2.000.000 төгрөгөөр байраа зарж байгаа юмуу ээжээ гээд хэрүүл болоход нь би үгүй байлгүй дээ гэж хэлсэн. Нотариатын газар гэрээ байгуулахад Д.О бид хоёрт уншуулаагүй. С.Б шууд булааж аваад гарын үсэг зуруулсан. Хэрвээ би тухайн үед үсэглээд уншсан бол надад ойлгох чадвар байсан. Яагаад ингээд залилан хийгээд байдаг талаар би үнэхээр ойлгохгүй байна. Анхны шүүхийн тогтоолд С.Бт тухайн байрыг захиран зарцуулах эрх байхгүй гэж бичсэн. С ХХК-ийн төлөөлөгч С.Бийн хийсэн бүх залиланг би олсон. Үл хөдлөх хөрөнгийн газарт ажилладаг н.Ө, н.Э, н.Э гэх залуучууд бүгд С.Бийн гарт орсон. Хөгшин намайг хуураад байгаа асуудал биш үүний цаана том асуудал байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.С гэх хүнтэй очиж уулзаад миний байрны ордерын эх хувь энэ байна гэж хэлээд үзүүлэхэд тийм байна гэсэн хариу хэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн газрын н.О, Н.Б гэх залуучуудыг С.Б гартаа оруулаад өөрийн дураар байлгадаг. Би Яагаад ийм шүүхийн тогтоол гарч байгаа юм бэ? Ямар шүүгч шийдвэр гаргасан юм. Нэрийг нь хэлээд өг гэхэд та олж чадахгүй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрт нэр нь бичигдсэн байсан. Тухайн шийдвэрт миний өмчлөлийн байрыг шилжүүлээд өгсөн байсан. Би С.Бийг танихгүй. Яагаад миний эд хөрөнгөөр оролдоод байгаа юм бэ? Тус байр миний үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд хэн ч халдах эрхгүй. Надад хэцүү байна. Шүүх, хяналтын байгууллага энэ олон жил яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гарахыг 7 жил хүлээлээ. Энэ хугацааг далимдуулж миний байрыг цааш дамжуулж зарсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гаргасан. Би С.Бийн мууг үзэх гээгүй. Яасан гэж надтай миний байрыг булаацалдаад байгаа юм бэ? надад хэцүү байгаа учраас шүүх яаралтай шийдвэрээ гаргамаар байна. С.Б, н.Н гэх хүний байрыг мөн адил залилж зарсан. Үүнээс үзэхэд залилан хийгээд сурсан хүн байна. С.Б анх надтай гэрээ байгуулж байх үед ажлын байр нь байнга их хүнтэй байдаг байсан. Хүмүүсийн байрыг талын тал үнээр зардаг. Яагаад СХХК-ийг татан буулгаж болдоггүй юм бэ? гэдэг асуудлыг би эхний шүүх хуралдаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл олон жил намайг дарамталж доромжилж байна. С.Бийн ах Дундговь аймгийн орлогч дарга байсан гээд бусад хүмүүс рүү дайраад байдаг юмуу. Тиймэрхүү том албан тушаалтай ах, дүү нар надад зөндөө байна. Олон жил заль хэрэглэж явлаа, одоо болимоор байна. Би үхэхийн хооронд өөрийн хэдэн хүүхдүүддээ байраа өгөөд үхмээр байна. Тухайн байрны ордер нөхөр бид хоёрын нэр дээр байсан. Нөхөр бид хоёр мөнгөгүй жирийн ажилчид байсан учраас хүүхдээ гадаад улс руу явуулахын тулд хүүхдүүдийнхээ нэрийг байрнаас хасуулсан. Тухайн үед байраа барьцаалж хамгийн ихдээ 1.500.000 төгрөгийн зээл авна. Гэтэл одоо би мөнгөгүй учраас гадаад улсад докторын зэрэг хамгаалсан ач охиноо Монгол улсад авч ирж чадахгүй нөхцөл байдалтай байна. Хүний амьдралыг ийм хэцүү болгож байдаг С.Б ямар боловсролтой, санаатай хүн юм. Би хэзээ ч залилан хийж худлаа ярихгүй. Миний нөхөр бид хоёр дэндүү шударга хүмүүс хүүхдүүдээ ч шударга өсгөж хүмүүжүүлсэн. Би С.Бт шүүх, хуулийн байгууллага шударга шийдвэр гарна гэхэд надад хамаагүй гэж хэлдэг. Намайг өмнө нь өмгөөлж байсан н.Идэрхангай гэх өмгөөлөгч Хишгээ эгчээ би болъё. Наад хүүхэн чинь нэртэй шулам шиг хүүхэн байна гээд больсон. С.Б 2017 онд өөрийн зээлсэн 50.000.000 төгрөгийг авах гэж 2018 оноос хойш Тэргүүн чансаа ХХК-д очиж, би Ч.Хийн байрыг авна гэж над руу дайрсан. Би ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ? Арай дэндүү байна. Энэ хүнд хань ижил байдаг юмуу? байдаг бол шүүгч, өмгөөлөгч нар залилан хийгээд байгаа энэ хүндээ юу гэж хэлдэг юм бэ? Л.Ж хүртэл Та 300 гаруй төгрөгөөр байраа зарах юмуу? гэж надад хэлж байсан. Би өнөөдөр хүртэлх хугацаанд удаа дараа олон хагалгаанд орсон ч гэсэн хоёр нүд хараагүй болоогүй, юун дээр гарын үсэг зурах, хаана хэнтэй юу ярихаа мэдэж байна. Хариуцагч нар шиг худлаа ярихгүй. Би үл хөдлөх эд хөрөнгийн 2-3 компани, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, сэтгэцийн эмнэлэг буюу Шархад эмнэлэгт анх удаа С.Бийн буянд хүүтэйгээ хамт очиж үзсэн. Шүүхийн шийдвэр гарахад Ч.Х арын хаалгаар дүгнэлт гаргуулсан гэж хэлдэг. Эмнэлэгт очиход цолтой 3 эмч намайг үзэхэд эмч нарыг доромжлоод сууж байсан. Энэ авгай хаанаас ирсэн болоод яагаад намайг доромжлоод байгаа юм. Надад бүх нотлох баримт бий. Миний байрыг худлаа ярьж аваад цааш нь дамжуулж зарсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд би түрээсийн өөр хүний нэр дээрх байранд байсан гэж юу яриад байгаа юм. Би сэтгэцийн өвтэй юмуу эсвэл С.Б сэтгэцийн өвчтэй юмуу. Ийм залилан хийгээд байхад Л.Ж авгай юу хийгээд залиланд оролцоод сууж байдаг. С.Бт чи худалдаж авах гэж байгаа бол олигтой мөнгө өгөөд худалдаж ав. Би чамд өргүй. Чи надтай яагаад зууралдаад байгаа юм бэ? Чиний 50.000.000 төгрөгийг 90.000.000 төгрөг болгосон. Чи сард 500.000 төгрөгийг олж авч чадаагүй гэж хэлсэн. Ц.Б гэх хар тамхи хэрэглэдэг, мөрийтэй тоглоомчин миний хүүг удаа дараа дарамталсан. 76 настай надаас дор сэтгэхүйтэй хүмүүст арга хэмжээ авахгүй байна. С.Бээ миний дүү нүгэл нүдээр гардаг. Шударга бай. Би өөрийн байраа өгөхгүй. Чи бусад хүмүүсээс авсан байрны мөнгийг надад өгөөрэй. Ц.Б та хоёр нийлж миний хүүхдийг удаа дараа доромжилсон зодсон. Би өнөөдөр 76 настай хүн шүүх хуралдаанд байраа авах гээд зогсож байна. Миний байрыг байрны хоёр жижүүр эмэгтэй таны энэ байр С.Бийн мэдэлд очсон гэхэд нь би яагаад хэн тэгж байгаа юм бэ? гэхэд 0 гэсэн байх дугаартай хүн. Одоо 0 тоотод айл орсон гэж хэлсэн. Миний үл хөдлөх эд хөрөнгийг зарж, хүний нэр дээр шилжүүлэх эрх С.Бт байхгүй. Би гомдолтой байна. С.Б байрыг буцааж олж өгөөрэй. Хэрвээ өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоол гараагүй тохиолдолд би 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хаалгыг чинь эвдэж орно. Бусад хариуцлагаа чи өөрөө үүрээрэй. Би С.Бийн ярьж байгааг ойлгохгүй юм байна. Д.Отгоо анх мөнгө зээлэхдээ миний байрны тухай яриагүй. Д.Оын байрыг барьцаанд тавина. С.Б хоёр шалдан хүүхдэд 50.000.000 төгрөг зээлүүлж, нэг ч төгрөг төлүүлэхгүй хүүг нь өсгөсөөр байгаад 90.000.000 төгрөг болгоод танай хүүхэд шоронд орох гэж байна гэж хэлээд миний байран дээр надаар гарын үсэг зуруулсан. Хаанаас ирсэн шүүхийн тогтоол яриад байгаа юм. Би үзэж хараагүй юм байна. Би С.Бт байраа өгнө гэж гарын үсэг зураагүй. Харааны шилгүй учраас бичиж чадахгүй. Байнга худлаа ярьж хуурамч бичиг үйлдсэн байсан. Миний гэсэн зүйл хавтаст хэрэгт юу ч байхгүй. Өмнөх шүүх хуралдаанаас хойш хэрэг таргалсан байсан. Дотор нь юу хийсэн талаар би мэдэхгүй байна. Надад С.Бтэй уулзаж гарын үсэг зурах шаардлага байхгүй. Би өөрийнхөө байранд эзэн байна. Үүндээ ч бардам байна. Би нотариатын газарт нотариатын хүн дээр буруу юм хийж байна уу? эсвэл үгүй юу гэдгийг нотлох гэж очсон. Түүнээс биш Д.О, Ц.Б хоёр чамд байр өгнө гэж гэрээ байгуулаагүй. С.Б юу ч мэдэхгүй хоёр шалдан хүүхдэд 50.000.000 төгрөг зээлээд өнөөдөр миний байрыг авах гээд дайраад байгаа нь ямар учиртай юм. Би өөрийн байраа өгөхгүй. Чи Ц.Бгийн байрны ордерыг өгч явуулсан боловч миний байрны ордерыг гаргаад ир. Миний байрыг хэдэн хувь хувилж өөрийнхөө нэр дээр шилжүүлээд хэчнээн хүний нэр дээр гаргасан байгаа юм бүү мэд. Энэ үйлдэл луйвар биш юу юм. Би өнөөдөр үхээгүй байна шүү. Бүгдээрээ жаахан шударга байя. Би чамд байраа алдахгүй. Чи миний байрыг нэхэх эрхгүй. Чи мөнгө зээлсэн хоёр шалдан хүүхдээсээ мөнгөө авахгүй яасан юм бэ? Ц.Бгаас чи юу авсан юм. Энэ зээлийг жинхэнэ хариуцах ёстой эзэн Ц.Б. Би хүүдээ байрны ордер өгөхгүйгээр зээл өгдөг газар байхгүй гэж хэлж байсан. Гэтэл надаас авах гээд байна. Ээжээ байрныхаа ордерыг өгчих гэсэн. Манай байрны ордер нөхөр бид хоёрын нэр дээр байсан.Хүүхдүүдээ гадаад явуулахын тулд гэж түрүүн хэлсэн. Миний нөхөр бид хоёр гуйлга гуйж амьдраагүй. Дэндүү тансаг амьдарсан. С.Бийн явсан газар бүр асуудалтай байнга залуучуудын байрыг залилж авч талын тал үнээр зардаг. С.Бийг ойлгохгүй байна. Ямар ч байсан байрыг өгөхгүй. Ямар шүүхийн тогтоол хаана байна гаргаад ир. Надад хамаагүй. Би одоо 76 настай хүн. Д.Оыг ах Д.Г чи юун дээр гарын үсэг зурсан юм гээд дээрээс нь Ц.Б чи надад байраа өгсөнгүй гээд зодож байгаа юм. С.Б намайг байнга дарамталдаг. СХХК-ийн менежер байсан н.Баатарсүх гэх хүн надад та энэ балай авгайтай яаж учирсан юм бэ? Ч.Х эгчээ тэр балай авгай гээд нэр байхгүй. Балай авгай танаас байраа авна гээд дайраад байна. Ямар учиртай юм бэ? Битгий байраа өгөөрэй гэж хэлсэн. Би түрээсийн байранд орохгүй. Өөрийн байрандаа орно. Миний буруу гэж бодохгүй байна. Буруу зүйлд гарын үсэг зурсан гэж бас бодохгүй байна. Миний бүх хүүхэд өөрсдөө дээд сургууль төгссөн, гэжээ.

 

4.Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх шаардлага гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч шаардах эрхтэй гэж заасан. Өнөөдөр байрны өмчлөгчөөр өөр иргэн бүртгэгдсэн учраас шаардлага гаргах эрх хууль зүйн талаасаа нэхэмжлэгчид байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Г, Ч.Х, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр банк бус санхүүгийн байгууллага өмчлөгчөөр тогтоогдсон гэрчилгээ олгогдсон байдаг. Хариуцагч Ц.Бг хариуцагчаар татсан нь хариуцагчаа буруу татсан гэж үзэж байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталсан байдаг. Эвлэрлийг баталсан асуудал хариуцагч Д.О, Ц.Б, С ХХК-ийн хооронд. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд тухайн гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотой 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон тогтоол хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны гүйцэтгэлийн ажиллагааны шийдвэр гарч дуусгавар болсон. Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа мөн дуусгавар болсон тогтоолд 4 жилийн хугацаа өнгөрөхөд хэн ч гомдол гаргаагүй. Үүнээс үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.О, ээж Ч.Х, ах Д.Г нар шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт бичсэн байдаг. Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудсанд авагдсан. Энэ хүсэлтэд Д.О, Ц.Б нарын 0 дугаартай Шүүгчийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахдаа Ц.Бгийн орон сууцаар хангуулахаас татгалзаж, захирамжийг уншихаар Д.О өөрөө би хариуцах ёстой. Энэ мөнгийг би авч, кино хийх гэж хүмүүс ажиллуулсан, цалин хөлсийг өгөхөд зориулсан тул би төлөх ёстой гэж баталгаа гаргасан. Тухайн ажиллагаанууд дуусаад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гаргасан. Түүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн албанд Д.О, Ч.Х, Д.Г нар 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт гаргаснаар төлбөр барагдуулах гэрээг байгуулж энэ төлбөр барагдуулах гэрээг сайн дураараа өмчлөгч нар өөрсдөө очиж хүсэлтээ гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эд нэрын барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлж хаалгах гэрээ хийгдсэн. Тухайн гэрээнд Ц.Б оролцоогүй.Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэх шаардлага гаргаж байна. Нэгдүгээрт шаардах эрх үүсээгүй. Хоёрдугаарт гэрээг эдгээр хүмүүс хоорондоо байгуулсан боловч 2020 оны 04 дүгээр сарын 10-ны төлбөр барагдуулах асуудлаар харилцан тохиролцож хүсэлтээ гаргаж шийдвэрлэсэн өмчлөгч нар өөрчлөлт хөндөөгүй, өөрсдөө сайн дураар очиж гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2 жилийн дараа 2022 онд энэ асуудлыг гаргаж ирж байгаа бөгөөд нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Өмчлөгч нар өөрсдөө зөвшөөрч Д.Оын өр төлбөрийг барагдуулж дуусгая гэж тохирч асуудлаа шийдвэрлэсэн атлаа одоо ямар үндэслэлээр бид нар төөрөгдсөн, нүдний хараа муутайгаас юунд гарын үсэг зурж байгаа талаар мэдэхгүй гэх тайлбарыг гаргаж байгааг ойлгохгүй байна. Төөрөгдөл гэдэг өмчлөгч нарын тайлбартай таарахгүй байна. Давж заалдах шатын шүүхийн 1683 дугаартай магадлалд заасан. Өмнө нь шүүхийн шийдвэр гараад хэрэгсэхгүй болгосон магадлалд дараахь 3 асуудлыг тавьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангуулъя. Д.Оыг оролцуулъя. Өнөөдөр шүүх ажиллагааны дагуу удаа дараа шинжээч томилсон учраас шинжээч дүгнэлтээ ирүүлсэн болон магадлалд заасан ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Харин Д.О-той холбоотой асуудлыг нэхэмжлэгч өөрөө хариуцагчаар татсан учраас шүүх хуралдаанд оролцох ёстой биечлэн ирсэн байна. Д.Гын хувьд нэхэмжлэгч гэрчээс асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэж, албадан ирүүлэхэд ирээгүй, тодорхойгүй байсан тул нэхэмжлэгч өөрөө Д.Г шаардлагагүй хамааралгүй гэх тайлбарыг өгч татгалзсан байдаг. Д.Г өмчлөлийн асуудал дээр маргадаггүй учраас энэ асуудалд хамааралгүй нь үнэн байсан. Иймд магадлалд тусгагдсан ажлууд бүрэн хийгдсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлж Ц.Бг татсан боловч түүний хувьд хариуцагч биш этгээд тул хууль зүйн үндэслэл хэвээрээ байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл, хариу тайлбар зөрөөд байна гэж үзэж байна. Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгоё гэж байгаа боловч тайлбартаа бид тодорхой амлалт өгсөн учраас түр нэр шилжүүлсэн учраас бидний тохиролцоо ийм байсан гэж хэлээд байна. Шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хариуцагчийн гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотолж байгаа зүйлээс хамаарч өнөөдөр шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдэх байх. Энэ шаардлагын хүрээнд процессыг сонсож зарим баримтуудыг судлахад Д.О өнөөдөр шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Хариуцагчийн тайлбараар хавтаст хэрэгт авагдсан зарим баримтуудаар тогтоогдох ёстой. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа тайлбар болон хариуцагч Д.Оын гаргаад байгаа тайлбар зарим зүйл дээр тохирч байна. Учир нь тохиролцоо хийгдсэнийг үгүйсгэхгүй. Жишээ нь түрүүн С ХХК-ийн нэр дээр шилжүүлье. Ч.Х гуай байнга 3.000.000 төгрөг билүү 1.000.000 төгрөг өгсөн гэж хэлээд байдаг учраас тохиролцоо байхыг үгүйсгэхгүй. 90.000.000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх шүүгчийн захирамжийн дунд тухайн байр хэдэн төгрөгийн байр байсан болоод 90.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн бэ? Цаашаа хариуцагч СХХК хэдэн төгрөгөөр худалдсан талаар талууд тодорхой хэлэх байх. Ц.Бгийн хувьд энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Д.О, Ц.Б хоёрын хоорондын тохирооны дагуу шийдвэр гарч гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Үүн дээр Ц.Бгийн байрыг чөлөөлөөд өөрийнхөө захиалсан хоёр өрөө байрныхаа ордерыг тавьсан. Ц.Б байгаагүй Д.О би төлнө гэж байраа тавьсан. Ц.Б найздаа туслаж байраа барьцаанд тавьж Д.О мөнгийг зарцуулсан гэж тайлбарлаад байгаа. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шаардлагын хэмжээнд хангах боломжгүй нөхцөл байдал байна. Нэхэмжлэлийн шаардлага өмчлөгчөөр тогтоолгох, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах. Төлбөр барагдуулах гэрээний нэг тал Д.Г. Гэтэл нэхэмжлэгч Д.Гыг энэ хэрэгт хамааралгүй гэж хэлж байгаа.Мөн Ц.Б энэ хэрэгт хамааралгүй гэх байр сууриа дэмжиж байна, гэжээ.

 

5.Хариуцагч СХХК-ийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Хариуцагч Д.Оын ээж Ч.Х гуай төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа төөрөгдөөгүй, төөрөгдсөн гээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд дараахь нөхцөл байдал болон нотлох баримтаар тогтоогдоно. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Ч.Х гуай өөрөө тайлбар хэлэхдээ хүүгээ ямар өр зээлтэй байсан, яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон талаар хэллээ. Ч.Х гуай гэрээний гол агуулгыг түрүүн ойлгож байсан. Үүнд хүү Д.О, Ц.Б нар өр төлбөртэй гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгч тайлбартаа шүүгчийн захирамж, эвлэрүүлэн зуучлалын гэрээг баталгаажуулсан захирамж дахь шүүгчийн нэрийг хүртэл дурдан хэлж байна. Иймд нэхэмжлэгч хүү болон Ц.Б нар ямар өр төлбөртэй байгаа тухай мэдэж байсан бөгөөд хүүгээ өр төлбөрөөс гаргая гэж өөрөө шийдвэр гаргасан. Төлбөр төлөгч Д.О өмчөө шилжүүлэн өгөхөөр зөвшөөрсөн. Ц.Х, Д.Г нар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүхийн 02344 дугаартай шийдвэрт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрыг буцаан өгнө гэж хэлсэн, ноцтой төөрөгдөлд орсон, хуурч мэхэлсэн гэж Ц.Х тодорхойлж байгаа боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй болох нь 7 дугаар хуудсан дээр тэмдэглэгдсэн. Өөрөөр хэлбэл, төөрөгдсөн, хуурч мэхэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн олон удаагийн хүсэлтээр шүүх удаа дараа шинжээч томилж хараагаа тодорхойлуулсан. Гэтэл Ч.Х гуайн харааны байдлын талаарх тодорхойлолтод харааны байдлыг үг, үсэг уншиж чадна гэсэн. Тиймээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр ойрын харааны шилээ зүүсэн тохиолдолд юмыг гаргаж тайлж унших боломжтой гэж тодорхойлсон. Гэрээнд юу бичигдсэн талаар Ч.Х гуай өөрөө уншиж ойлгох үүрэгтэй. Ямар агуулгатай гэрээ байгуулж, юун дээр гарын үсэг зурж байгаагаа гэрээний талууд бүгд мэдэж байсан. Шүүх хуралдаанд Ч.Х гуай түүний өмгөөлөгч нар хэлэхдээ нотариатч Ч.Х гуайд тайлбарлаж өгөх гэтэл С.Б цаанаас нь толгой сэгсрээд шууд гарын үсэг зуруулсан. Мөн өөр нэг шүүх хуралдаанд нотариатчаас булааж аваад гарын үсэг зуруулсан гээд хоёр янзаар яриад байдаг. Хэрвээ би энэ үйлдлийг гаргасан бол нотариатч хууль зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуульч учраас гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хууль зүйн хүрээнд бус хүчээр үйлдүүлэх гэдэг юмуу эсвэл нотариатчийн хийж байгаа ажлыг булаан авч хийлгэсэн гэх мэт үйлдлийг харсан бол гэрээг гэрчлэхгүй байх байсан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар миний биеийг гүтгэж, доромжилж байна. Миний бие дээрх ёс зүйгүй үйлдлийг гаргаагүй. Хэрвээ би ёс зүйгүй үйлдэл гаргасан тохиолдолд нотариатч гэрээнд гарын үсэг зуруулахгүй бөгөөд гэрээний талууд бүгд өөрийн сайн дурын хүсэл сонирхлын үндсэн дээр гэрээ байгуулсан. Ч.Х гуай, түүний өмгөөлөгч нар тайлбартаа 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд байрыг буцааж өгнө гээд худлаа хэлж, хуурч мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж хэлдэг. Надад Ч.Х гуайд худлаа хэлэх шаардлага байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчид байрыг буцааж олгоно гэж ярьж байсан удаагүй. Нэхэмжлэгч тайлбартаа С.Бийг би урьд нь таньж мэддэггүй байсан. Яагаад миний байрыг булаагаад байдаг юм гэж хэлсэн. Таныг таньж мэддэггүй байсан хүн тухайн өдөр нотариатч дээр авч очих мөн та миний үгэнд ороод учир байдлаа мэдээгүй байж тэнд очих үндэслэлгүй. Та өөрөө учраа мэдсэн тул очсон. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны дагуу авах ёстой төлбөртөө өөрсдийнхөө хүсэлтээр эд хөрөнгөө шилжүүлж өгсний дагуу ажлаа хийж байрыг авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа миний байрыг авах гэрээнд гарын үсэг зуруулсан болохыг мэдэж бүх хүнтэй уулзсан гэж бичсэн. Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурахдаа нотариат дээр таарснаас хойш Ч.Х гуайтай уулзаагүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт зааснаар хэрвээ нэхэмжлэгч төөрөгдөж, буруу гэрээнд гарын үсэг зурснаа мэдсэн бол төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгцээ нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хугацаанд төөрөгдсөн гэж нэг ч удаа дурдаагүй. Ч.Х гуай нэхэмжлэлийн шаардлагадаа С.Б, Ц.Б, Д.О нарыг хуйвалдсан гэж бичсэн. Төлбөр төлөгч нартай хуйвалдсан зүйлгүй. Д.О сайн дурын үндсэн дээр ээж, ахыгаа авч ирж гэрээг байгуулсан. Шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар болон нэхэмжлэгч өөрөө хүү Д.Оыг хариуцагчаар татсанаас үзэхэд Д.О ээждээ ямар нэгэн байдлаар буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй. Хариуцагч Д.О ээждээ юу гэж хэлж ярьсныг мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрыг буцаан авна гэсэн ойлголттой байсан бол тогтоосон хугацаа болоход Ч.Х гуай яагаад шаардаагүй юм бэ? Миний харж байгаагаар хууль уншаад үзэхэд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байр буцаан ирээгүй нөхцөл байдал үүссэн байхад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тодруулж хэлэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ч.Х, Д.Г, Д.О, Ц.Б нар хүсэлт гаргах үед миний бие байгаагүй. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр гарсны дараа холбогдох бичиг баримтыг авч Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн мэдээллийн газар өмчлөлийг шилжүүлэхээр баримт бүрдүүлж өгсөн. Энэ бол миний үүрэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Ч.Х гуай хууран мэхлэгдсэнээ нотлох үүрэгтэй. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйг онцлон тэмдэглэж хэлье. Нотлох баримт байхгүй боловч би бусдыг хуурч мэхлээгүй тул Ч.Х гуай түүний өмгөөлөгч нарт түүнийг нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газарт н.Байгалмаа гэх хүнд гомдол гарган өмгөөлөгч очсон байсан. Миний хувьд хууль бус зүйл хийгээгүй хуулийн хүрээнд ажиллагаа явагдсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан асуудлыг Л.Жавзмаа төлөөлөгч хэлсэн. Нэхэмжлэгч өөрөө Д.Гоос татгалзсан. Д.О шүүх хуралдаанд ирсэн тул тайлбар гаргах байх. Д.Оын тайлбараас үзэхэд С ХХК-тай холбоотой 6 жилийн дотор өмчлөлийг шилжүүлэх боломжгүй гэдэг талаар анх удаа сонсож байна. Манай өмчлөлд шилжээд байрыг зарж мөнгөө гаргаж ирээд зөрүү мөнгөө авна гэх хэлцэл яриа байхгүй. Хэрвээ тийм тохиролцоо хэлцэл хийсэн бол нотлох баримтын хүрээнд гаргаж өгөх үүрэгтэй. Тухайн үед байраа заръя гээд Д.Отой би нэг ч удаа уулзаж бидний хооронд ийм яриа болоогүй. Д.Оын ээж удаа дараагийн шүүх хуралдаанд ах, дүү нар хоорондоо хэрэлдэж муудалцаад энэ асуудлаас болж бөөн асуудал үүссэн учраас тухайн үеийн хэл ам, хэрүүл тэмцлийг намдаах зорилгоор тайвшруулах гээд ингэж хэлж байж магадгүй. Түүнээс биш Ч.Х гуайг 3 байртай гэдгийг би мэдэхгүй. Өөрсдөө байраа өгнө гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг өгсөн. Үүнийг өөрсдөө өгөөгүй бол улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй. Хуулийн дагуу үйл ажиллагааны үндсэн дээр танайх өмчлөх эрхээ шилжүүлснийг авсан. Би ажлаа хийсэн. Ажлаа хийхдээ хууль ёсоор хийсэн гэв.

 

6.Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1.С ХХК-аас Ц.Б бид хоёр хамтран зээлдэгчээр зээл авсан. Тухайн үед Ц.Бгийн нэр дээрх байрыг барьцаанд тавьж, би хамтрангаар 50.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн 50.000.000 төгрөгт хүү тооцогдож явсаар 90.000.000 төгрөг болсон. Манайх дахин төлөвлөлтөөр байранд орсон. Ингээд 132 дугаар байрнаас ээжийн нэр дээр 3 байр авсан. Тухайн үед шүүхийн шийдвэрийн эвлэрлээр Ц.Б бид хоёр миний хоёр өрөө байрыг зарж С ХХК-ийн 90.000.000 төгрөгийн өрийг даръя гэж харилцан тохиролцсон. Байр дөнгөж ашиглалтад ороод үл хөдлөх хөрөнгө дээр бүртгэгч байр 6 жилийн хугацаанд зарагдаж, нэр шилжүүлэх боломжгүй гэж хэлсэнд итгэсэн. Ингээд С ХХК руу нэр шилжүүлье, үлдсэн зөрүү мөнгөөр би Тэргүүн чансаа ХХК-аас дахиж байр авъя гэж ярилцаж тохиролцсон байсан. Би ээждээ ийм гаргалаа байна гэж хэлээд тухайн үед ах Д.Г т байрны тухай тайлбарлаж хэлээгүй худлаа ярьж, гарын үсэг зуруулсан. Ээждээ гүйцэт тайлбарлаагүй, байраа зараад дахиж байр авна гэж хэлж хуураад нэр шилжүүлсэн. С ХХК-тай би ярихдаа байрныхаа зөрүү мөнгийг авч байранд орно гэж ярьж тохирсон. Ээжийг байраа нэхэхэд нь удахгүй байраа зарах гээд зар тавьсан гэж худлаа яриад яваад байсан. Уг нь зөрүү мөнгөөрөө байрны урьдчилгаагаа хийгээд байр авна гэж С ХХК-тай тохиролцсон байсан. Ингээд С ХХК-д байраа зараад мөнгөө өгье гэхэд чиний байр 6 жил зарагдах боломжгүй юм чинь байраа шилжүүлчих. Шилжүүлж байж өр зээлийг хаагаад өгье гэж тохиролцсон. Ийм үйл явдал болсон. Миний хэлсэн тайлбарыг С.Б үгүйсгэж байна. Тухайн үеийн байрны ханш метр квадрат 2.500.000 төгрөг байсан учраас байраа 150.000.000-160.000.000 төгрөгийн байр гэж тооцоолсон. Ингээд би С.Б тэй зөрүү мөнгөө аваад байрны урьдчилгаа хийгээд байртай үлдье, та ч өрнөөсөө салж, Ц.Б ч чөлөөлөгдөнө гэж тохиролцож байрны нэрээ шилжүүлсэн. Би байраа заръя гэхэд байр чинь одоо зарагдахгүй. Тэргүүн чансаа ХХК байраа 6 жилийн хугацаанд зарах, банк бус санхүүгийн барьцаанд тавих эрхгүй шүү гэж бидэнд анх гэрчилгээ гаргаж өгсөн. Тухайн үед байрыг бэлэглэлийн журмаар ордерыг шилжүүлсэн. Ингээд С ХХК-ийн нэр дээр байрыг шилжүүлсний дараа Ц.Бгийн байрыг чөлөөлж, Ц.Б бид хоёр шүүхийн шийдвэрээс өр зээлгүй гээд төлбөрөө аваад СХХК бид хоёрын байрны зөрүү мөнгөний асуудал үлдсэн. Би ээждээ байр авна гэж худлаа хэлээд цаг хугацаа жаахан авсан. Энэ яриа яригдаж байх үед миний эхнэр хамт байсан, гэжээ.

 

7.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд:

 

8.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хорооны тодорхойлолт, тэтгэвэрийн дэвтэр, тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн иргэн Ч.Х ийн Б эмнэлэгийн дэвтэр

 

9.Хариуцагч С ХХК-ийн хариу тайлбар, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/0 дугаартай С ХХК-ийн албан бичиг, Ц.Б, Д.О, Ч.Х, Д.Г нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлт

 

10.Шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/0 дугаартай Шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, дуусгавар болгох тогтоолууд, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ш эмгэг судлалын дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1503 дугаартай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хариу хүргүүлэх тухай, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24/02 дугаартай Эрүүл мэндийн яамны дэргэдэх нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн хариу хүргүүлэх тухай, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Нүдний эмийн үзлэг дүгнэлтийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.Х нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Би байраа өгнө гэж гарын үсэг зураагүй. Тухайн үед нүд хараагүй уншиж танилцаагүй. С.Бээс мөнгө зээлээгүй. Надад өгөх өр байхгүй. Хүүгээ шоронд орно гээд байхаар тусалсан. Хуурч мэхлэгдэж төөрөгдсөн. Байраа өгмөөргүй байна. Мөнгө өгсөн хүнээс мөнгөө авах хэрэгтэй. Гомдолтой байна. Д.Гоо гэрчээр асуулгахаас татгалзсан түүнд хамааралгүй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч СХХК-ийн төлөөлөгч С.Б Би хэнийг ч хуурч мэхлээгүй. Хуулийн дагуу ажлаа хийсэн. Өмчлөгч нар өөрсдөө зөвшөөрч үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт шилжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй,

 

4.Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ж Нэхэмжлэгч шаардах эрхгүй өмчлөгч биш. Хариуцагчаа буруу тодорхойлсон. Ц.Б хариуцагч этгээд биш. Тухайн зээлийг Д.О өөрийн кино хийх үйл ажиллагаандаа зориулж аваад Ц.Бгийн байрыг барьцаанд тавьсан байснаа суллаж өгөөд өөрийн байраа шилжүүлж өгсөн. 2017 оноос хойш нэхэмжлэл гаргах хугацаа байсан гаргаагүй байдаг гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

5.Хариуцагч Д.О СХХК-аас Ц.Б бид хоёр хамтран зээлдэгчээр зээл авсан. Шүүхийн шийдвэрийн эвлэрлээр Ц.Б бид хоёр миний хоёр өрөө байрыг зарж С ХХК-ийн 90.000.000 төгрөгийн өрийг даръя гэж харилцан тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө дээр бүртгэгч байр 6 жилийн хугацаанд зарагдаж нэр шилжүүлэх боломжгүй гэж хэлсэнд итгэсэн. Ингээд С ХХК руу нэр шилжүүлье, үлдсэн зөрүү мөнгөөр би Тэргүүн чансаа ХХК-аас дахиж байр авъя гэж ярилцаж тохиролцсон. Ээжид хэлсэн. Ах Д.Гт хэлээгүй худлаа ярьж гарын үсэг зуруулсан. Ээжийг байраа зараад дахиж байр авна гэж хэлж хуурч нэр шилжүүлсэн. С ХХК-тай ярихдаа байрныхаа зөрүү мөнгийг авч байранд орно гэж ярьсан. Зөрүү мөнгөөр байрны урьдчилгаагаа хийгээд байр авна гэж С ХХК-тай тохиролцсон үйл явдал болсон. Тухайн үеийн байрны ханш метр квадрат 2.500.000 төгрөг байсан учраас байраа 150.000.000-160.000.000 төгрөгийн байр гэж тооцоолсон. Би С.Бт зөрүү мөнгөө аваад байрны урьдчилгаа хийгээд байртай үлдье, та ч өрнөөсөө салж, Ц.Б ч чөлөөлөгдөнө гэж тохиролцож байрны нэрээ шилжүүлсэн. Намайг байраа заръя гэхэд байр чинь одоо зарагдахгүй. Т ХХК байраа 6 жилийн хугацаанд зарах, банк бус санхүүгийн барьцаанд тавих эрхгүй шүү гэж бидэнд анх гэрчилгээ гаргаж өгсөн. Тухайн үед байрыг бэлэглэлийн журмаар ордерыг шилжүүлсэн. С ХХК-ийн нэр дээр байрыг шилжүүлсний дараа Ц.Бгийн байрыг чөлөөлж, Ц.Б бид хоёр шүүхийн шийдвэрээс өр зээлгүй гээд төлбөрөө аваад С ХХК бид хоёрын байрны зөрүү мөнгөний асуудал үлдсэн. Би ээжид худлаа хэлж хуурч мэхлэгдсэн. Өөрөө ч 6 жил байр зарагдахгүй гэхээр тайвширч төөрөгдсөн гэж маргаж байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, Б.Б нар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Анх өргөдөл гаргагч С ХХК, уригдагч тал Д.О, Ц.Б нартай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0  дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 97.564.045 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиодолд үүргийн гүйцэтгэлийг иргэн Ц.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 85 дугаар байрны 0 тоот, 38.3 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай орон сууцаар хангуулах өргөдлийн шаардлага гаргасныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай Эвлэрлийн гэрээ-гээр өргөдөл гаргагч өргөдлийн шаардлагаа 7.564.045 төгрөгөөр багасгаж, 90.000.000 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг уригдагч тал Д.О, Ц.Б нар харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн талуудын эвлэрлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/0 дугаартай Шүүгчийн захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн шийдвэрт тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2019/0 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж мөн өдрийн 102/ГХ2019/00 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

 

9.Дээрх шийдвэрүүдийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарч, 143 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.А-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарчээ.

 

10.Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-нд зааснаар Ч.Х, Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Нарны замын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 46.56 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний 90.000.000 төгрөгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлж, төлбөр авагчийн нэр дээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлж мөн төлбөрт орон сууцыг дүйцүүлж төлөхөөр байгуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

11.Иймээс Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд даалгавар гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

12.Зохигчдын хоорондох маргааны гол зүйл нэхэмжлэгч Ч.Х Төлбөр барагдуулах гэрээ-г ямар гэрээ болохыг мэдээгүй, нүд сайн харахгүй учраас уншиж танилцаагүй гарын үсгээ зурсан, хариуцагч СХХК-ийн төлөөлөгч С.Б нотариат дээр бид нар хамт очиж гарын үсгээ зурсан, нэхэмжлэгч байраа юунд тавьснаа мэдээд шилжүүлж өгсөн түүнээс хүнийг хэдэн ширхэг, ямар байртай гэдгийг би мэдэхгүй, хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж Ц.Б бол энэ хэргийн хариуцагч биш хариуцагч Д.О байрыг зараад зөрүү мөнгийг надад банк бус буцаан өгөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

13.Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч Д.О өөрийн хийж байгаа ажлын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хамтран зээлдэгчээр хариуцагчийн төлөөлөгч С.Бийг сайн мэдэх Ц.Бг оролцуулан зээл авч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 90.000.000 төгрөгийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэхэд хариуцагч Ц.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, ээж Ч.Х, ах Д.Г нарын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, төрийн эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухайд маргахгүй байна.

 

14.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Д.О хариуцагчийн төлөөлөгч С.Бтэй ярилцаад байрыг тухайн үеийн ханш 2.500.000 төгрөг орчим байгаад 150.000.000 гаруй төгрөг болох байсан, байр зарагдсаны дараа зээлийн 90.000.000 төгрөгийг суутгаж, үлдсэн мөнгөөр лизингийн байр худалдан авч урьдчилгаанд төлөхөөр тохиролцсон бичгийг нэг хувийг гараар бичиж С.Бт өгсөн ба улсын бүртгэгч таны байранд 6 жилдээ худалдах хөдөлгөөн хийгдэхгүй гэж тайлбарлаж хэлсэн. Ах Д.Г асуудлыг мэдэхгүй. Надад байрны зарагдсан илүү мөнгийг өгнө гэсний дагуу 2.000.000 төгрөгийг нэмж зээлж шилжүүлж авсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлож чадахгүй байна.

 

15.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий орон сууц хариуцагч С ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж улмаар өөр иргэдийн өмчлөлд шилжсэн талаар зохигчид маргахгүй байгаа тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

16.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Д.О нар ноцтой төөрөгдөж юу хийснээ ойлгоогүй, гэрээг нүдний хараанаас шалтгаалан уншиж чадаагүй, хүү Д.О шоронд явна гэж хэлэхэд байраа зөвшөөрсөн, хэлцэл хийх зорилгоор ээжийгээ хууран мэхэлсэн гэх тайлбар үндэслэлгүй болох нь Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай Иргэн Ч.Хийн одоогийн нүдний үзлэгийн өөрчлөлт болон эмчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэхэд ойрын харааны шилтэйгээр үг, үсгийг унших боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/0 дугаартай Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст талууд харилцан тохиролцсноор Ч.Х, Д.Г нарын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч С ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж хариу ирүүлэхийг мэдэгдсэн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.О, Ч.Х, Д.Г нар Төлбөр барагдуулах гэрээг С ББСБ ХХК-тай хийж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд С ББСБ ХХК-ийн өмчлөлд өөрийн хүсэл зоригоор шилжүүлж байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гэрчээр Д.Г-ыг оролцуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, гэрчид шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж түүнийг хэрэг хянан шийдвэрлэж оролцуулах шаардлагагүй гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

18.Хуульд зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хэн гаргасан түүнийг нэхэмжлэгч, хэнд холбогдуулж шаардлага тавьсан түүнийг хариуцагч гэж үздэг бөгөөд шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татаж болох бөгөөд энэ асуудал зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөл, хүсэлтээр гүйцэтгэгдэж мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа уг этгээдийн өөрийнхөн болон зохигчийн хүсэлтээр оролцож болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу талуудын хэн аль нь мөн Д.Г өөрөө маргаан бүхий асуудлыг мэдсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргаагүй болно.

 

19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.650 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Хийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК, Д.О, Ц.Б нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА