Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01552

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01552

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.О

Хариуцагч Х.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө.О, хариуцагч Х.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний бие нөхөр болох Х.Лтой 2010 онд танилцаад 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Л.Э төрсөн.

Х.Лийн өдөр бүр архи уудаг байдлаас болж хэрүүл маргаан үүсэж, хүүхэд өсөж том болоход нөлөөлж цаашид хамтран амьдрахад хүндрэлтэй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шийдврлэж өгнө үү, гэжээ.

 

4.Хариуцагч Х.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа учраас хэлэх тайлбар байхгүй гэжээ.

 

5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмжлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл

 

7.Хариуцагчаас иргэний үнэмжлэхний хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ө.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Хариуцагчийн архидалтаас болж зан харилцаа таарахгүй хэрүүл маргаан үүсэж, гэр бүлийн уур амьсгалд хүндрэл үүсэж, хүүхэд өсөхөд нөлөөлж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч Х.Л нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчид 2010 онд танилцаж хамтран амьдраад 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Л.Э төрсөн болох нь талуудын тайлбар, 0000747455-Г-2920 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, 0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Баянгол дүүргийн0 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Б Л.Э эрүүл өсөж бойжиж байгаа вакцинд хамрагдсан, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга Т.Ч 0тоотод Ө.О ам бүл-3 оршин суудаг, Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Г Л.Э 7-1 дүгээр ангид суралцдаг гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

6.Талуудын хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүсэж, хариуцагч гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байнгын архидан согтуурах нь бага насны хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

8.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

9.Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд маргаагүй тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин Л.Эг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Х.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулан охин Л.Эг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

11.Зохигчид эд хөхөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

14. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Б, Ө.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Л.Эг эх Ө.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Л.Эг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож эцэг Х.Лоос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.Лоос гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ө.От даалгасугай

 

7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА