| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0022/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч М.Досынбек (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жадык овогт Мөтөйгалийн Досынбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000140004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 47 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны 3 дугаар курсэд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 13 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД96121613 дугаартай, Жадык овогт Мөтөйгалийн Досынбек нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 24 цагаас 02 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Налайх” караокены үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Дамдинсүрэнгийн баруун гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Досынбек нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Досынбек нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр арван жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Налайх” караокегоор үйлчлүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тооцоогоо хийх гэтэл мөнгө дутсанаас болж хохирогч С.Дамдинсүрэнтэй маргалдаж байгаад биедаа авч явсан хутгаараа түүний баруун гуяны дотор тал руу нь хатгаж баруун гуянд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Досынбекийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Дамдинсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... тэгсэн гэнэт М.Досынбек над руу дайраад жижиг хутга гаргаад “манай хорооны ах нартай муудалцах болоогүй шүү” гэж хэлээд над руу дайраад миний баруун гуяны дотор тал руу хутгаар хатгасан, тэгэхээр нь би найзыгаа дуудаад “наадах чинь намайг хутгалчихлаа” гээд би М.Досынбекийг бариад авсан, хажууд байсан манай найз хутгыг авсан, тэгсэн чинь М.Досынбекийн хоёр найз нь ирээд аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Хэргийг аль болох хөнгөн шийдвэрлэж өгнө биз дээ, бид хоёрын хувьд хоорондоо эвлэрцгээсэн, ямар нэгэн санал, хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Шижирбаярын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... гаднаас М.Досынбек орж ирээд намайг “хоёулаа гаръя, тооцооны мөнгө авчих” гэхээр нь “за за” гээд ширээн дээр байсан мөнгөө аваад гарсан, тэгээд тооцоогоо хийсэн, тэгсэн гэнэт Дамдинсүрэн сонин болоод доошоо суугаад “намайг хутгалсан байна шүү дээ” гээд байсан чинь М.Досынбек замын цаанаа гарчихсан зогсож байсан. Тэгээд Ууган-Өлзий Дамдинсүрэнг харж үлдээд би замын цаана гараад М.Досынбектэй уулзаад “юу болсон юм бэ” гэсэн чинь “би Дамдинсүрэнг хутгалчихлаа” гэхээр нь “яаж байгаа юм бэ, та нар зүгээр байсан биз дээ” гэсэн чинь хариулахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ууган-Өлзийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “... тэгээд би караокед тооцоо хийгээд үлдсэн, тэд нар караокенээс гараад явцгаасан. Би тооцоо хийчихээд араас нь гартал М.Досынбек замын цаад талд ганцаараа алхаад явж байсан, харин Дамдинсүрэн “миний энд халуу оргиод байна” гээд зогсож байсан. Тэгэхээр нь хартал цус гоожчихсон байсан. Тэгээд М.Досынбекийн араас нь Шижирбаяр очоод хутгыг нь авах гэсэн чинь өгөхгүй уурлаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч О.Бямбадоржийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “... Тэгээд гадаа гарсан хойно тэр хоёр хоорондоо маргалдаж байсанаа барилцаад авахаар нь би гүйж очоод салгасан чинь Дамдинсүрэн “энэ намайг хутгалчихлаа” гэсэн, энэ үед Ууган-Өлзий Дамдинсүрэнг цаашаа аваад явахаар нь би М.Досынбек дээр очоод хутгыг нь авах гэсэн чинь “цаашаа бай” гээд уурлаад байхаар нь хутгатай юм чинь гээд ойртоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/37 тоот:
1. С.Дамдинсүрэнгийн
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч М.Досынбекийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “... С.Дамдинсүрэн бид хоёр караокены тооцооны мөнгөнөөс болж маргалдаж байгаад би нэг удаа гуянд нь хутгалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар тал/,
М.Досынбекийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/,
М.Досынбекийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/,
М.Досынбекийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47, 49-70 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Досынбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч М.Досынбек гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Дамдинсүрэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5.5 сантиметр урттай, мөнгөлөг өнгийн нугарч эвхэгддэг, жижиг түлхүүрний оосортой хутга 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтай эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жадык овогт Мөтөйгалийн Досынбекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Мөтөйгалийн Досынбект Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Досынбект оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Досынбек нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Досынбек нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Дамдинсүрэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5.5 сантиметр урттай, мөнгөлөг өнгийн нугарч эвхэгддэг, жижиг түлхүүрний оосортой хутга 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Досынбект урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ