| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2207003250012 |
| Дугаар | 2023/ДШМ/571 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/571
2023 05 30 2023/ДШМ/571
М.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
шүүгдэгч М.Ж-ы өмгөөлөгч Э.Н,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох .......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А-ийг 8 сартай жирэмсэн байхад нь буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, ................ тоотод байрлах гэртээ “цуг архи уусан найз чинь явчихлаа” гэх шалтгаанаар түүнийг ор руу шидэн, дээр нь гарч хоолойг нь боосон,
2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, ............ тоотод байрлах гэртээ хардалтын улмаас маргалдаж нүүр рүү 1 удаа алгадсан,
2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ........... дүүргийн ....... дугаар хороо, ........... тоотод байрлах гэртээ түүний гар утсыг нь булааж авах зорилгоор гарыг нь мушгин газар унагаасан,
2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ........... дүүргийн ....... дүгээр хороо, ................ тоотод машины шил хагаллаа гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унагаах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ж-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг ........ аймгийн ........... сумын хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ...... аймгийн ......... сумын .......... оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 нэг жилийн хугацаагаар хүлээлгэж, шүүгдэгч М.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ж давж заалдах гомдолдоо: “...аймаг дахь ажил нь хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаас болж зогссон ба миний бие ........... аймагт ажиллаж амьдрахаа больж Улаанбаатар хотын .......... дүүргийн ..... дугаар хороо ........ тоотод ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд ..... дүүрэг ......дугаар хороололд барилгын ажил хийж байна. Миний бие нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй бөгөөд миний бие 1 настай хүүхэдтэй, эхнэр маань одоо 4 сартай жирэмсэн, өндөр настай эхийн хамт амьдардаг, миний бие ганцаараа барилгын ажил хийж амьдралаа залгуулдаг зэрэг дээрх нөхцөл байдал болон ар гэрийн минь амьдрал болон хувийн нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгон багасаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Ж-ы өмгөөлөгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан үздэг. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэх боловч нөгөө талаараа цээрлэл болох ёстой тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Ж-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А-ийг 8 сартай жирэмсэн байхад нь буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн ..... дугаар хороо, .............. тоотод байрлах гэртээ “цуг архи уусан найз чинь явчихлаа” гэх шалтгаанаар түүнийг ор руу шидэн, дээр нь гарч хоолойг нь боосон,
2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ........... дүүргийн ..... дугаар хороо, .......... тоотод байрлах гэртээ хардалтын улмаас маргалдаж нүүр рүү 1 удаа алгадсан,
2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ........ дүүргийн ........ дугаар хороо, ................. тоотод байрлах гэртээ түүний гар утсыг нь булааж авах зорилгоор гарыг нь мушгин газар унагаасан,
2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр .......... дүүргийн ......... дүгээр хороо, ............. тоотод машины шил хагаллаа гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унагаах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.А-ийн “...2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай найзтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар найз манайхаас явахад надад уурлаж намайг ор луу шидэж унагаагаад дээр гарч хоолойноос боож заамдсан. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бид хоёр хардалтын улмаас хэрэлдэн маргалдахад над руу уурлаж нүүр рүү 1 удаа алгадсан. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М.Ж-аас “чи манай найз Б-тэй харьцаад байгаа юм уу” гээд гар утас булааж авахаар гар мушгиад намайг газар унагаагаад утсыг аваад гэрээс явсан. Тэгээд 05 цагийн алдад Б-г дагуулж орж ирээд түүний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ээж рүү залгаж дуудсан ээж, аав хоёр удалгүй ирээд М.Ж-ыг загнаад хүү бид хоёрыг аваад явсан. 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай аав ээжийн гэрт байж байсан чинь хардалтын улмаас уурласан чинь М.Ж гэрээс гарч яваад А маркийн тээврийн хэрэгслээ унаад явах гэж байхаар нь би түүнийг зугтаалгахгүй гээд машиныхаа урд салхины шилийг нь газраас чулуу аваад шидээд хагалчихсан. Тэгсэн М.Ж салхины шил хагаллаа гээд уурлаад миний үснээс зулгаагаад угзраад газар унагаачихаад яваад өгсөн. Тухайн үед манай төрсөн эгч намайг салгахаар очиход манай эгчийн биед бас халдаж цохиж зодсон. Одоо бид хоёр ...... дүүрэгт байрлах М.Ж-ы ээжийнх нь гэрт амьдарч байгаа. Бид хоёр хоорондоо эвлэрчихсэн байгаа. ...” /хх 23-24, 26/,
гэрч Д.Б-ийн “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өглөөний 4, 5 цагийн үед манай охин Б.А над руу залгахад утасных нь цаанаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэлдэж байгаа чимээ сонсогдсон. Ингээд охиндоо санаа зовоод би тэр даруйдаа ....дүүргийн .... дугаар хороо ............... тоотод очиход тэр хэдийн хэрүүл маргаан дууссан бололтой бүгд л чимээгүй байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад “М.Ж манай найзтай надаас нууцаар уулздаг байсан байна. Би үүнийг мэдээд бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан” гэж хэлсэн. Тэгээд охиноо хүүхдийн хамт гэртээ авч ирсэн. 2022 оны 9 сарын эхээр эвлэрээд нэг хэсэг манайд амьдрах болсон. Тэгтэл 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.А, М.Ж-ыг өөртөө нь муудалцсан байх хугацаанд бас өөр нэг найзтай нь уулздаг байсныг олж мэдээд хардаж, хоорондоо хэрэлдэж муудалцсан асуудал болсон. Тухайн үед би гэртээ байгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр намайг очиход Б.А-ийн гарын шуу хөхөрчихсөн байсан, үүнийг нь өөрөөс нь асуухад надад М.Ж миний гараас утас булааж авах гэж байгаад ингэчихсэн гэж хэлж байсан. ...” /хх 34-38/,
гэрч К.Б-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ унтаж байтал дүү А орж ирээд орилоод уйлаад байсан. Сэрээд юу болсон, яасан гэсэн чинь М.Ж, Б.А-ийн найзтай явалдаж байсныг мэдээд хэрэлдсэн байсан. Б.А нэлээн уурлаад бухимдаад гэр рүүгээ ороод М.Ж-тай хэрэлдээд байсан. Би араас нь яваад орсон чинь М.Ж гутлын тавиур аваад Б.А рүү шидэх гэж байсан тул би болиулаад дүүгээ аваад гарсан. Б.А гэрээс гараад чулуу аваад М.Ж-ы машины шилийг хагалсан. М.Ж аймар уурлаад Б.А-ийг өргөж аваад хоёр тийшээ савчуулаад шидсэн. Тэгэхээр нь гүйж очоод дүүгээ өмөөрсөн чинь М.Ж намайг үсдэж аваад чирээд, гэдэс рүү өшиглөсөн. ...” /хх 45-46/ гэх мэдүүлгүүд,
“...Б.А-ийн биед баруун зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйх, баруун бугуйн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 392 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 61-62/,
НАД ЦХ, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 20/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 88-101/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, шүүгдэгч М.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
Шүүгдэгч М.Ж-ы “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгон багасаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял багасгах талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж ....... дүүрэгт оршин суудаг талаар мэдүүлсэн байхад шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг ...... аймгийн ........ хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж тогтоосон нь буруу байх тул М.Ж-ы оршин суух /хх 222/ ........ дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоож, шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч М.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын ...... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ