| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0080/З |
| Дугаар | 128/ШШ2024/0759 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.*******сүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.*******
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э.*******
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.*******,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.******* нарын хооронд үүссэн зуслангийн орц гарц, чөлөөлөхийг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын тухайд:
1.1.Нэхэмжлэгч Ч.******* нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах”-аар,
1.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.******* нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Э.*******ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.*******эд холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгах”-аар тус тус маргасан.
1.3.Ч.*******ийн зуслангийн орц, гарц гаргах тухай гомдолд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны , дүгээр захирамжийн дагуу “Нийслэлийн ногоон бүс /зуслан/-гийн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажил хийгдэж байна. Таны асуудлыг тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын хүрээнд шийдвэрлэн ажиллах болно” гэх хариуг хүргүүлсэн.
1.4.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Э.*******эд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.
1.5.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлд шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/0053 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлд шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/0216 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2024/0530 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр: Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ч.******* миний эзэмшдэг зуслангийн газрын хойд талаар 1995-2008 онд уулын бэлээр машинаар явах гарцтай байсан, 2008-2016 онд манай хойд, баруун хойд талд газар олгох, хашаа барих замаар манай гарцыг бүрэн хаасан.
2016 онд Нийслэлийн газрын албанаас зуслангийн газрын орц, гарц гаргах компанит ажлын үед хүсэлт гаргасны дагуу манай урд талын 2 айлыг дамнасан автомашины гарцыг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулсан. Үүний дагуу 2016 онд өөрийн нэр дээрх газрын кадастрт орц, гарцны өөрчлөлт оруулж 2016-2031 онд газар эзэмших гэрчилгээгээ шинээр бүртгүүлсэн.
2019-2022 онд хамгийн урд Э.*******ийнд хүмүүс хааяа ирсэн үед тэр айлын зүүн булангаар гарц гаргах тухай хэд хэдэн удаа амаар хэлж тайлбарласан, 2019 онд Чингэлтэй дүүргийн газрын алба нь Э.*******ийн нэр дээр 2019 онд тухайн газрыг шилжүүлэхдээ 2016 онд нийслэлийн газрын ерөнхий төлөвлөгөөнд орсон 2.8м орчим өргөнтэй орц гарцны зурвасыг чөлөөлөлгүйгээр өмнөх эзэмшигчийн гэрчилгээн дээрх 700 м.кв талбайд өөрчлөлт оруулалгүйгээр шилжүүлсэн. egazar.gov.mn-ээс үзвэл орц гарцыг хассан талбай нь 647м.кв байна.
2022 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулах албанаас манай болон урд айлын хүсэлтээр орц, гарц гаргах ажлыг хэрэгжүүлнэ гэсэн мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18-654 тоотоор ирүүлсэн.
2023 оны 06 дугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулах албанаас орц, гарцын газрыг 2023 оны 07 дугаар сарын 13-ны дотор чөлөөлөх мэдэгдлийг Э.*******эд хүргүүлсэн. 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд зуслангийн газрын орц, гарц гаргах шийдвэрээ хэрэгжүүлэх хүсэлтийг өгөхөд манай амны айлуудын орц, гарцыг төлөвлөж байгаа гэсэн хариу ирсэнийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын албанд гаргахад 2023 оны 12 сард Чингэлтэй дүүргийн газрын албанаас 2023 оны 11 сард таны хүсэлтийн хариуг өгсөн гэсэн хариу ирүүлсэн.
Манай урд хөрш мөн орц гарцгүй бөгөөд манайхыг өөрийн газраар урагшаа орж, гарахыг зөвшөөрсөн төдийгүй сүүлийн 5 жил манайхтай хамт орц, гарцаа гаргуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан.
2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд хамаарах орц, гарц гаргахтай холбоотой газар чөлөөлөх захирамж, шийдвэр, мэдэгдэл.
Чингэлтэй дүүргийн газар, зохион байгуулалтын алба нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн дагуу газар чөлөөлж орц, гарц гаргах тухай 2022 оны 09 дүгээр сарын мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын газар чөлөөлөх өөрийн мэдэгдлийн дагуу авах арга хэмжээг хэрэгжүүлээгүй орхисон. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нь урд хөрш Э.*******эд 700 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээг 2019 онд нэр шилжүүлж олгохдоо нийслэлийн ерөнхий төлөвлөгөө буюу кадастрын дагуу манай 2 айлын орц, гарцыг (2.8 метр орчим зурвас үлдээж) хасаагүй учраас 2.8 метр өргөн орц гарцын зурвас чөлөөлөх боломжгүй болсон. egazar.gov.mn дээрх газрын зургаас харвал Э.*******ийн нэр дээрх газрын орц, гарц чөлөөлсөн талбай нь 600 гаруй м.кв байхаар байна. Мөн гэрчилгээг олгохдоо дараах хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн. Үүнд:
“Газар ашиглах гэрчилгээ олгох эрхийн журам”-ийн 1.2 дугаар зүйлд заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн байх, байршлын хувьд давхцалгүй байх зарчмуудыг зөрчсөн.
Э.*******эд олгосон гэрчилгээ буюу тухайн захиргааны акт, гэрээ нь хууль бус буюу илэрхий алдаатай, сөрөг үр дагавартай. Мөн нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан кадастрийн зургийг баримтлаагүй. Нийслэлийн Засаг даргын батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоосон байхад 2016 оноос үйлчилж байгаа манай 2 айлын орц гарцтай кадастрыг зөрчсөн.
Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нь “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах” ажлыг 2016 оноос хойш зохион байгуулаагүй.
Урд хөрш Э.*******эд эзэмшүүлж буй газраас ерөнхий төлөвлөгөөнд буюу газрын кадастрт орсон орц, гарцын газрыг бүрэн хасаж гэрчилгээ олгоогүй. Э.*******эд олгосон гэрчилгээ, газар ашиглуулах гэрээ, акт нь утга агуулгын алдаатай болоход хүргэж байна.
Э.*******эд олгосон гэрчилгээ буюу тухайн захиргааны акт, гэрээ нь утга агуулгын алдаатай. Гэрчилгээн дээрх талбай нь кадастр дээрх орц гарцтай давхцсан. Бусдын эрх ашиг болон нийтийн сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулж өгнө үү” гэв.
2.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гуравдагч этгээд өөрсдийнх нь зөвшөөрлийг авах ёстой байсан гээд байна. 2013, 2014, 2015 онуудад өв залгамжлагч нь тодорхойгүй байсан. Та нар эзэмшигч биш. 2019 онд гэнэт гарч ирээд хууль бусаар гэрчилгээ, захирамж гарч зөрүүтэй газар эзэмшсэн. Иргэд хоорондоо тохиролцоод орц, гарц гаргах эрхтэй байдаг. Орц, гарц гаргахад дүүргийн Засаг даргын захирамж заавал хэрэгтэй биш. Бид тухайн үед хоорондоо тохиролцоод орц, гарц гаргасан. Тэр үед гуравдагч этгээдийн газар эзэмшигч тодорхойгүй байсан тул зөвшөөрөл авах боломжгүй байсан. Манай кадастр хаагуур нь ч гарцгүй, уулаараа тойрч л орох боломжтой. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бол хорооллын дундах замын төлөвлөгөө болохоос биш орц, гарцын төлөвлөгөө биш. Орц гарц бол тусдаа өөр аргаар шийдвэрлэгдэж байгаа. Гуравдагч этгээд хууль бус зөрчилтэй баримт бичгүүд гаргаж өгөөд байна. Бидний эрх ашгийг хүндлэх хэрэгтэй. Гэрчилгээ, захирамж зөрүүтэй байж хууль ёсны эзэмшигч мэт яваад байна. Гуравдагч этгээд шаардлагаа анх 2019 онд гаргаж шүүхэд хандах ёстой байсан. Маш олон жиш хөрш айлуудаа хохироосон. Та нар хэн нэг хүний зохиосон хуулийн зүйл заалтаар бид нарыг ялгахгүй. Дараа дараагийн шатын шүүх дээр таарна. Гуравдагч этгээдтэй холбоотой дараа дараагийн нэхэмжлэлүүд очно. Уг газар дээр байшин бариулахгүй, зам тавиулах болно” гэв.
Гурав: Хариу тайлбар, татгалзал:
3.1.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* зусланд дүүргийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлж авсан Э.*******эд Б.ад эзэмшүүлсэн 700 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
Мөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжаар Ч.*******ийн одоо эзэмшиж байгаа газарт анх 2005 оны 121 дүгээр захирамжаар Ш.д 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын кадастрын системд Ч.*******ийн орц гарц баруун болон урд талаас орох боломжтой байна.
Манайхаас гуравдагч этгээд Э.*******эд 2019 онд өв залгамжлалаар нэр шилжүүлсэн байдаг юм байна лээ. Тухайн үед мэдээллийн сангийн зураг 647 м.кв байсан. Зуслангийн орц гарцын асуудал маш хэцүү байдаг. Орц гарцыг хаасан бол бусад хүмүүс орж гарахад хүндрэлтэй. Шаардлагатай тохиолдолд орц гарц хаасан айлын газрыг хасаад эсвэл тохиролцоод ч хамаагүй орц гарц гаргаж байгаа. Тиймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:
4.1.Гуравдагч этгээд Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөлөөс зөрүүтэй байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* хаягт байрлах газрыг Э.*******ийн эцэг Б. 1995 оноос эхлэн холбогдох хууль, журмын дагуу эзэмшин, уг газар дээр 1996-1997 онд хувийн сууц барин амьдарч байгаад 2010 онд нас барсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн дагуу дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ нь өв залгамжлалаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхтэйгээр шилжин, дугаар гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Э.*******эд холбогдох хууль журмын дагуу олгосон байдаг.
Ийнхүү эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх шилжсэн тул гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хууль бус байна. Мөн зуслангийн газрын орц, гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах шаардлага нь ямар шийдвэр, захирамжийг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч газрын орц, гарц гаргахаар хүсэлт гаргаж буй тухайн газарт байгаа байшин, 20 орчим мод, бохирын цооног байдаг тул боломжгүй юм.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичигт "Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******ын зусланд дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлж авсан иргэн Э.*******ийн 700 м.кв газрыг анх дүүргийн 2002 оны 274 дүгээр захирамжаар 700 м.кв-аар Б.ад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон" гэж дурдсан байгаа нь Э.*******ийн нэр дээр дугаар гэрчилгээ хууль, журмын дагуу олгогдсоныг нотолж байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/0216 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн A/140 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэвч дээрх нотлох баримт нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагад хамаарахааргүй байна.
Тухайлбал, эзэмших эрхийн гэрчилгээ 2019 онд олгогдсон байхад 128/ШЗ2024/0216 дугаар захирамж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Мөн дээрх захирамжаар нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа гараа дур мэдэн нэмэгдүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байдаг тул эрх бүхий этгээдийн олгогдсон миний гэрчилгээний эзэмших эрхэд огт хамааралгүй юм.
Чингэлтэй дүүргийн газрын албанаас Засаг даргын 2019 оны A/ дугаар захирамжаар дугаар гэрчилгээ Э.*******эд олгосон нь Ч.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
2.Э.*******ийн эзэмшлийн газарт орц, гарц гаргасан талаар эрх бүхий байгууллагаас огт мэдэгдэж байгаагүй, мөн хуульд заасны дагуу ямар ч тайлбарыг авч байгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 дахь заалтыг зөрчиж байна. /Орц гарц гаргасан шийдвэр огт байхгүй байдаг тул дээрх ажиллагаа хийгдээгүй байх./
3.Чингэлтэй дүүргийн Газрын албанаас өв залгамжлалын үндсэн дээр дугаар гэрчилгээ олгосон атал энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу иргэн Ч.******* нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1, 54.1.5 дахь заалтыг зөрчсөн байна.
Иймд иргэн Ч.*******ийн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас Э.*******эд олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох, зуслангийн газрын орц, гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Орц гарц байсан үүнийг хашаа сунгаад хаасан, анхнаасаа 745 м.кв газрыг хашаалсан гэж яриад байна. Бид газар дээрээ 30 гаруй жил амьдарч байгаа. Тухайн хашаа нэг ч удаа хөдлөөгүй. Бид эргэлзээд эрх бүхий байгууллагаар 05 дугаар сарын 21-ний өдөр хэмжилт хийлгэхэд 699 м.кв байна гэсэн. Бид яагаад 1 м.кв газар зөрчив гэтэл хэмжилтийн асуудал байгаа байх гэсэн тайлбар өгч байсан. Газрын алба манай газрыг яагаад өөр өөрөөр хэлээд байна. Өмнөх 645 м.кв гэж хэмжсэн газар бол баталгаажсан биш хувийн байгууллага хэмжилт хийж байсан. Сүүлд хийсэн 699 м.кв газар бол яг баталгаажсан хэмжилт байгаа. Манайх нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаад байгаа асуудал огт байхгүй. Захиргааны акт гаргадаг процессууд байдаг. Уг процессын нэг л зүйл алдагдах юм бол гаргасан шийдвэр хүчингүй болгодог. Газрын албанд захиргааны акт алга. Актыг хүчингүй болгуулах шаардлага алга. Үнэндээ газрын албаны ямар ч шийдвэргүй системд өөрчлөлт оруулсан хариуцлагагүй үйлдэл байгаа.”
Тав: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэл:
5.1. Гуравдагч этгээд Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
“Э.*******ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.*******эд холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгуулах” бие даасан шаардлага гаргасан.
Э.******* нь өөрийн аавын нэр дээр байсан газрыг өв залгамжлалын журмаар шилжүүлэн авсан. Ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ анх эзэмшсэн газрын хэмжээгээр буюу 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар Э.*******эд шилжүүлэн эзэмшүүлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр газрын хэмжээг багасгаж, газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зураг үйлдэж өгсөн байна.
Э.******* нь энэхүү хууль бус үйлдлийн талаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж гомдол гаргасан боловч асуудлыг шалган шийдвэрлэлгүйгээр зөвхөн шүүхийн маргаантай гэж шалтаглан, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр доод шатны байгууллагын хууль бус үндэслэлгүй үйлдлийг хаацайлж байна. Нэхэмжлэгч Ч.******* нь манай эзэмшил газрын зарим хэсгийг өөрийн газарт орж гарах орц гарц гаргуулахаар санаархаж байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд манай эзэмшил газрын хэмжээг зарим нэгэн албан тушаалтнуудтай үгсэх замаар зориудаар урьдаас хэмжээг өөрчлүүлэн гаргуулсан байж болзошгүй байна.
Газрын кадастрын зурагт эрх бүхий этгээдийн шийдвэрээс өөрөөр зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийлгэсэн эрх бүхий албан тушаалтныг зохих журмын дагуу шалгуулах болно. Иймд бие даасан шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5.2. Нэхэмжлэгч Ч.******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:
“...Гуравдагч талд хамаарах газрын сүүлчийн эзэмшигч 2010 онд нас барсан бөгөөд тухайн газарт холбогдох газар эзэмшүүлэх захирамжийг 2019 онд түүний хүү Э.*******эд шилжүүлэх захирамж гарсан байдаг. Тухайн захирамжид өмнөх эзэмшигчийн гэрээнд заасан 700м.кв газрын хэмжээг кадастрын нэгдмэл газрын санд өөрчлөлт орсон 647м.кв болгож залруулаагүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.
Гуравдагч этгээдэд хамаарах газар нь өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл эзэмшигчгүй байна. Э.******* нь Газрын хууль, Кадастрын хууль болон Иргэний хуулийг зөрчиж Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулах албатай хууль ёсны газар эзэмшлийн гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Э.*******эд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бие даасан хүсэлт гаргах эрх зүйн үндэслэлгүй байна. Тухайн иргэн нь өв залгамжлагчийн хувьд тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй боловч тухайн газрын хувь ёсны эзэмшигч биш. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2010 оноос өнөөдрийг хүртэл дээрх иргэдтэй газар эзэмшүүлэх гэрээний харилцаагүй байгаа бөгөөд газар өмчлөгчийн хувьд эдгээр иргэдийн өмнө хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлгүй байна. Н.******* нь тухайн газрын өвлөн эзэмших эрхтэй байгаа бөгөөд харин эзэмших нөхцөл шаардлагыг Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тулгах эрхгүй билээ. Тухайн иргэн нь өөрийн эзэмшлийн бус тухайн газрыг 2021-2022 оны үед 60 сая төгрөгөөр хууль бусаар зарахыг санаархаж зар гаргасан нь хууран мэхлэх, залилангийн шинжтэй хууль бус үйлдэл мөн.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан зуслангийн 26 амны иргэдийн газрыг хувьчлах тогтоолыг хэрэгжүүлэх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/ дүгээр захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаж хүсэлт ирүүлсэн тодорхой иргэдийн газарт орц гарц гаргах, зөрчлийг арилгах улмаар иргэдэд эрх тэгш боломж олгож газраа хувьчлалыг дэмжсэн эрчимжүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөт ажлуудын хүрээнд тус газар дээрх орц гарц хийгдсэн байдаг. Тус орц гарцыг албажуулахад Ч.******* болон орц гарц гаргах хүсэлтэй урд хөрш харилцан тохиролцож нотариатаар баталгаажсан кадастрын зургийн төслийн дагуу тус орц гарц газрын санд орж нотариатаар албажсан байдаг. Үүнд: гуравдагч талын газрын эзэмшигч тодорхойгүй байсан бөгөөд /эзэмшигч нь нас бараад 4 жил болсон өв залгамжлагч нь тодорхойгүй, тухайн газарт хүн амьдраагүй олон жил болсон/ нийслэлийн зүгээс өөрийн өмчийн газарт орц гарц хийж хуулийн дагуу хэмжээнд нь өөрчлөлт оруулсан.
Орц гарц гаргах асуудал нь тухайн үед иргэн Э.******* болон 2010 онд нас барсан өмнөх эзэмшигчид хууль зүйн хамааралгүй юм. Нийслэл газрын хууль тогтоомжийн хүрээнд өөрийн өмчийн газрын хэмжээнд Засаг даргын захирамжийн дагуу өөрчлөлт оруулж, 2-3 айлын орц гарцын асуудлыг шийдэж, 2016 онд тухайн иргэд газраа өмчилж авах хууль ёсны эрх ашигт нийцсэн арга хэмжээ хэрэгжүүлсэн.
Тухайн газрыг эзэмших хууль ёсны баримт бичиггүй иргэн Э.*******эд манай 2 айлын орц гарц гаргах ажлыг сүүлийн 5 жил зогсоож саад хийж ирсэн. Иргэн Э.******* нь Чингэлтэй дүүргийн татварын албаны удирдах ажилтнаар ажилладаг. Тухайн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах замаар орц гарцгүй байгаа 2-3 айлын эрх энэ хугацаанд ноцтой зөрчиж ирлээ.
Хуралдаан үндсэндээ 7 сар үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд дээрх иргэн ямар эрх үүрэгтэй шүүх хуралдаанд оролцож байгаа нь тодорхойгүй байна. Тухайн иргэний өв залгамжлан газар эзэмших эрх нь хүчинтэй байгаа бөгөөд нийслэлийн эзэмшлийн тухайн газрыг 14 жилийн өмнөх өмнөх эзэмшигчийн нөхцөлөөр эзэмших шаардлагыг холбогдох хууль тогтоомжийг зөрчин Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тавих, давуу эрх эдлэх эрх зүйн үндэслэлгүй билээ.” гэжээ.
5.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Зуслангийн орц, гарц чөлөөлөхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд мэдээллийн сангийн зураг дээр орц, гарц гарсан мэт харагдаж байна. Гэтэл хажуу талаас нь хасаад урагш нь сунгаад 700 м.кв болгоё гэж яриад байх юм. Бодит нөхцөл байдал дээр гуравдагч этгээдийн хасах гээд байгаа хэсэг дээр бохирын нүх болон тарьсан моднууд байгаа. 700 м.кв газрыг 647 м.кв болгосон талаар хуулийн байгууллагад хандаад шийдвэрлүүлж болдог, энэ хэсэг газрыг мэдээллийн сангаас хэн устгасан гэдэг нь гараад ирдэг. Засаг даргын захирамж 700 м.кв гарсаар байхад хууль бусаар 647 м.кв болгоод нэхэмжлэгч Ч.*******ийн хүсэлд нийцүүлээд орц гарц гаргаад мэдээллийн санд бүртгэсэн. Нэхэмжлэгч орц гарцыг хаасан гэж яриад байна. 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн тайлбар байгаа. Үүн дээр нь 1995 оноос газрын хойд талаар уулаар орц гарцтай байсан гэдэг тайлбар байгаа. 2008 онд газар олголт хийгээд гарцыг бүрэн хаасан гэж яриад байгаа. Гэтэл одоо нэхэмжлэгч урагшаа орц, гарц гаргуулах гээд урд хөрш Одонтунгалаг гэдэг хүнтэй тохиролцсон гэж байна. Э.*******тэй тохиролцож чадахгүй болохоороо Газрын албаар дамжуулан мэдээллийн сан дахь зургийг өөрчлүүлээд шүүхийн шийдвэр гаргуулах гээд байна. Хариуцагчийн орц, гарц гаргасан гэж байгаа болон орц, гарц гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна.
2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага дэмжиж байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасан.
Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана гэж заасан байна.
Э.*******ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.Билэгтэд холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан байгаа. Э.******* нь өөрийн эцгийн нэр дээр байсан газрыг өөрийн нэр дээр өв залгамжлалын журмаар шилжүүлэн авсан.
Ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ анх эзэмшсэн газрын хэмжээгээр буюу 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар Э.*******эд шилжүүлэн эзэмшүүлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр газрын хэмжээг багасгаж, газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зураг үйлдэж өгсөн байна.
Э.******* нь энэхүү хууль бус үйлдлийн талаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж гомдол гаргасан боловч асуудлыг шалган шийдвэрлэлгүйгээр зөвхөн шүүхийн маргаантай гэж шалтаглан, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр доод шатны байгууллагын хууль бус үндэслэлгүй үйлдлийг хаацайлж байна. Нэхэмжлэгч Ч.******* нь манай эзэмшил газрын зарим хэсгийг өөрийн газарт орж гарах орц гарц гаргуулахаар санаархаж байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд манай эзэмшил газрын хэмжээг зарим нэгэн албан тушаалтнуудтай үгсэх замаар зориудаар урьдаас хэмжээг өөрчлүүлэн гаргуулсан байж болзошгүй байна. Газрын кадастрын зурагт эрх бүхий этгээдийн шийдвэрээс өөрөөр зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийлгэсэн эрх бүхий албан тушаалтныг зохих журмын дагуу шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно. Иймд бие даасан шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. “Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
2.1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр захирамжаар тус дүүргийн ******* зусланд байрлах 400 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг Ш.д олгож, мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/206 дугаар захирамжаар уг газрыг 448 м.кв хэмжээтэйгээр Ч.*******т эзэмшүүлжээ.
2.4.Мөн дүүргийн Засаг даргын 2002 оны 274 дүгээр захирамжаар ******* зусланд байрлах 700 м.кв газрыг Б.ад эзэмшүүлж, тус дүүргийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.
2.5.Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.ийн олгосон 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 55 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр “...Б. нь 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан учир ... өвлүүлэгчийн төрсөн хүү ... Э.*******эд 700 м.кв газрын эзэмших эрх...”-ийг олгосон. /1х.х-148/
2.2.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/ дүгээр захирамжаар хүсэлт ирүүлсэн тодорхой иргэдийн газарт орц гарц гаргах, зөрчлийг арилгах улмаар иргэдэд эрх тэгш боломж олгож газар зохион байгуулалтын төлөвлөгөөт ажлуудын хүрээнд тус газар дээрх орц гарц хийгдсэн. Тус орц гарцыг албажуулахад Ч.******* болон орц гарц гаргах хүсэлтэй урд хөрш харилцан тохиролцож нотариатаар баталгаажсан кадастрын зургийн төслийн дагуу тус орц гарц газрын санд орж албажсан” гэх тайлбарыг өгсөн.
2.3.Гэтэл дээрх А/ дүгээр захирамжаар “...зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх ажилд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах ажлыг сайжруулах...” талаар зохицуулсан бөгөөд Ч.*******ийн орц, гарцыг шийдвэрлээгүй байна.
2.4.Түүнчлэн нэхэмжлэгчээс “Орц гарц гаргах асуудал нь тухайн үед иргэн Э.******* болон 2010 онд нас барсан өмнөх эзэмшигчид хууль зүйн хамааралгүй.” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Б. болон түүний эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлэн авсан Э.******* нь 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч учраас энэхүү газрын зарим хэсгээр орц гарц гаргахдаа газар эзэмшигчээс зайлшгүй зөвшөөрөл авах ёстой.
2.5.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр гуравдагч этгээд Э.*******ийн эзэмшил газар нь зуны байшин бүхий хашаа, түүний дотор орц гарц гаргасан гэх хэсэгт мод тарьсан, бохирын цооног байрлаж байв.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэж заасан бөгөөд Э.*******ийн эзэмшил газарт орц гарц гаргах талаар тохиролцоогүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Э.*******эд газрын хэмжээг багасгасан захирамж гараагүй байна.
2.6.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/1083 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Э.*******ийн 700 м.кв-аар Б.ад эзэмшүүлсний дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Ч.*******ийн одоо эзэмшиж байгаа газрын баруун талаар орц гарцыг төлөвлөсөн” гэсэн баримтуудаас үзэхэд Э.*******ийн эзэмшил газраар орц гарц гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2.7.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох бөгөөд энэ тохиолдолд 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж заасан тул Э.*******ийн эзэмшил газрын зарим хэсгийг орц гарц болгосон шийдвэр гараагүй тул түүнийг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
2.7.Иймд нэхэмжлэгч Ч.*******ийн “Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.“Э.*******ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.Билэгтэд холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгуулах” гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд.
3.1.Э.******* нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар өөрийн эцэг Б.ын эзэмшлийн 700 м.кв газрыг шилжүүлэн авсан.
3.2.Дээрх өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар 700 м.кв газрыг Э.*******эд эзэмшүүлсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 647 м.кв болгон багасгаж бичсэн байна. /1х.х-128/
3.3.Э.******* дээрх захирамжаар олгосон газрын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн, мэдээллийн санд эзэмшил газрын зарим хэсгийг ямар шийдвэрээр орц, гарц болгосон талаар Чингэлтэй дүүргийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр орц гарцын газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч гомдлыг тус тус гаргасан.
3.4.Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/1187 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд Э.*******ийн эзэмшил газрын талаар “ ... 2006 онд ... 745 м.кв талбайтайгаар, ... 2019 онд 647 м.кв талбайтайгаар Э.*******ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдсэн...” /1х.х-199/ гэжээ.
3.5.Шүүхээс Ч.*******ийн эзэмшил газрын орц, гарцыг Э.*******ийн эзэмшил газраас ямар шийдвэрээр хэрхэн хассан талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-11/42 дугаар албан бичгээр “... орц гарц хэрхэн төлөвлөгдсөн талаарх баримтыг ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж авна уу” /1х.х-224/ гэж,
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Ч.*******т “... зуслангийн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийгдэж байна. Таны асуудлыг энэ ажлын хүрээнд шийдвэрлэх болно.” /1х.х-16/,
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-08/1996 дугаар албан бичгээр Ч.*******т зуслангийн ерөнхий төлөвлөгөөний зургийг хүргүүлсэн” нь /1х.х-157/ орц гарц гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эдгээр баримтаас үзэхэд Э.*******ийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрын хэмжээг багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, газрын кадастрын нэгдсэн санд бүртгэсэн нь тогтоогдож байна.
3.6.Ийнхүү Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ анх Б.ын эзэмшсэн газрын хэмжээгээр буюу 700 м.кв газрыг Э.*******эд шилжүүлэн эзэмшүүлсэн байхад Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг багасгаж, газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт хийсэн нь тогтоогдож байна.
3.7.Иймд Э.*******ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилж газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичиж, газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.Билэгтэд 700 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрт нийцүүлэн газрын гэрчилгээ зөвтгөж олгох, газрын кадастрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.*******ийн “Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Э.*******ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Э.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 647 м.кв болгон багасгаж, газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Э.Билэгтэд 700 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрт нийцүүлэн газрын гэрчилгээг зөвтгөн олгох, газрын кадастрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН