| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01865/И |
| Дугаар | 102/ШШ2024/01546 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/01546
| 2024 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/01546 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 6.149*.697 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Б компанид 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бизнес хөгжил хариуцсан менежерийн албан тушаалд ажиллахаар ажилд ороод 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдсөн.
Хариуцагчийг ажлаас чөлөөлж өр төлбөрийг тооцож үзэхэд 11.927.300 төгрөгийн бодит хохирол учруулж мөн утасны төлбөр, илүү оногдсон цалин, ээлжийн амралтын суутгал зэрэг төлбөр 12.349.698 төгрөгийг төлсөн.
Иймээс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 6.149.697 төгрөгийг төлөхгүй мөн түүний ээж Х.Х төлбөрөө төлөөгүй тохиодолд Батлан даалтын гэрээ-ний дагуу төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн тул хариуцагч нараас 6.149.697 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Х.Хээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6.149.697 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Х.Хээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6.149.697 төгрөгийг хариуцагч Б.Баас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Х.Хээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6.149.697 төгрөгийг хариуцагч Б.Б 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.345 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 66.673 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 66.673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА