Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 20

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Э.Бадамдорж,

шүүгдэгч Д.Ганболд (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дэмбэрэлсамбуугийн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000000001 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 26 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                              Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 2 дугаар гудамжны 07 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

регистрийн НЮ76061371 дугаартай, Боржигон овогт Дэмбэрэлсамбуугийн Ганболд нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мерри” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч Э.Бадамдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүн рүү архины шил, архины стакан шидэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хохирогч Э.Бадамдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганболд нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ганболд нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын  хамт олонтойгоо Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” амралтанд “Уурхайчдын баяр” тэмдэглээд, орой 18 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мерри” нэртэй караокед ирцгээж, 2 шил 0.75 литрийн Улаанбаатар архи ууцгаагаад дуулаад сууж байтал караокены дуулах төхөөрөмж зогсоход хохирогч Э.Бадамдорж “цаг нь дуусаагүй байхад яахаараа зогсдог юм, үйлчлэгчтэй нь уулзаж дахиад дуулна” гэхэд Д.Ганболд “цаг нь дууссан уулзаад яадаг юм” гэж хоорондоо маргалдаж байгаад Д.Ганболд түүн рүү ширээн дээр байсан стакан авч шидэн, хамар луу нь 2-3 удаа цохиж хамар ясны хугарал, духанд зүсэгдсэн шарх, тархи доргилт, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганболдын өгсөн: “... Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бадамдоржийн өгсөн: “... Мерригийн караокед Ганболд ахтай хамт ороод муудалцсан. Ганболд ах шил аваад далайхаар нь би “чаддаг юм бол шид” гэсэн чинь шидэхэд мөрөн дээр оносон. Буцаагаад шидэх гэтэл Ууганбаатар, Азаа хоёр намайг дараад авсан. Намайг дарж байхад миний нүүр лүү 2-3 удаа цохьсон. Эргээд босоод иртэл Ганболд ах ширээний цаанаас стакан аваад толгой руу цохьсон. Тэгээд миний духнаас цус гараад сааралтаад эргэн тойрны юм харагдахгүй болсон. Гадаа гараад байж байтал Ганболд ах гарч ирсэн. Хот руу гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн боловч баримт гаргадаг хүн нь байхгүй гээд баримт гаргаж өгөөгүй. Хохирол 600.000 төгрөг нэхэмжилсэн боловч өнөөдөр 300.000 төгрөг Ганболдоос авсан. Одоо 300.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо бүрэн авчихвал гомдол, санал байхгүй. ... Надад одоо гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бадамдоржийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Тэгээд орой 18 цагийн үед Налайх дүүрэг рүү орж ирээд Мерри зочид буудлын караокед ороод 2 шил 0.75 литрийн архи, нэг хүний нэг лаазтай 0.5 литрийн пиво уугаад дуулаад байж байтал караокены цаг нь явахгүй болохоор нь эзэнтэй нь очиж уулзах гэтэл Ганболд намайг “чи юу юм бэ” гээд бид хоёр маргалдсан чинь Ганболд архины шил аваад далайхаар нь би “шидчихгүй юу” гэхэд шидээд миний зүүн гарын булчин хэсэгт оноод газарт унаад дараа нь Ганболд ширээн дээр байсан стакан аваад над руу шидсэн чинь зүүн хөмсөгний дээд тал буюу дух хэсэгт оносон юм. Тэгээд цус алдаад гараад Ганболдтай хамт зогсож байтал гэнэт би ухаан алдаж эмнэлэгт ухаан орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дугаар тал/,

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... Би “очоод үйлчлэгчтэй уулзъя” гэхэд Ганболд ах “чи одоо юу вэ” гэхээр нь би зөрүүлээд “та юу бэ” гээд хоорондоо маргалдахад Ганболд ах ширээн дээр байсан архины шилийг аваад над руу далайхаар нь би “та чаддаг юм бол шидчих” гэхэд шууд урдаас шидсэн ба миний баруун гарын булчин дээр оноод сандал унахаар нь би архины шилийг аваад зөрүүлээд далайхад Ууганбаатар, Азбаяр нар 2 талаас барьж аваад намайг хойш нь сандал дээр хэвтүүлэхэд Ганболд ах ирээд намайг заамдаж аваад хамар луу 2-3 удаа цохиод цаашаа явахаар нь би тийчлээд босоод иртэл Ганболд ах ширээний нөгөө захад сууж байснаа шууд ширээн дээр байсан стаканыг аваад над руу шидэхэд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод духнаас цус гараад явчихсан. Ингээд би юм харж чадахгүй духнаас цус гараад байхаар нь караокегоос гараад үүдэнд очоод зогсож байтал Ганболд ах ардаас гарч ирээд бид 2 уулзахад Ганболд ах “би уурлахаараа ингэдэг юм, чи намайг зодвол зод” гэхээр нь би “шийддэг газраар нь шийдүүлнэ” гэж хэлээд буцаад алхтал толгой эргээд ухаан алдаад уначихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Цэлмэгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... Ингээд орой нь 18 цагийн үед Налайхад ирээд Мерри караокед орж дуулахаар болоод орцоогоод 2 шил 0.75 литрийн Улаанбаатар архи, лаазтай пивонууд аваад дуулангаа архиа ууцгаасан ба 20 цагийн үед болов уу цаг хараагүй болохоор мэдэхгүй байна караоке нь явахаа болиод зогссон чинь Бадамдорж “хүнтэй нь уулзаж ахиад дуулна” гэхэд манай нөхөр “цаг нь дууссан уулзаад яадаг юм” гэхэд Бадамдорж “уулзан” гээд уурлаад хоорондоо маргаад эхэлсэн ба Бадамдорж ширээний баруун талд сууж байснаа босоод манай нөхөр Ганболд ширээний зүүн талд сууж байснаа босоод хоорондоо барьцалдаад авах шиг болсон. Тэгэхээр нь би “боль боль” гэж хэлээд микрофон ширээн дээр байхаар нь аваад утсыг нь хумиад караокены тавиур дээр нь тавиад залгууруудыг нь салгасан, учир нь маргалдаж байгаад нэг нэгэн лүүгээ шидээд эвдчих болов уу гэж бодсон  юм. Ингээд буцаад эргээд хартал ширээн дээр Улаанбаатарын 0.75 литрийн архины шилтэй бага зэрэг архи байхаар нь аваад гараад үйлчлэгч охинд өгчихөөд буцаад яг үүдээр ороод иртэл манай нөхөр ширээн дээрээс рүнк авахаар нь анзааралгүй цаана нь байсан архины шилийг аваад гаргаад үйлчлэгч охинд өгчихөөд буцаад ороод иртэл Бадамдоржийн духнаас цус гарч байсан. Ингээд л бүгдээрээ гараад явах гэж байтал Бадамдорж архиндаа согтсон бололтой унаад өгтөл хүмүүс эмнэлэг дуудаад удалгүй цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-13 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Азбаярын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... Ингээд 20 цагийн үед манайхан бүгдээрээ тамхи татахаар гараад би тамхиа татчихаад буцаад ороод иртэл Ганболд ах, Бадамдорж 2 ширээний 2 талд суусан хоорондоо маргалдаад байж байсан ба Ганболд ах “цаг нь дууслаа” гээд Бадамдоржийн духнаас цус гарчихсан “цаг нь дуусаагүй” гэж байсан ба хоёулаа босч ирээд хоорондоо барьцалдаж аваад Ганболд ах Бадамдоржийн нүүр лүү 2-3 удаа цохиод Бадамдорж зөрүүлээд Ганболд ахын нүүр болон хэвлий рүү 2-3 удаа цохихоор нь Ууганбаатар бид 2 голоор нь ороод 2 тийш болгоод Бадамдоржийг аваад шууд гадагшаа гартал үйлчлэгч нь цагдаа дуудаж байсан. Ингээд удалгүй цагдаа ирэхээр нь яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ууганбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... 20 цагийн үед байх манайхан ихэнх нь тамхи татахаар гараад би сууж байтал Ганболд, Бадамдорж нар хоорондоо маргаад караокены төхөөрөмж ажиллахаа больсон гээд яриад сууж байтал сүүлдээ ажил руу ороод чи юм хийдэг, хийдэггүй болоод нэлээн маргаж байтал хоёулаа ширээний 2 талд босч зогсоод чанга чанга дуугарч байснаа Ганболд ширээн дээрээс рүнк аваад шидэхэд Бадамдоржийн духан дээр оноод духнаас нь цус гараад явсан ба би хоорондоо барилцаад авахаар нь Ганболдыг ардаас нь татаад, энэ үед гаднаас Азбаяр орж ирээд Бадамдоржийг цааш салгаад авахаар нь би “боль” гэж хэлээд шууд өрөөнөөс нь гараад шууд гэр лүүгээ явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/27 тоот:

1.

2. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр, нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Ганболдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Уурхайчдын баяр болоод хамт олноороо Болор зуслан явж амарсан юм. Ингээд орой 18 цагийн үед буцаад Налайхад ирээд хамт Мерри караокед ороод 2 шил 0.75 литрийн Улаанбаатар архи аваад тэрийгээ хувааж уунгаа дуулаад сууж байтал караокены төхөөрөмж гацаад дуу явахаа больсон. Тэгтэл Бадамдорж босоод гарч үйлчлэгчтэйн уулзаж “төхөөрөмжийг янзлуулан” гэхээр нь “чи хэрэггүй согтуу байна” гэхэд “чамд хамаагүй, цагийнхаа мөнгийг өгчихсөн” гэхээр нь “би чамд хамаагүй биш, чи хүн хүндэлж сур” гэхэд урдаас “би мөнгөө төлчихсөн, цаг нь болоогүй байхад яахаараа зогсдог юм” гээд бид 2 хоорондоо маргалдаад заамдалцаад авахад голоор жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Азаа болон манай эхнэр орж салгаад 2 тийш нь болгосон. Ингээд би хойшоо болохдоо гараараа ширээ тултал гаранд стакан баригдахаар нь аваад шидэхэд Бадамдоржийн зүүн хөмсөгөн дээр нь оноход манай эхнэр намайг хойш нь түлхээд өрөөнөөс гаргахаар нь би тэр чигтээ бүр үүдээр гараад гадаа саадан дээр сууж байтал Бадамдорж гараад ирэхээр нь хартал зүүн хөмсөгнөөс нь цус гарч байхаар нь “ахын дүү наашаа хүрээд ир, хоёулаа эмнэлэг явъя” гээд дагуулаад өөрийнхөө машины арын сандалд суулгаад хөдлөх гэтэл түлхүүр байхгүй байхаар нь буцаад дотогш орж эхнэрээсээ түлхүүр аваад буцаад гараад иртэл машинд Бадамдорж байхгүй байхаар нь хайхад караокены харуулын постны хажууд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь очоод дуудахад босохгүй байхаар нь шууд түргэн тусламж дуудчихаад зогсож байтал цагдаа ирээд удалгүй араас нь эмнэлэг ирээд Бадамдоржийг эмч үзээд эмнэлэг рүү аваад явсан. Намайг цагдаа дагуулаад хэлтэс дээр авч ирээд тайлбар мэдүүлэг аваад явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,

            Д.Ганболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/,

            Д.Ганболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35-49, 52-54 дүгээр тал/,

          Д.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.Ганболд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

хохирогч Э.Бадамдорж эмчилгээний зардалд баримтгүйгээр 600.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч шүүхийн шатанд 300.000 төгрөг төлж, үлдэх 300.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулахаар шийдэж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Бадамдорж “гомдол саналгүй” гэсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дэмбэрэлсамбуугийн Ганболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дэмбэрэлсамбуугийн Ганболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ганболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдоос нөхөн төлөхөө илэрхийлсэн 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бадамдоржид олгосугай.

5. Шүүгдэгч Д.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Бадамдорж “гомдол саналгүй” гэсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ