Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/572

 

 

 

 

 

 

  2023             05            30                                        2023/ДШМ/572

 

 

       С.С-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

хохирогч С.Б-ы өмгөөлөгч Г.Бат-Отгон,

шүүгдэгч С.С,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор С.С-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим ..... тоот С.Б-ы гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан нүүрэн тус газарт цохих, хавирч унагаан баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Б давж заалдах гомдолдоо: “...Надад шүүх хурлын тов мэдэгдээгүйд маш их гомдолтой байна. Би шүүх хуралд биечлэн оролцох байсан. Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж би боддог. Гэтэл шүүх яагаад хэт нэг талыг барьж хэргийг хохирогч талын оролцоогүйгээр шийдвэрлэв. Би шүүх хурал дээр хохирол төлбөр, эмчилгээний баримтаа гаргаж өгч хохирлоо нэхэмжлэх байсан. Гэтэл миний эрхийг хясан боогдууллаа. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч С.Б-ы өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэргийн материалтай танилцахад хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрх зөрчигдсөн учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нь цагдаагийн байгууллагаас дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй. Мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан. Цагдаагийн байгууллагаас энэ үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасныг прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад ирдэггүй, дараа нь ийм гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч С.Бы гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим ..... дүүргийн ..... хороо, ...... тоот С.Б-ы гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан нүүрэн тус газарт цохих, хавирч унагаан баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Б-ы “...23:30 цагийн үед С.С гаднаас хаалга тогшоод ороод ирсэн. Согтуу нэг шил архи, 5-6 шилтэй пиво барьчихсан орж ирсэн. Орж ирээд ярьж суунгаа нөгөө архиа пивотойгоо бид гурав хувааж ууцгаасан тэр үед манай гэрт миний ажлын ширээ байдаг тэр нь студийн ширээн дээр аягатай пиво тавьж байсан, би түүнд ширээн дээр тавьж болохгүй шүү гэж хэлж байсан. Тэгтэл тэр яадгийн гээд ширээн дээр аягатай пивоо тавьж байгаад асгачихсан тул би уурлаад чи яаж байгаа юм бэ хүн хэлээд байхад ширээн дээр шингэн юм асгаж болохгүй гээд байхад гээд хоёулаа маргалдсан. Босож ирээд намайг цохиж аваад газарт унагаагаад дээрээс цохиж байсан, тэр үед  миний хөл эвгүй болчихсон байсан тул би өөрөө газраас босож чадахгүй байсан. С.С намайг татаж босгож байсан. Би уурандаа цагдаа дуудсан. Би гомдлоо гаргаж өгөөд шүүх эмнэлгийн тогтоол аваад өглөө нь архиа гаргаад ирээрэй гэж хэлж байсан тул тэр шөнөдөө яваад өглөө нь ирж чадаагүй юм. Яагаад гэвэл миний хөл өвдөөд байсан юм. ...Тэр шөнө ширээн дээр сууж байгаад босож ирээд эхлээд намайг миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, би босож ирэхэд дахин барьж аваад хавираад унагасан тэгэхдээ дээрээс дараад газарт унаж байсан тэр үед миний хөл нэлээн гэмтсэн байсан, баруун хөлийн тавхай хэсэгт гэмтэл учирсан. Одоо хүртэл боолттой байгаа юм. Цагдаад дуудлага өгсөн чинь С.С архиа ууж дуусгаж байгаад явна гэж хэлээд байсан, тэгээд дуудлага өгсөн гэх шалтгаанаар намайг боож унагаад дахин цээж рүү гараараа цохиж авч байсан. ...” /хх 21/,

гэрч Д.А-ийн “...шөнийн 02 цагийн үед байх шиг санагдаж байна. С манай хамтран амьдрагч залуу С.Б нар хоорондоо маргалдан, муудалцаж байсан. С нь Б-ыг цохиж авч байсан. Тэгээд нөгөөх нь хажуу тийшээ унахдаа хөлөө эвгүй гишгээд уначих шиг болсон. Хөл, хөл гээд орилоод байсан. ...” /хх 18/,

яллагдагч С.С-ийн “...Би тэр хоёр дүгнэлтийг нь уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 48/ гэх мэдүүлгүүд,

“...С.Б-ы биед баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 851 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 28-29/,

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 851 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун тавхайн ясанд гэмтлийн өөрчлөлтгүй. С.Б-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 177 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 35-37/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүх, шүүгдэгч С.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар С.С-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч С.Б “...Надад шүүх хурлын тов мэдэгдээгүйд маш их гомдолтой байна. Би шүүх хуралд биечлэн оролцож, шүүх хурал дээр хохирол төлбөр, эмчилгээний баримтаа гаргаж өгч хохирлоо нэхэмжлэх байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хохирогч С.Б нь эмчилгээтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй, өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүх, С.Б-ы бичгээр гаргасан “гомдол саналгүй” гэх /хх 27/ хүсэлт, хэргийн материалтай танилцахдаа мөн “санал хүсэлт алга” /хх 61/ гэсэн байдлыг үндэслэн шүүгдэгч С.С-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг буруутгах  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс хохирогч С.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн эрхийг хангаагүй байгаа боловч хохирогч С.Б нь давж заалдах шатны шүүхэд хувийн байдалтай холбоотой буюу гэм хорын хохирол нэхэмжилсэн бичгийн баримт ирүүлээгүй байна.

Харин хохирогч С.Б нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2023 оны 12 дугаар сарын 17”-ны өдөр гэсэн техникийн шинжтэй алдааг магадлалаар “2022 оны 12 дугаар сарын 17” болгон зөвтгөж, мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч “С.С”-г “О.Сэргэлэн” гэж үсгийн алдаатай бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ