Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0839

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н,

Хариуцагч: Боловсролын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А,  Д.Я,  Д.Б

Гуравдагч этгээд: “Д” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Л, Т.М,

Маргааны төрөл: Боловсролын ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254**** дугаартай “ХII.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2 Сурагч ширээ, сандал /дотоод үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ нь тус тус хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Д.Я, Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Боловсролын ерөнхий газарт холбогдуулан “Боловсролын ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/**** дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

1.1. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Боловсролын ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254**** дугаартай “ХII.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2 Сурагч ширээ, сандал /дотоод үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай” гэж өөрчилжээ.

2. Боловсролын ерөнхий газраас Ерөнхий боловсролын сургуульд “Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ” худалдан авах, БШУЯ/2024050**** дугаартай **00,000,000 төгрөгийн төсөвтэй тендерийг “Багц 1: Ангийн самбар”, “Дотоодын багц 2: Сурагч ширээ, сандал”, “Дотоодын багц 3: Сурагч ширээ, сандал /6 настай хүүхдийн/”, “Дотоодын багц 4: Багшийн ширээ, сандал, шүүгээ” гэсэн 4 багцын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан байна.

  1. Нэхэмжлэгч дээрх тендерийн дотоодын багц 2 болох “Сурагч ширээ, сандал” нийлүүлэх тендерт оролцож тендерийн баримт бичгийг илгээжээ.
  2. Тус тендерт нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг хянан үзээд Боловсролын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр “...заасан эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад “Д” ХХК шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон.” гэж дурдсан бөгөөд энэ мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Сангийн яаманд гомдол гаргасан байна.
  3. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад тендер шалгаруулалтын 2 багцын тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
  4. Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж, “А” ХХК, “О” ХХК, “С” ХХК-уудаас ирүүлсэн тендерээс татгалзаж, “Д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж гэрээ байгуулах эрхийг олгосон байна.
  5. Улмаар Боловсролын ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгчид тендер шалгаруулалтын эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн гэж дурдаж хүргүүлсэн байна.
  6. “С” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 он.ы 07 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яамны хууль эрх зүйн газарт гомдол гаргасныг Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03/**** дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлыг тус яам хянан үзэж, холбогдох шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул дээрх хуульд заасны дагуу танай гомдлыг буцааж байна.” гэх хариуг ирүүлжээ.
  7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Бид Боловсролын ерөнхий газраас зарлагдсан ******* дугаартай “Ерөнхий боловсролын сургуульд “Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцсон юм. Захиалагчаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр огноологдсон 01/**** дугаартай мэдэгдлийг tender.gov.mn сайтад мөн өдөр нийтлэгдсэнээр хүлээн авлаа. Мэдэгдэлд манай компанийн хүргүүлсэн тендерийн үнийн санал ***000 төгрөг, “Д” ХХК-ийн хүргүүлсэн үнийн санал ***,820 төгрөг тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар “Д” ХХК-ийг ялагчаар шалгаруулж бидний хүргүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан гэсэн агуулгыг тусгасан байна.

Захиалагч энэ тендерийн сонгон шалгаруулалтын эхний дүнг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/**** дугаартай мэдэгдлээр оролцогчдод мэдэгдсэнийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаартай шийдвэрт Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д “Санхүүжилтийн эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгө оруулалт, 2 дугаар багцын төсөвт өртөг ***000 гэж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 21.9-д Хуулийн 21.5-д заасан тохиолдолд тендер шалгаруулалтын оролцогчийн тендерийн үнэ төсөвт өртгийн 80 хувиас доош бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэж тус тус заасан байна. “Д” ХХК-иас тендер илгээх 1 дүгээр маягтад заасан тендерийн үнэ ***820 төгрөг байгаа нь төсөвт өртгийн 73 хувьтай тэнцүү бөгөөд уг үнэ нь хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй тухай үндэслэл бүхий тайлбар ирүүлээгүй байх тул дээрх шаардлага хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Гэтэл захиалагч дахин “Д” ХХК-ийг шалгаруулсан тухай мэдэгдэл ирүүлснийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 03/**** дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэсэн үндэслэлээр буцаасан байна. Бид захиалагчийн болон Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэсэн заалтыг хууль зүйн арга техникээр тайлж унших аваас “ирүүлнэ” гэдэг үг нь тухайн баримтыг тендертээ заавал ирүүлэх, түүнээс өөр ямар нэгэн сонголтгүй императив шинжтэй биелүүлэх зохицуулалт гэж үзнэ. Энэ баримтыг тендертээ ирүүлээгүй бол хуулийн энэ заалтаар тендерээс татгалзах үндэслэлтэй болно. Гэтэл захиалагч хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар тайлбар ирүүлээгүй “Д” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Үнэлгээний хороо, Захиалагч тендерийн үнэлгээг дахин хийхдээ “Д” ХХК-иас хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан тайлбарыг нөхөж аваад үнэлгээ хийсэн юм болов уу гэсэн таамаг бидэнд байна. Учир нь Үнэлгээний хорооны үнэлгээ хэрхэн хийсэн байдалд бидэнд одоогоор нууц, үзэж танилцах боломжгүй байгаа тул таамаглах боломжтой байна.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.10.4 хэсэгт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд энэ хуулийн 21.5-д заасан холбогдох тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн бол хуулийн 26.10 дахь хэсэгт зааснаар тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана гэж маш тодорхой заасан байна.

Энэ тохиолдолд бидний нэхэмжлэлийн 1 дэх үндэслэлд заасан зайлшгүй тендертээ хамт ирүүлэх баримтыг нөхөж авч болохгүй хууль зүйн үндэслэлийг зааж өгсөн болно. Гуравдугаарт хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй гэж заасан байна.

Хэрэв Үнэлгээний хороо тендерт оролцогч “Д” ХХК-аас танай компани тендерт санал болгосон хямд үнэ буюу төсөвт өртгийн 80 хувиас доош 73 хувиар санал болгож байгаа үнийн талаар тайлбараа ирүүлнэ үү хэмээн “Д” ХХК-иас тайлбар, тодруулга аваад үнэлгээг дахин хийсэн бол тэд хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй хэмээх заалтыг шууд зөрчсөн байна гэж үзнэ.

Нэгэнт нэмэлт тайлбаргүйгээр санал болгочихсон байгаа үнийн талаар тайлбар, тодруулга авахыг хууль тогтоогч хуулиар хязгаарлаж, хориглосон. Учир нь тендерийн оролцогчид нууцалсан үнийн саналаа тендер нээснээр бүгд ил болгочихсон тул яагаад ийм үнэтэй, ийм хямд гэх тайлбарыг Үнэлгээний хороонд тайлагнаж шийдвэр гаргалтад нөлөөлөх хууль бус зүйлээс хамгаалсан хуулийн хамгаалалт гэж үзнэ.

-Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 03/**** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэсэн үндэслэлээр буцаасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна. Бидний өмнө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд гаргасан гомдол “Захиалагч хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт зааснаар тайлбар ирүүлээгүй “Д” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн” гэсэн агуулгатай байсан бол 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдол “Захиалагч хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт зааснаар тайлбар ирүүлээгүй “Д” ХХК-ийн тайлбарыг нөхөж авч үнэлгээ хийн шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн агуулга бүхий байсан. Сангийн яам хоёр гомдлын агуулгыг бүрэн нягтлан үзэлгүйгээр хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл бидний гаргасан хоёр гомдол хоорондоо агуулгын ялгаатай, үндэслэсэн хуулийн зохицуулалт өөр өөр байхад Сангийн яам өмнө гаргасан гомдлоо дахин өгсөн мэтээр дүгнэлт хийж буцаасан нь хуульд нийцэхгүй байна. Тавдугаарт энэ салбарын, чиглэлийн тендерт олон жил оролцож, ялж ялагдаж байгаагийн хувьд бид ч бас төсөвт өртгөөс хамаагүй хямд үнэ санал болгох бүрэн боломжтой. Гагцхүү тэр тохиолдолд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний чанар, гүйцэтгэл захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт, шаардлагад тэр бүр хүрэхгүй байх эрсдэл байдаг. Бидний тендерт санал болгосон үнэ хамгийн бодитой, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой санал гэдгийг зориуд тэмдэглэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим энэ тендерийн сонгон шалгаруулалтад хэрэгжсэнгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас шинээр нотлох баримтууд ирүүлсэн нь биднийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нөхцөл байдлыг бий болгож байгаа тул бид дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Юуны түрүүнд хамтран хариуцагчаар Тендерийн үнэлгээний хороог татан оролцуулах хүсэлтийг гаргасан байгааг энд дурдаж байна.

Иймд бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар томьёолон тодруулж байна. Боловсролын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150244**** дугаартай Ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ, багц 2 сурагч ширээ, сандал худалдан авах гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая мэтгэлцээний үндсэн дээр гуравдагч этгээд өөрөө ойлгох шиг боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан тайлбар гэж юу байдаг гэдгийг, тэгээд үүнийг цаашдаа анхааръя ийм тайлбар байж болохгүй юм байна гэдгийг энэ хүн ойлгочихлоо. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч зүтгүүлээд байх шиг байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан тайлбар бол бие даасан баримт бичиг юм. Энэ баримт бичигт сурагчийн ширээ, сандал нийлүүлэх энэ төрлийн тендерт оролцож байгаа бараа бүтээгдэхүүнийг насанд хүрээгүй этгээд буюу хүүхэд хэрэглэх шаардлагатай ийм бүтээгдэхүүнүүд дээр чанарын шаардлага хангасан химийн орц найрлагагүй хүнд хүүхдэд хоргүй бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд стандарт тавигдаад ирэхээр үйлдвэрлэгчийнхээ хувьд үнэ зах зээл дээр өсөх ёстой. Нийслэлийн боловсролын ерөнхий газар эдийн засгийн тооцоолол хийж төсөвт өртгийг гаргаж байгаа.

Гэтэл тэр тооцооллоос айхтар доошлуулсан. Тэгэнгүүт хууль тогтоогч ямар хамгаалалт хийсэн бэ, гэвэл хямд үнэ өгсөн ч гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлж болохгүй. Үүнийгээ тайлбарла гэсэн. Тайлбар нь баримт бичиг дотор юу дурдагдах ёстой вэ, гэвэл ямар материалаар хийх гэж байгаа нь гадаад орчин, хүн хүүхдэд ямар нөлөөтэй юм бэ? гэдэг талаар дурдах ёстой. Сая стандартын гэрчилгээ яриад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа албан бичигтээ тусгана. Манай зардал яагаад ийм хямд байгаа вэ, манайх тэдэн ажилчинтай, үйлдвэрлэлийн зардлаа тэгж хэмнэсэн, дотоодынхоо үйлдвэрлэл хийдэг учраас ингэж ингэж хэмнэсэн гээд ерөнхийд байгууллагын нууцаа задлахгүйгээр тайлбарлах ёстой. Тэгэхдээ эдийн засгийн тооцооллоо хийж байж ийм хямд үнийг гаргаж чадсан гэх талаар баримт бичиг юм. Үүнийг би ч, Сангийн яам ч ингэж ойлгоод “Д” ХХК-иас ирсэн 4, 5 албан бичгийн алийг нь ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан тайлбар гэж үзээгүй. Би ч өнөөдөр ингэж үзэхгүй. Хариуцагч бүр тайлбарлаж чадахгүй байгаа юм. Нэг юмаа давтаад ийм байдлаар үнэлгээ хийж болохгүй. Захиалагчийн хяналт ажиллах ёстой. Яагаад хуулийн 21.5 дахь заалтыг ингэж чухалчилж үзэж байна гэхээр мөн  хуулийн 26 дугаар зүйлийн 26.10, 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан тайлбарыг ирүүлээгүй бол энэ тендерээс татгалзана гээд тендерийн шаардлага хангахгүй гэж заачихсан. Тэгэхээр яавч шалгаруулж болохгүй байсан тендер юм.

“Д” ХХК-иас ирүүлсэн баримт бичгүүдээс алийг нь ч хуулийн 21.5-т заасан үндэслэл бүхий тайлбар гэж үзэхгүй. Уг нь хариуцагч 24/15*, 24/15* дугаартай албан бичгүүдийг үндэслэл бүхий тайлбар гэж үзсэн. Эдгээр баримтуудыг бид судлахад миний ярьсан зүйлүүдээс аль нь ч байхгүй. Зөвхөн хугацаанд нь чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь гээд биччихсэн учраас тендер шалгарах ёсгүй байсан. “Д” ХХК-ийн тендерээс татгалзаад “С” ХХК-ийн тендер шалгарах ёстой байсан. Энэ утгаараа “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Харин одоо сэргээх боломжгүй гэнэ. Гэхдээ үүнийг шүүх шийднэ. Шүүх нэн тэргүүний ээлжид хуулийг дээдлэх ёстой хууль зөрчсөн үйл ажиллагаа байвал шүүхийн шийдвэрт заавал тусгалаа олох ёстой.

Яагаад гэвэл Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавигдах шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримтын талаар үндэслэлийг заавал заана гэж заасан. Тийм учраас маргаж байгаа зүйлийн үндэслэлийг шүүхээс заавал зааж өгч манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

12. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Боловсролын ерөнхий газраас БШУЯ/2024050**** дугаартай “Ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын 2 дугаар багцыг зарласан.

Тендерт шалгарсан “Д” ХХК-тай “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр УТ240150254****/БШУЯ/2024050**** дугаартай гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцож, байгуулсан.

Гэрээг байгуулж, баталгаажуулсны дараа “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, уг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг Боловсролын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” 01/**** дугаартай албан бичгээр холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. “Д” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254****/БШУЯ/2024050**** дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн биелүүлж, Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БШУЯ/2024050**** дугаартай “Бараа хүлээн авсан комиссын акт” аар “Д” ХХК-аас гэрээнд заасан нөхцөлийн дагуу нийлүүлсэн Ерөнхий боловсролын сургуульд Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээг хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254****/БШУЯ/2024050**** дугаартай гэрээний тусгай нөхцөлд “Захиалагч барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу тухайн компанид санхүүжилт олгох шатандаа явж байна.

Боловсролын ерөнхий газар нь боловсролын сургалтын байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Боловсролын сайдын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/** дугаартай тушаалын хавсралтаар баталсан хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулиудад тухайн ширээ сандал, бичгийн шүүгээг хуваарилан хүлээлгэж өгөх ажил хийгдэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.” 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна” 51.8 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиалагч буюу Боловсролын ерөнхий газарт хүргүүлж, уг гэрээг байгуулсан. Дээрх мэдээлэл холбогдох баримтуудаас харахад тухайн тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасан процесс, шаардлагын дагуу явагдсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Боловсролын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, мөн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** дугаартай “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр УТ240150254**** дугаартай “ХІІ.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ сандал, бичгийн шүүгээ нийлүүлэх гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгож, Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гэх “С” ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад Сангийн яамтай асуудлыг ярьж байна. Энэ хэрэгт Боловсролын ерөнхий газар хариуцагчаар татагдсан учир Сангийн яамтай холбоотой асуудлыг манайх мэдэхгүй. Эхний нэхэмжлэлд “С” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийлгэхийг даалгах шаардлагыг гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас уг тендер шалгаруулалтын 2 дугаар багцыг 04 дүгээр сарын 17-ны өдөр зарлаад 05 дугаар сарын 17-ны өдөр тендер шалгаруулалтыг нээж улмаар 05 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулалтад оролцогч байгууллагуудад гэрээ байгуулах эрх олгох болон мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн.

“С” ХХК-ийн зүгээс тендер шалгаруулалтын дүн болох 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/**** дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 03/**** дугаартай Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Боловсролын ерөнхий газарт ирүүлсэн. Боловсролын ерөнхий газраас тухайн өдөр нь 01/**** дугаартай албан бичгээр Сангийн яамнаас шаардсан нотлох баримтыг, тендерийн материалын хамт хүргүүлсэн. Сангийн яамнаас 06 дугаар сарын 13-ны өдөр 03/**** дугаартай гомдлыг хянасан тухай албан бичгээр үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

Мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо үнэлгээг дахин хийж тендерт оролцогч “Д” ХХК-ийн зүгээс ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/15*, 24/15* дугаартай мэдэгдэл гаргах тухай албан бичгүүд ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан тайлбарыг ирүүлсэнд тооцож өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт тендерийн энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж тус тус заасны дагуу “Д” ХХК-ийг тендерт шалгаруулж 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулах тухай эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.

Тендерт шалгарсан “Д” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж эх хувиар эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр энэ дугаартай гэрээг “Д” ХХК-тай байгуулж худалдан авах ажиллагааг эхлүүлсэн.

Уг гэрээ 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байсан. Гэрээ баталгаажуулсны дараа буюу гэрээ нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг өгсний дараа 08 дугаар сарын 15-ны өдөр өнгөрөөд “Д” ХХК-ийн 07 дугаар сарын 31-ны өдрийн дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ 09 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн биелүүлсэн. Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А*** дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 09 дүгээр сарын 06-ний өдөр БШУЯ/24020**** дугаартай бараа хүлээн авсан комиссын актыг үйлдэж гэрээний зүйлийг хүлээж авсан. Барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу төлбөрийг шийдвэрлэх явцад гэрээний хугацаа дууссан учир гэрээний хугацаа дууссан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдаан товлогдох явцад “Д” ХХК-д 10 дугаар сарын 20-ны өдөр төлбөр бүрэн шилжсэн.

Боловсролын ерөнхий газраас сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын сайдын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А** дугаартай тушаалын хавсралтаар баталсан хуваарийн дагуу “Д” ХХК-иас хүлээж авсан ширээ, сандал, бичгийн шүүгээг уг тушаалын хуваарийн дагуу хүлээлгэж өгч ажиллаж байгаа.

Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл буюу зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагад хариу тайлбар хэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь хэсэгт Үнэлгээний хорооны дарга Үнэлгээний үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шийдвэр гаргаж захиалагчид хүргүүлэх, Үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөгчийн үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна, 51.8 дахь хэсэгт Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж түүнийг дэмжих эсэх саналаа цахим системээр баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хорооны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай Үнэлгээний хорооны тэмдэглэл буюу зөвлөмжийг захиалагч буюу Боловсролын ерөнхий газарт хүргүүлж уг гэрээг байгуулсан.

Дээрх мэдээлэл болон холбогдох баримтуудыг харахад тухайн тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасан процессын дагуу явагдсан нь нотлогдож байх тул Боловсролын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** дугаартай “Д” ХХК-тай байгуулсан гэрээ, эрх олгох тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газрын “Д” ХХК-тай хийсэн гэрээг хүчингүй болгож үнэлгээний хороог дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “С” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Д” ХХК-ийн зүгээс Боловсролын ерөнхий газраас зарлагдсан БШУЯ/2024050**** дугаартай Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ” нийлүүлэгчийг сонгох шалгаруулалтад зохих хууль журмын дагуу оролцсон. Нэхэмжлэгч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Д” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу тайлбар ирүүлээгүй гэж буруутгажээ. “С” ХХК нь 2024 оны 05 сарын 30-ны өдрөөр тендер шалгаруулалтын дүн болох 01/**** дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийх тухай даалгасан.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж тендерт оролцогч “Д” ХХК нь 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 24/***, 24/*** дугаартай албан бичгээр тайлбар өгсөн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь “Д” ХХК-ийн хүргүүлсэн албан бичиг, тайлбарыг ямар үндэслэлээр хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. “Д” ХХК-ийн тендерийн үнэлгээний хороонд гаргасан тайлбар албан бичигт ... “Д” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 62-1 тоотод байрлах ISO 9001 чанарын шаардлага 10,000 м.кв талбай бүхий тавилгын цогц үйлдвэртэй бөгөөд тус тендерт шалгарсан тохиолдолд сурагчийн ширээ, сандал, багшийн ширээ болон бичгийн шүүгээг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэнэ. “Д” ХХК нь захиалагчийн техник тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгаа бөгөөд техник тодорхойлолтын шаардлагад хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэн гэдгээ энэхүү албан бичгээр дамжуулан мэдэгдэж байна... гэж маш тодорхой бичсэн байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.14.2-т заасны дагуу үнэлж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно гэж тус тус заасан. Тендер шалгаруулагчийн зүгээс дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэн “Д” ХХК-ийг шалгаруулж 2024 оны 06 сарын 27-ны өдөр гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 07 сарын 31-ний өдөр худалдан авалтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэхүү тендер нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хичээллэх орчныг бүрдүүлэх богино хугацааны төсөл бөгөөд бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг маш амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. Нэхэмжлэгч нь Боловсролын ерөнхий газрын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 01/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаснаар Монгол Улсын ерөнхий боловсролын суралцагчдын эрх ашиг хөндөгдөнө гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа “С” ХХК-ийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн, энэхүү мэдэгдэл хүргүүлэх шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж сэргэх талаар дурдаагүй. Мөн хариуцагч Боловсролын ерөнхий газар нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн, “Д” ХХК-ийн хүргүүлсэн тайлбарыг ямар үндэслэлээр тайлбар гэж үзэхгүй байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг гомдолдоо дурдаагүй бөгөөд өөрийн таамаглалд үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг манай компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Боловсролын ерөнхий газрын хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. “Д” ХХК нь Боловсролын ерөнхий газраас зарлагдсан тендерт оролцсон. Маргаан бүхий тендерт ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ нийлүүлэгч сонгох байсан. Энэ нь яаралтай хугацаанд биелэгдэх ёстой байсан.

Манай байгууллага гэрээ байгуулагдсан даруй санхүүжилтийг хүлээлгүйгээр шууд үйлдвэрлэж эхлээд тухайн хүргэгдэх ёстой газруудад нь хүргэж өгөөд 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа дууссан. Тендерт “С” ХХК-ийн хардаад байгаа шиг үйлдэл хийгээгүй. Үүнд юу хамаарах вэ, гэвэл ирүүлэх ёстой гэж хуульд заасан бүх бичиг баримтыг бүрдүүлж Тендерийн хороонд өгсөн. Тендерийн хорооноос манай компанийг шалгарсан гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу нийлүүлэх ёстой бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж сарын гаран хугацааны дараа мөнгө нь олгогдсон.

Монголд үндэсний үйлдвэрлэл явуулахаар өрсөлдөгч байгууллагуудаас нь иймэрхүү байдлаар буюу захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж шаарддагаас болж үндэсний үйлдвэрлэгч хохирох гээд байдгийг “Д” ХХК-ийн удирдлагын зүгээс шүүхэд илэрхийлэхийг хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад манай ирүүлсэн бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзээд маргаж байна гэж ойлгосон. Хэргийн үйл баримтыг харахад манай компани хууль зөрчсөн зүйл тогтоогдохгүй. Хариуцагч талын хариу тайлбар үндэслэлтэй байна. Хуулийн заалтуудыг нэг бүрчлэн дурдаад хангалттай тайлбарласан. Тендерийн үнэлгээний хорооны гаргасан тайлбар албан бичигт “Д” ХХК нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, 62-1 тоотод байрлах ISO9001 чанарын шаардлага, 10,000 м.кв талбай бүхий тавилгын цогц үйлдвэртэй бөгөөд тус тендерт шалгарсан тохиолдолд сурагчийн ширээ, сандал, багшийн ширээ болон бичгийн шүүгээг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэнэ. “Д” ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгаа тул техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл тухайн үнэд шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэж үзэж байгааг үүгээр үгүйсгэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эднийх урд нь өгөөгүй байсан албан бичгээ нөхөөд өгчихсөн юм биш үү, гэж таамаг байдлаар яриад байна. Тэрийг яаж мэдэж байгаа вэ? Энэ байгууллага өөрөө Тендерийн үнэлгээний хорооны хуралд ордог болж таараад байна. Тендерийн хорооны хурал явагдаж байхад энэ албан бичиг байхгүй байна гэж хүн хэлсэн болж таараад байна. Яаж төрийн нууцаар явагддаг ажлыг бид нарын өөрсдөө мэдэхгүй байхад таамаглаж байгаа нь зохимжгүй байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заагаад өгчихсөн байгаа. Өнөөдөр хариуцагчаар ирсэн захиргааны байгууллага нь хуульд заасан тусгай зарчмаа зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэнэ гэж тодорхой заасан. Тэгэхээр асуудлын гол үндэс нь хууль зөрчсөн, зарчмаа биелүүлээгүй байна гэж маргаж байна гэж ойлгож байна. Ийм зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэл өнөөдөр хэлэлцэгдэхэд нэгэнт үйл явдал нь дуусчихсан асуудал юм.

Өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд шүүхээс шийдвэр гарснаар “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж сэргэх нь тогтоогдохгүй байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс “С” ХХК-ийн гаргасан нэр бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

16. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ тендер нь нэгэнт хэрэгжээд дуусчихсан тендер юм. Гэрээний хугацаа дуусаад хэрэгжчихсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай шаардлагыг гаргаад нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй. Энэ бол хэрэгжих боломжгүй нэхэмжлэлийн шаардлага учир хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. 2 дугаарт нь хуулийг тайлбарлаад байна. Гэхдээ нэхэмжлэгчийн гаргаж байгаа байдлаар тайлбар заавал очих албагүй.

Жишээлбэл, нэхэмжлэгч зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг гаргаж ирээд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээ та нар нотлох ёстой, тайлбарыг ирүүлэх ёстой, манайд нотлох ёстой гэж маргавал зохих байх гэж би бодож байна. Яагаад гэвэл бид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг тайлбараа ирүүлээд нотолж байж тендер шалгаруулагч маань биднийг тухайн тендерт шалгаруулна. Тэгэхээр хуулийг тайлбарласан, тухайн стандартыг гаргасан журам байгаа. Энэ журамд хуулиас гадуур зүйлийг заагаад, үнэ хэлбэлзэж болохгүй гэсэн журам байхгүй. Өнөөдөр тийм журмыг үндэслэж нэхэмжлэгч тал ярьсангүй. Тендерийн үнэлгээний хорооны гаргасан хурлын тэмдэглэл, зөвлөмжид яагаад энэ тендерт үндэслэл бүхий тайлбарыг ирүүлсэн гэж үзсэн юм бэ гэдгээ тусгаад өгчихсөн. Үүнд ижил төстэй ажлын гэрээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт ирүүлсэн гэж байгаа. Ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг өмнө нь хийж байснаа баримтжуулаад өгсөн. Нийлүүлэхээр санал болгож буй барааны нэр, марк үйлдвэрлэгчийн каталог ирүүлэх бөгөөд каталог дээр техникийн тодорхойлолт заагдсан тус бүрээр ялган тодруулж ирүүлсэн байна гэсэн.

Тэгэхээр тухайн албан бичигт бид ISO9001 стандартын шаардлага хангасан үйлдвэртэй гэдгээ илэрхийлсэн. Тэр үйлдвэрт ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстойг стандартаараа заагаад өгчихсөн. Үүгээр үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй бараа үйлдвэрлэх боломжгүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн бусад нотлох баримтуудаар хуулийн 21.5-т заасан сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг нь нотлогдчихож байгаа. Тухайн баримт хэдэн ч өгүүлбэртэй байж болно. Тэгэхээр Үнэлгээний хороо энийг яагаад шаардлага хангасан тайлбар ирүүлсэн гэж үзсэн бэ, гэхээр бид нар ISO9001 чанарын шаардлага хангасан үйлдвэртэй, сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээ тайлбарлаад хэлчхэж байна. Үүнийг тайлбар гэж үзэхгүй байх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар нэг бүрчлэн тайлбарлах ёстой гэж байна. Гэтэл тийм журам байхгүй. Энэ талаар бид нотлох баримтаар хавсаргаад өгчихсөн. Тэгэхээр энэ хуулийг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг тайлбар чинь миний шаардлагад нийцэхгүй байна, би ингэж үзэхгүй байна, би ингэж зөвлөдөггүй гэж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар үзэхгүй.

Гэхдээ хуульд ирүүлсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдож байж үндэслэл бүхий болно. Тийм учраас үндэслэл бүхий тайлбарыг манайх өгсөн. Тендерийн хороо хуульд нийцүүлээд бусад нотлох бичиг баримт буюу ижил төстэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байдлаар нь гэрчилгээ чанарын шаардлага хангасан бүх нотлох баримтуудад нь үндэслээд дүгнэсэн. Энэ асуудал дээр маргаж байгаа. Анх нэхэмжлэгч тал манай 2 тайлбарыг үндэслэл бүхий тайлбар гэж үзэж байсан. Эднийх нөхөөд хийчихсэн байна гэж үзэж байсан. Сүүлд нөхөж хийгээгүй ч үндэслэл бүхий тайлбар гэдгийг хууль тайлбарлан би үндэслэл бүхий тайлбар гэдгийг ингэж үзэж байна гэж маргаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл хууль зөрчиж байгаа. Би үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч гэрээг цуцалж өгнө үү, гэрээг хүчингүй болгож өгнө үү гэдэг тал дээр ямар ч тайлбар гаргаагүй. Ямар үндэслэлээр маргаад байгаа юм. Тэгээд эрх ашиг нь яаж сэргэх талаар ямар ч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй. Мэтгэлцэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Боловсролын ерөнхий газраас зарласан Ерөнхий боловсролын сургуульд “Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ” худалдан авах, БШУЯ/2024050**** дугаартай тендерийн багц – 2 болох “Сурагч ширээ, сандал” нийлүүлэх тендерт нэхэмжлэгч “С” ХХК нь оролцож, “С” ХХК-ийг үнийн дүнгээр 2-т эрэмбэлэгдсэн гэж мэдэгдсэн захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/**** дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/**** дүгээр тоот “Гэрээ байгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан байна.

1.1. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, тус тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн /03 дугаар тэмдэглэл/ хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар “Д” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэж, захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр 2-т эрэмбэлэгдсэн гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад шийдвэрлэсэн учир гомдлыг буцаажээ.

2. Улмаар захиалагчаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/**** дугаар болон 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/**** дугаар мэдэгдэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэхэд 1-д “Д” ХХК, 2-т “С” ХХК-ийн тендер тус тус эрэмбэлэгдэж, 1-д эрэмбэлэгдсэн “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.1. Дээрх 2 дугаар багцын тендерийн төсөвт өртөг нь ***,000 /***/ төгрөг заасан бөгөөд “Д” ХХК-иас ***820 төгрөг, “С” ХХК-иас ***000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:,” 11.4.1-д “харьцуулах үнэ”, 27 дугаар зүйлийн 27.5.”Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; …” 28.2.”Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.”, 28.3.”Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

3. Тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэхээр бөгөөд тухайн тендерийг шалгарсан талаарх мэдэгдлийг нийтэд нь нэгэн зэрэг мэдэгдэхээр байна.

3.1. Гэтэл гуравдагч этгээдийг тухайн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэл бүхий шийдвэр биш байна.

3.2. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар 80 хувиас доош үнэ санал гаргасан тохиолдолд бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлэхээр байна.

3.3. Гэтэл гуравдагч этгээд “Д” ХХК нь 73 хувьтай тэнцэх хэмжээний үнийн санал буюу ****820 төгрөгийн санал гаргасан байх түүнийг шалгаруулсан нь хуульд нийцээгүй байна.

3.4. Хариуцагчаас гуравдагч этгээдийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/15*, 24/15* тоот албан бичгүүдэд дурьдсан “техникийн нөхцөлийн дагуу чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх болно” гэх мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий тайлбар гэж үзсэн гэх тайлбар ч мөн үндэслэлгүй.

3.5. Учир нь хуулийн дээрх шаардлагын дагуу иргэн, хуулийн этгээд нь яагаад тухайн үнийг санал болсон, эдийн засгийн үндэслэл, тэдгээрийг нотолсон баримтуудын хамтаар тухайлсан тайлбар ирүүлэх шаардлагатай.

3.6. Энэ талаар дүгнэсэн Сангийн яамны шийдвэр ч үндэслэлтэй.

4. Харин захиалагч нь гуравдагч этгээдтэй 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Сурагч ширээ, сандал, ангийн самбар, багшийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2: “Сурагч ширээ, сандал /Дотоодын үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тухайн барааг захиалагчид 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БШУЯ/2024050**** дугаар “Бараа хүлээн авах комиссын акт”-аар хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

5. Нэхэмжлэгчийн гаргасан Боловсролын ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254**** дугаартай “ХII.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2 Сурагч ширээ, сандал /дотоод үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ нь тус тус хүчингүй болгох шаардлагыг хангаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

6. Учир нь гэрээг байгуулж, барааг хүлээлгэн өгснөөр тухайн тендер шалгаруулалт болон гэрээний үйлчлэл нэг мөр дуусгавар болсон тул тэдгээрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.

7. Харин нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тохиолдолд хангадах боломжтой байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд “С” ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/**** тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УТ240150254**** дугаартай “ХII.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2 Сурагч ширээ, сандал /дотоод үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 28 дугаар зүйлийн 28.1.1-д тус тус баримтлан “С” ХХК-иас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот “Д” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газар, “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “ХII.1.3-1 Ерөнхий боловсролын сургуульд “сурагч ширээ, сандал, ангийн самбар, багийн ширээ, сандал, бичгийн шүүгээ”, Багц-2 Сурагч ширээ, сандал /дотоод үйлдвэрлэл/ худалдан авах гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ