Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2019/00038

 

Я.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/01098 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Я.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс  1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баян-Өнжүүл сумын ахуй үйлчилгээний газар оёдолчноор ажиллаж байсан. Уг газарт 8 жил ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед аваагүй тул алга болж, олдохгүй болсон. Тухайн үед ажиллаж байсан баримтыг шүүлгэж үзэхэд огт гарахгүй байна, одоо тэтгэвэрт гарах гэсэн ажилласан жил хүрэхгүй болоод байна. Иймд намайг дээрх хугацаанд Баян-Өнжүүл сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү. Тухайн үед миний ажиллаж байсан ахуй үйлчилгээ нь Төв аймгийн Алтанбулаг суманд харьяалагдаж тэнд бүх баримт бичиг хадгалагддаг байсан ба тус сумын архив нь шатсан тул шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

Анхан шатны шүүх: Боржгин овогт Ядамсүрэнгийн Батцэнгэлийг /НГ67030964/ 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож,

нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Я.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

     Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус аймгийн Шүүхийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/01098 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ядамсүрэнгийн Батцэнгэл миний бие Баян-Өнжүүл сумын Ахуй үйлчилгээний газар оёдолчноор 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны иргэний хэргийн шүүхээс надыг 1990 оноос 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг минь тогтоож, үлдэх 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажиллаж байсан байдлыг минь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Би энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд:

Баян-Өнжүүл сумын Ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсныг сайн мэдэх, тэр үед ахуй үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Л.Цэцэгмаа, оёдолчноор хамт ажиллаж байсан Н.Саруултуяа нарыг хуулт сануулж гэрчээр асуугаагүй.

Мөн миний ажиллаж байсан байдлын талаар шинээр Аймгийн Ахуй үйлчилгээний газарт харьяалагдаж байсан учир хурал зөвлөгөөнд оролцсон эсэх болон сумын харьяа байгууллага байсан учир сумын АДХГЗ-ны баримтаас баяр ёслолын үеэр эргүүл дежурт орсон, бусад бичгийн нотлох баримтыг төрийн архивын баримтаас олуулах буюу шүүх даалгавраар гүйцэтгүүлэх талаар надад зөвлөгөө өгөөгүй.

Би Баян-Өнжүүл сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа 1986 онд хамт олонтойгоо авхуулж байсан зураг өөрт байгаа ба Ахуй үйлчилгээний газраас Олон улсын эмэгтэйчүүдийн 76 жилийн ойгоор социалист уралдаанд 3 дугаар байр эзэлсэн баярын бичиг зэрэг шинээр нотлох баримт байсныг надас шаардан авч, тайлбар аваагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хөтөлбөргүй үнэлэх зарчмыг шийдвэрлэх үедээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд дээрхи шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй  байна.

Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс  1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баян-Өнжүүл сумын ахуй үйлчилгээний газар оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт гаргасныг  шүүхээс   нотлох баримтаар тогтоогдохгүй  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч “ ... уг газарт 8 жил ажилласан бөгөөд  хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед аваагүй тул алга болж, олдохгүй болсон. Тухайн үед ажиллаж байсан баримтыг шүүлгэж үзэхэд огт гарахгүй байгаа... тус сумын архив нь шатсан.. “ гэсэн үндэслэл зааж бусад нотлох баримтаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч, хүсэлт гаргасан зорилгоо “өндөр насны  тэтгэвэр тогтоолгох ”  гэж тодорхойлжээ. 

Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заажээ.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлзэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлнэ.

Гэтэл шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг хангалтгүй гүйцэтгэсэн байна. Тухайлбал шүүх нэхэмжлэгчээс 1990 онд хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зурагтай холбогдуулан тухайн гэрэл зураг хэзээ, ямар үйл ажиллагааны үеэр авахуулсан болох,  уг зурагт байгаа хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авах боломж байгаа эсэхийг  тодруулаагүй, мөн хөдөлмөрийн дэвтрийнхээ хуулбар нь хэрэгт авагдсан Н.Саруултуяаг гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй,  өөр бусад байдлаар ажиллаж байсныг нь нотлох баримт бий эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй байна.  

Иймд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/01098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

           

                  ШҮҮГЧИД                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                     

                                                                                            Т.ЭНХМАА