Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 21

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Э.Ариунзаяа (өөрөө өөрийгөө өмгөөлнө),

шүүгдэгч Б.Баярмаа (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бөх зайсан овогт Энхболдын Ариунзаяа, Бургастай овогт Болдбаатарын Баярмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002730076 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 28 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч, бармен мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их-Амын 7 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ТА98122208 дугаартай, Бөх зайсан овогт Энхболдын Ариунзаяа нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.Баярмаатай бүлэглэж Б.Хонгорзулыг зодож тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 2. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Буян” эфэм, телевизэд хөтлөгч ажилтай, ам бүл 5, эмээ, 2 дүү, охины хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 3 дугаар гудамжны 436 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД97102221 дугаартай, Бургастай овогт Болдбаатарын Баярмаа нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Э.Ариунзаяатай бүлэглэж Б.Хонгорзулыг зодож тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ариунзаяа, Б.Баярмаа нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ариунзаяа, Б.Баярмаа нар нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний хажууд Б.Баярмаагийн төрсөн өдрийг тэмдэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Б.Баярмаагийн найзуудтай хохирогч Б.Хонгорзул явах гээд машинд суусан байхад Б.Баярмаа түүнийг “явуулахгүй” гэж хэлээд үснээс нь татаж машинаас буулгахад, Э.Ариунзаяа хөл рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл буюу бүлэглэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ариунзаяагийн өгсөн: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Б.Хонгорзулыг нийлж зодсон нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмаагийн өгсөн: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Хонгорзулын 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Тэрэлж рүү явдаг гүүр гараад зам дээр зогсож 2-3 шил 0.75 литрийн архийг Баярмаа, Ариунзаяа, жолооч, Ариунзаяагийн найз залуу нар нь уусан. Архинаас надад хийж өгөхөд би 1 удаа л 100 грамм уусан. 15 цагийн үед тэр хэд согтоод Баярмаа нь намайг татаж буулгахад Ариунзаяа нь хүрч ирээд зүүн хөл рүү өшиглөж алгадсан. Энэ үед жолооч нь хүрч ирээд “та хоёр боль” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод байсан. Жолооч нь намайг “хүргээд өгье” гэхээр нь би “хэрэггүй ээ” гэж хэлээд Налайх руу алхаад хүрээд ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Намайг машинд сууж байхад Баярмаа явуулахгүй гэж ирээд намайг үсдээд машинаас гаргасан ба тухайн үед Ариунзаяа “чи яахаараа явдаг юм” гээд зүүн хөл рүү өшиглөсөн, тэгээд би босоод ирсэн чинь Баярмаа намайг нэг алгадсан. Тэр хоёр нэлээн согтуу байсан. Би нэг их уугаагүй болохоор согтоогүй зүгээр байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/452 тоот:

1. Б.Хонгорзулын

2. Дээрх гэмтэл нь зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Баярмаагийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... бага зэрэг маргалдангуут Хонгорзул “явлаа” гээд үл тоогоод Нэмэхээгийн жолоодож явсан машин суухаар нь үсдээд буулгаад ирсэн. Буугаад ирэнгүүт Ариунзаяа хөл рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглсөн, өөр хэд цохьсоныг би хараагүй. Тэр үед Нэмэхээ хүрч ирээд намайг салгаад авсан. Тэгээд л Хонгорзул “би явлаа” гээд зам дагаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Ариунзаяагийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Тэгээд төрсөн өдөр тэмдэглээд байж байхад Хонгорзул “явлаа” гээд сүүлд ирсэн машинд суухаар нь Баярмаа хойноос нь очоод “явуулахгүй” гэхэд “явлаа” гээд машинаас бууж ирэхгүй байхаар нь Баярмаа үснээс нь татаад машинаас буулгасан, машинаас буунгуут нь би хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Яг аль хөл рүү нь өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд Хонгорзул “алхаад явна” гэхээр нь Нэмэхээ хойноос нь очоод “хүргээд өгье” гэхэд үгэнд нь орохгүй зам дагаад алхаад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

            Б.Баярмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,

            Б.Баярмаагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-32, 35 дугаар тал/,

            Б.Баярмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/,

Э.Ариунзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 36, 40 дугаар тал/,

        Э.Ариунзаяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Ариунзаяа, Б.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Э.Ариунзаяа, Б.Баярмаа нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдэнд торгох ял оногдуулж,

улмаар Б.Баярмаагийн хөрөнгө, цалин хөлсийг, Э.Ариунзаяагийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг тус тус харгалзан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Хонгорзул “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”,  мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч Б.Хонгорзул шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгч нартай эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бөх зайсан овогт Энхболдын Ариунзаяа, Бургастай овогт Болдбаатарын Баярмаа нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Энхболдын Ариунзаяа, Болдбаатарын Баярмаа нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ариунзаяа, Б.Баярмаа нарт тус бүр оногдуулсан торгох ялыг тус бүр 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ариунзаяа, Б.Баярмаа нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Ариунзаяа, Б.Баярмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Хонгорзул “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ариунзаяа, Б.Баярмаа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ