Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/573

 

 

 

 

 

 

  2023             05            30                                        2023/ДШМ/573

 

 

  Ч.Г-т холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед ...... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” эмийн сан дотор хохирогч Ц.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г-т сануулж, шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч, хохирогч нарын харилцан зөрчилдсөн байдлыг хуулийн дагуу тэнцвэртэй, нягталж үзэн шийдвэрлэсэнгүй. Дан ганц нэг талыг барьж, шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд тухайн үеийн хохирогч Ц.С-ийн буруутай үйлдлийг дахин хэлэлцэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г-ийг яллагдагчаар татсан. Уг яллагдагчаар татсан тогтоолын дүгнэлт хэсэгт “хохирогч Ц.С нь яллагдагч Ч.Г-ийн биед халдсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул ...... дүүргийн цагдаагийн ..... дүгээр хэлтэст хүргүүлсүгэй” гэж бичсэн учир цагдаагийн хэлтэст холбогдох баримтыг хүргүүлж хохирогчид зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан. Миний бие энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тайлбартаа тусгасан. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаар дурдаагүй. Харин хохирогчид арга хэмжээ тооцох асуудлыг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ...... дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” эмийн сан дотор хохирогч Ц.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гар ариутгагч болон хогийн савны тагаар цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.С-ийн “...Миний уур хүрээд нөгөө эмэгтэй рүү шидсэн. Манай эмийн сангийн хаалга түлхэж биш, татаж онгойдог, тэгсэн нөгөө согтуу эмэгтэй манай хаалгыг онгойлгож чадахгүй түлхээд байхаар нь би хаалга онгойлгож өгөх гээд очсон чинь түрүүлээд хаалга онгойлгосон. Манай хаалга жоохон хүнд болохоор туслах зорилгоор хаалга барьж өгсөн чинь үүдэнд байсан хогийн савны тагаар цохисон. Яг хаана цохисныг санахгүй байна. Хогийн савны тагаар цохиулсан болохоор миний уур хүрээд нөгөө эмэгтэйг “ороод ир” гээд татаад эмийн сан руугаа оруулсан чинь над руу дайраад эмийн сан дотор байсан эд зүйлсийг унагаагаад намайг өшиглөөд цохиод би дийлэхгүй болохоор хамт явж байсан хүнийг нь дуудсан.” /хх 9/ гэх мэдүүлэг,

“...Ц.С-ийн хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1466 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 18-19/,

ЧДЦГ, ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-33/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ч.Г-ийг хохирогч Ц.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Г “...хохирогч Ц.С-ийн буруутай үйлдлийг дахин хэлэлцэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ч.Г-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ц.С-ийн /хх 9/ хууль сануулж авсан мэдүүлэг, 1466 дугаар шинжээчийн дүгнэлт болон  2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Ч.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ