| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/04594/И |
| Дугаар | 101/ШШ2022/02551 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/02551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, … тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн … дүгээр хороо, … тоотод оршин суух, … /рд:…/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, … тоотод оршин суух, … /рд:…/-д холбогдох,
Орон сууцнаас албадан гаргуулах, 14,137,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Саруул хотхон, 13311, хүннү гудамж …-р байрны .. тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцыг …ын өмчлөлд үлдээх, хүү ...ын асрамжийг өөрчлүүлэх, 35,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, гэрч Г.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... миний бие ...тай 2011 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1447 дугаарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан.Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин ..., 2017 оны 03 дугаар сарын 31 -ны өдөр хүү ... нар төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцаанаас болж 2015 оноос таарч тохирохгүй болсон бөгөөд ... нь маш огцом ууртай, надад хоёр ч удаа гар хүрч байсан бөгөөд байнга намайг буруутгадаг байсан.... нь хамт амьдрах хугацаандаа байнга видео тоглоом тоглодог байсан. Ингээд таарч тохирохгүй байсан учир 2018 оны 07 сараас хойш тусдаа амьдарч байгаа, 2018 оны 12 сард хүүхдүүдээ бодоод эргэж нийлэх гэж хичээж 4 сар гаран хамт амьдарсан боловч эргээд салсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 2455 тоот шийдвэрээр бидний хүсэлтээр, гэрлэлтийг цуцалж охин ..., хүү ... нарыг миний асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Харин Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхон, Их монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцыг зээлээр худалдаж авсан, зээлээ төлсөн. Уг орон сууцыг ... миний бие өмчилдөг. Энэ байранд одоо ... амьдарч байна. Би одоо Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо,1 дүгээр хотхон, 2 дугаар байр, 9 тоот хаягт аавындаа ээж, аав, бага дүү, 2 хүүхдийн хамт амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш ... хүүхдүүдийнхээ талаар асууж байгаагүй, туслалцаа үзүүлээгүй, уулзаж байгаагүй. Би 2 хүүхэдтэйгээ гэртээ амьдармаар байна гэж удаа дараа хэлсэн боловч ... нь одоо хүртэл энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир ...ыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхон, Их монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. Охин ..., хүү ... нарын сургалтын төлбөрийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Охин ... нь ...олон улсын дунд сургуульд суралцдаг бөгөөд энэ жил 3 дугаар ангид элсэн суралцана. Тус сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр 6.825.000 төгрөг, мөн хүү ... ...олон улсын дунд сургуулийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бөгөөд нэг жилийн сургалтын төлбөр нь 4.200.000 төгрөг. Нийт сургалтын төлбөр 11.025.000 төгрөгийг эх ... миний бие төлсөн болно. Хүүхдийн сурч боловсрох эрхийг Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцод заасан холбогдох зохицуулалтын дагуу зохицуулан, эцэг, эхэд энэ эрхийг нь эдлүүлэх тухай үүрэг болгосон байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн 2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 25 дугаар зүйлийн 25.3-т Эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална, 26 дугаар зүйлийн 26.1 -т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т зааснаар эцэг, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх.... үүрэг хүлээнэ гэсэн байна. Иймд ...аас хоёр хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 5.512.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч ... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ...Охин ... нь ...олон улсын дунд сургуульд суралцдаг бөгөөд энэ жил 4 дүгээр ангид элсэн суралцаж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 7.350.000 төгрөг, мөн хүү ... ...олон улсын дунд сургуулийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бөгөөд нэг жилийн сургалтын төлбөр нь 4.900.000 төгрөг. Нийт сургалтын төлбөр 12.250.000 төгрөгийг эх ... миний бие төлсөн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа сургалтын төлбөрийн 50% болох 6.125.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт 14,137,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн хуримын арга хэмжээгээр цугларсан 13.100.000 төгрөгөө байрны урьдчилгаанд өгч гэрээг бид 2 хийсэн байдаг. Түүнээс хойш төлбөр хийхгүй явж байгаад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 23.100.000 төгрөгийг өөрийн ХААН банкны хадгаламжаас бэлэн гаргаад Алтай констракшнд тушаасан байгаа. Нийт 7 удаагийн гүйлгээгээр Алтай констракшнд 50.200.000 төгрөг шилжүүлээд ...ад ганц байр гэсэн нэртэй 2015 онд 23.100.000, 2016 онд 12.550.000 төгрөг, 2017 онд 5.225.000 төгрөг нийт 40.875.000 төгрөгийг ... уруу шилжүүлсэн. Нийт 91.075.000 төгрөгийн байр гэсэн шилжүүлэгтэй ..., Алтай констракшн хоёр уруу би шилжүүлсэн. Байр миний нэр дээр үлдсэн. ...ын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх боломжгүй, албадан чөлөөлж өгнө үү. Дийлэнх мөнгийг би шилжүүлсэн. Хамтарч амьдарч байхад цалингийн орлого ...ынхаас илүү байсан. ... хажуугаар нь шүүхийн шийдвэрт мөнгө төлдөг, ээж аавынхаа зээлийг төлдөг байсан. Жижиг машинаа худалдаж авсан. Гэрийн ойролцоо 2 улсын сургууль, 1 цэцэрлэг байдаг. Энгүүнийг Ананд бид 2 ярилцаад ...сургуульд оруулсан, хүүг эгчийнх нь хамт хүргэж өгөх, авахад амар, дээрээс нь сургалтын чанар сайн гэж үзээд төлбөртэй цэцэрлэгт өгсөн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц улсын бүртгэлд ...гийн өмч гэж бүртгэгдсэн байдаг болов ч тухайн байрыг анх ... би өөрөө 130,680,000 төгрөгөөр худалдаж авахаар захиалгын гэрээ хийн мөнгийг төлж авсан. Уг байрыг авахад би аав ээж хоёрын минь хадгалж байсан ээж А.Нармандахын нэр дээрх банкны хадгаламжийг цуцалж байж байрны урьдчилгааг төлсөн. Байрыг анх худалдаж авч байхдаа эхнэр ...гийн нэр дээр дээр захиалга өгч улсын бүртгэлд түүний өмчлөлөөр бүртгүүлж байсан болов ч байрны мөнгө болон СӨХ, хэрэглээний зардлуудыг би төлдөг байсан юм. Харин ... нь байрны төлбөрт гэж 2 удаа 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг Алтай констракшн ХХК- ийн дансанд хийсэн байдаг. Энэ талаар байр худалдан авсан Алтай констракшн ХХК-ийн гаргаж өгсөн Захиалагчийн тооцооны хуудаснаас тодорхой харагдана. Байрны захиалга ...гийн нэр дээр хийгдсэн учир гүйлгээний утган дээр саруул хороолол 113-... Золзаяа /saruul horoolol 113-... Zolzaya/ гэж бичээд өөрийн худалдаа хөгжлийн банкны 499172552 тоот данснаас Алтай констракшн ХХК-ийн 904999043581 тоот данс руу шилжүүлсэн. Байрны төлбөрийг бүхэлд нь би төлж барагдуулсан. ... нь Анандын дээр 25,000,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж өөрийн Голомт банкны 4904962560040113 тоот данс руу 12 удаагийн гүйлгээгээр 22,600,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хэрэглэсэн байдаг ба тэр мөнгийг одоо ч би өөрийн цалингаасаа 50 хувиар төлж явдаг. Ананд би өөрийн зүгээс үр хүүхдээ бодож ...гийн шаардсан болгоныг хүлээн зөвшөөрч, нэхсэн мөнгө бүрийг төлж байсан ба хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 02455 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт заасны дагуу хүүхдийн тэтгэмжийг хугацаа алдалгүй төлж байгаа ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл ... янз бүрийн шалтгаанаар надаас мөнгө авч цалингийн зээл, бусад өр төлбөр үүсгэн хүнд үед орхиж шүүхэд хүртэл өгч үр хүүхдээс минь салгаж шүүхээр шийдүүлэхдээ хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэж үзэн би хүлээн зөвшөөрч шийдвэр нэгэнт гарснаар би Золзаяагийн надаар авхуулсан бүх өр ширийг төлж дуусаагүй байхад дахин надаас төлбөр мөнгө нэхэж байгаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Харин охин ..., хүү ... нарын сургалтын төлбөрийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг өөрөө төлнө гэсэн тул би төлж чадахгүй гэдгээ тохирсон шийдвэр хүчин төгөлдөр байх тул төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...гийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, Их Монгол Улсын гудамж, 113 дугаар байрны ... тоот орон сууц нь хэдийгээр ...гийн нэр дээр байдаг улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг болов ч тухайн байрыг анх ... би өөрөө 130,680,000 төгрөгөөр худалдаж авахаар захиалгын гэрээ хийн мөнгийг төлж авсан. Уг байрыг авахад би аав ээж хоёрын минь хадгалж байсан ээж А.Нармандахын нэр дээрх банкны хадгаламжийг цуцалж байж байрны урьдчилгааг төлсөн. Байрыг анх худалдаж авч байхдаа эхнэр ...гийн нэр дээр дээр захиалга өгч улсын бүртгэлд түүний өмчлөлөөр бүртгүүлж байсан болов ч байрны мөнгө болон СӨХ, хэрэглээний зардлуудыг би төлж байсан одоо ч би амьдарч төлсөөр байгаа юм. Харин ... нь байрны төлбөрт гэж 2 удаа удаа 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг Алтай констракшн ХХК-ийн дансанд хийсэн байдаг. Энэ талаар байр худалдан авсан Алтай констракшн ХХК-ийн гаргаж өгсөн Захиалагчийн тооцооны хуудаснаас тодорхой харагдана. Байрны захиалга ...гийн нэр дээр хийгдсэн учир гүйлгээний утган дээр саруул хороолол 113-... Золзаяа /saruul horoolol 113-... Zolzaya/ гэж бичээд өөрийн худалдаа хөгжлийн банкны 499172552 тоот данснаас Алтай констракшн ХХК-ийн 904999043581 тоот данс руу шилжүүлсэн. Байрны төлбөрийг бүхэлд нь би төлж барагдуулж, урсгал зардлыг өөрөө төлдөг байсан. Улсын бүртгэлд ...гийн нэр дээр байдаг болов ч миний эд хөрөнгө юм. Энэ талаар ... нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгийн талаар маргахгүй гэж харилцан тохирсноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.06-ний өдрийн 02455 тоот шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 35,000,000 төгрөгийн тухайд Миний нэр дээр цалингийн зээл гаргуулж 12 удаагийн гүйлгээгээр 23,700,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн байдаг. ...гийн авсан зээлийг би одоо ч төлдөг ба түүний хүүд 7,000,000 төгрөг төлсөн байдаг. ...гийн аав, ээж нь лагерийн байшин авахад миний зүгээс 5,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Мөн үндсэн нэхэмжлэгч ... нь анхнаасаа хүүхдүүдээ өсгөн гээд шүүхийн шийдвэрээр өөрийн асрамжид авсан ч санхүүгийн болон орчин хүрээллийн хувьд хүүхдийн минь эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа тул хүү ...оо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүү минь миний асрамжид байвал ойрхон сургууль, цэцэрлэг, тав тухтай орчинд таатай өсөх боломжтой гэж үзэж хүүхдээ өөрөө асрах хүсэлтэй байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, Их Монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ... намайг тогтоох, өөрийн хүү ...ыг өөрийн асрамжид авах, цалингийн үндсэн зээл 23,700,000 төгрөг, түүний хүү 7,000,000 төгрөг, лагерийн байшин авахад манай эцэг эхээс авсан 5,000,000 төгрөг нийт 35,700,000 төгрөгийг хариуцагч ...гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, Их Монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, Их Монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын өмчлөлд үлдээх-ээр нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч ... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тоот байрыг хариуцагч ... өөрөө худалдаж авахаар захиалгын гэрээ хийн мөнгийг төлж авсан, ... ээжийнхээ нэр дээрх хадгаламжийг цуцалж байрны урьдчилгаа төлсөн гэдэг нь огт худлаа юм. ... тоот байрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ... миний бие хариуцагч ...тай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулан, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуримаа хийж тухайн өдөр хуримын бэлэг болон цугларсан хорь гаруй сая төгрөгөөр байрны урьдчилгаа төлсөн болно. Алтай констракшн ХХК-тай хувь лизингийн гэрээ байгуулан 72.6 м.кв байрыг 1 м.квадратыг 1.800.000 төгрөгөөр тохиролцон нийт 130.660.000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Миний бие 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сар хүртэл жирэмсний амралттай байж байгаад том охиноо 8 сар хүрэнгүүт нь өөрийн аав, ээждээ үлдээн ажилдаа буцан орж Оюу толгойн уурхай руу 28/14 гэсэн ростороор ажилдаа эргэн орсон билээ. Харилцан тохиролцсоны үндсэн дээр ... байрны СӨХ болон тогны мөнгөө төлж байсан. Миний бие цалингаасаа сар болгон мөнгөө шилжүүлж, ...аар дамжуулан Алтай констракшнд хувь лизингийн дагуу мөнгөө төлж байсан. ... өөрийн данснаасаа мөнгө шилжүүлсэн гэдэг нь өөрөө дангаараа худалдан авсан гэсэн үг биш юм. Хамтран амьдрах хугацаандаа гарсан зардлыг дандаа хоёр талаасаа гаргаж байсан. Миний цалин ...ын цалингаас даруй 300.000-400.000 төгрөгөөр илүү байдаг байсан. Хамтран амьдрах хугацаандаа ... өөрийн нэр дээрх чанаргүй зээлийн төлөлтийг цалингаасаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийн дагуу цалингийнхаа 50%-г шууд суутгуулдаг байсан. Энэ чанаргүй зээл нь эцэг эхийнх нь ...ын нэр дээр аль дээр үед Анод компаниас авсан зээл болно. Би хэзээ ч дундын орлогоос аав, ээжийнхээ зээлийг барагдуулж байгаад гомдоллож байгаагүй. ... энэ зээлийг одоог хүртэл төлж байгаа. Энэ хугацаанд болон одоо ч гэсэн би өөрийн цалин орлогоо 100% гэр орон, үр хүүхдэдээ зориулж байна. ...ын нэр дээрх цалингийн зээлийн тухайд хамтран амьдарч байх хугацаандаа авсан зээл мөн болно. Энэхүү зээлийг 2018 оны 04-дүгээр сард гэр бүлээрээ Хонгконг руу аялалд явахдаа хэрэглэсэн. Үүнийг ... өөрөө сайн мэдэж байгаа. Мөн ...ын эцэг эхийн хадгаламжийг цуцалж байрны урьдчилгаа хийсэн гэдгийг би ерөөсөө сонсож байгаагүй гэдгээ хэлмээр байна. Анх ...тай танилцаж, үерхэж эхэлсэн 2011 оноос тодорхой хугацаанд хуримаа хийтлээ ...ын эцэг эхийн зээлийн хүүг төлөхөд нь би үргэлж тусалж сар бүр цалингаасаа өгдөг байсан. Миний бие хөдөө ажиллах хугацаандаа хоёр хүүхдээ үргэлж өөрийнхөө аав, ээж хоёр дээрээ байсан. Тиймдээ ч хүүхдүүдээ цэвэр агаарт байлгахад нь тустай гээд аав, ээж хоёрынхоо өөрсдийн мөнгөөр лагерийн байшин авахад нь өөрийн зүгээс сайн дураараа мөнгө хандивласан нь үнэн болно. Гэхдээ энэ харилцан тохиролцож, миний 13 дахь сарын цалин буюу урамшуулал цалинг өгсөн. Мөн энэ нь гэр бүл хамтран амьдарч байхад болсон явдал. Миний үзэж байгаагаар ... нь хөрөнгө харж, удаа дараалан 4 настай хүүгээ өөр дээрээ авах хүсэлтээ гаргаж байгаа нь өөрийнх нь байгаа байдал, гаргаж буй үйлдлээр нь нотлогдож байна. Өмнөх шүүх хурал дээр ... яагаад хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй, байгаагаа хүүгээ аваад тэгээд хэн хэндээ мөнгө төлөхгүй гэж тайлбарлаж байсан. Хүү ...ыг 1 нас гаруйтай байхад нь би тусдаа амьдарч эхэлсэн энэ үеэс хүү над дээр байгаа, ... хүүтэйгээ уулздаггүй, хүүхдүүдийнхээ талаар над руу ярьж, яаж байна гэж ч асуудаггүй байж, яаж авч өсгөх гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхэд эх над дээр төрсөн цагаасаа хойш байсан надад дассан би ч дассан, би хүүгээ өгч чадахгүй, эх хүний хувьд, хэрвээ ... хүүхдүүдийнхээ эцэг шиг байдаг байсан бол бид 2 салахгүй байсан. Бид 2018 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд миний бие хоёр хүүхэдтэйгээ одоог хүртэлх хугацаанд аав ээжийнхээ гэрт нь цуг амьдарч байна. Хоёр хүүхэд маань эцгийгээ хараагүй 2 жил 6 сар болж байна.Охин ... 8 нас, хүү ... 4 нас хүрнэ. Хүү маань одоо бараг аавынхаа царайг танихгүй. Анандын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ..., охин ..., хүү ... бид нар уг байрны өмчлөгчөөр ...ыг тогтоох юм бол бид нарын гэр бүл байхдаа оруулсан хөдөлмөрийг үгүй хийж, шударга бус явдал болох байх шүүх бид 3 эрхийг хууль бусаар хөндөхгүй байх гэж бодож байна. Түүний гаргасан мөнгө, төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь нэхэмжлэгч ..., хариуцагч А.Ананд нарын гэр бүлийн амьдралын хугацаанд болж өнгөрсөн асуудал, энд хэн нэгэн тусдаа хуваарьт хөрөнгийн талаар мөнгө, төгрөг нэхэмжлээгүй байна. Иймд хариуцагч ...ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 02455 дугаартай шийдвэр 7 хуудас, ...ын төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, ...ий төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, ...ий суралцдаг нь үнэн болох тухай ...олон улсын дунд сургуулийн тодорхойлолт 1 хуудас, ...ын суралцдаг нь үнэн болох тухай ...олон улсын дунд сургуулийн тодорхойлолт 1 хуудас, ...гийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Төрийн банкны мемориалын баримт 1 хуудас, 5,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт 1 хуудас, ...гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Хаан банкны депозит дансны хуулга 44 хуудас, Голомт банкны дансны хуулга 37 хуудас, үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт 1 хуудас, Голомт банкны төлбөрийн баримт 2 хуудас, ...олон улсын дунд сургуульд суралцах гэрээ 4 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Дансны хуулга 8 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны албан бичиг 1 хуудас, цалингийн зээлийн гэрээ 1 хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, Бадамлах нар ХХК-ийн албан бичиг 1 хуудас, Г.Эрдэнэбат, А.Нармандах нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Төрийн банкны дансны хуулга 1 хуудас, Голомт банкны дансны хуулга 1 хуудас, захиалагчийн тооцооны баримт 1 хуудас, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга 26 хуудас, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт 2 хуудас, дансны хуулга 3 хуудас, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга 4 хуудас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл 1 хуудас, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл 3 хуудас, А.Нармандахын Хаан банкны депозит дансны хуулга 2 хуудас, Э.Анадын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 хуудас, …, ...нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, ...ын гадаад паспортын хуулбар 1 хуудас, ...ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга 96 хуудас, Тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, Э.Уянгын иргэний лавлагаа 1 хуудас, ...ын ажлын байрны тодорхойлолт 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 2455 дугаартай тэмдэглэл 5 хуудас, ..., ... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн 26-р хорооны тодорхойлолт 1 хуудас, ...ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 хуудас, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, ...ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас, Шинэ саруул сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг 1 хуудас, Бадамлах нар ХХК-ийн албан бичиг 1 хуудас, ...ын гадаад паспортын хуулбар 1 хуудас, Оюу толгой ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас Э.Уянгын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Төрийн банкны зарлагын мэдүүлэг 1 хуудас, ...ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Алтан констракшн ХХК-ийн албан бичиг 1 хуудас, кассын орлогын ордерын баримт 4 хуудас, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгын орон сууц захиалгын 2013 оны 12 дугаар сарын 13-ны 166 тоот гэрээний өөрчлөлт 1 хуудас, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгын орон сууц захиалгын гэрээ 3 хуудас, төлбөр төлөлтийн нөхцөл 1 хуудас, барилгын нийт гүйцэтгэл тус бүрийн эзлэх хувь 1 хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/02 дугаартай тушаал 1 хуудас, тус тушаалын хавсралт 1 хуудас, ...олон улсын дунд сургууль ХХК-ийн 3+ сургууль, 4+ цэцэрлэгийн анги болон тодорхойлолт 2 хуудас, ...олон улсын дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/6 дугаартай тушаал 1 хуудас, ...олон улсын дунд сургуулийн зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай шийдвэр 1 хуудас, ...олон улсын дунд сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/7 дугаартай тушаал 1 хуудас, ...олон улсын дунд сургуулийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийдвэр 1 хуудас, ...олон улсын дунд сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/4 дугаартай тушаал 1 хуудас, ...олон улсын дунд сургуулийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай шийдвэр 1 хуудас, тус сургуулийн захирлын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн А/10 тоот тушаал 1 хуудас, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт 23 хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс ирүүлсэн ...олон улсын дунд сургуулийн 2-р анги, цэцэрлэгийн 3+ анги 2019-2020 оны хичээлийн жил, 2020-2021 оны хичээлийн жилд хичээллэсэн эсэх талаарх баримт 11 хуудас, ...гийн 09-92 УНГ улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 хуудас, ...гийн гадаад паспортын хуулбар 3 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ... хариуцагч ...ад холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах, охины сургалтын төлбөр, хүүгийн цэцэрлэгийн төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин, хүүгийн сургалтын төлбөрт 23,275,000 төгрөг нэмж төлсөн тул 50 хувь болох 11,637,500 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 14,137,500 төгрөг гаргуулах-аар нэхэмжилж байна.
Хариуцагч орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө, гэрлэлт цуцлуулахад 50, 50 хувиар хувааж авна гэж тохирсон, орон сууцын зээлийг төлж байгаа, үнэтэй цэцэрлэгт суралцуулахыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч ..., нэхэмжлэгч ... нар 2011 онд танилцан 2013 оны 12 сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 05 сарын 09-нд охин ..., 2017 оны 03 сарын 31-нд хүү ... нар төрсөн болох нь ..., ... нарын төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-12-13/
Шүүх нэхэмжлэгч ... хариуцагч ... нарын гэрлэлтийг 2020 оны 07 сарын 06-ны өдөр цуцалж, охин ..., хүү ... нарыг эх ...гийн асрамжид үлдээж, эцэг ...аас тэтгэлэг тогтоосон, гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдаж шийдвэрлэсэн болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02455 дугаартай шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-5-11/
...ын нагац ахын хамаарал бүхий компани болох Алтай констракшн ХХК-иас ..., ... нар 2013 оны 12 сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот, 72.6 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр, нийт 130,680,080 төгрөгөөр худалдан авч, ...гийн нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, Алтай констракшн ХХК болон ... нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, Алтай констракшн ХХК-ийн захиалагчийн тооцоо, гэрч Д.Энхборын ... Ананд, Золзаяа нар 2013 оны 12 сарын 5-ны өдөр хуримаа хийсэн, хуримын бэлэгт 14-15 орчим сая төгрөг цугларсан, 2013 оны 12 сарын 13-ны өдөр ..., ... нар хүүхдээ манайд үлдээж яваад, Саруул хороололд байр захиалаад 13 сая төгрөг төлсөн гэж хэлсэн, би тэгж ойлгосон... гэх, гэрч Г.Эрдэнэбатын ...Алтай констракшн ХХК-ийн захирал нь манай эхнэрийн дүү буюу ...ын нагац хүн. Би эхнэрийн хамт зах зээлийн ханш нь 2,100,000 төгрөгтэй орон сууцыг 1,800,000 төгрөгөөр, банкнаас зээл авахгүй, цувуулж төлж дуусгахаар гэрээ байгуулж өгөх талаар ярьж, хэлж өгсөн. Үүний дагуу ..., Золзаяа нар цувуулж төлж дуусгасан. ..., ... нар хуримаа хийж, ах дүүс, найз нөхдийн бэлэглэсэн мөнгөө байрны урьдчилгаанд өгсөн. Уг орон сууц гэр бүлийнх нь хөрөнгө гэж бодож байгаа... гэх мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-43, 121-131/
Маргаан бүхий орон сууц гэр бүлийн дундын өмч болох нь тогтоогдсон тул гэр бүлийн дундын өмч хөрөнгийн талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч ... хариуцагч ...ыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэж, хариуцагч ...ыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулах 2020 оны 7 сараас өмнө 2019 оны хичээлийн жил эхлэхэд охин ...ийг ...олон улсын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, ...олон улсын дунд сургуулийн 2020 оны 09 сарын 16-ны 1 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул зохигчид охин ...ийг 1-р ангиас нь эхлэн төлбөртэй сургуульд суралцуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Охин ...ий сургалтын төлбөр болох нэмэлт зардалд 2020-2011 оны хичээлийн жилд 2,900,000 төгрөг, 2011-2022 оны хичээлийн жилд 6,825,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилд 7,350,000 төгрөг, нийт 17,075,000 төгрөгийг нэхэмжлэгч ... төлсөн болох нь ...олон улсын дунд сургуулийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 200 дугаартай тодорхойлолт, Голомт банкны төлбөрийн баримт, Төрийн банкны мемориалын баримт, ...сургуулийн төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна.
/1хх-17, 244, 2хх-188, 3хх-47/
Иймд охин ...ийг хувийн, төлбөртэй сургуульд суралцахад гарсан нэмэлт зардал 17,075,000 төгрөгийн 50 хувь болох 8,537,500 төгрөгийг эцэг буюу хариуцагч ...аас гаргуулж эх буюу нэхэмжлэгч ...д олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийн дагуу охин ..., хүү ... нар эх ...гийн асрамжид өсөж хүмүүжиж байх ба хариуцагч тал хүү ...ыг төлбөртэй цэцэрлэгт сургах асуудлыг ... өөрөө дангаар шийдвэрлэсэн, эцэг ...тай ярилцаж тохиролцоогүй, хүүхдийг төлбөртэй цэцэрлэгт явуулах шаардлагагүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ... хүүгээ төлбөртэй цэцэрлэгт явуулах хүсэлгүй байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 6-ны өдрийн 2455 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /2хх-145-149/
Нэхэмжлэгчийн ...гэрийн хажууд 169-р цэцэрлэг байдаг, охинтой хамт хүргэж өгөх, авахад амар байдаг... гэх тайлбар, хариуцагчийн ...хүүг төлбөртэй цэцэрлэгт явуулахыг зөвшөөрөхгүй... байсан байдал, хэрэгт авагдсан баримт зэргээс хүү ...ыг төлбөртэй цэцэрлэгт явуулах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, хүү ...ын цэцэрлэгийн төлбөрт төлсөн 11,200,000 төгрөгийн 50 хувь болох 5,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ...д холбогдуулан Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ...ыг тогтоолгох, өөрийн хүү ...ын асрамжийг өөрчлүүлэх, цалингийн үндсэн зээл 23,700,000 төгрөг, түүний хүү 7,000,000 төгрөг, лагерийн байшин авахад манай эцэг эхээс авсан 5,000,000 төгрөг, нийт 35,700,000 төгрөгийг гаргуулах тухай гэх сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг орон сууцыг ...ын өмчлөлд үлдээх-ээр нэмэгдүүлсэн.
Хариуцагч тал шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын өмчлөлд үлдээх, өөрийн хүү ...ын асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах, цалингийн үндсэн зээл 23,700,000 төгрөг, түүний хүү 7,000,000 төгрөг, лагерийн байшин авахад манай эцэг эхээс авсан 5,000,000 төгрөг, нийт 35,700,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн,
126 дугаар зүйлийн 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна,
126 дугаар зүйлийн 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэж заажээ.
Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, Их Монгол улсын гудамж, 113 дугаар байр, ... тоот орон сууц ..., ... нарын гэр бүлийн дундын өмч болох нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ..., ... нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
...ын нагац ахын хамаарал бүхий компани болох Алтай констракшн ХХК-иас ..., ... нар 2013 оны 12 сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг 2,100,000 төгрөгөөр захиалан бариулж байх үед 1,800,000 төгрөгөөр захиалан бариулсан, гэрлэлт цуцлуулах үед ... Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын эзэмшилд үлдээн гэрээсээ явсан, 2020 оны 7 сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч ...ын гаргасан ...Бид хоёр өмнө нь байраа 50, 50 хувиар нь хувааж авахаар ярилцаж байсан учраас би байрны талаар дурдаагүй... гэх тайлбарт нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч нар хариу тайлбар гаргалгүй хэргээ шийдвэрлүүлсэн, нэхэмжлэгч орон сууцыг дундын өмч хэмээн зөвшөөрч, өөрийн өмчлөлд үлдээхээр шаардлага гаргахгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын өмчлөлд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заажээ.
Гэрлэлт цуцлуулах 2020 оны 07 сарын 06-ны өдрийн үед гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй байх боловч ... орон сууцыг өөрийн өмч хэмээн албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэнд ... сөрөг нэхэмжлэлээр орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээхээр шаардсан, уг шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн тул гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг хувааж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.
129 дүгээр зүйлийн 129.4-т Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.
..., ... нар орон сууцыг Алтай констракшн ХХК-иас ...ын садан төрөл үндэслэлээр тухайн үеийн захиалгын ханшаас хямдруулж авсан, одоо 1 м.кв нь 2,500,000 төгрөг орчим болсон гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тооцвол, орон сууцын анх худалдан авсан үнэ 130,680,000 төгрөг, одоогийн зах зээлийн ханш 181,5000,000 төгрөг гэж тооцвол, орон сууцны үнэ 50,820,000 төгрөгөөр өссөн гэж үзэхээр байна.
Зохигчид орон сууцнаас ногдох хэсгээ өөрсдөө тодорхойлж мэтгэлцээгүй, шүүх энэ талаар тодруулахад нэхэмжлэгч тал ... өөрийн хөрөнгөөр авсан тул албадан гаргуулан... гэж тайлбарласан, хариуцагч тал ... ... шаардлага гаргаагүй, сөрөг нэхэмжлэлээр эцэслэн шийдвэрлүүлнэ... гэсэн байх тул шүүх Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн тул ...д оногдох хэсгийг шийдвэрлэхгүй орхих үндэслэлгүй.
2020 оны 7 сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч ...ын гаргасан ...Бид хоёр өмнө нь байраа 50, 50 хувиар нь хувааж авахаар ярилцаж байсан учраас би байрны талаар дурдаагүй... гэх тайлбарт ..., түүний өмгөөлөгч тайлбар гаргаагүй, ..., ... нар орон сууцыг Алтай констракшн ХХК-иас ...ын садан төрөл үндэслэлээр тухайн үеийн захиалгын ханшаас хямдруулж авсан, орон сууцны үнэ 50,820,000 төгрөгөөр өссөн нөхцөл байдлыг болон нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан нөхцөл байдлыг үндэслэн гэр бүлийн гишүүн бүрд хуваах шаардлагагүй гэж үзэж, гэрлэгчдэд хуваахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан .... маргаан бүхий орон сууцны зах зээлийн дундаж ханш 2,500,000 төгрөг байгааг зараас асуусан... гэх тайлбараар 72.6 м.кв орон сууцын зах зээлийн үнэ, ханш 181,500,000 төгрөг /72.6*2,500,000/ гэж тооцон, ...д ногдох хэсэгт 50 хувь буюу 90,750,000 төгрөгийг ...аас гаргуулж ...д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль хууль зүйн туслалцаа авсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020.09.25-ны өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх 2022.06.02-ны өдөр хүртэл 610 орчим хоногийн хугацаанд явагдахад орон сууцын зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргаагүй тул шүүхийн санаачилгаар шинжээч томилж, орон сууцны үнэлгээ гаргуулах нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй гэж үзсэн болно.
Шүүх нэхэмжлэгч ... хариуцагч ... нарын гэрлэлтийг 2020 оны 07 сарын 06-ны өдөр цуцалж, охин ..., хүү ... нарыг эх ...гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 02455 дугаартай шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүү ... төрсөн цагаас хойш одоог хүртэл эх ...гийн хамт амьдарч байгаа, ... эцгийн асрамжид хүүгээ өгөхөөс татгалзаж байна.
Хариуцагч талын хүсэлтээр хүү ...ын асрамжийн талаар шинжээч томилуулахад ... хүү ... ээжтэйгээ сэтгэл зүйн хувьд илүү ойр дотно ээнэгшилтэй, аавтайгаа харилцах, холбоо тогтоохоос зайлсхийх талууд харилцааны хувьд хөндийрөл өндөр илэрсэн. Хүү ... ээжээсээ хамаарал өндөртэй байгаа... гэсэн дүгнэлт гарсан.
Хүү ...ын эрх ашиг зөрчигдсөн, асрамжийг өөрчлөн тогтоож, эцгийн асрамжид үлдээх үндэслэл зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, ...д холбогдуулан гаргасан өөрийн хүү ...ын асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
... 2018 оны 5 сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан болох нь ...ын тайлбар, хэрэгт авагдсан цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна. /1хх-39-40/
... өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 2018.05.22-ны өдрөөс хойш 2018.05.24-ний хооронд 22,600,000 төгрөгийг ...гийн Голомт банкны данс уруу, 2019.03.11-нд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 495049271 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх-30-37, 87-91/
... өөрийн Хаан банк, Голомт банкны дансны 2015.08.12-ны өдрөөс 2019.08.04-ний өдрийг дуусталх хугацааны хуулгыг хэрэгт өгсөн ба ...гийн данснаас ...ын данс уруу мөнгөн шилжүүлгүүд хийгдэж байсан байна.
...аас ...гийн данс уруу шилжигдсэн, ...гаас ...ын данс уруу шилжигдсэн мөнгийг ..., ... нарын хамтран амьдрах хугацаанд орон сууцны үнэ төлөх, Хонгконг уруу аялах, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэх, авто машин худалдан авах зэргээр зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
... өөрийн эцэг эхийн ...д зээлсэн гэх 5,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Иймд цалингийн үндсэн зээл 23,700,000 төгрөг, түүний хүү 7,000,000 төгрөг, лагерийн байшин авахад манай эцэг эхээс авсан 5,000,000 төгрөг, нийт 35,700,000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 341,300 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,099,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 763,250 /үндсэн нэхэмжлэл 8,537,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 151,550 төгрөг, сөрөг нэхэмжлэл 90,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 611,700/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгох, нэхэмжлэгч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 878,150 /орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 807,950 төгрөг, орон сууцыг өмчлөлд үлдээх шаардлагад 70,200 төгрөг/ төгрөгийг гаргуулж хариуцагч ...ад тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 8,537,500 /найман сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлээс 5,600,000 төгрөг гаргуулах, ...ыг орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ..., ... нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон /13311/, Хүннү гудамж 113 дугаар байр, ... тоот орон сууцыг ...ын өмчлөлд үлдээж, хариуцагч ...аас орон сууцнаас оногдох хэсэгт 90,750,000 /ерэн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, сөрөг нэхэмжлэлээс хүү ...ын асрамжийг өөрчилж, ...ын асрамжид үлдээх, 35,700,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 341,300 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,099,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 763,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгох, нэхэмжлэгч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 878,150 төгрөгийг гаргуулж хариуцагч ...ад тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2021/09292 дугаартай захирамжийн 9 дэх заалт хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ