| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2303001340133 |
| Дугаар | 2023/ДШМ/577 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/577
2023 5 30 2023/ДШМ/577
Г.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Д.С-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэрэнням,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Х-д холбогдох эрүүгийн 2303001340133 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ---ын Х, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .......... мэргэжилтэй, ам бүл .., .....-ийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/.
Шүүгдэгч Г.Х нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын баруун уулзварын орчимд Т П-30 маркийн ..-.. ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу явган хүний зам дээр гарч улмаар явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Х-д жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Х нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 7.324.198 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.С болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нар нь хохирол, хор уршигтай холбоотой бусад зардал болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид учирсан эдийн болон эдийн бус хохирол, сэтгэл санааны хохиролтой холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн, үүнийг хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардсан заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Учир нь, хохирогч Д.С-д учирсан эрүүл мэндийн хохирол буюу гэмтэл эдгэрээгүй цаашид мэс засалд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байх бөгөөд түүнийг эмчилэхэд чиглэсэн эмчилгээ дуусгавар болоогүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэг л удаа мэдүүлэг авсан бөгөөд хохирол эцэслэн гараагүй байгаагаа илэрхийлсэн атал хохирол төлөгдсөн мэтээр яллах дүгнэлтэд дурдсан нь хуульд нийцэхгүй байна.
Хохирогч Д.С нь уг ослын улмаас үүссэн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 2 жилийн хугацаанд алдаж байгаа тухай эмч нар дурдсан байх тул шүүгдэгч Хаас 74.944.850 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нийт 124.944.850 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн хохирогчийн сонгоогүй, огт танихгүй Б.Борхүү гэх этгээдийг шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцуулсан байх бөгөөд өмгөөлөгчийг оролцуулах тухай 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийг Д.С үйлдээгүй байхад хэн үйлдсэн, хэн шүүхэд гаргаж өгсөн эсэх тодорхой бус байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү Д.С нийт 5 удаагийн мэс ажилбарт орсон. Хүүг минь хөл дээр нь босгохын тулд эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мэс заслын дараа эмчээс шүүгдэгч Г.Х бид хоёрт “ямар ч байсан бяцарсан ясыг нь өрж антом хэлбэрт оруулж, тасарсан гол венийн судасыг нь боосон. Хугарсан яс, нарийн яснуудыг бэхлэгч төмрөөр бэхэлнэ. Энэ бол маш хүнд мэс засал тул урт хугацааны эмчилгээ шаардлагатай, мөн нөхөн сэргээх эмчилгээ давхар хийнэ” гэж хэлсэн. Мэс заслын дараа би шүүгдэгч Г.Х-тай уулзаж “хүүг минь хөл дээр нь алхуулахын тулд бид бүгд сэтгэл санааг нь тайван байлгаж, тал талаас нь дэмжин шаардлагатай бөгөөд эм, тариа, эмчилгээг таслахгүй явуулъя. Би чам шиг охинтой. Бид хоёулаа эх хүмүүс шүү дээ. Хүүхэд өвдөхөөр бид нарт ямар хэцүү байдаг билээ” гэж хэлсэн. Одоогийн нөхцөл байдал надад маш хүнд тусаж байна. Сэтгэл санаа тогтворгүй, хямарч байна. Хүү минь хөл дээрээ алхах эсэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. Эмчлэгч эмч нь “2-3 жилийн хугацаанд эмчилгээ хийгдэнэ” гэж хэлсэн. Энэ оны 7 дугаар сард хиймэл яс суулгах мэс засалд орно. Одоогоор миний хүү хэвтрийн дэглэмд, асаргаанд байгаа бөгөөд хөлийн тавхай болон шагай хэсэг мэдээ ороогүй байгаа. Урт хугацааны олон давтамжтай нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд сэргэх эсэх нь тодорхойгүй байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг хүнд гэж гарсан. Хэрэгт авагдсан камерын бичлэгийг үзэхэд шүүгдэгч Г.Х-д сонголт байсан харагддаг. Би 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдөр өмгөөлөгч н.Отгонцэцэгийн хамт мэдүүлэг өгөхдөө хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичиж өгсөн. Энэ талаар би өмгөөлөгчөөсөө тодруулж асуухад, “хэргийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой байдаг” гэж хэлэхэд би “би 7 хоногийн турш хүүхдээ эмнэлэгт сахиж хононо. Учир нь, эхнэрийнх нь бие бас өвдөөд байгаа тул эхнэрт нь бага зэрэг эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна. Би энэ долоо хоногт шүүх хуралдаан болохгүй гэж ойлгоод сахиураар орлоо” гэж хэлсэн. Миний хүү Д.С 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэс засалд орсон байсан. Энэ хугацаанд би огт унтаж, амраагүй бөгөөд шүүгдэгч Г.Х руу “мэс засал маш хүнд байна” гэж зурвас бичсэн. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Борхүүг оролцуулах тухай хүсэлт гаргасан байсан. Энэ талаар бид мэдээгүй. Бид өмгөөлөгч Г.Борхүүг нэг ч удаа харж байгаагүй бөгөөд огт танихгүй. Шүүгдэгч Г.Х-аас бидний нэхэмжилсэн хохирлыг төлбөрийг төлж, барагдуулахыг шаардаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хохирол, төлбөрийн асуудал дээр маргахгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Би хохирогч Д.С-ыг хөл дээрээ босох хүртэл нь түүнтэй холбоотой байж, тусалж, дэмжиж явна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байгаа. Би хохирогчийн гэр бүлтэй байнга холбоотой байж эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь өгч байгаа. Сүүлд хохирогч Д.С нь уламжлалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “та уламжлалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар баримтыг өгч болох уу” гэхэд “надад ийм баримт байхгүй” гэж хэлсэн. Бидний хооронд хохирлын баримттай холбоотой үл ойлголцол үүссэн боловч би цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө байнга илэрхийлж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш миний бие хохирогчийн эмчилгээний зардалд өөрийн сайн дураар нийт 4.222.200 төгрөгийг зарцуулаад байна. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгч байна. Цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө үүгээр илэрхийлж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс хохирогч Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд үнэхээр харамсаж, уучлалт хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч талын шаардсан хохиролтой холбоотой төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, уг хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлснээр хохирол, төлбөрийг барагдуулах ажиллагаа хурдан явагдана. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж, барагдуулах үүрэг хүлээсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Хохирогчийн өмгөөлөгч “хохирол төлбөрийг төлж барагдуулж дуусаагүй байхад хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч Г.Х нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө байнга илэрхийлдэг. Мөн хохирол, төлбөрөө нөхөн төлсөн талаар баримтаа хэрэгт хавсаргасан. Хохирогч Д.С-д учруулсан хохирлыг төлж, барагдуулахын тулд миний үйлчлүүлэгч ажил, хөдөлмөр эрхлэх ёстой. Учир нь, ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авснаар хохирол, төлбөрийг илүү хурдан хугацаанд төлнө. Мөн миний үйлчлүүлэгч Г.Х нь гэр бүлийн хамт хохирогч Д.С-д учруулсан хохирлоо төлж, барагдуулахын тулд бүхий л боломж, нөөцөө шавхаж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор хохирогч талын ямар нэгэн эрх, ашиг сэргэх бодит боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар огт мэдээгүй байхад нь шүүх хуралдаан явагдсан мэтээр тайлбарлаж байна. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням нь давж заалдах шатны шүүхийн шатнаас уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас прокурорын хяналтад ирэх хугацаанд би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-тай утсаар холбогдсон. Учир нь, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс х эрэгт нэг ч төгрөгийн хохирол, хор уршигийн талаарх баримт байхгүй бөгөөд хэргийн материалтай танилцсан баримтад “хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж бичсэн байсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас “эгч нь огт ойлгохгүй байна. Миний хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Би хэргийг хурдан, түргэн шийдвэрлүүлмээргүй байна” гэж хэлсэн. Би “танд ямар нэгэн хохирлын баримт байна уу” гэхэд “надад бүрдүүлсэн баримт байхгүй” гэж хэлсэн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-тай удаа дараа утсаар ярьсан. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өмгөөлөгчийн хамт хохирогч Д.С-ын эхнэр ирсэн. Тухайн өдрийн өглөөний 09 цагийн үед “ээж сахиураар солигдоод орчихсон байгаа” гэж зурвас бичсэн байсан. Би хохирогч талд “хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэгэн санал, хүсэлт байна уу гэж асуусан бөгөөд шүүгдэгч Г.Х-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тайлбарлаж өгсөн бөгөөд хохирогч талд “утсаар яриад ойлголцохгүй юм байна, уулзъя гэж хэлээд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр прокурорын уулзалтын өрөөнд уулзахдаа “хэрэг өнөөдөр шүүхэд 15 цагт шилжинэ” гэж хэлсэн. Хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг би 24 цагийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Уг хэрэгт хохирогч талаас өмгөөлөгч н.Отгонцэцэг хэрэг гарсан хугацаанаас хойш оролцсон. Би өмгөөлөгч н.Отгонцэцэгтэй уулзахдаа “танай талд өгөх баримт байна уу” гэхэд “өнөөдрийн байдлаар байхгүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад оролцогч нарын хэнээс ч шүүхэд шинээр баримт гарган өгөх эрхтэй. Хохирогч Д.С-ын ажилгүй байх хугацааны цалин, хөлсний асуудлын талаар яригдсан боловч энэ талаар баримтыг хохирогч талаас гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хохирогч талын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн шүүгдэгч Г.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ давхар хохирол, хор уршгийг арилгах, оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө мэдэгдэх 2 үүрэг хүлээлгэсэн. Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн “би хохирол төлбөрийг заавал төлж барагдуулна. Би хохирогчийг эрүүл, саруул болох хүртэл явна. Би ажил, хөдөлмөр эрхэлдэг тул хохирлын баримтыг заавал нэхэж, шаардахгүйгээр цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Надад ч мөн адил хэцүү байна” гэж илэрхийлж байсан. Би хохирогч, шүүгдэгч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ирээгүй бөгөөд өмгөөлөгч Г.Борхүү хохирогчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Х нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын баруун уулзварын орчимд Т П-30 маркийн ..-.. ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу явган хүний зам дээр гарч улмаар явган зорчигч Д.С-ыг мөргөж “баруун шаант болон тахилзуур ясны ил хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
102 тусгай дугаарын утсанд “Цагаан өнгийн Приус маркийн автомашин хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх 3/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/,
хохирогч Д.С-ын “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа гараад айлд очиж багшлахаар Дүнжингаравын баруун талд байдаг Баянмонгол хорооллын баруун талын замаар зүүн талын явган хүний замаар урдаас хойд зүгт явж байхад намайг нэг машин миний хойд талаас мөргөөд 2-3 метр газарт намайг шидсэн. Тэгэхэд миний хөл тэнд байсан өндөр цементийг цохисон. Тэгтэл нэг эгч цонхоороо битгий хөдлөөрэй цагдаа дуудчихсан гэж хэлж байсан, тэгээд цагдаа, түргэн ирсэн. ...” /хх 15/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...Манай хүү С нь одоогоор 4 удаа хөлний шилбэний хагалгаанд орсон, дахиад хэд хэдэн удаагийн хагалгаанд орно. Эрүүл мэндийн хувьд өөрөө босож явж чадахгүй байнгын хэвтрийн дэглэмтэй, асаргаанд байгаа. Одоогоор хохирлын баримт авч ирсангүй, би шүүх хурал дээр гаргаж өгнө. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №2709 дугаар шинжээчийн “...Д.С-ын биед баруун шаант болон тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 30-31/,
2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 84/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Х-ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Х-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэннямаас “...Хохирогчид учирсан эдийн болон эдийн бус хохирол, сэтгэл санааны хохиролтой холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, хохирол эцэслэн гараагүй байгаагаа илэрхийлсэн байтал хохирол төлөгдсөн мэтээр яллах дүгнэлтэд дурдсан, уг ослоос үүссэн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 2 жилийн хугацаанд алдаж байгаа тухай эмч нар дурдсан байх тул шүүгдэгч Хаас 74.944.850 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нийт 124.944.850 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирол төлбөртэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгч Г.Х-аас гаргуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” албадлагын арга хэмжээг хэрэглэж, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР