| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0017/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж, шүүгч Д.Бавуу, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
иргэдийн төлөөлөгч Г.Гансувд,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000000023 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,, тоотод оршин суух,
1. Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
2. Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй*******чүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн орчимд Замчины 10 дугаар гудамжны 77 дугаартай хашааны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.тэй маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар зүүн зулай орчимд нь отвёрткоор нэг удаа цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруугийн асуудал, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр үе шаттай явуулж, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөрны нутаг дэвсгэрт таньдаг хүмүүстэйгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 15-16 цагийн үед дэлгүүрээс тамхи авахаар явж байгаад тус хорооны Замчины 10 дугаар гудамжны 77 дугаартай хашааны үүдэнд Ш., Ч. нартай тааралдаж, Ч.ыг “тамхилаач” гэж тамхи гуйхад “ахад нь тамхи байхгүй шүү дээ” гэсэн ба амь хохирогч Ш. хажуунаас нь “юу гээд байгаа пизда, банди шуумар вэ” гэж хэлээд түүний төмсөг рүү өшиглөхөд “яаж байгаа юм та” гэхэд “яадаг юм” гээд нүүр лүү нь цохих гээд баруун гараа атгаад далайхад нь гарыг нь татаад нэмэх буюу цэцгэн толгойтой отверка гартаа атгаж байгаад талийгаач Ш.ийн зүүн зулай хэсэгт нэг удаа цохиж эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл учруулан алсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ялын дэглэмийг өөрчилж өгнө үү, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын өгсөн: “Хүний амь нас хохирсон учраас гомдолтой байгаа. Өөрөө гэм буруугаа хүлээж байгаа бол учир байна. Урьд нь мэдүүлгийг нь уншиж байхад буруугаа хүлээхгүй гэсэн байсан. Бид нар ах, дүү нар шиг нэг хороонд, нэг дошин дээр өссөн хүмүүс. Талийгаач чамаас хэд ах билээ. Өөр хэлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байгаа учраас сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Харин оршуулгын зардлын мөнгөө гаргуулж авна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... Тэгээд би цааш нь яваад очсон, тэгтэл манай талийгаач ах Замчин тоот хашааны үүдэн дээр ухаангүй байдалтай шороон дээр хэвтэж байсан. ... би явж очоод талийгаач ийн хацарт нь хүрсэн чинь зэвхий даасан, хачин хүйтэн болчихсон байхаар нь би дахиж түргэн лүү залгаж дуудсан, тэгтэл түргэн “цагдаад дуудлага өг” гэхээр нь би давхар цагдаа дуудсан. Ингээд удалгүй цагдаа түргэн тусламж ирсэн юм. Тухайн үед намайг талийгаач дээр очиход толгойг нь түшээд л уйлж байсан, өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр тал/,
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... би хавтаст хэрэгт өөрт байгаа хохирлын талаар 11 хуудас баримтыг гаргаж өгсөн, ихэнх нь тухайн үед баримтгүй авсан эд зүйлс байгаа оршуулгын зардал төлбөрөө тооцсон дэвтэр дээрээ гараар бичиж хөтлөөд явж байсан юм, түүнийхээ хуулбарыг гаргаж өгсөн. Ингээд нийт оршуулгын зардалд 5.422.210 төгрөгийн зарлага гарсан, үүнийг нэхэмжлэнэ. Өөр бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хүний амь нас хохироосонд ар гэрийн зүгээс бол гомдолтой байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт нэмж ярих зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч П.ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “... ах ахыг тухайн үед нэг гараа дээшээ өргөж байгаад ямар ч байсан нэг удаа далайж цохьсон, яг хаана нь цохьсоныг нь харж чадаагүй, ах хариуд нь ерөөсөө цохиогүй. Зодооныг ахлүүлсэн, юунаасэлсэн болохыг мэдэхгүй байна. Цохих үед нь ах, манай аав , ах өөрөө байсан, өөр хэн байсныг нь мэдэхгүй байна. ... Би ах тухайн үед ямар хэлбэр дүрстэй, ямар өнгөтэй юу түрийнээсээ гаргаж ирснийг нь бол хараагүй. Ямар ч байсан нэг их том хэмжээтэй юм байгаагүй, том юм байсан бол би анзаарах байсан байх ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... талийгаач ийг цохих гээд гараа далайхаар нь би голоор нь ороод салгасан, намайг салгангуут талийгаач ийн нүүр лүү гараараа нэг удаа цохьсон, тэгээд би ыг нэг гараараа цамцнынх нь энгэрээс зуураад талийгаач ийг цээж рүү нь нэг гараараа түлхэж тэр хоёрыг салгасан, тэгтэл талийгаач ийг шилдэж бариад “хоёулаа больё” гээд цаашилсан, тэгэхээр нь би эр улсууд учраа олчих байлгүй гээд ыг буланд байхаар нь юм яриад эргээд л харах зуурт хажуугаар явахаар нь би эргээд хартал талийгаач газарт уначихсан, цус болчихсон нүүрээрээ газар луу хараад хэвтэж байсан, тэгээд би очоод эргүүлээд хартал их эвгүй нүүр царай нь цонхийсон, уруул ам нь цагаан болчихсон байсан. ... Юугаар цохьсоныг нь бол хараагүйлээд намайг салгахад нэг удаа талийгаач ийг цохихдоо гартаа ямар нэгэн юм бариагүй байсан, дараа нь юугаар цохьсоныг нь бол хараагүй. Гартаа ил барьж явсан юм бол байгаагүй. Яг тухайн үед нь эрчүүд өөрсдөө учраа олно биз гээд би , нарыг үлдээгээд эргээд ахтай юм ярьж байсан, ах нэлээн согтуу болчихсон байсан, тэгээд манай охин байсан, өөр хүн бол байгаагүй. Талийгаач ийн яг дэргэд нь бол аас бол өөр хүн байгаагүй. Амь насанд нь л хүрсэн нь тодорхой байсан өөр хүн байгаагүй, талийгаачийн хажуу хавьд нь цус нөж болсон юм бол байгаагүй, унаж бэртэж гэмтэх юм ч байгаагүй, тэв тэгшхэн газар л байсан. Тэр хоёр юм яриад байснаас орилж хашгираад зодолдсон зүйл бол байхгүй, тийм бол би эргэж хараад шууд салгах байсан, би тэр хоёроос 5-6 метр орчим зайтай л зогсож байсан. Хажуу хавиар нь ямар нэгэн хүн амьтан огт өнгөрөөгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Манай хүүгийн жинхэнэ нэрийг нь бол ******* овогтой ******* гэдэг өмнө нь хуучны улаан паспорттой байх үед гээд нэрийг нь паспортон дээр нь талийгаач эмээ нь гээд буруу биччихсэн байсан юм, тэгээд өмнө нь гэсэн нэрээр хүн амины хэргээр шоронд сууж байгаад ирсэн юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №78 тоот:
1.2. Талийгаач Ш.ийн цогцост гавал тархины ил гэмтэл, зүүн зулайн урд хэсэг дэх хуйхны шарх, хуйхан доорх цус хуралт, гавлын зүүн зулай ба духны заадас орчмын цөмөрсөн хугарал, хатуу хальс болон зөөлөн бүрхүүлийн урагдсан шарх, хатуу хальсан доорх их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хажуу болон суурь хэсэг, харааны мэдрэлийн зөрлөг, турк эмээл орчмын цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэг, баруун тал бөмбөлгийн хажуу болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн урд хэсэг, чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хажуу доод хэсэгт эдийн няцрал, духны баруун хэсэг, баруун хөмсөгт зулгаралт, хөмсөгт шарх, баруун шуунд зулгаралт, хоёр гарын сарвуунд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гавал тархины ил гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Талийгаачид учирсан дээх гэмтлүүдээс 2 гарын сарвуун дахь өнгөц зулгаралтууд нь нас барсны дараа үүссэн байхаар байна. Бусад гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд нь үүсчээ.
6. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.
7. Химийн шинжилгээгээр цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.
8. Талийгаач нь цээжний баруун хөндийн болон баруун уушгины гялтан хальсны наалдцат үрэвсэл өвчтэй байна. Нас барсан шалтгаанд нөлөөгүй.
9. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэлтэй байна.
10. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... Талийгаачийг үхэхэд учруулсан уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гавлын ясанд үүссэн хугарал, тархины гэмтлийн байрлалаас үзэхэд 0.5-аас 0.6 см өргөнтэй үзүүр бүхий төмрөөр зүүн зулай хэсэгт дээрээс чанх доош нэг удаа цохьсоны улмаас үүсгэгдэнэ. Нарийн үзүүртэй отверка, хадаас, шөвөг, нарийн үзүүртэй төмөр, бүргэд хаалганы түлхүүр, шопал палк модыг хооронд нь холбож хаддаг төмөр хадаас зэргээр үүсгэгдэнэ. Мохоо ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ, ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******гийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... талийгаач ах намайг шууд үгийн зөрүүгүй “юу гээд байгаа пизда, банди шуумар вэ” гэж хэлээд л миний төмсөг рүү өшиглөчихсөн, тэгэхээр нь би “яаж байгаа юм та” гэсэн чинь “яадаг юм” гээд баруун гараа атгаад миний нүүр лүү цохих гээд гараа далайхад нь би тэр гарыг нь татаад нэмэх буюу цэцгэн толгойтой отверка барьчихсан гараараа уг отверкаа гартаа атгаж байгаад талийгаач ийг нэг удаа зүүн зулай хэсэгт нэг л удаа цохьсон, намайг цохьтол талийгаач шууд газар бөгсөөрөө суучихсан, тэгэхээр нь би юм хэлэхгүй гэр лүүгээ яваад өгсөн, хажууд нь үлдээд хоцорсон. Тэгээд би гэр лүүгээ явж байхдаа той тааралдсан, өөр гудамжаар бол хүмүүс явж л байсан, тухайн үед би бас уучихсан байсан учраас зарим зүйлсийг нь одоо санахгүй байгаа юм. Тэгээд гэртээ харьж явахдаа отверкаа хаячихсан, хаана хаясан болохоо одоо санахгүй байгаа юм, тэгээд гэртээ ороод цай уугаад сууж байтал манай ээж , дүү Баярцогт хоёр гаднаас орж ирсэн, тэгтэл удалгүй л араас нь цагдаа нар орж ирээд намайг авч явсан юм. ... Би тухайн үед цэнхэр өнгийн уранхай жинсэн өмдтэй, цагаан саарал өнгийн “Адидас” гэсэн цагаан улаан канттай цамцтай, ногоон өнгийн пүүзэн гуталтай явсан. Талийгаач ногоон өнгийн канттай өмдтэй, сааралдуу өнгийн цамцтай, саравчтай малгайтай байсан, дээгүүрээ шар өнгийн куртик, хар өнгийн гутал өмдтэй байсан шиг санагдаж байна. ямар ч байсан бараандуу л өнгийн хувцастай байсан юм. ... Талийгаач намайг нэг удаа хөлөөрөө төмсөг рүү өшиглөсөн, тэгээд дахиад баруун гараа атгаж байгаад нэг удаа цохьсон, дахиад цохиход нь би “болио та” гэж хэлээд хойшоо ухраад баруун гартаа барьж байсан отверканы үзүүр хэсгээр зүүн зулай руу нь нэг л удаа цохьсон, өөрөөр огт цохиж зодоогүй. ... Би өөрийн үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөд бэлэн байна, хуулийн дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 159 дүгээр тал/,
Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 160, 165, 168, 170-171, 173-176, 178-184, 199-250, 2-р хх-ийн 1-6 дугаар тал/,
Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 161-162 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******аас гаргаж өгсөн оршуулгын зардлын баримтууд /1-р хх-ийн 187-197 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс, бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч Г.Учралын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6400 тоот, Замчины 10 дугаар гудамжинд байрлах 9 тоот камерын бичлэгт дүрс тодруулах шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-103 дугаар тал/ зэрэг дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон Иргэдийн төлөөлөгч Г.Гансувд “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргалаа.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын оршуулгын зардалд нэхэмжилсэн 5.422.210 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Б.******* өмнө нь Б. нэрээр ял шийтгэгдэж байсан боловч түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-159) болон иргэний үнэмлэхийн хуулбар (1хх-210) зэргээс үзэхэд нэрээ Б. болгож сольсон нь тогтоогдохгүй байх тул Б.******* нэрээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй ба Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын (2016) тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж заасан бөгөөд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 22 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааны 2 жил нь дүйцүүлэн хасагдаж байгаа тул түүнийг тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.*******д оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлийн 497.1, 508.1 дэх хэсэгт зааснаар Б.*******гаас 5.422.210 (таван сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун арав) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн, Замчины 10 дугаар гудамжинд байрлах 09 тоот хяналтын камерын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн бичлэгтэй 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн урьд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 (нэг зуун ес) хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөслэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ
ШҮҮГЧИД Д.БАВУУ
Х.ИДЭР