Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/578

 

 

 

 

    2023           5             30                                        2023/ДШМ/578

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 978 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлээр Г.Б-д холбогдох 2308003050265 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн .......-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..төрсөн, 32 настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../.

            Яллагдагч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах W нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнөөс П.Э-ын эзэмшлийн Самсунг фирмийн Галакси А90 5жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.

“Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд хууль тогтоогчоос аунтентик тайлбар хийсэн.

Иймд яллагдагч Г.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэв.

Прокуророос “яллагдагч нь согтуурсаны улмаас бусдын өрөөнд андуурч орсон, хулгай хийх сэдэлтэй нэвтрээгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах боловч энэ талаар яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн. хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан болохыг анхаарах шаардлагатай.

Иймд яллагдагч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж “...яллагдагч Г.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч Г.Б 2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах W нэртэй зочид буудалд үйлчлүүлж байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтаж сэрээд өрөөнөөсөө гарч яваад улмаар буцаж явахдаа өрөөгөө олохгүй, андуурч өөр өрөөнд буюу тус буудлын 12 тоот өрөөнд орсон. Улмаар тухайн өрөөнд унтаж байсан үл таних хүний дэргэд байсан Samsung Galaxy A90 5g /Самсунг Галакси А90 5жи/ загварын гар утсыг аваад гарч явсан нөхцөл байдал тогтоогддог. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл, яллагдагч Г.Б W нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнд гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор нэвтрээгүй, өрөөнд орсны дараа гар утсыг авах санаа сэдэл төрсөн гэж үзэх үндэслэлтэй, нөгөөтэйгүүр 12 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч П.Э нь тухайн цаг хугацаанд өрөөний хаалгаа мөн түгжээгүй орхисон байсан нөхцөл байдал тогтоогддог.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлыг тусгасан байх ба мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж хуульчлагдсан. Прокуророос яллагдагч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь яллагдагчийн гэм буруу буюу түүний холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, хэрэв шүүх яллагдагч Г.Б-ийн үйлдэлд хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл, гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокуророос Г.Б-ийг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах W нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнөөс П.Э-ын эзэмшлийн Самсунг фирмийн Галакси А90 5жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч П.Э, яллагдагч Г.Б нь зочид буудалд байсан талаар мэдүүлсэн байх бөгөөд зочид буудлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх талаар хуульд заасан аунтентик тайлбарыг дурьдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэйгээс гадна яллагдагч Г.Б тухайн өрөөнд андуурч орсон гэх үйл баримтыг шалгаж, үүнд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.  

Тодруулбал, дээрх дүгнэлт нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж давж заалдах шатны үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 978 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                           ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                           ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР