| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2023/0030/З |
| Дугаар | 127/ШШ2024/0014 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 127/ШШ2024/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2023/0030/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Л.Б аас Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан
1.Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж үйлдсэн нь Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
2. 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжийн хавсралтаас хууль бусаар хасагдсан С.Л-гийн нэрийг тус захирамжид оруулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх,
3. С.Л-гийн эзэмшиж байсан газрыг хууль бусаар захирамж гаргуулж авсан Норовлин сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай захирамжаас Д.О ийн газар өмчлөлийн эрхийг цуцлуулах
4.Төрийн албан хаагчдын шууд буруутай үйлдлээс болж нураагдсан 4*5 харьцаатай дүнзэн байшингийн бодит хохирол 4323208 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
1.2. Бүрдүүлбэр ханган 2023 оны 9 дүгээр сарын 18-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “...Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох”.
2.1. Норовлин сумын Засаг даргаас 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамж гаргаж, нэр бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн байна.
2.2 Нэхэмжлэгч нь дээрх захирамжтай холбоотой асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/1627 тоот албан бичгээр “... уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгчээ.
2.3 Нэхэмжлэгчээс, Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот шийдвэрийн эх хувь 2007 онд устгагдаж эх захирамжид байсан миний эцэг С.Л-гийн нэрийг хасаж, хуурамч захирамж нөхөж үйлдсэн нь 2023 онд шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна ... миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 67 дугаартай эх захирамжид байсан болохыг тогтоож өгнө үү гэж, шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.
3. Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2007 онд Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг засварлаж, хуурамчаар үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.4 дахь заалтыг үндэслэж илт хууль бус болно.
2003 оны 12 дугаар сарын 31-нд үйлдэгдсэн 2003 оны 12 сарын 31-ний 67 тоот шийдвэрийн эх хувь 2007 онд устгагдаж эх захирамжид байсан миний эцэг С.Л-гийн нэрийг хасаж, хуурамч захирамж үйлдсэн нь 2023 онд шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 сарын 31-ний 67 тоот шийдвэрт байсныг тогтоож өгнө үү.
2003 оны 12 сарын 31-ны 67 тоот шийдвэрийн эх хувийг устгаад 2007 онд засварлаж, шинээр үйлдэхдээ одоо ашиглаж байгаа буюу 2007 онд ашиглалтад орсон тамга дарсан. Энэ нь хэрэг бүртгэлийн 203900393 дугаартай Эрүүгийн хэргийн материалд байгаа болно.
Мөн тамгатай холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт мөн Хэрэг бүртгэлийн 203900393 дугаартай хэрэгт байгаа юм.
2003 онд захирамж гарч эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Улсын бүртгэлийн дэвтэр хэрэг бүртгэлийн 203900393 дугаартай хэргийн материалд байгаа. Одоогоор дээрх бүх нотлох баримтууд Прокурорын архивт хадгалагдаж байгаа болно” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай өвөө тухайн газрыг 2000 онд газрын гэрээ хийж ашиглаж эхлээд байшин барьсан. Манай газрын гэрээ хавтаст хэргийн 6-р талд авагдсан байгаа. Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдэж 2003 онд хэрэгжиж эхэлсэн учраас 2004 онд газрын гэрчилгээгээ авсан. Гэрч Д гийн 3 удаагийн мэдүүлэг дээр тухайн үед захирамж хэвийн гарч байсан, би 2003 онд захирамж гараагүй гэдэг байдлаар худал мэдүүлэг өгсөн гэдгээ хэлсэн. 2003 онд Газрын тухай хууль шинэчлэгдсэнээр шинэ газрын холбогдолтой баримтууд бүгд шинэчлэгдэж байсан учраас 2003 онд 80-аад айл эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэдэг дэвтэр байдаг. Энэ хавтаст хэргийн 63-67 дугаар талд авагдсан. Тухайн дэвтрийг 2007 онд нөхөж үйлдсэн гэх зүйл байхгүй 2003 онд тэмдэглэж үлдсэн гэж харахаар байна. 2003 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө хууль журмын дагуу явж оны сүүлээр захирамж нь гарах байсан. Төлөвлөгөө тухайн үеийн хууль журмын дагуу үйлдэгдсэн байна. Норовлин сумын Засаг даргын хариу албан бичиг дээр 2003 онд 503 тоот газар бусдын эзэмшилд буюу манай өвөө эзэмшиж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Илт хууль бус болохыг тодорхойлж байгаа асуудал дээр хамгийн гол хөдөлшгүй баримт бол шүүхийн шинжилгээний дүгнэлт байгаа. 2003 оны захирамж гараагүй байсныг 2007 онд сэргээн нөхөж үйлдлээ гэх ямар ч үг үсэг, албаны бичиг байхгүй атлаа дээр нь баримтжуулсан тамга нь одоо ашиглаж байгаа буюу 2007 онд ашиглаж байгаа тамгаар дарсан байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 2003 онд үйлдэгдсэн захирамж биш гэдгийг тогтоосон.
А , Б- нар нь нөхөж үйлдсэн гэх үгийг анх дуугарч эхэлсэн. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө ямар нэгэн тайлбар хэлж байгаагүй. Д гэдэг хүн нь тус захирамжийг үйлдсэнээ санаж байна, нэр ус орхигдсон талаар санахгүй байна гэсэн. А , Б- нар нь 2003 онд захирамж гараагүй байхад гарсан гэж мэдүүлээд байна гэж гомдол мэдүүлээгүй. Хуурамч буюу өөрчлөлт орсон компьютероор шивэгдсэн захирамж нь хэргийн материалын 15-16 дугаар талд байгаа. 2003-2004 оны захирамжууд нь бүгд бичгийн машинаар үйлдэгдсэн байдаг. 2003 онд захирамж гарахгүй байх ямар ч боломжгүй. 2003 онд захирамж гараагүй байсан юм биш биз дээ гэх бүхий л боломжийг хайсан ч юм олдоогүй. 2003, 2004 онд Хэнтий аймгийн Норовлин сум дахь газартай холбоотой бүх татвар нь Хэнтий аймгийн сан руу хэвийн орж байсан нь Хэнтий аймгийн Татварын албан бичгээр тогтоогдож байна. Татвар төлөгдсөн байгаа асуудал нь газрын ногдвор байхгүйгээр татварыг авах боломжгүй. Ногдвор гаргахын тулд захирамж гарсан байна, захирамжийг үндэслэж ногдвор бичдэг учраас 2003 онд захирамж гарсан харагдаж байна. 2000 оны газрын гэрээ болон зарим бичиг баримтууд нь Хэнтий аймгийн Норовлин сумын архив болон Газрын алба дээр байх ёстой байтал хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ихэнх баримт устаж алга болсон. Ямар шалтгаантай устаж алга болсныг мэдэхгүй байна. Газар эзэмших гэрчилгээ надад эх хувиараа байгаа. 2000 онд баригдсан байшин өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ хэвийн байршиж байгаа. 2008 онд асуудал үүссэний дараа байшинг маань амьдрах боломжгүй болгож нураасан тул сэтгэл санааны болон эдийн хохирол амссан. 2003 оны захирамжийг дүр эсгэж хуурамчаар үйлдсэн. Иймд 2007 оны захирамжийг хүчингүй болгож, 2003 оны захирамжийг сэргээж өгнө үү” гэв.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай захирамж нь тухайн ондоо гараагүй 2007 онд нөхөж гаргасан нь 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 319 дугаар бүхий Хэнтий аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон байна.
Л.Б ын нэхэмжлэлтэй холбоотой маргаантай газар нь Ш.Д , Д.О нараар дамжин зарагдаж, одоогийн өмчлөгч Ю.Н нь 2010 онд Жаргалант багийн Дэрвэн 503 тоот хаягт байрлах 1004 м2 газрыг 50м2 дүнзэн байшин, хашааг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн суурьшин амьдарч байна.
Уг маргаантай асуудал хувь хүний өмч, эд хөрөнгийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул Засаг даргын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж иргэний гаргасан нэхэмжлэлийн дагуу шалгуулахад татгалзах зүйлгүй болно.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хавсаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б аас Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “...2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг засварлаж, хуурамчаар үйлдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.4 дахь заалтыг үндэслэж илт хууль бус захиргааны акт болно, тухайн газрыг 2000 онд газрын гэрээ хийж ашиглаж эхлээд 2004 онд газар эзэмших гэрчилгээгээ авсан, гэрч Д 2003 онд газар эзэмшүүлэх захирамж гарч байсан гэдэг, 2000 онд баригдсан байшинг 2008 онд амьдрах боломжгүй болгож нураасан өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ байгаа учраас манай өвөө С.Л- уг газрыг эзэмшиж байсан болох нь 2003 оны 67 дугаартай захирамжид миний өвөөгийн нэр байсан болох нь тогтоогдоно”, Хариуцагч “...Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай захирамж нь тухайн ондоо гараагүй 2007 онд нөхөж гаргасан нь 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 319 дугаар бүхий Хэнтий аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон байна. Л.Б-ын нэхэмжлэлтэй холбоотой маргаантай газар нь Ш.Д , Д.О нараар дамжин зарагдаж, одоогийн өмчлөгч Ю.Н нь 2010 онд Жаргалант багийн Дэрвэн 503 тоот хаягт байрлах 1004 м2 газрыг 50м2 дүнзэн байшин, хашааг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн суурьшин амьдарч байна. Уг маргаантай асуудал хувь хүний өмч, эд хөрөнгийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул Засаг даргын хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэж маргаж байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын Газрын асуудал хариуцсан албан тушаалтан Л.Д нь С.Л-тэй Газар эзэмших гэрээг 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр байшингийн зориулалтаар 700м2 газрыг Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт эзэмшүүлэхээр байгуулжээ.[1] Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг үндэслэн 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгожээ. [2]
С.Л нь 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нас барж[3], түүний охин Лувсанцэрэнгийн Баяржаргал нь уг 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг өвлөхөөр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авчээ.[4]
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Субъектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд” гэж үзэх хангалттай үндэслэл болно” гэж тайлбарласан.
Өвлөх эрхийн гэрчилгээтэй Л.Б нь Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид С.Л-гийн нэр байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч нь Өвлөх эрхийн гэрчилгээг 2014 онд авсан, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 4/525 дугаартай албан бичгээр “Норовлин сумын Засаг даргын 2003 оны 67 тоот захирамжид С.Л-гийн нэр байхгүй” гэдгийг мэдсэнээс хойш 11 жилийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2003 оны 67 дугаартай захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдэхдээ миний эцэг С.Л гийн нэрийг хасч бичсэн, 2003 оны захирамжид 2007 оны тамга дарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.4 дахь заалтыг үндэслэж илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох юм.
Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт болох нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 67 дугаартай захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа тул илт хууль бус захиргааны актын шинжийг шалгахаас өмнө эхлээд тус маргаан бүхий захиргааны актыг засварлаж, хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон эсэх талаар дүгнэх шаардлагатай юм.
Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/540 дугаартай Хариу мэдэгдэх хуудаст[5] “... Эрүүгийн .... дугаартай хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Г.Х гийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлт, гэрч Ю.Б гийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж бичсэн нь тогтоогдсон”, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолд[6] “... Эдгээрийг дүгнэж үзвэл гэрч болох П.А-, Л.Д нар нь 2003 онд гаргасан байх ёстой байсан захирамж нь байгаагүйн улмаас 2007 онд нөхөж үйлдсэн үйл баримт нь хавтаст хэрэг авагдсан П.А-ийн өгсөн ”Засаг дарга тухайн гэрээгээр нь хөөгөөд тухайн 67 дугаартай захирамжийг 2007 онд нөхөж үйлдээд 2007 онд архивч Б-д өгч байсан” гэх мэдүүлэг, Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн ... “....2007 оны 4 дүгээр сард гарсан захирамж байх магадлалтай” гэсэн албан бичиг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Г.Х гийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна” гэжээ.
Прокурорын байгууллага Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж бичсэн болохыг тогтоосон байх ба хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон баримт байхгүй байна.
2007 онд нөхөн бичиж гаргасан Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.2.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй; 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заажээ.
Уг маргаан бүхий захиргааны актаас харахад Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга батлан гаргасан нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан агуулгатай зохицуулалт уг захирамжид тусгагдаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2 /бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй/, 47.1.5 /хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан/-д заасан алдаанд хамаарахгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, эсхүл захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй байх ойлголт юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас захиргааны актыг хэн хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж уг актыг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгоно.
Маргаан бүхий захиргааны актыг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг үндэслэн 98 иргэн, 8 аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа С.Л гийн нэрийг бичээгүй байх нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжид хамаарахгүй.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.Б нь “миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт уг шаардлагын үндэслэл, агуулгыг тодруулахад: “миний эцэг С.Л-тэй 2000 онд байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, мөн түүнд 2004 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжаар газар эзэмшиж байсныг тогтоолгох” агуулгаар уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэсэн.
С.Л-тэй Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт гэр байшингийн зориулалтаар 700м2 газрыг эзэмшүүлэх Газар эзэмших гэрээг 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулж,[7] Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг үндэслэн 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгожээ.[8]
С.Л нь 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нас барж[9], түүний охин Лувсанцэрэнгийн Баяржаргал нь уг 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг өвлөхөөр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна.[10]
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/, 29.1 /Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна/ 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана/, 34.1./Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/ гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга гаргах, түүний дараа иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоос гадна хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглож байна.
Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, 2003 оны 12 дугаар сарын 31-нд газар эзэмшүүлэх 67 дугаар захирамжийг нөхөн гаргахдаа нэрийг нь орхигдуулсан нь төрийн эрх бүхий албан тушаалтын буруутай үйл ажиллагаатай холбоотой учир газар эзэмших эрх нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байсан гэж үзнэ.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, ... тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж заажээ.
Нэхэмжлэгч Л.Б нь Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргасан талаарх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймээс С.Л-д олгосон 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, энэ хугацааны өмнө Л.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацааг сунгуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болжээ.
Иймд нэхэмжлэгчид хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай захирамжид С.Л-гийн нэр байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч Л.Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Л.Б-ын, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хавтаст хэргиын 6-р хуудас,
[2] Хавтаст хэргиын 5-р хуудас,
[3] Хавтаст хэргийн 29-р хуудас,
[4] Хавтаст хэргийн 25-р хуудас,
[5] Хавтаст хэргийн 122-р хуудас,
[6] Хавтаст хэргийн 136-р хуудас,
[7] Хавтаст хэргиын 6-р хуудас,
[8] Хавтаст хэргиын 5-р хуудас,
[9] Хавтаст хэргийн 29-р хуудас,
[10] Хавтаст хэргийн 25-р хуудас,