Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 680

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж, иргэн Б.О*******гийн нэхэмжлэлтэй “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар бүхий Төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шинэ бүтээлийн шинжээч Б.О******* миний бие Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/3 дугаар бүхий Төрийн албанаас халах тухай тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд тушаалд дурдсан Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.1 дэх заалтад дурдсан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн заалтын дагуу Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан юм. Төрийн албаны зөвлөл өргөдлийг хянан үзээд Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/3 дугаар бүхий Төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан заалтыг хариуцагч байгууллага үл биелүүлж, тэдний гаргасан хууль бус шийдвэрийн улмаас миний ажиллах эрх зөрчигдөн, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжгүй байдал үүсээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Би өөрийнхөө талаар товч танилцуулбал: 1983 онд арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд одоогийн ШУТИС-ийг механик, инженер мэргэжлээр төгсч тус байгууллагад 1990 онд шалгалт өгч тэнцэн шинэ бүтээлийн шинжээчээр ажиллах болсон юм. Ажиллах хугацаандаа үндсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч 1990-1991 онуудад Патентийн институтын 1 жилийн дээд курс, 1991 онд ОХУ-д тухайн үеийн Удирдлагын менежментийн Олон Улсын Институтэд удирдлага, англи хэлний 3 сарын курс, 1995-1997 онуудад  ШУТИС-д механикийн магистрт 2 жил суралцаж амжилттай төгссөн. Мэргэжлийн талын буюу шинэ бүтээлийн патентад экспертиз хийх, патентийн мэдээлэлд хайлт шүүлт хийх, оюуны өмчийг зах зээлд бизнес болгохтой холбогдсон гадаад, дотоодын олон сургалт семинарт тухайлбал Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага, Европын Патентын байгууллага, Нидерландын Патентын байгууллага, Японы Патентын байгууллага, Австрийн Патентын байгууллага, Солонгосын Патентын байгууллага, Хятадын Оюуны Өмчийн Байгууллагууд дээр зохиогддог богино хугацааны сургалтуудад суралцан төгссөн. Дээрх богино хугацааны сургалтуудаас гадна 1993-1994 онд Германы Патентын газарт механикийн салбарын шинэ бүтээлүүдэд экспертиз хийж дадлагжин 1 жил ажилласан. Үндсэн ажилаа хийхийн хажуугаар МУИС, ШУТИС, ХААИ Сургуулиудад оюуны өмчийн үндсэн ойлголт, патентийн мэдээлэл, оюуны өмч хэрхэн бизнес болон хөгжих талаар болон оюуны өмчийн эрх зүйн талаар хичээл зааж байсан ба энэ бүгдээс үзэхэд би өөрийгөө энэ салбарт ажиллах хангалттай мэдлэг чадвартай, нарийн мэргэшиж дадлагажсан, туршлагатай ажилтан гэж үзэж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэг арга хэмжээ, шийтгэл хүлээж байгаагүй. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сүүлийн сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудад А үнэлгээтэйгээр, гэрээнд заасан ажлаа давуулан биелүүлж гүйцэтгэж байсан. Хичээл зүтгэл гарган ажилласныг үнэлэн байгууллагын тэргүүний ажилтан, ойн медалаар удаа дараа шагнуулж, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны ” Жуух бичиг”-ээр 2014 онд шагнуулсан болно.

2.ТАЗ миний өргөдлийг хүлээн авч ОӨГ-аас ажлаас халсан тухай тайлбар авсан бөгөөд үүнд миний зүгээс хариу тайлбар гаргаж хуулийн дагуу ажилласан гэдгээ нотлосон болно. 

3.ТАЗ миний хариу тайлбарыг хянан үзээд Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/3 тушаалыг хүчингүйд тооцсон 191 тоот шийдвэр гаргаж ОӨГ-д эх хувийг хүргүүлсэн. 

Дээр дурдсан баримтуудаар ажлаас халагдсан үндэслэлгүй гэж үзэж байгаа миний хүсэлтийг хүлээн авч ТАЗ-ийн 191 тоот шийдвэрийг хангуулж Төрийн албанаас халах тухай Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 4- ний өдрийн Б/3 тоот  тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн томилох, ажиллах хугацааны цалингийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.О*******гийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Оюуны өмчийн газар хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

Тус газарт Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчээр ажиллаж байсан Б.О*******г дараах зөрчил дутагдалыг удаа дараа гаргасан тул 

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэн төрийн албанаас халсан болно. Үүнд:

- Оюуны өмчийн итгэмжлэсэн төлөөлөгч Ч.У*******ээс 2015 оны 4 сарын 27-ны өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх ёс зүйн хороонд шинжээч Б.О******* нь төрийн албан хаагчийн ёс зүйг шаардах ёсгүй материал шаардсан гэсэн гомдлыг 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцээд, тогтоол гаргасан ба уг тогтоолын 1 дүгээрт “Шинэ бүтээлийн шинжээч Б.О*******д үйлчлүүлэгчтэй харилцахдаа тус газрын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль, журмыг чанд сахиж ажиллахыг анхааруулсугай” заасан байдаг.

- Оюуны өмчийн итгэмжлэсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлдэг “Цэнд & Ассошейтс” ЗБН–ээс 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн залруулга хийлгэх тухай хүсэлтэд хуулийн дагуу хариуг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасан хариуг өгөх хугацааг хэтрүүлж, газрын дарга болон хэлтсийн даргын шаардсаны дагуу хүсэлт гаргагчид хариу тайлбарыг 2015 оны 10 дугаар сарын 30-нд гаргаж өгсөн.

- Мэдүүлэг гаргагч С.Э*******аас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч Б.О*******д холбогдох гомдол гаргасан  ба гомдлын дагуу хянаж үзэхэд тухайн шинжээч эхний байдлаар процедурын алдаа гаргасан нь тогтоогдсон ба гомдолтой холбоотой тайлбар бичгээр гаргаж өгөх шаардлага тавих үед тухайн мэдүүлэгтэй холбоотой түүхийг автоматжуулсан системд өөрчлүүлж тайланг гаргаж өгсөн байна.

- Мэдүүлэг гаргагч Ж.Д*******гээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинжээч Б.О*******д холбогдох гомдол гаргасан байна. Тэрээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5502 дугаартай шинэ бүтээлийн мэдүүлэг гаргасан бөгөөд шинжээч шийдвэр гаргах хугацаа дууссаны дараа шинэ бүтээлдээ нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг өгсөнтэй холбогдуулан гомдол гаргасан байна. “Патентийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “Оюуны өмчийн газар мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана” гэж заасан байна.

- Шинэ бүтээлийг улсын бүртгэлд авч, хэвлэлд нийтлэх тухай шийдвэр гарсны дараа шинэ бүтээлийн ном зүй, томъёолол болон товч тайлбарыг “Оюуны өмчийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, нийтэд зарладаг ба хэвлэлийн огноо нь тухайн хэвлэлийн мэдээлэл үүсгэсэн огноогоор байх журамтай байтал дур мэдэн автоматжуулалтын системд өөрчлөлт оруулж, хэвлэлийн огноог шийдвэрийн мэдээлэл үүсгэсэн огноогоор болгож өөрчлүүлснээс үүдэн сэтгүүлийн дугаарт өөрчлөлт орж, будлиан үүсч, цаашид патент бичигдэж олгогдох асуудалд хүндрэл учирсан болно. Хэвлэлийн огноог өөрчлүүлснээр Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд авч, хэвлэлд нийтлэх тухай шийдвэр гарахаас өмнө хэвлэгдэж, нийтэд зарлагдсан мэтээр харагдах болсон ба энэ нь Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх заалтыг ноцтой зөрчсөн асуудал юм. Энэхүү автоматжуулсан системд оруулсан өөрчлөлтийг буцааж засвар оруулахын тулд бид гүйцэтгэгч болох БНСУ-ын компанид дахин хандахаас өөр аргагүй байдал үүссэн байна. 

Дээрх иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн гомдлоос гадна иргэн Б.О*******гийн тус газарт Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчээр ажиллах үед хуулийн хугацаанд хийж гүйцэтгээгүй буюу тогтоосон хугацаанд “Оюуны өмчийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэлийн мэдээллийг бэлдэж өгөөгүй 21 бүтээл байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх гэж маш их цаг хугацаа хүн хүч шаардагдаж байгаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан юм. Тус газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчээр ажиллаж байсан Б.О******* нь ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн энэхүү зөрчил нь дээрх иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлт болон бусад зүйлээр нотлогдож байгаа гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн төрийн албанаас халсан болно. 

Б.О******* нь ийнхүү удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь агентлагийн даргын эрх хэмжээний хүрээнд хуульд заасан хугацаанд хариуцлага ногдуулах үндэслэл болсон. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.О*******гийн  Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.О*******г Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчийн үүрэгт ажлаас халсан байна. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Б.О*******г “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Б.О*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Нэг.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.О*******гийн албан үүргээ гүйцэтгэх явцад Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлдэг “Цэнд энд Ассошейтс” ЗБН, иргэн С.Э*******аас ирсэн гомдлын дагуу Б.О*******г үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж мэтгэлцсэн болно. 

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******ийн гаргасан гомдлын дагуу Оюуны өмчийн газрын Ёс зүйн хорооны хурлын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол гарсан бөгөөд нэхэмжлэгч Б.О*******д үйлчлүүлэгчтэй харилцахдаа хууль журмыг чанд сахиж ажиллахыг анхааруулж, мөн гомдол гаргагчид хууль журмын дагуу албан ажлыг явуулж байхыг зөвлөжээ. Ёс зүйн хурлын тэмдэглэлийн дагуу Б.О*******г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээгүй байна. 

Түүнчлэн Оюуны өмчийн газрын дарга Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу Ч.У*******ийн гомдлын дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа бол Б.О*******д хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа  нэхэмжлэгчийг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх буруутай үйлдэл, эс үйлдэхүйд зохих дотоодын хяналт шалгалт явуулж,  ажлын хэсгийн дүгнэлтээр буруутгаж байгаа үйл баримтыг тогтоосон байх шаардлагатай. 

Иймд төрийн албан хаагч албан үүргээ  биелүүлэх явцад иргэн, аж ахуйн нэгжээс гомдол гаргаснаар түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн дарга С.Урангэрэлийн шинжээч Б.О*******д холбогдох арга хэмжээ авах саналаар маргаан бүхий захиргааны акт гаргасныг үндэслэлгүй гэж үзэхээр байна.    

Мөн гомдол гаргагч С.Э******* нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдлоо татан авч байгаагаа бичгээр илэрхийлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Хоёр. Төрийн албанаас халсантай холбогдуулан Б.О*******гийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 191 дүгээр албан бичгээр дээрх шийдвэрээ хүчингүйд тооцохыг үүрэг болгосон байна.

Гэтэл хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн нь хууль бус юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д   “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”-г Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй байна. 

Мөн Улсын Их хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэн албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн  хооронд төрийн албатай холбогдсон асууудлаар гаргасан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам”-ын 18-д “Зөвлөл гаргасан шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан маргагч талуудад мэдэгдэх бөгөөд Зөвлөлийн гаргасан тогтоолыг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчиж хариуцагч Төрийн албаны хуулийн заалтыг буруугаар тайлбарлан маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул Б.О*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын  04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 849,562 төгрөгөөр тооцоолон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.6 -д заасныг тус тус баримтлан Б.О*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О*******г өмнө эрхэлж байсан Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Б.О*******гийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 849,562 төгрөгөөр тооцож олгохыг хариуцагчид даалгасугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ