Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01169

 

Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02544 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1136 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэрээр Д.Отгонжаргал миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн албанаас удаа дараа мэдэгдэл өгч байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний ах, эгч дүү нарын нийлсэн 5 өөр газар байрлах, 1-3 өрөө орон сууцнуудыг надад мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаанд оруулж, бусдад худалдан борлуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан ба миний эрх ашгийг ноцтой зөрчсөн болохыг мэдсэн даруйдаа холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан.Энэ 5 орон сууцнуудын нэг нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоот орон сууц юм. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 002 тоот хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт тамга тэмдэг хэвлэмэл маягт ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг эрүүгийн хэрэг үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/50 тоот хариу мэдэгдэх хуудсаар Сүхбаатар дүүргийн прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн.Гэтэл дээрх эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа мэдэгдэл өгч хууль зөрчиж, би энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Лхагвасүрэнд гомдол гаргахад хуулийн дагуу явагдаж байна гэсэн хариу өгсөн. Тус албанаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/703 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл болон 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/39924 тоот орон сууц чөлөөлөх мэдэгдэл удаа дараа өгч хууль зөрчин намайг болон ах, эгч дүү нарыг маань маш их хохироосоор байна. Иймд хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 863 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаар тогтоолоор Д.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Н.Жаргалсайханы өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 9 дүгээр байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Отгонжаргалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 9 дүгээр байрны 13 тоот 2 өрөө орон сууцыг султган чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35402 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тус албанд даалгаж захирамжилсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж зөвхөн дээрх шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг явуулах үүргийг тус алба хүлээж байгаа болохыг онцлон тэмдэглэмээр байна. Нэхэмжлэгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлд дурдсан асуудал нь дээрх шүүхийн шийдвэртэй хамааралгүй асуудал байх тул Д.Отгонжаргалын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Маргаан бүхий байрыг зарын дагуу н.Наран-Эрдэнээс 2011 оны 8 дугаар сард худалдаж авснаас хойш 5 жил гаруй хугацаанд өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Д.Отгонжаргал нь шүүхэд удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл, гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан. Байрыг худалдан авах үед байрны өмчлөх эрхийн гэрчилгээ н.Наран-Эрдэнийн нэр дээр, ямар нэгэн барьцаанд тавиагүй гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан тул худалдан авсан.Д.Отгонжаргал уг байранд амьдарч байсан талаар баримт байхгүй. Д.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоотыг чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байдаг. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсанд ...хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, харин Ичинхорол, Уранчимэг нар нь албан эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй эсэхийг шалгуулахаар зохих байгууллагад шилжүүлсэн талаар дурдсан байна.Д.Отгонжаргалын нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02544 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Отгонжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1136 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 …” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Энхцэцэг өмгөөлөгчөөр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгч Д.Энхцэцэг 2016.03.22-ны өдрийн 11 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд ирсэн боловч шүүх хуралдаан ямар ч шалтгаангүйгээр товлосон цагтаа эхлээгүй болох нь өмгөөлөгч Д.Энхцэцэгийн 2016.03.22-ны өдрийн 11 цаг 25 минутад гаргасан тайлбараар тогтоогддог.Өмгөөлөгч Д.Энхцэцэг товлогдсон шүүх хуралдаан цагтаа эхлээгүй тул дараагийн төлөвлөсөн ажилдаа явах болсон талаар дурдаад энэ талаар тайлбараа бичгээр бичиж шүүгчийн туслахад 11 цаг 25 минутад өгч байхад, шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 11 цаг 25 минутад эхлэв гэж бичсэн нь зөрүүтэй байгааг анхаарах нь зүйтэй. Ингээд нэхэмжлэгч Д.Отгонжаргал шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Энхцэцэг цагтаа ирсэн, шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй тул дараагийн ажилдаа явсан гэж тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаагүй ба түүний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2016.06.08-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа нь “2016.06.07-ны өдөр нэхэмжлэгч Д.Отгонжаргалтай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан ба давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцохоор болж байна.Иймд хэргийн материалтай танилцах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасан. Гэтэл хэрэг илтгэгч шүүгч, даргалагч шүүгч нар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа намайг 200 гаран хуудас хэргийн материалтай одоо танилц, шинээр нотлох баримт гаргаж өгөхгүй юм чинь танилцаад шүүх хуралдаандаа оролц, шүүх хуралдааныг 1 цагийн хугацаатай 13.00 цаг хүртэл хойшлуулна гэж шаардлага тавихад нь миний бие тус өдөр, тус шүүх дээр 3 шүүх хуралтай, дараагийн шүүх хурал орвол би оролцох боломжгүй болох тухайгаа тайлбарлаж хэлсэн ба 13.00 цагт шүүх хуралдаан эхлэхэд өмнөх шүүх хуралдаан дуусаагүй байсан тул оролцох боломжгүй болж, өмнөх хурал дуусаагүй, шүүх хуралдааны танхимд байгаагаа шүүгчийн туслахад мсж-ээр мэдэгдсэн.Анхан шатны шүүхийн товлогдсон шүүх хуралдаан нь ямар ч шалтгаангүй цагтаа эхлэхгүй байх, давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хурал хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авахгүйгээр хэргийн материалтай танилцаж өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, илтгэгч шүүгч, даргалагч шүүгч нар “яг одоо хэргийн материалтай танилц, тэртэй тэргүй шинэ нотлох баримт гаргаж өгөхгүй юм чинь, эрх зүйн туслалцаа үзүүлнэ гэж гэрээ байгуулсан биз дээ” гэх мэтчилэн ёс зүй, зан байдлын хувьд өмгөөлөгчтэй дээрэнгүй, зохимжгүйгээр хандаж харилцсан, зэрэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг бүдүүлгээр зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үйлдэл яах аргагүй мөн гэж үзэж байна.Иймд Д.Отгонжаргалын нэхэмжпэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:         

Нэхэмжлэгч Д.Отгонжаргал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний залруулга хийсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 863 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаар тогтоолоор Н.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс Н.Жаргалсайханы өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд шүүхийн шийдвэр биелүүлэхийг нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд мэдэгдсэн байх ба эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 34 дүгээр зүйлийн 34.1.5., 67 дугаар зүйлийн 67.1., 68 дугаар зүйлийн 68.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Нэр бүхий шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үйл баримт нь дээрх хэргийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүйгээс гадна Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 738 дугаар тогтоолоор буюу тухайн иргэний хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад хэрэгсэхгүй болгогдсон байна.

Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах талаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулснаас гадна хэргийн материалтай танилцах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба өмгөөлөгчийн ажлын давхцлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН