| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/04522/И |
| Дугаар | 101/ШШ2022/03679 |
| Огноо | 2022-09-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/03679
| 2022 о 09 с 05ө | Дугаар 101/ШШ2022/03679 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..-р хороо, … хашаанд оршин суух, Боржигон овогт …ийн Цэцэгжаргал /рд:…/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, …-р хороо, …, өөрийн байранд байрлах, ... ОНӨААТҮГ /рд:6109209/-т холбогдох,
... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэцэгжаргал, түүний өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, гэрч Х.Болормаа, нарийн бичгийн дарга Э.Мөнх-Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ...нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хариуцагч ... ОНӨААТҮГ-т нярав ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож цуцлах болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид танилцуулсан. Нэхэмжлэгч нь дээрх үйл явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дахь заасан орон тооны цомхотголоор ажлаас халагдаж байна гэж ойлгосон бөгөөд улмаар хариуцагч байгууллагад 5 жилээс дээш хугацаагаар ажилласан тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 дахь хэсэгт зааснаар 3 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогч буюу хариуцагч нь нэг удаа олгоно гэж хүлээж байсан боловч уг тэтгэмжийг огт олгоогүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж, мөн зүйлийн 83.6 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж тус тус заасан байх боловч хариуцагч нь хуулийн уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид ажлаас халсан тухай ажил олгогчийн тушаалыг танилцуулж, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөөгүй. Гэтэл ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар нэхэмжлэгч ...2022 оны 05 сарын 16-ны өдрөөс эхлэн тус газрын Санхүүгийн хэлтэст тоо бүртгэгч ажил, албан тушаалд томилж, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн. Нэхэмжлэгч ...нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ 158.2.2 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон. Эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 101/ШЗ/2022/15132 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд тухайн ажилтан заавал урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах буюу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг шийдвэрлүүлэхээр заагаагүй байх бөгөөд өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд ажилтан шүүхэд хандахаар заажээ. Иймд хариуцагч ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч ...урьд эрхэлж байсан нярав ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тус газрын дүрэм батлагдсан. Газрын дүрмийн 1.1-д ... ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальт бетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж заасан үндсэн чиг үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын баталсан бүтэц, оронд багтааж үйл ажиллагаа эрхэлдэг. Дүрмийн 2.2-д Газар нь МУ-ын Үндсэн хууль, Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, УБ хотын Ерөнхий менежерийн тушаал болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна мөн 2.8-д Газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална гэж зааж өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/885 тоот захирамжаар баталсан бүтцэд нийт 215 ажилтай гэж заасны дагуу Газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/31 тоот байгууллагын бүтэц, орон тоог баталсан. Уг тушаалд Санхүүгийн хэлтсийн нярав 4, нийт 10 ажилтны орон тоотой байсан бөгөөд тоо бүртгэгч гэдэг албан тушаал нь Засвар ашиглалтын хэлтэст 2 /52/, Үйлдвэрлэлийн хэлтэст 2 /41/ харьяалагддаг байсан. 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүтэц шинэчлэн батлагдсан бөгөөд санхүүгийн хэлтсийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Уг захирамжийн дагуу Газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаартай тушаалаар Засвар ашиглалтын хэлтэс /35/, Үйлдвэрлэлийн хэлтэст /41/ тоо бүртгэгч гэдэг орон тоо байхгүй болсон бөгөөд санхүүгийн хэлтэст харьяалагддаг болгож нийт 9 албан хаагчтай болгосон.
Шинээр батлагдсан бүтэц орон тооны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
80.1.1 .аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг үндэслэн, 80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-Т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ын өдөр №2 дугаартай мэдэгдэх хуудсыг Ц.Цэцэгжаргалд өгч баталгаажуулсан. Байгууллагын зүгээс бүтэц орон тоо хасагдсан ажилтныг ажилгүй болгохгүйн тулд нэхэмжлэгч Ц.Цэцэгжаргалд тоо бүртгэгч албан тушаалд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/88 тушаалаар, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулсан. Ингэж ажиллахдаа өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалингаас цалинг огт бууруулаагүй нэмэгдүүлсэн бөгөөд бусад илүү цаг, хоол, унааны олговор бүгдийг өгч байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Ц.Цэцэгжаргалаас Ж.Даваанямд олгосон итгэмжлэл 1 хуудас, ...иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, гэрч Х.Болормаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, ... ОНӨААТҮГ даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаартай ...ажилд томилох тухай тушаал 1 хуудас, 2022 оны 05 сарын _ны өдрийн 2022/05 дугаартай хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, ...нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, ...иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 15132 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж 3 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: Я.Мягмардоржид олгосон итгэмжлэл 1 хуудас, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 14 дугаартай тогтоол 2 хуудас, ... ОНӨААТҮГ-ын дүрэм 2 хуудас, Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж 1 хуудас, ... ОНӨААТҮГ даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/31 дугаартай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоо 3 хуудас, ... ОНӨААТҮГ-ын албан тушаалын цалин 2 хуудас, Нийслэлийн засаг даргын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай ... ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай захирамж 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаар 1 хуудас, ... ОНӨААТҮГ даргын тушаал 2022 оны 04 сарын 11-ний өдрийн А/05 дугаартай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо 3 хуудас, ... ОНӨААТҮГ-ын албан тушаалын үндсэн цалин 3 хуудас,мэдэгдэл 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 6/74 дугаартай ажилтнуудыг албан тушаалаас чөлөөлөх тухай 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын албан тушаалаас чөлөөлөгдөж буй ажилтнуудын нэрс 2 хуудас, ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 6/86 дугаартай ...ажилд томилох тухай тушаал 1 хуудас, 2022 оны 05 сарын 14-ний өдрийн №2022/05 дугаартай хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, тоо бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолт 5 хуудас, Няравын албан тушаалын тодорхойлолт 5 хуудас, ... ОНӨААТҮГ-ын 2021 оны 01сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай ажилтнуудыг албан тушаалаас чөлөөлж, эргүүлэн томилох тухай тушаал 1 хуудас, Албан тушаалаас чөлөөлөх ажилтнуудын нэрс 2 хуудас, ... ОНӨААТҮГ-ын 2016 оны 11 сарын 10-ны өдөр А/14 дугаартай журам батлах тухай тушаал 1 хуудас, ... ОНӨААТҮГ-ын хэлтэс, албадын чиг үүрэг нэртэй баримт 2 хуудас, 2020 оны 09 сарын 02-ны өдрийн №19 дугаартай Хөдөлмөрийн гэрээ 3 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Х.Болормааг гэрчээр асуусан.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...хариуцагч ... орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч ...урьд эрхэлж байсан нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал нярвын орон тоо хасагдсан тул ажилгүй болгохгүйн тулд өөр ажилд томилсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
...... ОНӨААТҮГ-т нярваар 2018 оны 11 дүгээр сараас томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тоо бүртгэгчээр томилсон болох нь зохигчийн тайлбар, ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/74, Б/86 дугаартай тушаалууд зэргээр тогтоогдож байна.
... ОНӨААТҮГ 215 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Засаг даргын ... ОНӨААТҮГ-ын даргын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай захирамжийн дагуу 199 болгосон болох нь хариуцагч талын тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай захирамжууд зэргээр тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай захирамжийг үндэслэн ... ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан болох нь ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 04 сарын 11-ний өдрийн А/05 дугаартай тушаал, түүний 1, 2-р хавсралт зэргээр тогтоогдож байна.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас Ц.Цэцэгжаргалд ...ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн... гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож цуцлахыг 2022 оны 04 сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь 05 дугаартай мэдэгдэл баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...мэдэгдэх хуудсыг авсан, нярвын орон тоо бүхэлдээ байхгүй болсон гэж ойлгосон, ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан тэтгэмж олгоогүй, тоо бүртгэгчээр ажиллах санал авалгүй тушаал гаргасан, тоо бүртгэгчийн ажиллах нөхцөл нь ердийн ажлаас өөр нөхцөлтэй, шөнө орой ажилладаг... гэж тайлбарлаж, 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч ...урьд эрхэлж байсан нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарлаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай захирамжаар тус байгууллагын Санхүүгийн хэлтсийн орон тооны дээд хязгаарыг 9 байхаар тогтоосон байхад ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 04 сарын 11-ний өдрийн А/05 дугаартай тушаал, түүний 1, 2-р хавсралтаар засвар ашиглалтын хэлтэс, үйлдвэрлэлийн хэлтэст харьяалагддаг тоо бүртгэгчийн 4 орон тоог санхүүгийн хэлтэс рүү 3 тоо бүртгэгчийн орон тоотой болгон оруулж, санхүүгийн хэлтсийн нярвын 5 орон тоог 3 болгон бууруулсан нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн А/369 дугаартай захирамжид нийцээгүй байна.
2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч ...тоо бүртгэгчийн ажилд ажиллуулахаар харилцан тохиролцсон гэх баримтгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг нярвын ажлаас чөлөөлж, мөн ажил олгогчийн санаачилгаар тоо бүртгэгчийн ажилд томилсон болох нь зохигчийн тайлбар, гэрч Х.Болормаагийн ... ...бид хоёрыг ямар учраас нярваас чөлөөлснийг ойлгоогүй... гэх мэдүүлэг, ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Б/74, Б/86 дугаартай тушаалууд, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн ... тоо бүртгэгчээр ажиллах санал авалгүй тушаал гаргасан, тоо бүртгэгчийн ажиллах нөхцөл нь ердийн ажлаас өөр нөхцөлтэй, шөнө орой ажилладаг, 2023 онд өндөр тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа тул тоо бүртгэгчийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орсон ... гэх тайлбар үндэслэлтэй байна.
Тоо бүртгэгчийн ажил албан тушаал нь ердийн ажлын цагаар ажиллахаас гадна, илүү цагаар, шөнө ажилладаг ажлын байр байхад нэхэмжлэгчтэй тохиролцохгүйгээр тушаал гаргасныг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон гэж үзэхээргүй байна.
Санхүүгийн хэлтэст харьяалагддаг 5 нярав ажиллаж байснаас нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, улмаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа тохиолдолд тэтгэмж олгоогүй нь хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.
Дээр дурдсанаас дүгнэвэл, нэхэмжлэгчийг сайн дурын үндсэн дээр тоо бүртгэгчээр ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно,
81 дүгээр зүйлийн 81.1.2-т 51-499 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны 10 ба түүнээс дээш хувийн,
81.3-т Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж тус тус заажээ.
... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/74 дугаартай ажилтнуудыг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар 28 ажилчдыг ажлаас чөлөөлсөн байх тул тухайн байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1.2-т заасан нөхцөл үүссэн буюу 215 орон тоотой байгууллагын 28 ажилчин болох 13 хувийг бөөнөөр халсан гэж үзэхээр байна.
28 ажилчдыг халах тохиолдолд хариуцагч байгууллага хөдөлмөрийн тухай хуулийн 81.3-т заасан ... тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх...асуудлыг хэлэлцсэн гэх баримтгүй, нэхэмжлэгчийг тоо бүртгэгчээр ажиллуулах асуудлыг хэлэлцээгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 дугаартай ...ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, ...... ОНӨААТҮГ-ын нярвын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /2022 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 дугаартай ...ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...... ОНӨААТҮГ-ын нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ