Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 30

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),

хохирогч Б.Түвшинзаяа,

шүүгдэгч Ч.Мөнгөнхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Өөлөг овогт Чагнаагийн Мөнгөнхуягт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001480047 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 36 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УГ81121339 дугаартай, Өөлөг овогт Чагнаагийн Мөнгөнхуяг нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” гэх газарт 96-12 УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

мөн дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Д.Мөнхжаргалын жолоодож явсан 59-79 ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Түвшинзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Ариунзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Мөнхжаргалын эд хөрөнгөд 2.588.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Мөнгөнхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” гэх газарт 20 цагийн үед 96-12 УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

мөн дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Д.Мөнхжаргалын жолоодож явсан 59-79 ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Түвшинзаяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Ариунзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Мөнхжаргалын эд хөрөнгөд 2.588.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнгөнхуягийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд хохирлын үнэлгээгээр 2.800.000 төгрөг төлөхөөр тогтоосон. Надад хохирлыг төлөх мөнгө байхгүй учир өөрийн эзэмшлийн “Хонда пит” маркийн автомашиныг өгсөн. Хохирогч Б.Ариунзаяад эмчилгээний зардал 280.000 төгрөг, хохирогч Б.Түвшинзаяад эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг тус тус өгсөн. Хохирогч Б.Түвшинзаяагийн түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг 4 сарын дотор төлөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түвшинзаяагийн өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явахаар жижиг машинд суусан. Жолооч 70 километрийн хурдтай явсан. Би ядарсан байсан тул машинд суугаад унтсан. Ослын талаар мэдэхгүй байна. Эмнэлэгт ухаан орсон. Нэхэмжилсэн хохирлоос 1.200.000 төгрөгийг төлсөн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Намайг эмч 6 сар хөдөлгөөнгүй бай гэсэн учир би хэдэн сар ажил хийгээгүй. 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс ажлаа хийнэ. Би шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжлэхгүй. Би шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж хохирлыг багасгаж шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийг авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ариунзаяагийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... тэгээд замдаа явсаар л 21 цаг өнгөрч байхад Налайх дүүрэг рүү орж явж байгаад оршуулгын газрын дээгүүр явж байтал гэнэт манай урсгал руу нэг машин гэрлээ тусгаад ороод ирсэн ба тус машин манай машиныг мөргөөд манай машин замаас гарсан. Тэгээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... тухайн үед гэнэт л яг бид нарын явж байгаа урсгалаар буюу урдаас автомашины хурц гэрэл орж ирээд л юу хийхийн зуургүй тас хийгээд мөргөлдсөн. Бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл бол удаан тайван явж байсан, 40-өөс 50 км цагийн хурдтай л байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Түвшинзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “... би буцаад унтаад явж байгаад нэг сэрэхэд газар дээшээ харчихсан хэвтэж байхаар нь өндийгөөд хартал миний сууж явсан машин цагаан өнгийн суудлын автомашинтай мөргөлдчихсөн байсан. Ингээд би буцаад дээшээ хараад хэвтэж байтал түргэн тусламжийн автомашин ирээд шууд Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасаг дээр ирсэн ба надад баахан тариа хийж байгаад дахиад л гэмтлийн эмнэлэг рүү очиж шууд гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... орой 21 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орж ирээд оршуулгын газрын дэргэд явж байтал урдаас нэг машины гэрэл гараад яваад байсан ба би гэрлээ шилжүүлэхэд нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс яваад байсан ба ойртож ирэхэд нөгөө машин замын тусгаарлах зурвас давчихсан манай машиныг гэрэл нь чиглээд ороод ирсэн. Тэгэхээр нь би манай машиныг мөргөж магадгүй гээд хажуу талын залууд хандаж “наад машин чинь мөргөх нь” гээд рүлээ баруун тал руу яг дарж байтал гэнэт тасхийгээд миний машины бөгс эргэж замаас гараад зогссон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Гантулгын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... гадаа бороо шиврээд орж байхыг хараад л буцаад унтаад өгсөн. Тэгтэл гэнэт л тасхийгээд дуугараад бие доргилтонд урд сандлыг цээжээрээ цохиод машин зогссон ба шууд машинаас буутал замын нөгөө талд цайвар өнгийн суудлын машин урд хэсэг нь эвдэрсэн байдалтай, замаар машины урд гупер бусад эд зүйлсийн хагархайнууд тарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Р.Пүрэвсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Ингээд ажил руугаа хөдлөөд Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвараар дээш эргээд мянганы замаар явж байтал Баян-Уулын энгэр буюу оршуулгын газрын ойролцоо явж байсан ба бороо ороод үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба урдаас гэрэл гялбаад гэнэт тасхийгээд л явчихсан. Миний бие осолд орох үедээ урд салхины шилээ мөргөөд ухаан алдчихсан ба эмнэлэг дээр ирээд сэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өвчний түүхэнд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/412 тоот:

1. Б.Түвшинзаяагийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь ясны зүүн далавч ясны шугаман хугарал, их тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/411 тоот:

1. Б.Ариунзаяагийн биед тархи доргилт

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Б.Ламчиний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №8839 тоот:

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Мөнгөнхуяг /УГ89121339/” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/,

            Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Ж.Энхбатын 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн:

2. 96-12 УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Мөнгөнхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 2.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн нь өөрийн өгсөн тайлбар, осол хэргийн газрын схем зураг зэргээр нотлогдоно гэж үзэж байна. 59-79 ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Мөнхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.Мөнгөнхуягийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... Ингээд 4-р зөрлөгт байх ажил руугаа Баян-Уул гэх нэртэй оршуулгын газрын хажуугаар явж байхад ширүүн бороо ороод шил арчигчаа хурднаар нь ажиллуулсан боловч резин нь муудсан бололтой сайн арчихгүй, зам сайн харагдахгүй байсан. Тэгтэл урдаас машины гэрэл гараад ирж явсан ба гэнэт тасхийгээд л дуугараад явчихсан ба машин эргэлдээд зогсохоор нь буутал машинтай мөргөлдсөн нөгөө машин мөн адил замын хажуугаас гарчихсан би “очоод юу болов оо” гэж асуухад “харин юу болов” гэхээр нь “та өөрөө хурдтай уруудаж ирээд мөргөчихөж байгаа юм биш үү” гэхэд нөгөө машинд сууж явсан хүмүүс орилолдоод байхаар нь эмнэлэг болон цагдаад дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

            Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 дугаар тал/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 2.270.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.588.000” гэсэн хавсралт /хх-ийн 69 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72 дугаар тал/,

Хохирогч нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 91-97, 100-110, 140-142 дугаар тал/,

            Ч.Мөнгөнхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 дүгээр тал/,

            Ч.Мөнгөнхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар тал/,

            Ч.Мөнгөнхуягийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 114-120, 123-124, 128, 131, 135-137 дугаар тал/,

            Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын “... уг хэрэгт холбогдсон Ч.Мөнгөнхуяг нь миний хохирлыг 96-12 УНО улсын дугаартай, “Хондо пит” машинаа өгч барагдуулсан. Дахин ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцсан тул дахин цааш явах шаардлагагүй байна ...” гэх хүсэлт /хх-ийн 160 дугаар тал/,

            Хохирогч Б.Ариунзаяагийн “... миний бие нь Ч.Мөнгөнхуягаас өөрийн эмчилгээ болон замын зардал болох 250.000 төгрөгийг 2018.01.06-ны өдөр авч хохирлоо барагдуулсан болно. Цаашид Ч.Мөнгөнхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 177 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Мөнгөнхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Мөнгөнхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.Ариунзаяагийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг, хохирогч Б.Түвшинзаяагийн эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын эд хөрөнгөд учруулсан хохиролд 96-12 УНО улсын дугаартай, “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг тус тус өгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, хохирогч Б.Түвшинзаяа нар харилцан тохиролцож хохирогчоос эмчилгээ болон бусад зардалд нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг шүүгдэгч 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Ариунзаяа, Б.Түвшинзаяа, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ч.Мөнгөнхуягийн “В” ангиллын 762891 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өөлөг овогт Чагнаагийн Мөнгөнхуягийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Чагнаагийн Мөнгөнхуягийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнгөнхуягаас нөхөн төлөхөө илэрхийлсэн 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд гаргуулан хохирогч Б.Түвшинзаяад олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Мөнгөнхуягийн “В” ангиллын 762891 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Мөнгөнхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Ариунзаяа, Б.Түвшинзаяа, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Мөнгөнхуягт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ч.Мөнгөнхуягт мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Мөнгөнхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ