Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/579

 

 

 

 

   2023          5               30                                        2023/ДШМ/579

 

Э.У, М.Д нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.У, М.Д нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлээр Э.У, М.Д нарт холбогдох 2207003530045 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............. овгийн ............. У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжилг.., ........ ажилтай, ам бүл .., ...........-ийн хамт .... дүүргийн . дүгээр хороо, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........../;

2. .. овгийн ...-ын Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., ............ ажилтай, ам бүл .., ......... хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./,

            Шүүгдэгч Э.У, М.Д нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.Баянжаргалын “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн “О” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768.640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.У, М.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Э.У, М. Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 280 цагийн хугацаагаар, М.Д-ыг 240 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.У, М.Д нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх үндэслэлдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгийг гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө хамаардаг бол мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад завшигдсан хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, хөрөнгийн эрх байх ба гэмт хэргийн сэдэл, санаа зорилгоороо өөр хоорондоо харилцан адилгүй ялгаатай байдаг.

Шүүгдэгч Э.У нь “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс төхөөрөх цехийн ажилд үндсэн ажилтнаар, шүүгдэгч М.Д нь “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс төхөөрөх инкубатор цехийн операторчноор тус тус ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан тушаал, “А” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч Э.У, М.Д нар нь “А” ХХК-ийн “Оргио” тахиа үйлдвэрлэлийн албанд ажилладаг тус үйлдвэрээс шүүгдэгч нарт итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь “тахианы мах, тахиа, өндөг” гэх зэрэг ба “А” ХХК-ийн үйлдвэр рүү нэвтрэн орох давуу эрхтэй байна.

Түүнчлэн, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э.У, М.Д нарын цалин бага буусан, гэрийн цайллагад хэрэглэх мөнгө нь дутсантай холбоотойгоор ажлын байраа ашиглан тахианы мах авах сэдэл санаа зорилго төрсөн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Э.У, М.Д нарыг хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэжээ.

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь сэдэл, санаа зорилгоороо бус харин иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран ялгагдан зүйлчлэгддэг.

Тухайлбал, “Хулгайлах” гэмт хэрэг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг байна.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгох юм.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтан гэж тооцогдох бол тахианы махыг хэсэглэн мөчлөх, ангилж, савлах байдлаар эд хөрөнгөтэй харьцдаг хүмүүс үүнд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

“А” ХХК-иас төхөөрөх цехийн ажилтан Э.У-д ажлын байрны тодорхойлолтод заасан стандартын шаардлага хангасан, өндөр чанартай тахианы мах, махан бүтээгдэхүүн боловсруулж гаргах үндсэн зорилгын хүрээнд бүтэн тахианы махыг захиалгын дагуу эвдэж ангилах, мөчлөгдөж, хэсэглэгдсэн махыг албанаас өгсөн захиалгын дагуу цээж мах, мөч, нуруутай нуруугүй гуя, далавч зэрэг хэсгүүд болгон ангилж савлах гэх мэт буюу бүтээгдэхүүний боловсруулалтын үндсэн үүргийг, харин инкубаторын операторч М.Д-т шаардлага хангасан эрүүл чийрэг дэгдээхэйгээр цехийг хангах үндсэн зорилгын хүрээнд эх үүсвэрийн цехээс стандартын шаардлага хангасан өндөг хүлээж авах, өндгийг гэрэлтүүлэн шалгаж, хальсны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тэнцэхгүйг ялгах, өндгийг ариутгаж, халдваргүйжүүлэх гэх мэт үндсэн үүргийг тус тус хүлээлгэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.У, М.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож эцсийн бүтээгдэхүүн болоогүй бүтэн тахиа, хэсэглэн мөчилсөн гуя, мөч, цээж мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн,

Учрах саадыг арилгах, гэмт хэргийг хөнгөвчлөх буюу биеэр зөөх боломжгүй 3 шуудай махыг зөөх, цаг хугацааны хувьд удвал баригдана буюу түргэтгэх санаа, зорилгыг агуулж Б.Баянжаргалын тээврийн хэрэгслийн багажид ачиж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдсон байтал шүүхээс шүүгдэгч нарын ажлын байрны хамрах хүрээ, нэвтрэх давуу эрхтэй байдал, тахианы мах, өндөг зэрэгтэй харьцдаг үүрэгт үндэслэн итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.У, М.Д нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Учир нь, хулгайлах гэмт хэрэг нь далд буюу нууц аргаар үйлдэгддэг. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.У, М.Д нар нь тухайн тахианы махыг нууцаар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн тахианы махыг хариуцаж байсан ажилчид нь Э.У, М.Д болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Э.У, М.Д нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдлийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж хөнгөрүүлэн өөрчилж дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.У-ыг “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар тушаалаар Төхөөрөх цехийн ажилд үндсэн ажилтнаар /1 хх 93/, шүүгдэгч М.Д-ыг нь “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар тушаалаар Инкубатор цехийн операторчноор шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /1 хх 97/ тус тус авагджээ.  

Дээрх тушаалтай холбогдуулан “А” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд, шүүгдэгч Э.У нь стандартын шаардлага хангасан, өндөр чанартай тахианы мах, махан бүтээгдэхүүн боловсруулж гаргах үндсэн зорилгын хүрээнд бүтэн тахианы махыг захиалгын дагуу эвдэж ангилах, мөчлөгдөж, хэсэглэгдсэн махыг албанаас өгсөн захиалгын дагуу цээж мах, мөч, нуруутай нуруугүй гуя, далавч зэрэг хэсгүүд болгон ангилж савлах зэрэг бүтээгдэхүүний боловсруулалтын үндсэн үүргийг /1 хх 94-96/, харин шүүгдэгч М.Д нь шаардлага хангасан эрүүл чийрэг дэгдээхэйгээр цехийг хангах үндсэн зорилгын хүрээнд эх үүсвэрийн цехээс стандартын шаардлага хангасан өндөг хүлээж авах, өндгийг гэрэлтүүлэн шалгаж, хальсны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тэнцэхгүйг ялгах, өндгийг ариутгаж, халдваргүйжүүлэх /1 хх 98-99/ зэрэг тус тус үүргийг хүлээлгэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.У, М.Д нарыг шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, хулгайлах болон завших гэмт хэргийн шинжийг ялгаж, эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих албан тушаалтныг тайлбарлан, тахианы махыг хэсэглэн мөчлөх, ангилж, савлах байдлаар эд хөрөнгөтэй харьцдаг ажилтныг үүнд хамаарахгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

Дээрх үндэслэлээр прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.У, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                   ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                               ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР