Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2024/0043

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч: ********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч: ********,

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр,

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ж.Баяржаргал,

Гуравдагч этгээд: ******** нарын хоорондын,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчдын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” 07/25-02/122/04 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2023/0028/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, ********, хариуцагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал, гуравдагч этгээд ********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч ******** нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал нарт холбогдуулан “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал нар нь ********-ийн ********ийн хорооноос ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дугаартай албан бичгийн дагуу ********-ийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан шөнийн цагаар ажилласан ажилчдын нэмэгдэл хөлс  олгосон баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актаар 243 ажилтнуудын 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны шөнийн цагаар ажилласан нэмэгдэл хөлс болох нийт 950,504,271.0 төгрөгийг нөхөн төлбөр төлүүлэхээр ********-д хариуцуулсан акт гаргаж, дээрх маргаан бүхий захиргааны актыг ********-д мэдэгдэж, хүргүүлсэн байна.

  

Гурав. ******** нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга/-т гомдол гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/785 дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Дөрөв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. Манай компани нь Орхон аймгийн иргэдийг дулааны эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын байцаагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж 2023.04.28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаартай улсын байцаагчийн актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.2, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.5, заасан заалтыг зөрчсөн гэж улмаар 950.504.271 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль, хэм хэмжээний актыг буруу тайлбарлаж, буруу аргачлалаар тооцож үндэслэлгүйгээр гаргасан

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн хуулийн зүйл, заалт нь ердийн ажлын цагаар буюу өдрийн 8 цагаар ажилладаг, нөхөн амрах боломжтой ажилтнуудыг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амраах бөгөөд нөхөн амраагаагүй бол 1,2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар шөнийн цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг заавал тооцож олгохоор заасан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д “Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, 109.9-т “Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь манай компанийн хувьд бол нөхөн амрах боломжгүй буюу ээлжээр ажилладаг ажилтнуудад хамаарах зохицуулалт байх ба нэгэнт нөхөн амруулаагүй тохиолдолд ажилтан болон ажилтны төлөөлөлтэй тохиролцон олгохоор хууль тогтоогч хуульчилсан гэж ойлгохоор байна. Гэтэл улсын байцаагч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь заалтаар заавал олгохоор заасан шөнийн цагийн нэмэгдлийг мөн хуулийн 109.8, 109.9 дахь заалтад заавал олгохоор заагаагүй асуудлыг нэгтгэн хууль буруу тайлбарлан 2023 онд 950.504.271 төгрөгийг тус тус төлөхөөр шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй,

4.3. Манай компанийн хувьд ээлжээр ажилладаг 234 ажилтантай цехүүд нь 4 ээлжээр ажилладаг бөгөөд уг 4 ээлжийн ажилтны хувьд нэгэнт нөхөн амраачихсан байхад ийнхүү шөнийн цагийн нэмэгдлийг нөхөн амраачихсан ажилтанд заавал олгох ёстой мэтээр дүгнээд буй улсын байцаагчийн актууд нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагуй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно”, 109.8-т "Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, 109.9- т “Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2,109.4-т заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно” гэж тус тус заасан. Гэтэл манай компанийн 8 цехэд ажилладаг нийт 326 ажилтгаас 213 ажилтнууд нь нөхөн амарсан байтал нөхөн амраагаагүй гэж тооцож, улмаар шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчдын  акт үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэж маргасан.

Тав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага,  үндэслэлээ тайлбарлахдаа: “Эрчим хүчний системд төр болон хувийн хэвшлийн 16 компани байгаа. 1700 орчим хүн ажилладаг. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн боловсруулагдсантай холбоотой Эрчим хүчний яам болон удирдах дээд байгууллагаас 16 компанид хөдөлмөрийн чиглэл, аргачлал хүргүүлсэн. 16 компани бүгд нэг аргачлалаар цалин хөлсийг бодож байгаа. Энэ 16 компани 1700 гаруй хүн дундаас энэ аргачлалтай холбоотой гомдол манайхаас өөр гараагүй байгаа. Энэ бодолтыг буруутай байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарснаас үүдээд энэ асуудал явж байгаа. Бид нэгдсэн стандартаас зөрүүтэй бодоогүй гэж үзэж байгаа” гэв.

Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага,  үндэслэлээ тайлбарлахдаа: “Манайх анх энэ нэхэмжлэлийг гаргахдаа 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр халамжийн 2 байцаагч манайд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтыг хийгээд тухайн актын зөрчлийг тогтоож тавихдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3-ыг зөрчсөн гэж үзэж байна уу 109.8-ыг зөрчсөн гэж үзэж байна уу гэдэг хуулийн заалт нь тодорхой бус байсан. Хоёрдугаарт: бид нар хяналт шалгалтыг үргэлжилж байх хугацаанд ******** инженерийн тайлбарлаж байгаагийн адил эрчим хүчний системийн нийт байгууллагууд нь Эрчим хүчний яамнаас жилийн зорилтот түвшин буюу төлөвлөгөөг батлахдаа цалингийн сан дээр тэдэн ажилтантай байх нь цаг  болон тогтмол цалинтай хэдэн хүн, шөнийн цаг, илүү цагийн нэмэгдэл нь тэд гэж нэг бүрчлэн баталж өгдөг. Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн зардал дээр тулгуурласан тухайн жилийн мөрдөгдөх үнэ тарифыг шийдэхдээ эрчим хүчний салбарын хэмжээгээр бүх бодолтуудын аргачлалыг баталж өгсний дагуу бодогдоод явдаг байсан. Хяналт шалгалтын хамрах хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт гаргаад бүх эрчим хүчний салбарууд ийм аргачлалаар явж байгаа гэдгийг тухайн үед 2 байцаагчид танилцуулсан.

Хөдөлмөр хамгаалал, нийгмийн яам руу хүсэлт гаргаад ******** хөдөлмөрийн ахлах байцаагчаас албан ёсоор мэйлээр бодох аргачлалыг авч 2 байцаагчид өгч байсан. Хяналт шалгалтын явцад бид нар өөрсдийнхөө үүрэг хариуцлагын дагуу бүх тайлбаруудыг гаргаж танилцуулсан. Бид нарын зөвшөөрөөгүй нь бодолтын аргачлал байгаа. 1.35, 1.2 гэдэг нь 20% юм уу 35% юм уу гэдэг дээр хөдөлмөрийн улсын байцаагч нартай онолын түвшний маргаан гарсан. Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн. Хяналт шалгалтын хамрах хүрээ 2022 оны 6 сарын 1-ний өдөр хамарч байгаа. Өмнө нь 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл 2 байцаагч хяналт шалгалт хийгээд акт тогтоосон байдаг. Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 234 ажилтны төлөөлөл болон ********ийн хорооны ажилтнуудын гомдлыг цуглуулаад энэ хэрэг явж байсан. Үйлдвэрийн ажилтнууд болон ********ийн хороо нь энэ бол бодит хохирол биш юм байна. Бид нар байгууллагын бодож байгаа бодолттой санал нэгдэж байна гээд нэхэмжлэлээ татаж авсан. Үүнтэй холбоотой өмнө нь Улсын дээд шүүхийн шүүгч нар бид нарт 1,35 гэдэг бодолтыг хариуцагч болон гуравдагч талынханд өөрсдөө бодож тайлбарлаж өгсөн” гэв.

Долоо. Хариуцагч Д.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “********-ийн ********-ийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн А/76 дугаар албан бичгийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхийн тулд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 25/01 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж гарч шалгалтыг хийсэн. Шалгалт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэг, 109.8 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 А/192 тушаалыг баталсан “дундаж цалин хөлс тогтоох журам”-ын 2.2-т “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгжийн ажлын байранд ээлжээр ажиллах ажилтнуудын шөнийн цагийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно”, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны “Хөдөлмөрийн хамтын хэлэлцээр”-ийн 3.5, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 06 дугаар тогтоолоор баталсан “Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02122/04 дугаартай актыг 243 ажилтнуудын 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарыг дуусах хүртэл хугацааны шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс 950,504,271.0 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс баталсан дундаж цалин хөлс тогтоох журмын 1.4.3-т  “Шөнийн цагийн нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил гүйцэтгэсэн эсхүл эзгүй байгаа ажилтныг түр орлон гүйцэтгэсэн өөр албан тушаал хавсран гүйцэтгэсэн тохиолдолд нэмэлтээр олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн  дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад хөлс”-ийг ойлгохоор тодорхойлсон. Ажлын ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгохоор заасан. Шөнийн цагийн хуваарийн дагуу 243 ажилтан ажилласан гэж үзээд акт тавигдсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт “нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн заалтын дагуу хуульчилсан. Энэ хуулийн дагуу хяналт шалгалт хийж шөнийн цагийн нэмэгдэл олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.9 дахь хэсэгт “ээлжээр ажиллах ажилтан 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл олгохгүй” гэж хуульчилсан нь ээлжийн ажилтны ээлжит 7 хоногийн амралтын болон нийтээр амрах болон 1 цагийн хөлсийг 1.2-1.5 дахин тус өдөр шөнийн цагаар ажилласан бол шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг энэ хуулийн 109.8 дахь хэсэгт зааснаар олгоно”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “орон нутгийн цагаар 22 цагаас дараа өглөөний 6 цаг хүртэлх хугацааг шөнийн цагаар тооцно” гэж заасан. Тэгэхээр тухайн байгууллагад шөнийн 22 цагаас 6 цаг хүртэл хугацаагаар ажилласан ажилчид шөнийн цагаар ажиллах үүрэг гүйцэтгэж байгаа. Графикийн дагуу гарч ирэх учраас энэ нэмэгдэл цалин хөлс хуулийн дагуу олгогдоно. Хөдөлмөрийн улсын байцаагч хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хэрэглэх ёстой юм уу гээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийг хэрэгжүүлнэ. Бид нар улсын байцаагчийн тамга, тэмдэгтэй учраас хяналт шалгалт хэрэгжүүлэх эрхтэй. Хөдөлмөрийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөл, ажилтны цаг, цалин хөлсийн хэрэгжилтэд хяналт тавих эрх байгаа. Энэ хуулийн дагуу хяналт шалгалтаа хийж,  актаа тавьсан” гэв.

Найм. Хариуцагч Ж.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсний талаарх ойлголт болон задаргаа байгаа. Нэмэгдэл цалин хөлс гэдэг нь тухайн ажилтны үндсэн цалин дээр шөнийн цаг болон илүү цагаар ажилласан цалин хөлсийг нэмэгдүүлж олгоно гэсэн учраас тогтоогдсон тарифт цалин дээр шөнийн цагийн нэмэгдлийг 1.2 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт 1.2 дахин нэмэгдүүлнэ, хамтын хэлэлцээрээр 1.35 дахин нэмэгдүүлнэ гэсний дагуу 1 хувийг дутуу олгосон гэж үзсэн. Нэмэгдэл хөлс гэдэг бол тухайн хүний үндсэн цалин дээр шөнийн цагаар буюу илүү цагаар ажилласан хөлсийг нэмэгдүүлж олгоно гэсэн байгаа. 1% нь тухайн ажилтны тариф цалинд багтана гэх ойлголт буруу ойлголт гэж үзэж байгаа” гэв.

Ес. Гуравдагч этгээд ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол ******** болон хөдөлмөрийн харилцааны асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллага хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина” гэж заасан. Тиймээс ********ээс Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчид хандсан. Улсын байцаагчид төлбөр тогтоосон акт тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс эрчим хүчний систем компанийн хэмжээнд бүгд л дутуу бодож өгч байгаа юм шиг зүйл яриад байна. Тийм юм байхгүй. ТЭЦ-2 шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дутуу бодож байгаа асуудлаар 2 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийн акт тавиулаад одоо анхан шатны шүүхийн шийдвэрээр хуралдаад явж байгаа. ********энэ дээр гомдол гаргаад явж байгаа. Хөдөлмөрийн тухай хууль Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх ёстой. Эрчим хүчний систем мөрдөгдөхгүй, уул уурхайн систем мөрдөгдөөд явна гэсэн юм байхгүй. Уул уурхайн компаниуд бүгд л шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг 1,2 дахин бодоод олгоод явж байгаа.

Хөдөлмөрийн улсын байцаагч тус актыг гаргахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын 1.4.3 дахь заалтыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно гэж заасны дагуу хийсэн нь маш үндэслэлтэй зөв тооцоолол гаргасан гэж үзэж байна. Хууль хэрэглээний маргаан болохоос биш тооцооллын маргаан яригдаагүй. Манай салбарын Эрчим хүчний яамны ********ийн хорооны хэмжээнд мөрдөгдөх тарифт шөнийн нэмэгдэл хөлсийг 1,35 дахин нэмэгдүүлж олгоно гээд заачихсан байгаа. 1,35 хувийг 0,35% гэж ойлгоно гэж бодоод 1%-ийг нь хасаад бодож байгаа. Зөрүү дээр нь энэ мөнгө гарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. Улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Арав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхээс бодолт дээр янз бүрийн асуудал яриагүй гэж байна. Улсын дээд шүүхийн тогтоол дээр 5 асуудлыг тавьсан. Цалин хөлстэй холбоотой хамтын хэлэлцээрт талууд хяналт тавина. Улсын байцаагч цалин хөлстэй асуудалд хяналт тавих эрхтэй эсэхийг тодруулаагүй, гэрээ хэлэлцээрээр тохиролцсон зүйл хамааралтай эсэхийг тодруулаагүй, цалин хөлсний асуудалд хяналт тавих эрхтэй байна гэдэг нь учир дутагдалтай байна гэсэн 5 агуулгаар дүгнэлт хийсэн гэж харсан. Хөдөлмөрийн тухай хуульд холимог асуудал байдаг. Талуудын тэнцвэрт байдлыг хангах гэж байгаа. Ажил олгогчийн талд ажиллах хүчний аппарат, төсөв мөнгө байдаг бол ажилтны ард өр зээл, ар гэрийнхэн байдаг. Тэр дундаа ээлжийн ажилчид биегүй болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсэгт” ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно” гэж заасан. Шөнө байнга гардаг ажилтныг эрүүл мэндийн урьдчилан үзлэгт хамруулах заалт байгаа. Тэгэхээр шөнө байнга гардаг нэг ажилтан байна гэсэн үг. Өдрийн ажилтан хааяа л шөнө дуудагдаж ажилладаг. Хуульд зааснаар нөхөж амарна, эсхүл 1.2-р шөнийн нэмэгдлээ авдаг. Гэтэл ээлжийн ажилтан шөнө ажиллабал нөхөж амрах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа нөхөж амарсан гэдэг зүйл хуулийн огт үндэслэлгүй.

Энэ бол өдрийн ажилчид биш шөнө гардаг ээлжийн ажилчдын талаар ярьж байгаа. Ээлжийн ажилчдад бүх нийтийн амралтын өдөр өгөхгүй. Харин шөнийн цаг болон илүү цагийн хөлсийг зайлшгүй олгох ёстой. Хөдөлмөрийн харилцаа бол хүч тэнцвэргүй тулаан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэж заасан. ******** бол  хяналт тавиахаас биш хариуцлага тооцох эрхтэй субьект биш. Маргааны нэг гол зүйл бол бодолтын асуудал. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална” гэж заасан. Мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй”, 162.3.1-т “хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангана”, 162.3.4-т  “ажилтан, ********ээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж заасан.

Хөдөлмөрийн хяналтын байцаагч уг гомдлын дагуу хяналт шалгалт хийх үүрэгтэй. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаарх журмыг батална. Хувь болон төрийн бүхий л байгууллага энэ журмыг баримталж байна. Хөдөлмөрийн хууль болон хэм хэмжээ тогтоосон актыг дагаж мөрдөнө. Цалин хөлсийг тогтоох зарчим ил тод ойлгомжтой байх ёстой. Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.5 дахь хэсэгт “цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх” зарчимтай. Дундаж цалин хөлс тооцох журмаа л баримтлахад болно. Заавал толгой эргүүлж байх шаардлагагүй. Маш ойлгомжтой байгаа. Ажилчдыг нарийн тоо мэдэхгүй гэдгийг далимдуулж тооны өгөгдөл гаргаж ирээд байна. Хамтын хэлэлцээр гэдэг бол хуульд зааснаар хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлдэг. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана. Хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавина гэж заасан. Хяналт тавина гэдэг бол биелэлтийг дүгнэдэг болохоос хөдөлмөрийн улсын байцаагч шиг хариуцлага тооцдог субъект биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажлаасаа чөлөөлөгдсөний дараа энэ хуулийн 162.3.5, 162.3.6-д заасан мэдээллийн нууцлалыг хадгална”, 163.2-т “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, албан шаардлага, актынхаа үнэн зөвийг бүрэн хариуцна” гэж заасан. Энэ бол хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хариуцлага. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.10 дахь хэсэгт улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно гэж заасан. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулиар энэ харилцааг зохицуулна. Маш тодорхой байгаа гэдгийг хэлье” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэгч ******** нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал нарт холбогдуулан “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

         Хоёр. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж дүгнэлээ.

            2.1. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал нар нь ******** нь шөнийн цагаар болон илүү цагаар ажилладаг 222 ажилтны цалин хөлсийг дутуу тооцож олгож байна” гэх тус байгууллагын ********ийн хорооноос ирүүлсэн гомдлын дагуу Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25/01 дугаартай “Хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу хийж,  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  07/25-02/122/04 дугаартай актаар “243 ажилтнуудын 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарыг дуусах хүртэл хугацааны шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс 950,504,271.0 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэжээ. /1 дэх ХХ-ийн 48-54 дүгээр тал/

2.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу нэмэгдэл хөлсийг өгсөн, улсын хэмжээний салбар дундын хэлэлцээрийн дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэгдсэн нэг аргаар бодож олгодог, хариуцагчид уг асуудлаар акт тавих эрх хэмжээ байгаагүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлээ “...хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй, дутуу олгосон, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар уг асуудлаар акт тавих эрх хэмжээтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.3. ********, ****************-ийн хорооны хоорондын Хамтын гэрээний Гурав /Цалин хөлс/-ын  3.7,  мөн Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн Гурав /Цалин хөлсний талаар/-ын 3.21-д  нэмэгдэл хөлс хэрхэн олгох талаар талууд тодорхойлжээ.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 162 дугаар зүйлийн 162.2.5-д “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах” 162.3.1-д “хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах”, 162.3.4-д “ажилтан, ********ээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж тус тус заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч цалин хөлстэй холбоотой асуудлаар ********ээс гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалтыг явуулж, иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авах эрх, үүрэгтэй байна.

2.5. Энэхүү маргааны хувьд ердийн цалин хөлстэй буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал бус хөдөлмөрийн хамтын харилцаатай холбоотой маргаан байх тул хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хамтын хэлэлцээртэй холбоотойгоор хяналтыг хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явуулах хяналт шалгалтын цар хүрээнд хамаарахгүй гэж үзэв.

2.6. Тодруулбал, ********, ****************ийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний  /Арван нэг/-ийн 11.1-д “ҮЭ-ийн хороо нь эрх үүргээ МУ-ын хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд асуудлыг аль болох хэлэлцээр /зөвшилцөл/-ийн замаар шийдвэрлэж байна”, 11.1.а-д “Компанийн захирлын зөвлөлд ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний асуудал зэргийг хэлэлцэхэд ҮЭХ-ны даргыг зөвлөх эрхтэйгээр оролцуулна”, /Арван хоёр. Гэрээг биелүүлэх/-ын  12.1-д “Гэрээний биелэлтийн явцыг жилд 2 удаа талууд төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж холбогдох арга хэмжээг авч ажиллана”, 12.2-т “Гэрээгээр хүлээсэн үүүргээ зөрчсөн тохиолдолд аль нэг тал маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд төлөөлөгчдийн хуралдааныг 7 хоногийн дотор зарлан хуралдуулах эрхтэй. /нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ/” гэж,

Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын /тариф/-ын хэлэлцээр”-ийг байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд салбарын хэмжээнд байгуулагдсан хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудлыг зохицуулж, тус хэлэлцээрийн биелэлтэд хэлэлцээрт оролцогч талууд хяналт тавихаар “Найм.Хэлэлцээрийг биелүүлэх талаар” хэсэгт тус тус тусгайлан заажээ. /2 дахь хх-ийн 145-155, 176-190 дугаар тал/ 

2.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” , 4.8-д “хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” тус тус ойлгоно гэж;

2.8. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Цалин хөлсний асуудлаар байгуулах хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана. Хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавина”, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно” гээд 37.1.1-д “үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана” гээд 49.1.3-т “цалин хөлсний хэмжээ”, 107 дугаар зүйлийн 107.2-т “Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 147.2-т “Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг энэ хуулийн 147.1-д заасны дагуу харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талууд дараах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ”, 147.2.1-д “хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах”, 147.2.2-т “хөдөлмөрийн арбитраар маргааныг шийдвэрлүүлэх”, 154 дүгээр зүйлийн 154.10-т “Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

2.9. Дээрх хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн маргааны хувьд салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудлыг зохицуулж болох бөгөөд уг харилцааг зохицуулсан хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавьж, үүнтэй холбоотой маргааныг хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлүүлэх, уг журмаар харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах, хөдөлмөрийн арбитраар маргааныг шийдвэрлүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр байна.

2.10. Өөрөөр хэлбэл, хамтын хэлэлцээрээр тохиролцсон цалин хөлстэй холбоотой асуудлыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар бус дээрх холбогдох байгууллагаар үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заасан байх тул хариуцагч нарыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04  дүгээр актыг өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2.11. Хөдөлмөрийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно  Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ”, 162.2.5 “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах”,  хөдөлмөрийн Улсын байцаагчдийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын II.Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг. Албан тушаалын зорилго. хэсэгт “холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьж, ... гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна”  гэж зааснаар  хяналт шалгалт хийх эрхтэй боловч тухайн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд хэрхэн шийдвэрлэхийг тусгайлан заасан байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар төлбөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

          2.12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт гаргасан цагаасаа үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт болох бөгөөд нэхэмжлэгчээс “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан боловч дээрх байдлаар маргаж буй акт нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй...” гэж тайлбарласнаар Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” 07/25-02/122/04 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

2.13. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ********-ийг оролцуулахаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  “иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх”-ийг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.5 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн  147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 154 дүгээр зүйлийн 154.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ********-ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Ж.Баяржаргал нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” 07/25-02/122/04 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          Д.САРАНГЭРЭЛ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         П.УУГАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                          Ө.МӨНХ-ЭРДЭНЭ