| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/05573/И |
| Дугаар | 102/ШШ2024/01454 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/01454
|
|
|
|
| ||||
|
|
|
|
| ||||
|
|
|
| |||||
|
|
| |||||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.С
Хариуцагч Н.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Н.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Н.М бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байгаа бөгөөд том хүү М.А 2013 онд, бага хүү М.Тогтуун 2018 онд төрсөн. Хамтын амьдралтай байсан хугацаанд сэтгэл санаа болон бие махбодын дарамтанд байдаг байсан. Хувийн таарамжгүй харилцаа өдөр тутмын хүүхдийн амьдралд сөргөөр нөлөөлж, хариуцагчийн гэртээ биеэ авч яваа байдал хүүхдэд хортой нөхцлийг бий болгодог. Н.М хүүхдийн хажууд байнга ахуйн архидалттай.Энэ байдал сайжрахгүй байсан учраас гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан. Гэр бүлээ цуцлуулахдаа хүүхдүүдийнхээ асрамжийг өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид хоёр тусдаа эвтэй амьдраад хэн хэн нь аав, ээжийнхээ үүргийг гүйцэтгээд яваасай гэж хүсэж байна. Би өөрийгөө хүүхдүүдээ хаяж явсан гэж үздэггүй. Эхлээд өөрийгөө хамгаалсны дараа хүүхдүүдээ хамгаална гэж бодсон. Мөн амьдарч байгаа байр маань Н.М-н нэр дээр байдаг, Н.М-г хөөх үндэслэл надад байхгүй учраас өөрөө эхэлж явсан. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
4.Хариуцагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдэд хайр халамж, хэрэгтэй зүйлийг өгч чадах хүн ээж нь биш, би учраас хүүхдийн асрамжийг ээжид нь өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрөө 2023 оны 04 дүгээр сард хоёр хүүг хаяж яваад, тоохгүй байсан нь хүүхдүүдэд ээж нь биш, би илүү хайр, халамж өгч чадна гэж харагддаг. Нэхэмжлэгч өөр хүн дагаад явдаг цаашид ч өөр хүн дагаад явсан тохиолдолд хоёр хүүхдээ хаяна гэж боддог учраас би хүүхдүүдээ асрамждаа авах хүсэлтэй байна. Ахуйн архидалтын талаар өмнө нь тийм үйлдэл гаргаж байсан удаа байгаа боловч одоо тийм үйлдэл гаргадаггүй.Г.С өмнө нь “би хүүхдүүдээ орхиод явна” гэж ярьдаг байсан. Хүүхдүүдээ орхиж явах нөхцөл бүрдээгүй байсан. Хүүхдүүд хамаагүй гээд өөрийгөө бодоод гэрээс явсан. Аюултай байдалд байсан гэдэг нь амь насны талаар ярьж байх шиг байна. Тийм байдалд огт хүрээгүй. Өөрийнхөө хийсвэр сэтгэлгээг яриад байна. Эсвэл шалтаг байх гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмжлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “У” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 0 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл
7.Хариуцагчаас иргэний үнэмжлэхний хуулбар, хариу тайлбар
8. Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалах хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт, насанд хүрээгүй хүүхэд асуусан тухай тэмдэглэл авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Ахуйн архидалттай. Энэ нь засраагүй. Тухайн нөхцөл байдал хүүхдийн амьдралд сөргөөр нөлөөлж, хамт амьдрахад би сэтгэл санаа, бие махбодын дарамтанд байдаг. Хувийн эдгээр таарамжгүй харилцаа биднийг амьдрахад хэцүү байгаа тул гэрлэлтээ цуцлуулмаар байна” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Н.М “Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Г.С зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүн. Тиймээс хоёр хүүхдээ орхиод явсан. Хүүхдүүд надтай байх дуртай учраас өөрийнхөө асрамжид авна” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2010 онд танилцаад улмаар 2016 оноос хамтран амьдарч, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү М.А, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү М.Тогтуун нар төрсөн болох нь талуудын тайлбар, 0, 0 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “У” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “М.А, М.Т нар эрүүл өсөж бойжиж байгаа”, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга Г.Жаргалсайханы “ 19-19 тоотод Г.С оршин суудаг, үндсэн хаяг”, Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 0 дугаар сургуулийн сургалтын менежер А.Б-н “М.А 5-2 бүлэгт суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолтууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.Талуудын хооронд зан харилцааны хувьд таарамжгүй байдал үүсэж, хариуцагч гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах, архидан согтуурах байдал нь бага насны хүүхдүүд өсөж торних, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болгож байна гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
8.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.
9.Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд өөрийнхөө асрамжид авна гэж маргаж байх бөгөөд хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж мөн Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалах хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн түүнчлэн хүү М.А 11 настай, хүү М.Тогтуун 6 настай, насанд хүрээгүй хүүхэд асуусан тэмдэглэлээр хүү М.А хэдийгээр аавтайгаа хамт амьдарна гэх тайлбарыг гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүү М.А, М.Тогтуун нарыг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Н.М-с сар бүр тэтгэлэг гаргуулж хүү М.А, М.Т нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
11.Зохигчид эд хөхөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.
12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.
14. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.М, Г.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.А, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Т нарыг эх Г.С-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.А, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож эцэг Н.М-с сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Н.М-с гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.С-д даалгасугай
7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА