Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 120/ШШ2024/0020

 

2024 оны 09 сарын 30 өдөр                             Дугаар 120/ШШ2024/0020                                          Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуланг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,

Хариуцагч: “*******” ХК, “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Б.Батзориг /цахимаар/, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр /цахимаар/, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар /цахимаар/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 “******* *******” ХХК-иас “*******” ХК-иас зарлагдсан ТТХК/ дугаар бүхий “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлтийн “******* *******” ХХК,  “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “захиалагч “*******” ХК-ийн “*******” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1 “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” ажлыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан ба тус үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” ТТХК/ дугаар тендерт “*******-*******” ХХК, “*******” ХХК, “******* *******” ХХК-иуд оролцсон байна.

2.2 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн (Тэсэлгээний ажил гүйцэтгэх) тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлаар тэсэлгээний ажил гүйцэтгэх тендерт “*******” ХХК нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгаварт шаардсан шаардлагуудыг хангасан, харьцуулах хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үнэлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиалагчид хүргүүлсэн байна.

2.3 Захиалагчаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-547 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг “*******” ХХК-д, мөн өдрийн 1-548 дугаар “Тендерээс татгалзсан тухай” мэдэгдлийг “******* *******” ХХК-д тус тус хүргүүлжээ.

2.4 “******* *******” ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4943 дугаар албан бичгээр гомдол хянасан тухай хариу хүргүүлсэн байна.

2.5 “******* *******” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын  14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.6  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр/ “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” ТТХК/2024/071 дугаар гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиалагч нь доорх 3 үндэслэлээр манай тендерээр татгалзсан байх ба татгалзсан үндэслэл нь хууль болон ТББ-д заасантай нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. ТШЗ 19.1-д заасны дагуу “...2021 оны гэрээний мэдээлэл ирүүлсэн боловч 2022, 2023 оны гэрээний мэдээллийг жагсаалтаар болон хуулбарыг ирүүлээгүй.” гэжээ.

Гэвч ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана” Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 20 хувь буюу 17,985,158,099.2 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэж доод шалгуур үзүүлэлтийг маш тодорхой заасан ба “******* *******” ХХК-ийн зүгээс уг шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж буйг нотлохоор “Эрдэнэс-*******” ХК-тай байгуулсан ЭТТ-2020/15 тоот гэрээний хуулбар. 2021 онд хийгдсэн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг дүгнэсэн баримт бичгийн хуулбар тендерт ирүүлсэн.

ЭТТ-2020/15 тоот гэрээний хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байснаараа ТББ-д заасан 2021, 2022, 2023 онуудад хамаарч байгаа бөгөөд доод шалгуур үзүүлэлтийг хангаж буйг нотлохоор уг гэрээгээр 2021 онд Цанхийн баруун болон Цанхийн зүүн уурхайд нийлбэр нь 82.747.557.002.0 үнийн дүнтэй ажлын гүйцэтгэсэн мэдээлэл, нотлох баримтыг тендерт ирүүлсэн. ЭТТ-2020/15 гэрээ нь өнгөрсөн хугацаанд үндсэн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн, цар хүрээний хувьд цооног бэлтгэх/өрөмдлөг, тэсэлгээний ажил буюу ижил төстэй гэрээ тул Маягт 4 болон Маягт 6-г тус тус бөглөж тендерт ирүүлсэн болно.

2. Тендерт санал болгосон Б.******* нь ТШЗ 19.1-д гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн байна.

Гэвч хэдийгээр эрх бүхий байгууллага нь хянаад нэгэнт тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх олгосон, Тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан, уул уурхайн инженер мэргэжилтэй гэсэн ур чадвар, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Мөн манай зүгээс тендерт нийт 5 Тэсэлгээний удирдагч санал болгосон тул Б.*******-ыг харгалзан үзэхгүйгээр бусад санал болгосон тэсэлгээний удирдагчдаар ТШЗ 19.1-д “Тэсэлгээний удирдагч -4” гэсэн доод шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа болно.

3. ТШЗ 19.1-д үндсэн техник, төхөөрөмжтэй холбогдолтой заасан шалгуур үзүүлэлт хангаагүй гэжээ. ТШЗ 19.1-д “эсхүл” гэсэн сонголттой техникийн тодорхойлолт, болон доод шалгуур үзүүлэлт, тоо хэмжээний талаар маш тодорхой заасан бөгөөд манай ирүүлсэн тендерт “Устай цооног цэнэглэгч эмульс - 3, Хуурай цооног цэнэглэх анфоны-4” гэсэн техникийн тодорхойлолтод нийцэх тооны цэнэглэгч машиныг ТШЗ 19.1-д заасан “Тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авсан акт”-ын хамт, тайлбартайгаар тендерт ирүүлсэн. Уг баримт бичгээс цэнэглэгч машин тус бүрийн техникийн тодорхойлолт, ашиглах шаардлага хангаж буй тогтоох, эмульс цэнэглэгч машин Зш, анфо цэнэглэгч машин 4ш ирүүлсэн болохыг нотлох боломжтой.

Захиалагч нь мөн шийдвэртээ “...эмульс, анфо цооног цэнэглэх хосолсон давхар хүчин чадалтай Зш, энгийн цэнэглэгч анфоны машин 1ш...” гэж эмульс цэнэглэгч машин Зш, анфо цэнэглэгч 4ш гэдэг техникийн тодорхойлолт, шалгуур үзүүлэлт хангаж буйг өөрөө тогтоосон, нотолсон гэж үзэхээр байна.

Иймд тендерээс татгалзах захиалагчийн үндэслэл, баримтууд нь ТББ болон хуульд нийцэхгүй байгаа тул манай ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн тендерийн хувьд үнэлнэ.

Захиалагч нь доорх үндэслэл, баримтаар “*******” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй байхад шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон байна. Үүнд:

1. ТӨХ-ийн ТШЗ 19.1 болон Ажлын даалгаврын 2.3.3-д “Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай - 4/Өөрийнх-З Түрээс-1/ гэж заасан байхад “*******” ХХК-ийн тендер ирүүлсэн 29-91 УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй auto.dox цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш “Экскаватор” байх бөгөөд эзэмшигч нь Т.Х(иргэн) буюу “*******” ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүйгээрээ ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна. ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.

2. Ажлын даалгаврын 2.3.3-д “Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх” гэсэн шаардлагыг хэрхэн хангасан тодорхойгүй буюу нотлоогүй байна.

3. “*******” ХХК-ийн санал болгосон ******* Тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна. Албан ёсны цахим хаягийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн “Operation parameters” хэсэгт Sunward SWDE165A загварыг 138-180мм диаметр гэж заажээ. Мөн санал болгосон Atlas Corco rock L8 Тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм- ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна.

4. Ажлын даалгаврын 2.1.3-д Гүйцэтгэгчийн баг бүрэлдэхүүн нь ажил үүргээ аюул, осолгүй, технологийн горимын дагуу хэвийн явуулах машин, тоног төхөөрөмж, ажлын багаж, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байна” гэж; ТШЗ 20.1-д “Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ” гэж тус тус заасан ба 1.1.8-д заасан Чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримт тендерт ирүүлээгүй. Уг үндэслэлээр Сангийн яамнаас тендер оролцогчийн гомдлын дагуу хянан үзээд Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож байсан.

5. Түүхий эдийн агуулахын багтаамж 800тн байх шалгуур үзүүлэлт хангахгүй байна. Учир нь Ажлын даалгаварт 1.1.13 болон 3.9-д 1 сар буюу 30-с багагүй нөөцтэй байх гэж, өгөгдлөөр тооцоход 1500тн орчим тэсрэх бодис /Эмульс+Анфо/, зарцуулалт багаар тооцоход зайлшгүй 1200тн багтаамжтай агуулахтай байх шаардлага үүснэ. 800тн багтаамж буюу хүчин чадалтай, химийн хорт болон аюултай бодисын зориулалт бүхий агуулахтай, мэдээлэл болон нотлох баримт ирүүлсэн нь ТӨХ болон Ажлын даалгаварт заасан агуулахын доод шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна;

Үйл ажиллагааны хуваарьт сард 3,282,269.88м3 (26,258,159м3/8сар) хэмжээтэй ажил хийхээр, Ажлын даалгаврын 1.1.11-д заасан тэсрэх бодисын хувийн дундаж зарцуулалт(0.33-0.48кг/м3), эмульс тэсрэх бодис нь 85% байхаар тооцоход сард 1,500тн (3,282,269.88м3*85%*0.48кг+3,282,269.88м3*15%*0.33) орчим тэсрэх бодис /Эмульс+Анфо/, 1200тн түүхий эдийн шаардлага үүснэ. Ажлын даалгаврын 3.9-д барилга байгууламжийг заасан хэмжээ, үзүүлэлтийн дагуу уурхайд бэлэн байлгах, 3.10-д 30-с багагүй хоногийн түүхий эдийн нөөцтэй байхаар заасан.

Жич: Эмульсний хувийн зарцуулалт 0.48кг/м3 орчим, Анфо хувийн зориулалт -0.33кг/ м3 орчим нийтлэг байдаг ба Аммиакийн шүү эмульс-д хольцын-80%, Анфо -94% нийтлэг байдаг.

6. Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй. Барилга байгууламжийн төвөгшлийн 4.8-д “Өндөр төвэгшилтэй барилга байгууламж”-д хамаарахаар байгаа тул Барилга байгууламжийг ашиглалт оруулах дүрмээр зайлшгүй ашиглалтад оруулсны дараа үйл ажиллагаа эрхэлдэг ба Барилгын тухай хуулийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 12.1-д “...зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага...”, 12.6-д “Барилга байгууламж, дэд бүтэцтэй холбогдох техникийн тодорхойлолтод хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүн...”

7. Ажлын даалгаврын 1.4,2-д 13045001:2018 ирүүлэхээр заасан боловч 1809001 ирүүлсэн байна. ТШЗ 20.1-д “Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ” гэж заасан байна.

8. ТӨХ болон Ажлын даалгаварт заасан бусад техник тоног төхөөрөмж, дэд бүтэц, барилга байгууламж, ажлын багаж болон хүний нөөцөд тавигдах шаардлагад нийцсэн эсэх, холбогдох мэдээлэл болон нотлох баримтыг ТШЗ 20.1-д заасны дагуу ирүүлсэн эсэх тус тус хянаж, шалгаж өгнө үү.

Дээрх баримтууд нь үндэслэл бүхий, бодит байдалд нийцэж байвал шалгарсан гэх “*******” ХХК-ийн тендер ТШЗ-ны 19.1-д “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн ба татгалзах үндэслэл бий болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцээгүй, мөн хуулийн зөрчил байгаа тул тус компанид гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, манай тендерээс татгалзсан шалтгаанууд нь бүгд эрх зүйн үндэслэлгүй байх тул Захиалагчийн 1-548 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Мөн Үнэлгээний хорооны дүгнэлт бүхэлдээ хууль бус байх тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5-р зүйлийн 5.1 /Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална/-д заасан зарчимд нийцсэн байдлаар дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг даалгаж манай компанийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулж өгнө үү. Мөн манай ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн хянах, үнэлгээ хийх зэрэг шаардлагатай ажиллагааг хийхэд боломжит хугацаагаар сунгах асуудлыг тус тус хамтад нь шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“******* *******” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн баримт бичгийг 3 үндэслэлээр татгалзсан байдаг. Энэ 3 үндэслэл үндэслэлгүй, бүгд үгүйсгэгдэж байгаа. Хууль бусаар татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай тендерээс татгалзсан эхний үндэслэл нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаар гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан. Бодит байдал дээр ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо нь 2021, 2022, 2023 онуудад нэг удаа хийж гүйцэтгэсэн ажлын дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 20 хувь буюу 17 985 000 158 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэх шалгуурыг тавьсан. Манайх тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шалгуурыг хангасан. Учир нь манайх 2021 онд байгуулсан гэрээгээ явуулсан. Тэр гэрээ нь 3 жилийн хугацаатай 2021, 2022, 2023 онуудад үргэлжилсэн байсан. Мөн гэрээний мэдээллийн жагсаалт болгон хуулбарыг явуулсан. Үүнийгээ маш тодорхой заасан. “******* *******” ХХК-ийн зүгээс уг шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгааг нотлохоор “Эрдэнэс *******”  ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЭТТ-2020/15 дугаартай гэрээний хуулбарыг, 2021 онд хийгдсэн өрөмдлөг тэсэлгээний ажлын дүгнэлтийн хуулбарын хамтаар тендерийн материалд хүргүүлсэн. Энэ нь тендерийн материалын ижил төстэй PDF файлын 5-15 дугаар хуудсанд авагдсан байгаа. 5-15 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үе шат дээр шинжлэн судалбал манайх тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шаардлагыг хангасан байгаа нь бүрэн харагдана. Манай ирүүлсэн ЭТТ-2020/15 дугаартай гэрээний хугацаа тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан хугацааны буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласнаараа тендерийн баримт бичигт заасан 2021, 2022, 2023 гэсэн онуудад хамаар байгаа бөгөөд доод шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг уг гэрээ нотолж  байна. Уг гэрээгээр *******н ордын Цанхайн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажлыг нийт дүн 82 747 557 002.30 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн мэдээлэл, нотлох баримтыг тендерт хүргүүлсэн. ЭТТ-2020/15 дугаартай гэрээ нь өнгөрсөн хугацаанд үндсэн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн цар хүрээний хувьд цооног бэлтгэх өрөмдлөг, тэсэлгээний ажил буюу тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан ижил төстэй гэрээ гэж харагдаж байна. Тэгэхээр Үнэлгээний хорооны манайхаас татгалзсан эхний үндэслэл нь манай ирүүлсэн тендерийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа учраас тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан үндэслэлээр манайхаас татгалзах үндэслэлгүй байсан байна.

Хоёрдугаарт тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан тэсэлгээний удирдагчийн шалгуур хангаагүй гэж үзсэн мөн адил үндэслэлгүй байдаг. Тендерт санал болгосон Б.******* нь тэсэлгээний удирдагчийн шалгуур хангаагүй гэдэг үндэслэлээр манайхаас татгалзжээ. Гэтэл энэ тендерийн хүрээнд нийт тэсэлгээний чиглэлээр 4 тэсэлгээчнийг санал болгохоор шалгуурт заасан байдаг. Гэтэл манайхаас үүнийг давуулан 5 тэсэлгээчнийг санал болгосон. Дээрээс нь эрх бүхий байгууллага хянаад, үнэмлэх олгосон 3 болон түүнээс дээш жил ажилласан. Өөр уул уурхайн инженер мэргэжилтэй гэсэн ур чадварын шалгуур үзүүлэлтийг тавьсан байдаг. “******* *******” ХХК-ийн зүгээс энэ шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан 5 тэсэлгээчнийг тендертээ санал болгож, хүргүүлсэн байхад манай санал болгосон тэсэлгээчин Б.*******ыг тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шалгуур хангаагүй гэж үзэж манайхаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс манайхаас татгалзсан 2 үндэслэл огт хууль зүйн үндэслэлгүй байгаа нь харагдаж байна.

Гуравдугаарт тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан үндсэн техник төхөөрөмжтэй холбогдолтой шалгуур үзүүлэлт хангаагүй гэж байгаа. Тэгэхээр тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д эсхүл гэсэн сонголттой техникийн тодорхойлолт болон доод шалгуурт үзүүлэлт, тоо хэмжээний талаар маш тодорхой заасан бөгөөд манай ирүүлсэн тендерт устай цооног цэнэглэгч эмульс 3, хуурай цооног цэнэглэх анфоны 4 гэсэн техникийн тодорхойлолтыг тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д зааснаар тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглахад хүлээн авсан актын хамт, тайлбартайгаар тендерт ирүүлнэ гэсний дагуу манайх хүргүүлсэн. Уг баримт бичгээс цэнэглэгч машин тус бүрийн техникийн тодорхойлолт, ашиглах шаардлага хангаж буйг тогтоох эмульс цэнэглэгч машин 3 ширхэг, анфо цэнэглэгч машин 4 ширхэг ирүүлсэн гэдгийг магадлах боломжтой. Энэ нь “******* *******” ХХК-ийн тендерт хүргүүлсэн тендерийн үндсэн тоног төхөөрөмж PDF файлын 2 дугаар тайлбар, 6-13 дугаар актуудад тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тоног төхөөрөмж, техникүүдийнх нь санал болгосон болох нь харагддаг. Тиймээс манайх тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.-1-т заасан техникийн тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийг хангасан гэдгээ нотолсон гэж үзэж байна. Энэ 3 үндэслэлээр “******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан байгаа. Татгалзсан үндэслэл нь хууль бус, татгалзах үндэслэлгүй байхад хууль бусаар татгалзсан гэж үүнээс харагддаг. Тиймээс Үнэлгээний хорооны “******* *******” ХХК-д холбогдох үнэлгээний хэсэг тендерийн баримт бичиг болон хуульд нийцэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайхаас татгалзсан 3 үндэслэл нь үндэслэлгүй байгаа учраас манайх хамгийн сайн тендерээр шалгарах ёстой гэж үзээд дахин сонгон шалгаруулалт зарлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээд буюу “*******” ХХК-ийн тендер нь 5 үндэслэлээр шаардлага хангахгүй байна. Шаардлага хангаагүй нь илт тодорхой байхад хамгийн сайн тендер гэж үнэлснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Нэгдүгээрт, тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1 буюу ажлын даалгаврын 2.3.3-д тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай 4 ширхэг байна. Үүнээс өөрийн 3 ширхэг, түрээсийн 1 ширхэг байж болно гэж заасан байхад “*******” ХХК-ийн 29-91 УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машиныг нээлттэй Autobox.mn цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш, экстрактор  байх бөгөөд эзэмшигч нь Х гэх нэртэй иргэн байсан. Мөн түрээсийн гэрээг ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Материалуудын аль нэгийг ирүүлээгүй, эсвэл өөрөөр ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Бас цахим хувийг хавсаргах ёстой байсан боловч хавсаргаагүй байна.

Хоёрдугаарт, ажлын даалгаврын 2.3.3-д шаардлагатай тохиолдолд тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх гэсэн шаардлагыг “*******” ХХК хэрхэн хангасан болох нь тодорхойгүй байгаа.

Гуравдугаарт, “*******” ХХК-ийн санал болгосон Sunward SWDE165A тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан 165 мм-ээс нэмэх, хасах 20мм буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолт тодорхойлолтыг хангахгүй байгаа. Үүнд манайх эх сурвалж болон үндэслэлээ линкээр оруулаад өгчихсөн байгаа. Мөн санал болгосон тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа учраас энэ нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан 165 мм-ээс нэмэх, хасах 20мм буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байгаа. Мөн эх сурвалжийг нь линкээр оруулж өгсөн. Ажлын даалгаврын 2.1.3-д гүйцэтгэгчийн баг бүрэлдэхүүн нь ажил үүргээ ажилд авах, аюул осолгүй, техникийн горимын дагуу хэвийн явуулах, машин тоног төхөөрөмж, ажлын багаж нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1-д санал болгож буй ажил нь 3 дугаар бүлэгт заасан техникийн тодорхойлох тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ гэж тус тус заасан ба 1.1.8-д заасан чичирхийллийг хэмжих ажлын багаж, мэдээлэл нотлох баримтын тендерт ирүүлээгүй. Энэ үндэслэлээр Сангийн яамнаас тендерт оролцогчдын гомдлын дагуу хянан үзээд, захиалагчийн шийдвэрийг Сангийн яам хүчингүй болгож байсан. Сангийн яамны шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байгаа, нотлох баримтыг шинжлэн судлахад энэ үндэслэл тогтоогдоно. Э.******* захирлын танилцуулсан манай 5 дугаар үндэслэл буюу түүхий эдийн агуулахын багтаамж 800 тонн байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэсэн үндэслэлтэй холбоотой тайлбар байгаа. Үүнийг манайх шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн бөгөөд энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр гол түүхий эд болох аммиакийн шүүний сарын доод хэрэглээний агуулахад тавигдах шаардлагыг тодорхойлдог. Энэ үндэслэлийн дагуу шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нотлох баримт ирүүлсэн. Ирүүлсэн гол баримтууд нь гэрчилгээ болон актад 800 тонны багтаамжтай агуулах гэж тендерт тодорхой заасан байгаа. Гуравдагч этгээд энэ тайлбараараа ч гэсэн нотолсон. Нэхэмжлэгчийн зүгээс уг багтаамж, хүчин чадал нь тендерийн баримт бичиг дээр заасантай нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын 5 дугаар үндэслэлд заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа. Бид хүснэгтээр гаргаад тайлбараар хүргүүлчихсэн байгаа. Ажлын даалгаврын 1.1.13, 3.9-д 1 сар буюу 30-аас багагүй хоногийн нөөцтэй байх өгөгдлөөр тооцоход 1500 тонны багтаамжтай агуулахтай байх гэсэн шаардлага тавигдсан байгаа. Гэтэл “*******” ХХК-ийн агуулахын багтаамж энэ тооцоололд огт хүрэхгүй байхад шаардлага хангасан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтын баруун доод хэсэгт нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “*******” ХХК-ийн тэсрэх бодис, хольцын үйлдвэр, агуулахын цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол гэж заасан бөгөөд уг тоон баримтууд нь уг тендерт “*******” ХХК-ийн санал болгосон үйлдвэр болох нь энэ баримтаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр гуравдагч этгээдийн климекс ленд эмульс бүтээгдэхүүний найрлагыг хүснэгтийн 2.10-д эмульс нь 70-90%, нэмэлт нь 10-30% буюу хамгийн багадаа аммиакийн шүүний 80%, мөн Монгол Улсын стандарт MNS44082022 эмульс тэсрэх бодисын техникийн ерөнхий шаардлагын 4.10.1 дүгээр хүснэгтийн 1-т аммонийн нитрат 10-80% байхаар заасан бөгөөд энэ нь манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй таарч байгаа. “*******” ХХК шаардлага хангахгүй гэдэг нь тендерийн ажлын даалгаврын 4, 1.1.11-д заасан тэсрэх бодисын дундаж хэмжээний зарцуулалт, эмульс тэсрэх бодис нь 85%-тай байгааг тодорхой заасан байна. Үүнийг нэмэлт тайлбараар шүүхэд өчигдөр хүргүүлчихсэн байгаа учраас нотлох баримт шинжлэн судлахад тодорхой заая. “*******” ХХК-ийн тендерийг доорх 5 үндэслэлээр татгалзах ёстой байжээ. Доорх 5 үндэслэлээр “*******” ХХК-ийн тендерийн баримт бичиг хуульд нийцэхгүй байхад Үнэлгээний хороо “*******” ХХК-ийг хамгийн сайн гэдгээр үнэлсэн байдаг. Тиймээс Үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээрх тайлбарыг хийж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслээд “*******” ХК “*******” ХХК-тай тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус байхад гэрээ байгуулах ямар ч боломжгүй. Тиймээс Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, “*******” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль бус учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчийг шалгаруулсан

1.  Захиалагч “*******” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар ТТХК/ дугаартай тендерийг хуульд нийцүүлэн зохион байгуулсан бөгөөд ямар нэгэн хууль зөрчөөгүй.

1 Тендерийн сонгон шалгаруулалтад “*******” ХХК, “*******-Сервис” ХХК болон “*******” ХХК-ийн түншлэл, “******* *******” ХХК нар оролцсон бөгөөд “*******” ХХК-иас 98,468,094,625 (Ерэн найман тэрбум дөрвөн зуун жаран найман сая ерэн дөрвөн мянга зургаан зуун хорин таван) төгрөг, “******* *******” ХХК-ийн түншлэлээс 149,041,306,700 (Нэг зуун дөчин есөн тэрбум дөчин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуу) төгрөг, “******* *******” ХХК-ээс 154,791,843,375 (Нэг зуун тавин дөрвөн тэрбум долоон зуун ерэн нэгэн сая найман зуун дөчин гурван мянга гурван зуун далан таван) төгрөгийн үнийн санал ирүүлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “*******” ХХК-тэй 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Хариуцагчийн зарласан тендерийн үнийн санал нь 179,851,580,993 (Нэг зуун далан есөн тэрбум найман зуун тавин нэгэн сая таван зуун наян мянга есөн зуун ерэн гурван) төгрөгт багтаах зорилготой байсан бол “*******” ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн үнийн санал хамгийн бага байж, бусад оролцогч нар, тухайлбал, “*******-*******” ХХК-ийн түншлэл түүнээс 50,5 тэрбум төгрөг, нэхэмжлэгч “******* *******” ХХК түүнээс даруй 56.3 тэрбум төгрөгөөр тус тус өндөр үнийн санал ирүүлсэн тул сүүлийн 2 тендерийн саналаас хуулийн дагуу татгалзсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж худалдан авах ажиллагааны зарчмыг хуульчилсан.

5 Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тендерт ирүүлсэн санхүүгийн үнийн санал нь тендер оролцсон нийт 3 оролцогчоос хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн бөгөөд шүүхээс техникийн санал нь шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд ч санхүүгийн үнийн саналын хувьд Тендерийн хороо нэхэмжлэгчийг шалгаруулбал дээр дурдсан худалдан авах ажиллагааны хуульд заасан үр ашигтай байх, хэмнэлттэй байх зарчим зөрчигдөх бодит эрсдэл үүсэх байсан.

Учир нь хариуцагч Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг, өмчийн олонхыг орон нутгийн өмчийн хөрөнгөөр бүрдүүлсэн хувьцаат компани бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалахын тулд тухайн тендерийг хэрэгжүүлж чадах хамгийн сайн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй бөгөөд хамгийн хямд буюу бага үнийн санал гаргасан туршлагатай оролцогчийг шалгаруулсан гэдэгтээ итгэлтэй байна.

Нэхэмжлэгчээс өмнө нь Сангийн яаманд хандаж тендер шалгаруулалтын талаар гомдол гаргасан ч зохих журмын дагуу Сангийн яам хянаж үзээд үндэслэлгүй болохыг нь гомдлын үндэслэл нэг бүрээр тогтоож няцаасан тендер шалгаруулалт зохих журмын дагуу хуульд нийцсэнийг илтгэдэг.

Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нэхэмжлэлдээ “Тендерийн шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-д ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 он” гэсэн байхад нэхэмжлэгч нь 2021 онд 3 жилийн хугацаатай байгуулсан гэрээ он дамнан үргэлжилсэн нөхцөл байдлыг тооцсонгүй гэсэн үндэслэлээр Үнэлгээний хорооны дүгнэлт болон “*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгохыг шаарджээ.

Хэрэв тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-ийг сайтар уншвал “ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 он" гэсэн нь 1 ажлыг 3 жил дамнуулан хийсэн байхыг хүлээн зөвшөөрсөн бус, харин дараалсан 3 жилд доод тал нь 1 ижил төстэй ажил, өөрөөр хэлбэл, нийт дүндээ 3 өөр ажил хийсэн байх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, 1 гэрээт ажлыг 3 жил дамнуулан хийж байгаа нь 1 гэрээний ажил үргэлжилж байгаа хэрэг бөгөөд тендерийн шаардлагаар сүүлийн дараалсан 3 жилд доод тал нь 1 ажил гэдэг нь ижил төстэй нийт 3 өөр ажил хийсэн байхыг шаардсан бөгөөд энэ нь 3 өөр ажлын гэрээ болон гэрээ дүгнэсэн акт ирүүлэх шаардлага байсныг нэхэмжлэгч буруу ойлгосныг илтгэж байна.

Түүнчлэн, уг зааварчилгаанд “гэрээ дүгнэсэн акт, эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ /ижил төстэй ажилд гурваас доошгүй Тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзнэ ггэж тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн акт, захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлээгүй бөгөөд ижил төстэй ганцхан ажлын гэрээ ирүүлээд, түүнийгээ 3 өөр ажилд тооцуулахыг шаардаж байгаа нь хууль бус шаардлага.

Өөрөөр хэлбэл, “******* *******” ХХК-ийн ирүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2020-2021 онд байгуулсан 1 гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн, 2022 болон 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь гурваас доошгүй тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн туршлага гэсэн тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн нь тендерийн баримт бичиг болон хуульд нийцсэн гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд тендерийн талаар тодруулга авах тусгайлсан зохицуулалт тусгагдсан бөгөөд уг зүйлийн 25.2-т "Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан /өөрөөр хэлбэл, тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар/ тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасныг баримтлан захиалагч нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оролцогч нарын зарим техникийн тодорхойгүй асуудлаар тодруулга авсан байдаг.

Тодруулгын хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06/1132 тоот албан бичгээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ашиглахаар ирүүлсэн буюу тендерийн баримт бичигт тусгагдсан 37-88 УБЗ улсын дугаартай цооног цэнэглэгч төхөөрөмж нь зөвхөн энгийн найрлагатай тэсрэх бодис цэнэглэх хосолсон /анфо, эмульс/ хүчин чадалтай машин биш болох нь тогтоогдож, тендерийн шалгуурт заасан “Устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай машин- 4” байх гэсэн шалгуур хангагдаагүй тул тендерээс зарласан байна.

Тендер шалгаруулалтын  явцад нэхэмжлэгчээс гаргасан  гомдлын дагуу яамнаас тендерийн баримт материалыг татан авч хянаад “******* *******” ХХК-ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байгааг тогтоож, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 08/4943 тоот албан мэдэгдлийн дагуу тендер шалгаруулалтыг үргэлжлүүлсэн нь хуульд нийцсэн үйлдэл байсан.

 Нэхэмжлэгчийн эрх ашиг бодит байдал дээр зөрчигдсөн эсэх талаар:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн бус, харин магадгүй гэсэн сэжиг таамгаар нэхэмжлэл гаргаж, Захиргааны шүүхийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлийнхээ төгсгөлд “Дээрх баримтууд нь үндэслэл бүхий, бодит байдалд нийцэж байвал шалгарсан гэх “*******” ХХК-ийн тендер ТШЗ-ны 19.1-д “хуулийн 17.4-д зааснаар оролцогч өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн ба татгалзах үндэслэл бий болно” гэсэн нь өөрийнх эрх ашиг зөрчигдөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байдал харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн санал хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагаар “гэрээг хүчингүй болголоо" гэхэд гагцхүү дараачийн бага үнийн санал өгсөн оролцогч “******* *******” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах асуудал яригдах тул ямар ч нөхцөлд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь 1 эрхэн зөрчигдсөн" нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж тодорхой заасан. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлын өмнүүр 2 дахь бага үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчийн эрх зөрчигдөх бөгөөд харин гурав дахь буюу хамгийн өндөр үнийн санал өгсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

“*******” ХХК-ийн тендерт гаргасан гомдлын талаар:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ТӨХ-ийн ТШЗ 19.1 болон Ажлын даалгаврын 2.3.3-д “Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай - 4 /Өөрийнх-3 Түрээс-1/ гэж заасан байхад “*******" ХХК-ийн тендер ирүүлсэн 29-91 УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй autobox.mn цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш “Экскаватор” байх бөгөөд эзэмшигч нь Т.Х (иргэн) буюу “*******” ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүйгээрээ ТӨХ-ийн ТШЗ-ийн 19.1-д заасан “Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна" гэсэн нь  үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерт ирүүлсэн техник нэг бүрийг төрийн эрх бүхий байгууллагын бүртгэлийн санд хайлт хийж үзэхэд тус компани нь өөрийн өмчлөлийн 26-91УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машины мэдээллийг (www.tender.gov.mn)-д илгээсэн байсан нь тендерийн шаардлага хангаж байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг Захиалагч нь шаардлагад нийцсэн эсэх талаас нь хянан үзэх шаардлагатай нөхцөлд тодруулга лавлагаа авах бүрэн эрх хэмжээтэй.

Ажлын даалгаврын 2.3.3-д “Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх” гэсэн шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй буюу нотлоогүй байна” гэснийг мөн л хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд учир нь “*******” ХХК-аас Захиалагчид ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 02/590 тоот албан бичгээр тоног төхөөрөмж бэлэн байлгах тухай мэдэгдэл ирүүлж, тендерт шалгарсан тохиолдолд шаардлагатай үзүүлэлтийн дагуу бэлэн байлгахаа илэрхийлсэн нь дээрх шаардлагад нийцсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “*******” ХХК-ийн санал болгосон Sunward SWDE165A  тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185 мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна” гэжээ. Гуравдагч этгээдийн зүгээс тэсэлгээний цооног цэнэглэгч машинд дээрх машинуудыг санал болгоогүй бөгөөд Цооног цэнэглэх машинд нийт 9 машин санал болгосон нь тендерийн техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа тул нэхэмжлэгчийн буруутгал үндэслэлгүй.

Нөгөө талаар, цооног бэлтгэх машинд өрмийн хошууны диаметрийн шаардлага тавьсан бол цооног цэнэглэх машинд өрмийн хошууны диаметрийн талаар ямар нэгэн техникийн шаардлага тавигдаагүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, гуравдагч этгээдийн санал болгосон цооног бэлтгэх машинууд нь хүчин чадлын хувьд 165 мм өрмийн хошуутай байгаа нь тендерийн техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ“Ажлын даалгаврын 1.1.8-д “Чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримт ирүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ажлын даалгаврын 1.1.8 дахь заалтад гагцхүү чичирхийллийг хэмжих тусгай багаж ашиглах шаардлага тавьснаас бус тухайн багаж нь тодорхой техникийн үзүүлэлтийг хангасан байх талаар тодорхой шаардлага тавигдаагүй байгааг тодорхой харж болно.

Нэхэмжлэгчийн дурдсан “Түүхий эдийн агуулахын багтаамж 800тн - шалгуур үзүүлэлт хангахгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “Тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байж болох бөгөөд холбогдох баримтыг ирүүлнэ” гэж заасан бол Ажлын даалгаврын 2.1.5-д “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хангах тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байх" гэж тус тус заасны дагуу “*******” ХХК-аас 800 тн химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай агуулахтай талаар нотлох баримтыг тендерт хүргүүлсэн нь шаардлага хангаж байна гэж үзнэ.

Нөгөө талаар, тендер шалгаруулалтын баримт бичигт агуулахын хүчин чадалд тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлага тавиагүй тул энэ талаарх шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч нь “Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй. Барилга байгууламжийн төвөгшлийн 4.8-д Өндөр төвөгшилтэй барилга байгууламж”-д хамаарахаар байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмээр зайлшгүй ашиглалтад оруулсны дараа үйл ажиллагаа эрхэлдэг ба Барилгын тухай хуулийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг гэжээ.

“*******” ХХК-иас тендерийн баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт болон Үл хөдлөх эд  хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн буруутгал үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018  ирүүлэхээр заасан боловч ISO9001 ирүүлсэн байна. ТШЗ 20.1-д “Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримт тендерт ирүүлнэ” гэж  заасан байна. Ажлын даалгаврын 1.4.2-т “Уурхайн технологийн ажлуудад зориулан аюулгүй ажиллагааны журам, горим боловсруулан Захиалагч -алаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллах бөгөөд шаардлагатай эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Мөн үйл ажиллагаандаа MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж ажиллах бөгөөд шаардлагатай ажлууд дээр дутуу дүрэм журмыг боловсруулан захиалагчаар батлуулж, мөрдөж ажиллана” гэж заасан.

Нэхэмжлэгчийн гомдлоос үзэхэд нэхэмжлэгч нь Ажлын даалгаврын заалтыг буруу ойлгосон байх бөгөөд уг шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд өөрөөр хэлбэл, хэрэв оролцогч тендерт шалгарч, гэрээ байгуулсан тохиолдолд дээрх стандартыг нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм журмыг захиалагчаар батлуулан мөрдөж ажиллахыг анхааруулсан байтал заавал тендерт оролцохдоо өмнө нь ирүүлэх учиртай баримт бичиг мэтээр буруу ойлгосныг харуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д "Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан /төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдах авах ажиллагаатай холбоотой/ маргааныг хянан шийдвэрлээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалт/, дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах /мөн хуулийн 106.3.4 дэх заалт/, захиргааны гэрээ хууль бус бол хүчингүй болгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалт/ шийдвэр гаргах нь эрх хэмжээ хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд гагцхүү шүүхээс гэрээ илт хууль бус болохыг тогтоох боломжтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар    106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан нь уг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх маргаанд мөн адил хамаарах захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмын шинжтэй заалт.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна” гээд 41.1.1-д энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан”; 41.1.2-т “энэ “энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан”; 41.1.3-т “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”; 41.1.4-т “энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан”; 41.1 5-д “тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй”; 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" гэжээ.

Гэтэл энэ тендерийн хувьд дээрх заалтад заасан аль ч нөхцөл хамаарахгүй, тухайлбал, захиалагч нь (а) гэрээ шууд байгуулаагүй, (б) хуулийн дагуу тендер зарласан, (в) хуулийн дагуу нийтэд зарлан мэдээлсэн, (г) оролцогчийн тендертэй танилцах эрхийг хязгаарлаагүй, (д) тендер хүлээн авах эцсийн хугацаа болон гэрээ байгуулах хугацааг тус тус баримталсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй тул гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэл бүрдээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хуульд зааснаас огт өөр үндэслэлээр буюу техникийн шинжтэй зөрчлийн талаар маргаж байгаа нь Захиалагчийн тендерийн үйл ажиллагаа хуульд нийцсэнийг илтгэх бөгөөд “гэрээ илт хууль бус байх” хуулийн үндэслэлд хамаарахааргүй байна.

Нөгөө талаар, тендерийн үйл ажиллагааны гомдлыг хянах төрийн захиргааны төв байгууллагын хяналтаар тендерийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоосон байхад хамгийн өндөр үнэ санал болгосон буюу хамгийн бага үнэ санал болгосон оролцогчоос даруй 56 тэрбум гаруй төгрөгөөр илүү байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тендерийн саналд илт нөлөөлөх ямар ч боломжгүй бөгөөд хамгийн өндөр үнэ санал болгосон захиалагчийн эрх ашгийг дээрдүүлэх, тендер шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлөх шууд болон шууд бус бодит үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гаргасан “*******” ХК-иас зарласан ТТХК/ дугаартай тэсэлгээний ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийн “******* *******” ХХК болон “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, “*******” ХК-иас байгуулсан Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан ТӨХ-ийн ТШЗ 19.1 болон Ажлын даалгаврын 2.3.3-д “Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай - 4 /Өөрийнх-3 Түрээс-1/ гэж заасан байхад “*******” ХХК-ийн тендер ирүүлсэн 29-91 УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй autobox.mn цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш “Экскаватор” байх бөгөөд эзэмшигч нь Т.Х (иргэн) буюу “*******” ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүйгээрээ ТӨХ-ийн ТШЗ-ийн 19.1-д заасан “Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн эсэх талаас нь хянан үзэх үүрэгтэй.

Хэдийгээр “*******” ХХК тендерийн баримт бичигт техникийн алдаа гаргаж, өөрийн өмчлөлийн 26-91УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машины мэдээллийг илгээхдээ улсын дугаарын нэг тоог буруу бичсэн нь гуравдагч этгээдийн тендерээс татгалзах ноцтой шалтгаан биш гэж Захиалагчийг буруутгах үндэслэлгүй.

"******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд “*******” ХХК нь Ажлын даалгаврын 2.3.3-д “Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх” гэсэн шаардлагыг хангасан тодорхойгүй буюу нотлоогүй байна.

Гуравдагч этгээд болох “*******” ХХК нь шаардлагатай тохиолдолд тэсэлгээний цооног бэлтгэх машины тоог нэмж ажиллуулах боломжтой талаараа №02/590 болон №02/599            дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж баталгаажуулсан тул энэ талаарх нэхэмжлэгчийн буруутгал үндэслэлгүй.

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд “*******” ХХК-ийн санал болгосон Sunward SWFE165A тэсэлгээний цооног цэнэглэх машинууд н, 138- 180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185 мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс тэсэлгээний цооног цэнэглэгч машинд дээрх машинуудыг санал болгоогүй бөгөөд Цооног цэнэглэх машинд нийт 9 машин санал болгосон нь тендерийн техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Нөгөө талаар, цооног бэлтгэх машинд өрмийн хошууны диаметрийн шаардлага тавьсан бол цооног цэнэглэх машинд өрмийн хошууны диаметрийн талаар ямар нэгэн техникийн шаардлага тавигдаагүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн, гуравдагч этгээдийн санал болгосон цооног бэлтгэх машинууд нь хүчин чадлын хувьд 165 мм өрмийн хошуутай байгаа нь тендерийн техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд “Ажлын даалгаврын 2.1.3-д Гүйцэтгэгчийн баг бүрэлдэхүүн нь ажил үүргээ аюул, осолгүй, технологийн горимын дагуу хэвийн явуулах машин, тоног төхөөрөмж, ажлын багаж, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байна” гэж; ТШЗ 20.1-д “Санал болгож буй ажил нь 111 бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ ” гэж тус тус заасан ба 1.1.8-д заасан Чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримтыг тендерт ирүүлээгүй” гэжээ.

Гэтэл Тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 1.1.8-д “Гүйцэтгэгч нь уурхай дээр энэхүү техникийн тодорхойлолтод заасан ажлыг хийх гүйцэтгэх... ба тэсэлгээний чичирхийллийг хэмжих багаж ашиглана” гэж заасан бөгөөд энэ заалтыг баримталбал гагцхүү чичирхийллийг хэмжих тусгай багаж ашиглах шаардлага тавьснаас бус тухайн багаж нь тодорхой техникийн үзүүлэлтийг хангасан байх гэсэн тусгайлсан шаардлага тавигдаагүй байгааг Ажлын даалгаврын 1.1.8 дахь заалтаас тодорхой харж болно. Иймд, нэхэмжлэгчийн дээрх буруутгал үндэслэлгүй байна.

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “Түүхий эдийн агуулахын багтаамж 800тн -Шалгуур үзүүлэлт хангахгүй байна” гэжээ. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “Тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байж болох бөгөөд холбогдох баримтыг ирүүлнэ” гэж заасан бол Ажлын даалгаврын 2.1.5-д “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хангах тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байх” гэж тус тус заасны дагуу “*******” ХХК-аас 800 тн химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай агуулахтай талаар нотлох баримтыг тендерт хүргүүлсэн.

Тендер шалгаруулалтын баримт бичигт агуулахын хүчин чадалд тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлага тавиагүй тул энэ талаар шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгал үндэслэлгүй байна.

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд “Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй. Барилгын байгууламжийн төвөгшлийн 4.8-д “Өндөр төвөгшилтэй барилга байгууламж ”-д хамаарахаар байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмээр зайлшгүй ашиглалтад оруулсны дараа үйл ажиллагаа эрхэлдэг ба Барилгын тухай хуулийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг гэжээ.

Гуравдагч этгээдээс тендерийн баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн буруутгал үндэслэлгүй байна.

 “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд “Ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018 ирүүлэхээр заасан боловч ISO9001 ирүүлсэн байна. ТШЗ 20.1-д “Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримт тендерт ирүүлнэ” гэж заасан байна. Ажлын даалгаврын 1.4.2-т “Уурхайн технологийн ажлуудад зориулан аюулгүй ажиллагааны журам, горим боловсруулан Захиалагч талаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллах бөгөөд шаардлагатай эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Мөн үйл ажиллагаандаа MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж ажиллах бөгөөд шаардлагатай ажлууд дээр дутуу дүрэм журмыг боловсруулан захиалагчаар батлуулж, мөрдөж ажиллана” гэж заасан. Нэхэмжлэгч нь Ажлын даалгаврын заалтыг буруу ойлгосон байх бөгөөд уг шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд өөрөөр хэлбэл, хэрэв оролцогч тендерт шалгарч, гэрээ байгуулсан тохиолдолд дээрх стандартыг нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм журмыг захиалагчаар батлуулан мөрдөж ажиллахыг анхааруулсан байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс  “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах

тухай хууль /цаашид “Тендерийн хууль” гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг” гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж дүгнэсэн дүгнэлт “хууль бус байсан” гэж маргасан, энэ нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд, уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны “хууль бус” дүгнэлтийг үндэслэн гарсан бусад актуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд /нэхэмжлэлийн дагасан шаардлага/ мөн хангагдах үндэслэлтэй болно.

1.1. “*******” ХК-ийн Үнэлгээний хороо нь 2024 оны 05 дугаар            сарын 17-ны өдрийн хуралдаанаараа ТТХК/ дугаартай “тэсэлгээний ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, уг тендерт оролцсон “*******” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж,  нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй гэж  тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн эс зөвшөөрч  маргаж байгаа үндэслэлээ:

2.1 Тендер шалгаруулалтын зааварчилгаа /цаашид ТШЗ  гэх/ 19.1 болон тендерийн ажлын даалгаврын 2.3.3-д “Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай-4 /Өөрийнх-З, Түрээс-1/ гэж заасан байхад “*******” ХХК-ийн тендер ирүүлсэн 29-91 УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй auto.box.mn цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш “Экскаватор” байх бөгөөд эзэмшигч нь Т.Х (иргэн) буюу “*******” ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүйгээрээ ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн,

2.2 Ажлын даалгаврын 2.3.3-д “Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх” гэсэн шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй буюу нотлоогүй,

2.3  ******* Тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангаагүй, санал болгосон Atlas Corco rock L8 Тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангаагүй,

2.4 Ажлын даалгаврын 1.1.8-д заасан “Чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримт” тендерт ирүүлээгүй;

2.5 Түүхий эдийн агуулахын багтаамж 800т н байх шалгуур үзүүлэлт хангаагүй.  Учир нь ажлын даалгаварт 1.1.13 болон 3.9-д 1 сар буюу 30-с багагүй нөөцтэй байх гэх өгөгдлөөр тооцоход 1500тн орчим тэсрэх бодис /Эмульс+Анфо/ зарцуулалт багаар тооцоход зайлшгүй 1200тн багтаамжтай агуулахтай байх шаардлага үүснэ. 800тн багтаамж буюу хүчин чадалтай, химийн хорт болон аюултай бодисын зориулалт бүхий агуулахтай, мэдээлэл болон нотлох баримт ирүүлсэн нь ТШЗ болон ажлын даалгаварт заасан агуулахын доод шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна;

 2.6 Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй.

2.7 Тендерийн ажлын даалгаврын 1.4.2-д “ISO45001:2018 ирүүлэхээр” заасан боловч ISO9001 ирүүлсэн,

2.8 ТШЗ болон ажлын даалгаварт заасан бусад техник тоног төхөөрөмж, дэд бүтэц, барилга байгууламж, ажлын багаж болон хүний нөөцөд тавигдах шаардлагад нийцсэн эсэх, холбогдох мэдээлэл болон нотлох баримтыг ТШЗ 20.1-д заасны дагуу ирүүлээгүй гэж тодорхойлоод үнэлгээний хороо тендерийг үнэлэхдээ тэгш бус хандаж, “*******” ХХК тендерийн баримт бичигт заасан үзүүлэлтээс өөр ирүүлснийг тодруулга авч зөвтгөх эсхүл ийм байж болно гэж шаардлагад нийцүүлж байгаа нь  хууль бус бөгөөд манай компанийг захиалагч компанид өмнө гүйцэтгэсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж тендер шалгаруулалтаас хасах зорилготой байсан гэж маргасан.

3. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ:

3.1 Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тендерт ирүүлсэн  үнийн санал нь тендер оролцсон нийт гурван оролцогчоос хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн,

3.2 /ТШЗ/-19.1-д ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 он” гэсэн шаардлагыг хангаагүй, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2020-2021 онд байгуулсан 1 гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн, 2022 болон 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь гурваас доошгүй тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн туршлага гэсэн тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй, 

3.3 “******* *******” ХХК-ийн ашиглахаар ирүүлсэн буюу тендерийн баримт бичигт тусгагдсан 37-88 УБЗ улсын дугаартай цооног цэнэглэгч төхөөрөмж нь зөвхөн энгийн найрлагатай тэсрэх бодис цэнэглэх хосолсон /анфо, эмульс/ хүчин чадалтай машин биш болох нь тогтоогдож, тендерийн шалгуурт заасан “Устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай машин- 4” байх гэсэн шалгуур хангагдаагүй,

3.4 Тендерийн ажлын даалгавар нь ТШЗ, шалгуур, тендерийн баримт бичигт хамааралгүй тул тендер үнэлэхэд харгалзахгүй гэж тайлбарлан маргадаг.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "тендер" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг;” ойлгохоор зааснаас үзвэл захиалагчийн зарласан тендер шалгаруулалтад оролцох этгээд нь бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай саналаа захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж ирүүлэхээр зохицуулсан байна.

4.1 Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч этгээд нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерт оролцож буй энэ тохиолдолд захиалагчаас шаардсан нөхцөл, шаардлагыг хангасан болохоо нотлох үүрэгтэй.

4.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;” ойлгохоор заасан бөгөөд тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлж буй нэг бүхэл зүйл бөгөөд түүний бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаснаар шаардлагад нийцсэн тендер болно.

4.3 Уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасан бөгөөд 26 дугаар зүйлийн 26.4.4-д зааснаар оролцогчдоос ирүүлж буй тендер нь  “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг  хангасан байх ёстой.

4.4 Гэтэл хариуцагчийн зүгээс тендерийн ажлын даалгаварт тусгагдсан баримтыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй оролцогчийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан тухай нэхэмжлэгчийн маргааны татгалзлаа ажлын даалгаварт тавигдсан шаардлагыг тендер үнэлэхэд харгалзан үзэхгүй  гэж тайлбарлаж  байгаа нь үндэслэлгүй.

 Тендерийн ажлын даалгавар нь тендерийн баримт бичгийн нэг бүрдэл хэсэг байна.

4.5 Дээрх байдлаар Үнэлгээний хороо тендерийн ажлын даалгаврын шаардлагыг тендер үнэлэхдээ харгалзан үзээгүй,  “*******” ХХК нь тендерийн ажлын даалгаварт заасан зарим шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5. ТШЗ-ны 19.1-д Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардана, Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай 4 ширхэг, өөрийнх-3, түрээс-1 байхаар, Ажлын даалгаврын 2.3.3-д “Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165 (нэмэх, хасах 20) мм өрмийн хошуутай 4-өөс багагүй байхаар шаардлага тавьсан байна.

5.1 Тендерт ирүүлсэн баримтаас үзэхэд “*******” ХХК нь үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг тендерийн ажлын даалгаврын дагуу ирүүлэхдээ 05-65 УР, 52-87 УР, 41-12 УР, 29-91 УР улсын дугаартай 165мм өрмийн хошуутай, өөрийн 4 ширхэг тэсэлгээний цооног бэлтгэх машиныг санал болгосон байна.

5.2 Шүүх хуралдаанд худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д  хариуцагчийн эрхээр нэвтэрч санал болгосон машин механизмын мэдээллийг тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас шалгасан байдлыг судлахад  “*******” ХХК-ийн санал болгосон техник хэрэгслийн улсын дугаарууд мэдээллийн сантай тохирч байсан бөгөөд “*******” ХХК-ийн тэсэлгээний цооног бэлтгэх машины жагсаалтад   29-91 УР гэж бичигдсэнийг үнэлгээний хорооноос төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхдээ 26-91 УР гэж зөвтгөж шалгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...”*******” ХХК-ийн тендерийн алдааг үнэлгээний хороо залруулж, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн...” гэх маргаан үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан (үндэслэх хэсгийн 3.1, 3.2, 3.3-д) үндэслэл болон нэхэмжлэгчийн маргааны (үндэслэх хэсгийн 2.3-д) үндэслэлийг хэрэгт авагдсан цахим болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн  106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь нэг талаас хууль бус байхын зэрэгцээ нөгөө талаас маргаж буй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

7.1 Энэ тохиолдолд /шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй болох нь тогтоогдсон/ нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн ч Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж, Тендерийн хуульд заасан захиалагчийн гаргах сонголт бүхий шийдвэрүүдээс хамааран  нэхэмжлэгчийн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байна гэж шүүх үзэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Үнэлгээний хорооны шийдвэрийн маргаан бүхий 2 оролцогчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

8.  Үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж дүгнэсэн дүгнэлт “хууль бус байсан” тул уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар дахин үнэлгээ хийх,Тендерийн үнэлгээний хорооны “хууль бус” дүгнэлтийг үндэслэн гарсан бусад акт буюу “*******” ХХК-тай “*******” ХК-ийн хооронд байгуулсан гэрээнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага /нэхэмжлэлийн дагасан шаардлага/ мөн хангагдах үндэслэлтэй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 26 дугаар зүйлийн 26.4.4,      26.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” ХК-ийн “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” ТТХК/20240101012 дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны дүгнэлтийн "*******" ХХК болон “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд даалгаж, “*******” ХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК/2024/071 тоот гэрээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.БАЯРМАА