Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/597

 

 

 

 

  2023           6              06                                         2023/ДШМ/597

 

Д.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Г.Золжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-д холбогдох 2208000001826 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ................-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, ......... мэргэжилтэй, ........., ам бүл .., ... хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/,

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 40 дүгээр гудамжны 568 тоотод төрсөн дүү Д.Э-тэй газрын маргаанаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохисны улмаас Д.Э нь тамбарын хашлага мөргөн унаж “тархины битүү гэмтэл, их, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, тархины ховдлууд дахь цусархаг агууламж, эрүү, дагзны хуйханд цус хуралт” гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар амь насаа алдаж “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Э-ын цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Э-ын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Д.Э-ын үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл хийсэн гэж зүйлчлэхэд эргэлзээтэй ба энэ нь талийгаачийг зөвхөн 1 удаа цохисон, өөр үйлдэл хийгээгүй тодорхой нотлогдож байна. Харин уг 1 удаа цохисны улмаас гэмтэл учирч болохыг мэдэх боломжтой боловч талийгаачийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд санаатай үйлдсэн, үхэлд хүргэсэн хор уршгийг зориуд хүсч үйлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. Харин цохих үйлдлийг санаатай хийсэн боловч амь хохирогч уг цохилтын улмаас амь насаа алдсан нь хор уршгийн хувьд болгоомжгүй байдлаар хор уршигт хүргэсэн хэлбэрт илүү тохирох буюу энэ тохиолдолд хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийг журамлан гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн шинжид шууд тохирч байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

2. Ял оногдуулахдаа дээрх байдлыг харгалзан үзвэл биечлэн эдлэх ялын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шийдвэрлэх боломжтой. Учир нь, Д.Э нь үлдэх амьдралдаа өөрийгөө бүрэн ялласан, төрсөн ахынхаа амь насыг золгүй байдлаар хохироосон гэсэн сэтгэл санааны хувьд байнгын харуусал гунигаар үргэлжлэн амьдрах хувь тавилангийн шүүлт, гэмшлээр насан туршдаа сэтгэл санааны ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлуудыг сайтар магадлан хянаж шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шууд хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа бүрэн хүлээсэн, үйлдэлдээ хандсан сэдэлтийн хандлага нь болгоомжгүй хор уршигт хүргэсэн зэрэг нөхцөл байдлуудаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, цаашид талийгчийн ар гэр, өв залгамжлагч нарт хохирлоо барагдуулахаа бүрэн илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Э нь үйлдэлдээ хандсан сэдэлтийн хандлага нь болгоомжгүй хор уршигт хүргэсэн байж болох нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тайлбарлан хэрэглэн, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийг журамлан 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан эдлэх ялыг хуульд заасан хэмжээгээр хасч тооцон 6 жилийн хугацаагаар тогтоож магадлан шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан магадлан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бус, хүсэлтийн шинжтэй чанартай гомдол гаргасан. Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь тухайн хэргийг шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Мөн санаандгүй үйлдлийн улмаас болгоомжгүй хор уршигт хүргэсэн нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч, амь хохирогч нар нь төрсөн ах, дүү нар бөгөөд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдан нэг удаагийн цохилтын улмаас амь хохирогч толгойгоороо газар унаж, амь нас хохирсон. Иймд шууд санаатай үйлдэл гэж үзэхээс илүү гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүй хор уршигт хүргэсэн байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр журамлах боломжтой. Хэдийгээр шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдэж, тодорхой ял шийтгэл авч байгаа боловч насан туршдаа өөрийн төрсөн ахын амь насыг хохироосон талаар бодож, насан туршдаа сэтгэл санааны ял эдэлнэ. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруу дээрээ маргадаггүй. Анхнаасаа бусдын амь насыг хохироох санаа, зорилготой байгаагүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, хөнгөрүүлэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан магадлан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. Хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч Д.Э нь оршуулгын зардлыг өөрийн саналаар төлж барагдуулсан. Амь хохирогчийн ар гэр, өв залгамжлагч нарын зүгээс хохирол, төлбөр нэхэмжилсэн тохиолдолд шүүгдэгч Д.Э хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би уг хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан тул анхан шатны шүүх хуралдаанд прокурор Б.Энхбаяр оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэж тайлбарлаж байна. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг биш бөгөөд санаатай гэмт хэрэг юм. Шинжээчийн дүгнэлтэд “нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шууд үхэлд хүргэх гэмтэл” гэж дурдсан. Болгоомжгүй гэмт хэрэг болон хүнийг алах гэмт хэрэг нь үйлдэл, субьектив санаа зорилгоороо ялгаатай байдаг. Хэн ч төрсөн ахыгаа алах талаар бодохгүй боловч тухайн үйлдлийн улмаас хүний амь насанд хор хохирол учирч болохыг мэдэх боломжтой байсан тул уг гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж тайлбарлаж байна. Энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй, давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 40 дүгээр гудамжны 568 тоотод төрсөн дүү Д.Э-тэй газрын маргаанаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохисны улмаас Д.Э нь тамбарын хашлага мөргөн унаж “тархины битүү гэмтэл, их, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, тархины ховдлууд дахь цусархаг агууламж, эрүү, дагзны хуйханд цус хуралт” гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар амь насаа алдаж “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 4/,

түргэн тусламжийн эмчийн тэмдэглэл /1 хх 3/,

а/д Б.Б-гийн “...Дуудлага хүлээн авч шалгахад Д.Э өөрийн ах болох Д.Э нар маргалдаж зодолдсон гэх байдалтай хэрэлдэж маргалдаж байсан бөгөөд Э гэгч нь Э-ийг нүүрэн тус газар нь нэг удаа цохиж танхайрах үед нь салгаж Э гэгчийг эрүүлжүүлж зодуулсан Э гэгчид нь 02 цаг 20 минутад 103-т дуудлага өгч нөхцөл байдлыг камерийн бичлэг хийж баримтжуулсан болно. ...” илтгэх хуудас /1 хх 6/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-15/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-19/,

хүний хувцас, биед үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 20-27/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-гийн “...талийгаач Э нь миний төрсөн аав байгаа юм. Харин Э нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Миний сонссоноор аав, дүү А-гийн хүүхдийн үсний найранд очоод дүүгийн хадам аавтай хамт архи уугаад тэндээсээ Д-ийг гэртээ цай уулгах гээд хамт очсон юм байна лээ. Тэгээд тэд нар аавын гэрт Э, Х, Д мөн манай аав нар архи уугаад Э ах аавыг гэрээс нь чирч гаргаж ирээд үүдний амбаарт зодолдож эхэлсэн. Тэгээд Х нөхөртэйгөө нийлээд манай аавыг хамт зодож байсан. Энэ үед Т гарч ирээд салгах гэж оролдоход Х үснээс нь зулгаасан. Ингээд Т болохоо байсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд аавын гэр дотор Таас юу болсон талаар асууж байхад гадаа саравчин дотор аавыг Э цагдаагийн хажууд цохиж унагасан. Тэгээд түргэн нэг цагийн дараа ирэхэд аав нас барсан байсан. Аав архи дарс бага хэрэглэдэг. ...” /1 хх 44-46/,

гэрч Б.Б-гийн “...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 40 минут орчимд дуулгат 10-аас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 40-586 тоотод миний үснээс зулгаасан гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн ...дуудлага мэдээлэл өгсөн Т ....дуудлага өгсөн хүн би байна, би гомдолтой байна, энэ зулгаасан үсийг нь хар...” гээд зулгаалгасан үсээ бариад зогсож байсан. Ахмад О.Н дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй уулзаж гэрт нь аваад орсон. Харин би маргалдаж байсан төрсөн ах, дүү гэх хоёр эрэгтэй хүнийг тайвшруулах, хэрэлдэхгүй байх талаар шаардлага тавьж байсан. Тухайн үед хүргэн дүү гэх Д нь хоёр ахыгаа тайвшруулаад салгаж болиулах гэж хичээж байсан. Энэ үед дүү гэх Э нь талийгаачийн нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохиход талийгаач нь хоёр гараараа нүүрээ дараад хажуу тийшээ байдалтай баруун гараа дагаж үүдний тамбарын хашлага налж унасан. Тэгэхээр нь би Эад цагдаа ирчихсэн байхад яагаад зодолдож байгаа юм гэж хэлээд хашааны гадна байсан машин руугаа түлхэж авч яваад суулгахад Э-ын эхнэр гэх Х араас ирж машин суучихаад “...та нар хэнийг нь авч яваад хэнийг нь үлдээдэг юм гээд суучихаад, эсвэл би хамт явна... гээд буухгүй байсан. Тэр үед байшингаас ахмад Н гарч ирээд машин дээрээ ирээд Х гэх эмэгтэйг машинаас буулгаж буцааж гэр рүү нь оруулах үед байшингийн үүдэн дээр талийгаачийн эхнэр Т талийгаачийн хажууд суугаад утсаар яриад “103 утсаа авахгүй байна” гээд орилоод уйлж байсан ба хажууд нь Д талийгаачийг толгой хэсгээс нь түшээд “гэртээ ороорой, та босоорой” гэж хэлж байсан. Намайг очиход талийгаач ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан болохоор би 103-т 02 цаг 25 минут орчимд хоёр удаа дуудлага өгөөд Э-ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгсөн юм. Би тухайн дуудлага мэдээлэл дээр ирээд Э болон талийгаач нар хоорондоо маргалдаж байхаар нь хоёр тийш нь салгах гэж байхад Э талийгаачийн нүүрэн тус газар нь нэг л удаа цохисон, намайг дуудлага мэдээлэлд очсоноос хойш талийгаачийн биед өөр халдаж цохиж зодсон хүн байгаагүй. Би тухайн дуудлага мэдээлэлд очсоноос хойш нийт 2 удаагийн энгэрийн камерын бичлэг хийж ажилласан. Яг Э талийгаачийг цохиж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн эсэхийг би мэдэхгүй байна. ...” /1 хх 59/,

гэрч Л.Д-ийн”... “...хэрүүл маргаан болж байхад цагдаа нар ирсэн. Би хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна, тэгээд гаднаас хоёр цагдаа орж ирээд тэр 4-г болиулаад арай жижиг биетэй цагдаа нь Т эгчийг аваад гэр рүү нь орсон. Энэ үед махлаг биетэй цагдаатай нь хамт Э, талийгаач хоёрыг маргалдахыг нь болиулах гээд байж байхад Э шууд талийгаачийн нүүр хэсэг рүү нь нэг л удаа цохисон, тэр үед хажууд байсан цагдаа шууд Э-ыг барьж авсан ба талийгаач хажуу талаараа тамбарын хашлага налаад унахаар нь би татаж босгох гэхэд талийгаач ямар ч ухаангүй байсан болохоор нь газар хэвтүүлсэн юм. Нөгөө цагдаа Э-ыг машин руугаа аваад явсан. Энэ үед би Х-г хажууд байсан эсэхийг анзаараагүй мэдэхгүй байна, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн юм. Тэгээд удалгүй Т эгч гэрээсээ гарч ирэхэд талийгаач ямар ч хөдөлгөөн хийхгүй байсан ба цагдаа нар түргэн тусламж дуудсан юм. Э талийгаач хоёр цагдаа нарыг ирэхээс өмнө үүдний тамбартаа ноцолдоод байсан ба цагдаа нарыг ирсэн байх үед Э талийгаачийн нүүрэн тус газар нь нэг л удаа цохисон, талийгаачийн биед өөр халдаж цохисон хүн огт байхгүй. ...” /1 хх 62/,

гэрч Т.Х-гийн “...би гэрээс гарахад талийгаач сандал дээр суучихсан, хажууд нь хүргэн Д зогсож байсан. Тэгтэл нөхөр талийгаач дээр очоод цохих шиг болсон. Талийгаач газар нэг их сонин суугаагаараа унасан. Манай нөхрийг цагдаа аваад гараад явахад би “та нар чинь нэг нь шоронд нөгөө нь шороонд булах сайхан байна уу” гэж хэлээд цагдаагийн машин руу явсан. Тэгээд цагдаа намайг авч яваагүй үлдээсэн. Би буцаад ороход нөгөө газраа хэвтэж байсан ба уруул нь хөхөрчихсөн байхаар нь цээжин дээр нь гараараа дараад хиймэл амьсгаа хийхэд хоолойн дээр нь хор хор гээд дуугараад байсан. Тэгээд байж байхад цагдаа ирээд бид нарыг гэр рүү оруулсан ба удалгүй түргэн ирж байсан. Түргэн ирээд нас барсан гэдгийг нь мэдээд цагдаа бид нарт хэлсэн. ...” /1 хх 65-66/,

гэрч Б.Т-ын “...би гэр рүүгээ ороход миний үс зарим хэсгээрээ уначихсан байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд гэртээ байж байхад ойролцоогоор 10 минутын дараа цагдаа нар ирээд арай туранхай цагдаад нь “миний үсийг Х зулгаасан, гомдолтой” гэж хэлээд унасан үсээ үзүүлээд байж байсан. Энэ хооронд үүдний тамбарт Э, Э, Х нар хоорондоо маргалдаад хажууд нь дуудлагаар ирсэн нэг цагдаа болон Доржоо нар болиулах гээд байж байсан. Би удалгүй гэрээс гарахад талийгаач маань үүдний довжооны хашаа налчихсан ухаангүй суучихсан байдалтай байхаар нь Д бид хоёр өргөөд оруулах гээд даахгүй газар хэвтүүлсэн. Талийгаач маань амьсгалахгүй байхаар нь нөгөө хоёр цагдаад “энэ хүн амьсгалахгүй байна” гэж хэлсэн ба нөгөө хоёр цагдаа Эыг хашаанаас авч гараад машин руугаа суулгаж байгаад түргэн тусламж дуудсан ба Э-ыг машинаараа аваад явсан. Талийгаач маань тухайн үед ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан ба хэсэг хугацааны дараа цагдаа болон түргэн тусламж ирээд түргэний эмч “амьсгалахгүй байна нас барсан байна” гэж хэлсэн. ...дуудлагаар ирсэн цагдаа нь Э-ад хандаж цагдаагийн хажууд хүн цохисон саатуулна гэж хэлээд машин руугаа аваад явж байсан. Би Э-ыг талийгаачийн биед яаж халдаж цохисныг хараагүй. ...” /1 хх 53-54/,

гэрч Д.М-гийн “...Тэгтэл манай охин Т очоод Х-г татаад намайг гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон... тэгээд удалгүй цагдаа нар ирсэн ба манай охин Т Э уначихаад босохгүй байна гээд орилоод байсан ба хэсэг хугацааны дараа амьсгалахгүй байна гээд байсан. ...манай гэрт зодоон болоогүй үүдний амбаарт маргаан болсон. ...” /1 хх 72/,

шинжээч эмч Т.Ч-ын “...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин болон ямар нэгэн тархины хуучны гэмтлийн өөрчлөлт тогтоогдоогүй. Талийгаач нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон шинэ гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэх мэдүүлгүүд /1 хх 226/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2819 дүгээр шинжээчийн дүгнэлт /1 хх 74-78/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх 54-59/,

Эргүүлийн офицер цагдаагийн ахмад О.Нармандахын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 231-232/, шүүгдэгч Д.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Э-ыг амь хохирогч Д.Э-ийн нүүрэн тус газар нь цохиж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Г.Золжаргал нараас  “...Д.Э-ын үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл хийсэн гэж зүйлчлэхэд эргэлзээтэй ба гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн шинжэд шууд тохирч байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн байдлыг харгалзан үзэж, ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж тус тус заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн “хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг 8 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв. 

Харин “Д.Э-ын үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл хийсэн гэж зүйлчлэхэд эргэлзээтэй ба гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн шинжэд шууд тохирч байгааг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэх гомдлын тухайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоноор төгсдөг бөгөөд хохирогч гэмтэл авсан даруйдаа нас барсан, эсхүл тодорхой хугацааны дараа нас барсан нөхцөл байдал нь зүйлчлэлд нөлөөлөхгүй. Тийм учраас гэмт этгээдийн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байх нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болдог.

Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлт оруулсантай холбоотойгоор шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Г.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, бусад гомдлын агуулгыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Э-ын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрөөс хойш нийт 53 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэж, 

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон нийт 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ,

                                               ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ

 

                                                ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

                                                ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР