Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/03787

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, … баг … тоотод оршин суух, ….ийн …/рд…/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ..-р хороо, … тоотод оршин суух, …ын … /рд:…/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, … тоотод оршин суух .../рд:…/-д холбогдох,

23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис, хариуцагч ..., нарийн бичгийн дарга Э.Мөнх-Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......миний бие 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...тай харилцан тохиролцож, өөрийн эзэмшлийн Орос улсад үйлдвэрлэгдсэн 42-25 экскаваторыг 25,100,000 төгрөгөөр худалдсан. ... нь ...-ийг төлөөлж байгаагаа тайлбарлаж байсан. Үүнээс хойш ... нь 7,100,000 төгрөгийн тооцоог бараа материал нийлүүлсэн учраас экскаваторын үнэнээс хасаж тооцсон. Үлдэгдэл 18,000,000 төгрөгийг ...гаас удаа дараа шаардахад 2016.03.27, 2014.09.05 болон 2018.09.11-ний өдрүүдэд экскаваторын үлдэгдэл үнэ 18,000,000 төгрөг, мөн дээр нь 2016 оны алдагдал 2,000,000 төгрөг, 2018 оны алдагдал 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч ...болон өөрийн нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд ... болон ...нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, 2016 оны алдагдал 2,000,000 төгрөг, 2018 оны алдагдал 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...нь ...гийн компани биш, мөн ...тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул ...-иас татгалзаж байна. Шүүхэд өгсөн Дорнын чимэг ХХК-тай холбоотой 20 сая төгрөгийн баримтын эх хувийг өгөх боломжгүй байсан тул хуулбар хувь өгсөн. Энэ нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол энэ хоёр хүний хооронд ийм хэлцэл явагдаж байсан гэдгийг нотлох зүйл болж байгаа. ...болон ... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу худалдан авагч нь худалдан авсан зүйлийнхээ төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ ... 2014 оноос хойш бүрэн гүйцэтгээгүй. Үүрэг дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ... шаардах эрх байна гэж үзэж байна. ...2020 оны 5 сараас хойш намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод шүүхийн ажиллагаа эхэлсэн. Үүнээс хойш хариуцагчийг 2 удаа эрэн сурвалжилсан. Энэ хүн асуудлыг шийдэх боломж бололцоо байсан. 2018 онд хүсэл зоригоо илэрхийлээд түүнээс хойш 2020, 2021, 2022 онуудад өнөөдрийн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээд ороод ирэхэд ... татгалзах, энэ хүнийг цааш нь түлхэх боломж байгаагүй. Энэ хүнийг олоод уулзчих юм сан, асуудлаа шийдье гэсэн байдлаар хандаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэгч байнга дарамталж байсан гэвэл хариуцагч Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад шинэ эрүүгийн хуулийн дагуу ямар нэгэн байдлаар ...таныг дарамталсан байдал тогтоогдох юм бол хууль эрүүгийн хариуцлага хүлээлгэх бололцоотой байсан гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Нотлох баримтгүй тайлбаруудыг шүүхэд гаргаж байна .... гэв.

 

Хариуцагч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцож авсан нь үнэн. Авсан үнэ нь 25,100,000 төгрөг биш 22,000,000 төгрөгөөр тохиролцсон. 2,000,000 төгрөгийг бэлнээр, 5,100,000 төгрөгийг тоосго болон түлш зэрэг хэрэгцээтэй зүйлсээр төлбөр хийсэн. Анхнаасаа тохиролцохдоо энэ экскаватор Б.Гансүхийнх гэдэг нь тодорхой биш, бичиг баримт байхгүй, энэ нь тусгай зориулалтын механизм, механизм гэдэгт нь тусгай зориулалтын хүнд механизм ордог. Экскаватор нь газар ухах зориулалтын механизм. Би экскаваторыг карьер дээр ашиглах гэж худалдаж авсан. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны Элстэйд карьераа нээгээд экскаваторыг ажиллуулах гэсэн ажиллахгүй байсан.Ингээд 2014 оноос хойш өдийг хүртэл маргаан мэтгэлцээн явсаар байгаа. Миний бичиж өсгөн бичгүүд би өөрөө бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ дандаа ...дарамт шахалтад бичиж өгсөн. Нэг бол хутга шөвөг гаргана, нэг бол эхнэртэйгээ ирээд ингэж бичиж өг гэнэ, дандаа өөрсдийнх нь хэлснээр бичиж өгсөн. Үүнийг нарийн нягтлан шалгавал экскаватороос үнэтэй юмыг хүртэл авав гээд бичээд өсгөн байгаа. Жишээлбэл 380 дизель хүртэл гаргаж өгнө гэдэг ч юм уу янз бүрийн юмыг өөрийнх хэлснээр бичээд өгчихдөг байсан. ...өөрөө энд байсан бол ийм цаг хугацаанд ийм зүйл бичиж өгч байсан гэж хэлмээр байна. Энэ экскаватор нь авсан өдрөөсөө эхлээд одоог болтол ажиллаагүй, явдаггүй. Хүн цагт 5 км цагийн хурдтай алхдаг бол энэ экскаватор түүнээс 3 дахин удаан буюу 1 цагт 600 метр зайг туулах боломжтой. Мөн ухарч чадахгүй, газар ухаж чадахгүй ийм техникийг надад ийм үнээр зарж борлуулчхаад үүнийгээ ...хүлээн зөвшөөрөхгүй, 2014 онд хийсэн бизнес өнөөдрийг хүртэл дуусдаггүй. Ижил төрлийн ийм төхөөрөмж 1 сар ашиглахад 15 сая төгрөгийн түрээстэй, тэр ажлаа 2,5 дахин гүйцэтгэх чадвартай байх ёстой. Гэтэл энэ экскаваторыг би 2014 онд авсан байхад 10 сая төгрөгийн төлбөр ч төлж чадахгүй зогсож байна. Ийм техник надад зарчхаад, мөнгөө бүтэн авна гэж байгааг би анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй, өдийг хүртэл шүүхийг хүлээгээд байж байсан. 1986 оны техник, бичиг баримт байхгүй, техникийн гэрчилгээ байхгүй, би хүнээс бичиг баримттай иж бүрэн юм авах ёстой боловч энэ нөхцөлийг анхнаасаа хангаагүй. Ийм асуудалтай техник болохоор надаас мөнгөө нэхдэг. Яагаад 10 сая төгрөгийг дандаа нэхээд байдаг байсан бэ гэхээр ...Эрдэнэт хотод байхдаа энэ экскаваторыг нэг эмэгтэйгээс 10 сая төгрөгөөр өөрөө худалдаж авсан юм байна лээ, тэгээд надад 20 хэдэн сая төгрөгөөр зараад, тэр нь ажилддаггүй, төлбөр тооцоо өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Одоо би эсрэг нэхэмжлэл гаргаад өөрийнхөө гаргасан мөнгийг гаргуулж авах сонирхол байна. Бас энэ техникээ ав. 2015 онд би техникээ аваа, миний гаргасан мөнгийг гаргаж өг, чи надад худлаа ярьсан байна, энэ техник чинь ажиллахгүй байна гэж ...болон түүний эхнэртэй утсаар ярьж удаа дараа хэлж байсан. ...анхнаасаа намайг энэ техникээр мөнгө олоод миний техникийн төлбөрийг төлөөрэй гэсэн мөртлөө тэр нөхцөлөө бүрдүүлж чадахгүй байна. Намайг энэ техникээ ав гэхээр чи наймаа хийсэн юм чинь наймаагаа бичээд өгчих гээд наад бичгүүдийг чинь дандаа дарамт шахалтаар бичүүлсэн. Би өнөөдрийг хүртэл чив чимээгүй шүүх дээр ирнэ гэдгийг хүлээж байсан. Би шүүхийн аль ч шатанд эвлэрэхэд бэлэн байна, аль ч шатанд давж заалдаад тултал нь явна гэсэн бодолтой байна. Би карьер байгуулаад 220 сая төгрөгөөр шатсан, хувийн амьдрал хүртэл салалт дээр тулсан байна. Мөнгө хөрөнгө надад юу ч байхгүй тул хангах нөхцөл байхгүй. Би банкны өртэй, зээлтэй, төлбөр тооцоо төлөх үл хөдлөх хөрөнгө ч алга, мөнгө барагдуулах чадвар ч алга... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: ...иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, ...Г.Чингист олгосон итгэмжлэл 1 хуудас, ...-ийн 2015 оны 03 сарын 01-ний өдрийн 0/37 дугаартай албан бичиг 1 хуудас, ...-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, 2016 оны 03 сарын 27-ны өдрийн баримт 1 хуудас, 2014 оны 09 сарын 05-ны өдрийн баримт 1 хуудас, 2018 оны 09 сарын 11-ний өдрийн гэрээ №3 гэх баримт 1 хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн 182/ШЗ2020/06006 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж 2 хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00773 дугаартай шийдвэр 2 хуудас, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 2021 оны 11 сарын 05-ны өдрийн 26и-2г/6677 тоот албан бичиг 1 хуудас, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг даргын тодорхойлолт 1 хуудас,

 

Хариуцагч талаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт байхгүй.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүхийн мэдэгдэх хуудас 3 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ...хариуцагч ..., ...-д холбогдуулан худалдсан экскаваторын үлдэгдэл үнэд 18,000,000 төгрөг, алдагдалд 5,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...-иас татгалзаж, хариуцагч ...гаас худалдсан экскаваторын үлдэгдэл үнэд 18,000,000 төгрөг, алдагдалд 5,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч бичиг баримтгүй байсан, ажиллаагүй, 22 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, хүчээр мөнгө төлнө гэж бичүүлж авсан, төлбөрийн чадваргүй болсон, экскаваторыг буцааж өгнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

                Иргэн ...2014 оны 4 сард Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 42-25 маркийн экскаваторыг 25,100,000 төгрөгөөр ...д худалдах, ... үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2016.03.27-ны Баримт, 2018.09.11-ний өдрийн Гэрээ №3, сунгалт гэх баримтуудаар тогтоогдож байна. /хх-7,9/

                Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

                Худалдагч ...2014 оны 05 дугаар сард Орхон аймгийн төвөөс Улаанбаатар хот уруу экскаваторыг ачуулж худалдан авагч ...д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул худалдан авагч тал худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан гэж үзнэ.

                Хариуцагчийн 22 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх тайлбар баримтаар нотлогдоогүй.

                Нэхэмжлэгч талын 7,100,000 төгрөгийн тооцоог хийсэн гэх тайлбартай хариуцагч ... 2014 оны 5 сард 2 сая төгрөг, 2014 оны 7-8 сард 5,1 сая төгрөгийн тоосго, түлш өгч, нийт 7,100,000 төгрөг төлсөн ... гэж тайлбарлаж, маргаагүй.

                2014 оны 5 сараас одоог хүртэл худалдан авагч ... экскаваторыг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч эзэмшилдээ байлгасан талаар маргаагүй.

                Хариуцагч ...экскаватор авто тээврийн бүртгэлд байдаггүй юм байна лээ, бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй... гэж тайлбарлаж байх боловч худалдагчаас худалдан авагчийн нэр дээр экскаваторыг шилжүүлэн өгсөн баримтгүй хэдий ч хариуцагч энэ талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

                Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас худалдан авагч тал гэрээнээс татгалзсан буюу Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах саналыг худалдагч, худалдан авагчийн аль нэг гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч ... худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

                2018 оны 9 сарын 11-ний өдөр ... 2016 оны 2 сая, 2018 оны 3 сая, төгрөг төлнө гэж бичиж өгсөн байх боловч уг 5 сая төгрөгийг ямар үндэслэлээр төлөхөөр тохирсон нь тодорхойгүй, алданги тохирсон баримтыг бичгээр үйлдээгүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцээгүй байх тул алдангид 5,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5 сая төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч үүрэг гүйцэтгэгч ... 18 сая төгрөгийг төлөөгүйгээс үүрэг гүзйцэтгүүлэгч ... 5 сая төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч ...гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... олгож, нэхэмжлэлээс алдагдалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-ийг хариуцагчаар татахаас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гаас 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч ...-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гаас 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТЦЭЦЭГ