Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 33

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Д.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Одгэрэл (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Гөрөөчин овогт Балжиннямын Одгэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000000075 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 11 дүгээр гудамжны 2А тоотод оршин суух,

1. Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

регистрийн УД73032013 дугаартай, Гөрөөчин овогт Балжиннямын Одгэрэл нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 11-2А тоотод гэртээ эхнэр Д.Алтанцэцэгтэй маргалдан, улмаар зодож 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одгэрэл нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.Одгэрэл нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 11-2А тоот гэртээ 23 цагийн үед очиход эхнэр Д.Алтанцэцэг “дандаа архи ууж байх юм” гэж загнахад урдаас нь хэрэлдэж баруун гарынх нь долоовор дунд хуруунуудаас базаж татаад газар унахад зүүн гуя руу нь нэг удаа өшиглөж, зүүн нүдний шанаа хэсэг рүү нэг удаа цохиж, үсдэн чирч баруун 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн гуя, баруун өгзөгөнд сорви гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одгэрэлийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ согтуу ирсэн. Тэгээд буцаж гарч яваад нэг шил архи авч ирээд эхнэртэйгээ хувааж уусан. Би их согтсон байсан. Тухайн үед эхнэрээ өшиглөснөө мэдэхгүй байгаа. 12 дугаар сарын 05-ны өдөр гэртээ согтуу ирэхэд манай охин Шүрэнцэцэг цагдаад өгнө гээд цамцнаас зуураад тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гэж гараас нь атгасан. Тэгэхэд зүүн гарын бугуй нь хөхөрсөн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанцэцэгийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө нөхөр гаднаас согтуу орж ирсэн. “Дандаа архи ууж байх юм” гэсэн чинь намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би зодох байх гэж айгаад урд айлдаа ороод хоносон. Өглөө нь хот руу явсан. 12 дугаар сарын 05-ны өдөр охин Шүрэнцэцэг тэмцээнд яваад ирсэн чинь аав нь согтуу байсан. Тэгэхэд манай охин “та дандаа яагаад согтуу ирж ээжийг зовоож байдаг юм, цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Охин аавынхаа цамцнаас зуураад тавихгүй байхаар аав нь охины гарыг тавиулах гэж барихад зүүн гар нь хөхөрсөн байсан. Тэгээд би цагдаа дуудсан. ... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Алтанцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө орж ирээд манай нөхөр Одгэрэл нь намайг үсдэж аваад зодсон, тэгэхээр нь би гарч яваад манай урд талд байдаг айлын гэрт очиж хоносон. ... Миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн, миний зүүн нүдний шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон, тэгээд намайг үсдэж аваад чирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр тал/,

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... нөхөр Одгэрэл гаднаас согтуу орж ирэхээр нь уур хүрээд загнахад урдаас хэрэлдээд баруун гарын долоовор дунд хуруунуудаас базаж аваад татахад би газар унасан чинь миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Ингээд миний бие айгаад шууд гараад урд айлдаа очоод хоносон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 08шэ/02 тоот:

1. Д.Алтанцэцэгийн биед баруун 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн гуя, баруун өгзөгөнд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн шуу, зүүн гуя, баруун өгзөгөнд сорви гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх баруун 4-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн шуу, зүүн гуя, баруун өгзөгөнд сорви гэмтэл хэдийд үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Одгэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Тэгээд би архи нэмж уугаад согтоод эхнэртээ агсан согтуу тавьж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь ухаангүй согтоод унтаад өгсөн байсан ба маргааш өглөө нь манай эхнэр намайг агсан тавиад байхаар нь гарч яваад айлд хоноод ирлээ гээд ороод ирсэн. Тэгээд эхнэрийн гар гэмтсэн байхаар нь “яасан бэ” гэхэд “чи агсан тавьж байгаад гар эвгүй болгосон” гэж байсан. Тэгээд би эхнэрийнхээ гаранд гэмтэл учруулснаа мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

            Б.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/,

            Б.Одгэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 30-32, 35-55 дугаар тал/,

           Б.Одгэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Одгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Одгэрэл гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Алтанцэцэг “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Балжиннямын Одгэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Балжиннямын Одгэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Одгэрэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Одгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Алтанцэцэг “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Одгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ