| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0029/з |
| Дугаар | 119/ШШ2024/0044 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2024/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ********,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: ********
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга **,
Гомдлын шаардлага: “Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мягмарсүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, гомдол гаргагчийн өмгөөлөгч ******** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч ******** нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мягмарсүрэнд холбогдуулан “Татварын газрын татварын улсын байцаагч **ийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг шүүхэд гаргасан.
2. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** нар нь Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ерөнхий удирдамж, Орхон аймгийн татварын газрын дарга **ийн №2024402143 дугаартай томилолтын дагуу ********-ийн 2021-2023 онуудын Санхүү, татварын тайлангийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №******** дугаартай шийтгэлийн хуудсаар “харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй” зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19.11.3-д “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 38,949,469 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг гомдол гаргагчид мэдэгдэж, хүргүүлсэн байна.
3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1. Татварын байцаагч нь шалгалт хийж байхдаа Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 “татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн үнэ шилжилтийн ажил гүйлгээний 2022, 2023 оны тайлан ирүүлээгүй зөрчил үйлдсэнийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутанд илрүүлж, зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн хуудас үйлдэн гардуулан өгсөн.
Манай компани 2023 оны жилийн эцсийн татварын тайлангуудыг цахим тайлангийн системд татварын төрөл тус бүрээр хуулийн хугацаанд тушаах үед үнэ шилжилтийн тайлангийн төрөл нэмэгдээгүй байсан болно.
3.2. Татварын хяналт шалгалтын явцад татварын байцаагчид шийтгэлийн хуудас бичихээс өмнө буюу бидэнд 5-р сард үнэ шилжилтийн тайланг өг гэдэг шаардлага тавьсан. Бид тус татварын хэлтэст үнэ шилжилтийн тайланг тушаах хүсэлт тавьсан боловч 2023 оны цахим татварын тайланд үнэ шилжилтийн тайланг хүлээж авах татварын төрлийг татварын албанаас нэмж өгөөгүй учраас тайланг тушаах боломжгүй болсон. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангийн татварын төрлөөр бүртгүүлэх хүсэлтийг мөн хэд хэдэн удаа явуулсан боловч хүсэлтийг цуцалсан. Харин хяналт шалгалт хийж байгаа М.Цэнгэлмаа байцаагчийн /[email protected]/ имэйл хаяг руу цаасаар гаргасан 2023 оны үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 05 минутанд цахимаар хүргүүлсэн юм. Гэтэл тайланг хүргүүлсний дараа буюу 2024 оны 06-р сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудсыг хүлээн авч, танилцуулсан болно.
3.3. Манай компани дээрх учир шалтгааны улмаас 2023 оны жилийн эцсийн үнэ шилжилтийн тайланг өгч чадаагүй учраас бид Татварын төлөгчийн эрхийг хуульчилсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдлэнэ”, 12.1.1-д “...татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам...” гэж заасны дагуу “тайлан тушаах эрх”-ээ эдлэж чадаагүй учир энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч **ийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн номер ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн агуулга нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ******** нь 3 сая мод тарих амлалт авсан бөгөөд энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан компани юм. ******** нь мод үржүүлэг, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн компани юм. Үйл ажиллагаагаа 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ******** эхлүүлж нийт ******** га ойг эзэмшиж, арчилж хамгаалдаг. Мөн 4.5 га газарт нь мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Үндсэн 9 ажилтантай ба оргил ачааллын үед 15-50 хүнийг гэрээтээр авч ажиллуулдаг. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд 280-450 мянган модыг Орхон аймагт тарихаар төлөвлөн ажиллаж байна. Манай компанид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2024402143 тоот томилолтын дагуу 2021.05.21-2023.12.31 хугацаанд хамаарах татварын тайланд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн шалгалтыг Орхон аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч **н нар хийсэн. Татвараас шаардсаны дагуу 2024.04.30-ны өдөр тус компанийн 2022 оны Санхүүгийн баталгаажсан тайлан, 2023 оны Санхүүгийн баталгаажсан тайлан, Ерөнхий дэвтэр, БМ дэлгэрэнгүй бүртгэл /үндсэн түүхий эд, туслах түүхий эд, хангамж, ХАБ-ын хэрэгсэл, Бэлэн бүтээгдэхүүн/-г татварын байцаагчийн /[email protected]/ мэйл хаяг руу илгээсэн. Мөн 2024.05.24-нд хяналт шалгалтын явцад зарим ажил гүйлгээнүүд болон тайлантай холбоотой холбогдох тайлбарыг боловсруулан, татварын байцаагчийн /[email protected]/ мэйл хаяг руу илгээсэн. Татварын байцаагч нь шалгалт хийж байхдаа Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн үнэ шилжилтийн ажил гүйлгээний 2022, 2023 оны тайлан ирүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн хуудас үйлдэн гардуулан өгсөн. Манай компани 2023 оны жилийн эцсийн татварын тайлангуудыг цахим тайлангийн системд татварын төрөл тус бүрээр хуулийн хугацаанд тушаах үед үнэ шилжилтийн тайлангийн төрлийн хүснэгт нэмэгдээгүй байсан болно. Мөн татварын хяналт шалгалтын явцад татварын байцаагчид шийтгэлийн хуудас бичихээс өмнө буюу бидэнд 2024 оны 5-р сард үнэ шилжилтийн тайланг өг гэдэг шаардлага тавьсан. Бид тус татварын хэлтэст үнэ шилжилтийн тайланг тушаах хүсэлт тавьсан боловч 2023 оны цахим татварын тайланд үнэ шилжилтийн тайланг хүлээж авах татварын төрлийг татварын албанаас нэмж өгөөгүй учраас тайланг тушаах боломжгүй болсон. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангийн татварын төрлөөр бүртгүүлэх хүсэлтийг мөн хэд хэдэн удаа явуулсан боловч хүсэлтийг цуцалсан. Харин хяналт шалгалт хийж байгаа ** байцаагчийн /[email protected]/ имэйл хаяг руу цаасаар гаргасан 2023 оны үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 05 минутанд цахимаар хүргүүлсэн юм. Гэтэл тайланг хүргүүлсний дараа буюу 2024 оны 06-р сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудсыг хүлээн авч, танилцуулсан болно. Манай компани дээрх учир шалтгааны улмаас 2023 оны жилийн эцсийн үнэ шилжилтийн тайланг өгч чадаагүй учраас бид Татварын төлөгчийн эрхийг хуульчилсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ”, 12.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах” эрхээ эдэлж чадаагүй учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч ********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн гол зарчим байгаа. Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ноогдуулах замаар шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд оршино” гэж заасан. Шийтгэлийн хуудсыг хэр хуулийн үндэслэлтэй үйлдсэн бэ гэдэг дээр бас нэг тодорхой тайлбар хэлэхгүй бол болохгүй байна. Яагаад тайлбар хэлэх болсон бэ гэхээр шийтгэлийн хуудасны гол хууль зүйн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд хууль тогтоогч яагаад энэ татварыг нөхөн төлүүлэх гээд онцлоод байгаа юм гэдэг асуудал байгаа. Энэ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу татварын хууль зөрчих гэдэг хэсэг бүхэлдээ 2019 оны 03 сарын 22-ны өдөр шинэчлэн найруулагдсан байгаа. Яагаад шинэчлэн найруулагдсан бэ гэвэл Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль шинэчлэн батлагдсантай холбоотой. Татварын улсын байцаагчийн хууль зүйн ишлэл тавьсан 38 дугаар зүйл дээр мөн адилхан татварыг нөхөн ногдуулаад, хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл гол санаа нь Зөрчлийн тухай хуулийн шударга ёс тогтоох гээд байгаа зарчим буюу материаллаг хууль тогтоомж дээр бол заавал татварыг нөхөн ногдуулна гэсэн зохицуулалт байгаад байдаг. Манай тохиолдолд яг улсын байцаагч татварыг нөхөн ноогдуулсан ямар харилцаа, ямар арга хэмжээ авсан юм бэ?, өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлох ёстой. Хэрвээ татвар төлөгч татвараа ноогдлоо тодорхойлоогүй бол татварын улсын байцаагч хяналт шалгалтын журмаар ноогдлыг тодорхойлдог, тэр ноогдол тодорхойлогдоогүй байгаа. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.
Бас нэг ноцтой зүйл байгаа, үйлчлүүлэгчээ бас буруутгаад байгаа эрх зүйн байдлыг нь дордуулаад байгаа юм шиг юм ярьж магадгүй зөрчлөө дутуу харчихсан байна лээ, санхүүгийн тайлан гүйлгээг нь хараарай. Харилцан хамаарлаа дутуу харсан байна. Яагаад гэхээр сонгуулиас өмнө ******** компанийг л шалга гэсэн даалгавар авчихсан учраас ******** компанитай хамаатай бүх асуудлыг гээд ойлгочихсон. Үүнээс чинь харилцан хамаарал нь зөндөө юм байна, дутуу байгаа, би яагаад энийг дутуу байна гээд ярьж байгаа вэ гэхээр өмнө татварын албанд ажиллаж байсан хүний хувьд бас энэ шийтгэлийн хуудас чинь өөрөө дараа дараадаа үлгэр дуурайлал, практик болгоод хэрэглэгдэнэ. Ийм дутуу шийтгэлийн хуудас дутуу харилцааг зохицуулсан, ишилсэн энэ зүйл бол татварын албанд хэрэглэгдээд явж болохгүй, зөв зүйтэй, хууль зүйн үндэслэлтэй гарах ёстой.
Зөндөө зүйл дутуу байна, нөгөө шударга ёс тогтоох гэсэн зарчим чинь хэрэгжихгүй байна. Маш олон зүйлийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг огт хараагүй 27.1.1-ийг л авчихсан, 27 дугаар зүйл буюу харилцан хамаарал гэдэг тодорхойлсон бүх тодорхойлолтыг нь мөлжинө. Мөлжихийн тулд юу хэрэгтэй вэ гэхээр татварын улсын байцаагч тайланг нь хүлээж авдаг. Гэтэл тайланг нь хүлээж аваагүй байж яаж зөрчил илрүүлчихсэн гэж үзээд байгаа юм, ойлгомжгүй байна. Хяналт шалгалт орчихсон үед бол татварын тайлангийн засвар хийхийг л хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, ноогдлыг бууруулж ихэсгэх, засвар хийхийг л хориглож байгаа. Түүнээс биш өөр тайлан хүлээж авахыг хориглоогүй. Аж ахуйн нэгжийн тайлангаа илгээчихсэн аж ахуйн нэгж. Түүнээс өмнөх 2023 оны тайлангаа засуулъя гэсэн ийм хүсэлт илгээгээгүй байна. Шинэ төрөл үүссэн, татварын улсын байцаагч татварын удирдлагын тус системээс харилцан хамаарлын мэдээлэл гүйлгээг нь татсан байх шиг байна. Татварын удирдлагын систем бол санамж өгөөд ажиллаж л байх ёстой. Манай яг и баримт систем шиг миний орлогыг хувь хүнээрээ энэ татвар ноогдуулалгүй баримт үүсгэсэн бол би баримт руу ороход баталгаажуулах товч шаардаад байж байдагтай адилхан татварын удирдлагын нэгдсэн систем бас ажиллаж байх ёстой. Хэрвээ тэр санамж ажиллаагүй бол татвар төлөгчийн буруу биш. Гол нь зөрчил яг байгаа оносон уу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүрэн төгс хийгдсэн үү гэдэг дээр бол үнэхээр туйлын хангалтгүй байлаа. Зүгээр энэ хариуцагчаас гаргаж өгсөн банкны хуулга дээр л хараарай, их хэмжээний гүйлгээ буулгаж үзээд харилцан хамаарал дээр л шийтгэл ноогдуулаад байгаа хэмжээ бол үндэслэлгүй гэдэг нь шууд харагдаж байна. Тэрийг бол татварын улсын байцаагч тайланг нь авч байж, ноогдлыг нь харж байж үзэх ёстой байсан юм болов уу гэж хэлж байгаа.
Ийм учраас бол энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дэндүү яарсан, хялбаршуулснаар ажиллагаа явахгүй, зөрчлийн хэрэг нээгээд ажиллагаа явуулаад холбогдох нотлох баримтуудын судлаад татаад явсан бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үндэслэлтэй хууль ёсны болох байжээ гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Дараагийн нэг зүйл шууд Цэцийн дүгнэлт рүү хальж орно. Яагаад гэхээр 2018 оны Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлт. Энэ дүгнэлтийг яагаад өмгөөлөгчийн зүгээс эш татаж яриад байгаа юм гэхээр энэ зөрчил татварын улсын байцаагч буюу байцаагчийн эрхтэй эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд үүсэж байгаа баримт бичиг буюу энэ шийтгэлийн хуудас чинь захиргааны акт байна гээд Цэц үзчихсэн. Захиргааны акт байхын хувьд яах ёстой вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан нөгөө үндэслэлтэй байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх ажиллагаа хийгдэнэ гэсэн үг. Нотлох баримтыг судалдаг, татварын улсын байцаагч нар 2 зэвсэгтэй болчихоод байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар нотлох баримт гаргана, дээр нь Захиргааны ерөнхий хуулиар нотлох баримт цуглуулна, бүүр цаашилбал Татварын ерөнхий хуульд заасан эрхтэй. Яагаад ийм хангалтгүй нотлох баримт цуглуулаад гаргаад ирэв гэдэг дээр бас зайлшгүй дүгнэлт хийхээр. Тэгэхээр бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй байна. Би хэрвээ өөр этгээдийн өмгөөлөгч байсан бол ийм, ийм зөрчил байна гээд шууд хэлчихмээр байна. Даанч миний өмгөөлөгчийн ёс зүйд харшилна. Хэдэн жилийн дараа гэнэт татварын улсын байцаагч орж ирээд ийм зөрчил байна гээд эрх зүйн байдлыг дордуулаад ороод ирэх үү, нөхөн татвар ноогдуулна гээд ороод ирэх үү. Ийм эгзэгтэй байгаа учраас асуудлыг бүрэн төгс гүйцэтгэх хууль зүйн үндэслэл шаардлагатай учраас энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүн болсон энэ шийтгэл хуудсыг зайлшгүй хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна” гэв.
6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “********өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд Татварын байгууллага төлөгчөө дэмжих ёстой байдаг. Манайх бол татвар төлж байгаа байгууллагуудаа дампууруулах, тултал нь тулгаж авах зэрэг буруу ойлголттой яваад байдаг. Хамгийн гол нь татварын нөхөн төлөх акт баримт бичиггүйгээр шууд шийтгэл оногдуулсан байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны баримтуудыг харахгүй газар дээр нь үзлэг шалгалт хийхгүйгээр, дутуу шалгасан асуудал болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч” гэв.
7. Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын ерөнхий удирдамжтай Орхон аймгийн татварын газрын дарга **ийн №2024402143 дугаартай томилолтын дагуу ** нар ******** -ийн 2021-2023 онуудын Санхүү татварын тайлангийн төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад тус компани нь 2023 онд ********-тай харилцан хамааралтай хийгдсэн ажил гүйлгээний тайлан ирүүлээгүй байсанд /********ХХК нь 2023 оны үнэ шилжилтийн тайландаа тусгасан байсан/ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтын дагуу үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу ******** нь 2023 онд ********-д борлуулалтад борлуулалтын дүнгийн 2 хувь болох 38,949,469.0 төгрөгөөр торгож шийтгэлийн хуудсыг гардуулан ажилласан.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:
29.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;
29.1.2. татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх;
29.2. Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж тус тус заасны дагуу ******** нь үнэ шилжилтийн тайланг гарган татварын газарт хүргүүлэх үүрэгтэй. Мөн татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.Татвар төлөгч хяналтад байгаа ажил гүйлгээний мэдээллийг хадгалах, тайлагнах үүрэг хүлээнэ.
38.3. Татвар төлөгч татварын хяналт шалгалт хийхээс өмнө болон хийгдэх үед үнэ шилжилтийн тайлантай холбогдох татварын албаны шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.
38.4.Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу үнэ шилжилтийн тайланг гарган илгээх үүрэгтэй байсан. ******** нь 2023 оны үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан татварын албанд ирүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 26.2.Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж заасан байдаг.
Татварын улсын байцаагчийн зүгээс Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн “11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтын дагуу үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу ********-ийг ******** дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан нь хууль үндэслэлтэй тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын ерөнхий удирдамжтай Орхон аймгийн татварын газрын дарга **ийн №2024402143 дугаартай томилолтын дагуу татварын улсын байцаагчаас ********-ийн 2021-2023 онуудын Санхүү татварын тайлангийн төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад тус компани нь 2023 онд ********-тай харилцан хамааралтай хийгдсэн ажил гүйлгээний тайлан ирүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу ******** нь 2023 онд ********-д борлуулалтад борлуулалтын дүнгийн 2 хувь болох 38,949,469.0 төгрөгөөр торгож шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу “татварын хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсний дагуу эдний компанид шийтгэлийн хуудас оногдуулсан. Өөрөөр хэлбэл ********-тай харилцан хамааралтай хийгдсэн ажил гүйлгээ хийгдсэн байсныг илрүүлсэн. Энэ талаар эднийхээс тодруулга авахад “манайх тайлангийн төрөл байхгүй байсан учраас хугацаанд нь тайлагнаж чадаагүй” гэдэг байдлаар тайлбар өгсөн байсан. Тэгэхээр энэ бол Татварын ерөнхий хуулийн дагуу тайлагнах ёстой тайланг хугацаанд нь тайлагнаагүй гэдэг агуулгын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар үнэ шилжилтийн тайланг хугацаанд нь тайлагнаагүй гэдэг заалтын дагуу тухайн компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулж шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас үйлдсэн байгаа. Тэгэхээр энэ компани сая нэхэмжлэлдээ дурдаж байна 5 сард тайланг өгөх гээд манай тайланг аваагүй учраас ** байцаагчийн цахим хаяг руу илгээсэн гэж байна. Тухайн компани дээр хяналт шалгалт томилолтын дагуу эхэлчихсэн байгаа тохиолдолд нөхөн ямар нэгэн тайланг хүлээн авдаггүй. Тэгэхээр тухайн компанид хяналт шалгалтын явцад хоцорсон тайлангаа шууд өгөх гээд байгаа тэр үйлдэл нь боломжгүй гэсэн үг. Тэгээд өөрсдөө сайн дураараа ** байцаагчийн энэ хаяг руу тайлан илгээсэн гэж ярьж байна. Энийг бол тайлагнасан гэж үзэхгүй, хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу хийгддэг үзлэг, бусад тэмдэглэлийн дагуу тухайн компанийн харилцан хамааралтай этгээдийн хооронд хийсэн ажил гүйлгээг нь тогтоогоод шийтгэл оногдуулсан байгаа. Тийм учраас энэ татварын байцаагчийн гаргасан үйлдэл нь хууль ёсны учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч ******** нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **д холбогдуулан “Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд тус гомдлын шаардлагаа дэмжсэн.
2. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар ********-д нийт 38,949,469.0 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 18 дахь тал/
3. Шүүх Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Татвар төлөгч татварын хяналт шалгалт хийхээс өмнө болон хийгдэх үед үнэ шилжилтийн тайлантай холбогдох татварын албаны шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө”, 38.4-т “Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын ерөнхий удирдамж, Орхон аймгийн Татварын газрын дарга **ийн №2024402143 дугаартай томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг хийсэн байна.
5. Иймд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” заасан журмын дагуу гүйцэтгэсэн байна. /Хавтаст хэргийн 15-20 дахь тал/
6. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №******** дугаартай шийтгэлийн хуудсаар харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний орлого нийт 1,947,473,422.0 /нэг тэрбум, есөн зуун дөчин долоон сая, дөрвөн зуун далан гурван мянга, дөрвөн зуун хорин хоёр төг/ төгрөгийн 2 хувьтай тэнцэх 38,949,469.0 /гучин найман сая, есөн зуун дөчин есөн мянга, дөрвөн зуун жаран есөн төг/ төгрөгийн торгууль ногдуулахдаа тус компанийн ХАС банкны ******** тоот дансанд төлбөр тооцоо хийгддэг, төвлөрүүлэлт ордог хуулгыг авч үйл ажиллагаатай холбоотой орлогыг шүүж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 567,000,000.0 /таван зуун жаран долоон сая төг/, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 567,000,000.0 төгрөг /таван зуун жаран долоон сая төг/, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 700,000,000.0 /долоон зуун сая төг/ төгрөг, мөн оны 08 дугаар сарын 24-ний өдөр 25,000,000.0 /хорин таван сая төг/, 11,050,000.0 /арван нэгэн сая, тавин мянган төг/, 13,500,000.0 /арван гурван сая, таван зуун төг/ төгрөг тус тус, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,200,000.0 /дөрвөн сая, хоёр зуун мянган төг/, 15,501,200.0 /арван таван сая, таван зуун нэг мянга, хоёр зуун төг/ төгрөг тус тус, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000.0 /хоёр сая төг/ төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,222,222 /долоон сая, хоёр зуун хорин хоёр мянга, хоёр зуун хорин хоёр төг/ төгрөг, нийт 1,947,473,422.0 төгрөгийн орлогыг тус тус илрүүлсэн байна.
7. ******** нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******** бүртгүүлсэн байх бөгөөд ********-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Охин компани байгуулах тухай” 22/02 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /тогтоол/-ээр охин компани “********”-ийг байгуулсан болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 24 дүгээр тал/
8. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”, 27.1.8-т “энэ хуулийн 27.1-д заасан этгээд, тэдгээрийг томилох эрхтэй этгээд, тэдгээрийн эрх, үүргийг шилжүүлэн хүлээж авсан этгээд, эсхүл тэдгээрийг төлөөлөхөөр сонгогдсон этгээд” гэж тус тус заасан.
9. Харин ******** нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********-тай харилцан хамааралтай байсан болох нь нотлогдоогүй.
10. Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1,947,473,422.0 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********-д 567,000,000.0 /таван зуун жаран долоон сая төг/ төгрөгийг харилцан хамаарал бүхий этгээд ********-аас оруулсан гэж үзсэн орлогыг хасч /1,947,473,422.0-567,000,000.0 төг/ 1,380,473,422.0 төгрөг болгон, түүнд ногдох 2 хувийн торгуулийг 27,609,469 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Харин ********-ийн 1,380,473,422.0 төгрөгийн орлогод Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
12. Захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд үндэслэн явагдах учиртай.
13. Гомдол гаргагч тал нь харилцан хамаарал бүхий ********-аас 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 567,000,000.0 төгрөг /таван зуун жаран долоон сая төг/, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 700,000,000.0 /долоон зуун сая төг/ төгрөг, мөн оны 08 дугаар сарын 24-ний өдөр 25,000,000.0 /хорин таван сая төг/, 11,050,000.0 /арван нэгэн сая, тавин мянган төг/, 13,500,000.0 /арван гурван сая, таван зуун төг/ төгрөг тус тус, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,200,000.0 /дөрвөн сая, хоёр зуун мянган төг/, 15,501,200.0 /арван таван сая, таван зуун нэг мянга, хоёр зуун төг/ төгрөг тус тус, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000.0 /хоёр сая төг/ төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,222,222 /долоон сая, хоёр зуун хорин хоёр мянга, хоёр зуун хорин хоёр төг/ төгрөгийн орлого орж ирсэн, энэ тухай татварын албанд хугацаанд нь тайлагнаагүй талаараа хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримуудаар тус тус тогтоогдсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.8, 28 дугаар зүйлийн 28.1, 38 дугаар зүйлийн 38.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчлийн тухай хууль /2017-05-11/-ийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль 38,949,469.0 /гучин найман сая, есөн зуун дөчин есөн мянга, дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг 27,609,469.0 /хорин долоон сая, зургаан зуун есөн мянга, дөрвөн зуун жаран ес/ төгрөг болгон багасгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ